МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “З” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б, Д.Б, М.Л,
Гуравдагч этгээд: “” сууц өмчлөгчдийн холбоо,
“” сууц өмчлөгчдийн холбоо,
Маргааны төрөл: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дүгээр захирамж хуульд нийцсэн тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, М.Л, иргэдийн төлөөлөгч Ч.Б (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- “З” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан байна.
1.1. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэж;
1.2. Мөн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилжээ.
1.3. Улмаар “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дүгээр захирамжийн холбогдох (, байрны хооронд байрших нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлсөн) хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилснөөр тус шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
- Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар “З” ХХК-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд 480 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
- “З” ХХК-д эзэмшүүлсэн дээрх 480 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дүгээр захирамжаар “Инженерийн шугам, сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3.1. Уг хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатнын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0734 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дугаар захирамжийн орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дугаар захирамжийн орон сууцны , дугаар байрны хооронд байрших нэгж талбарын дугаартай 240 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/2 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ,, 65, 66 дугаар байрны нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгын түр хашааг албадан буулгахаар шийдвэрлэжээ.
- Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад гомдол гаргасан байна.
- Мөн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Бд хандан “Хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох арга хэмжээ авахуулах тухай” гомдол гаргасныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 07/4840 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба руу “З” ХХК-ийн зүгээс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргд хандан хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах тухай гомдол ирүүлсэн байна. Иймд чиг үүргийн дагуу хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч хариу хүргүүлнэ үү.” гэсэн хариу өгсөн байна.
- Улмаар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 8246 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ дахин ирүүлсэн ба 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8515 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ.
- 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9246 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
- Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрөх тухай” А-62 дугаар захирамжаар Энхтайвны өргөн чөлөө-2020 хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслүүдийг зөвшөөрч батлагдсан зураг төслийн дагуу газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэснийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт , дугаар байрнуудыг холбон 240 м.кв газарт арктай 6 давхар нийтийн эзэмшлийн авто болон явган хүний зам хэвээр үлдээж орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар баталгаажуулж, Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ олгосон.
Уг архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор батлуулан мэргэжлийн холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл техникийн нөхцөлүүд олгогдсоны дагуу Улсын мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэхийг анх 2006 оноос эхлэн зөвшөөрсөн.
Мөн шинээр барилгын зураг төслийг төлөвлөхдөө Монгол улсын Дэд бүтцийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар батлагдсан “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 9.19-д заасныг зөрчөөгүй. Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн холбогдох заалтын галын аюулаас хамгаалах шаардлага болон архитектур орон зайн зохиомжийн зарчимд нийцсэн болох нь Улсын мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 07/165/62 дугаар дүгнэлтээр тогтоогдсон.
Манай компанид газар эзэмшүүлэх болон барилга барих эрх олгосон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд нь хууль ёсны болохыг мөн хуульд заасан үүргээ биелүүлж манай газар дээр зөвшөөрөлгүй барьсан хууль бус өргөтгөлийг буулгахтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдлүүд, холбогдох шийдвэрийн хууль бус болохыг олон жилийн турш шүүхээр шийдвэрлэгдэж, эцэслэгдсэн.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дугаар захирамжаар “З” ХХК-д холбогдох хэсгийн , дугаар байрнуудын хооронд байрлах 240 м.кв газрыг эзэмших эрх олгосон нь хууль зүйн үндэслэлтэй болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 292 дугаар шийдвэр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор дүгнэсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын хууль бус үйлдлийг шүүхээр тогтоолгож уг газрыг албадан чөлөөлөх захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсний эцэст Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлж, албадан буулгаж чөлөөлөх тухай” захирамж гарсан.
Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар захирамжаар дүүргийн газрын албыг тус газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг даалгасан боловч биелүүлэхгүй байсантай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 608 дугаар шийдвэрээр “Сүхбаатар дүүргийн Газрын алба нь дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 захирамжийг биелүүлэхгүй, газрыг чөлөөлөх арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг даалгаж шийдвэрлэсэн.
Т.У*******, Т.Г******* нарын хууль бусаар зөвшөөрөлгүй барилга барьж манай газар эзэмших эрхийг хязгаарласан үйлдлийг арилгуулах газрыг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолоор батлагдаж эцэслэгдсэн.
Энэ бүхний эцэст Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/Ш32020/0046 дугаар шийдвэрээр барилга барих зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/31 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож барилгын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэгдсэний дагуу шүүхийн шийдвэр биелэгдсэн.
Ийнхүү олон жилийн маргаанууд шүүхээр эцэслэгдэж 2006 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглахад саад болж байсан хууль бус үйлдлүүдийг шүүхийн шийдвэрээр болон өөрийн хөрөнгө мөнгийг зарцуулан арилгаж шүүхийн шийдвэр төрийн үйл ажиллагаа шийдвэрт итгэж маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдсан Барилга барих эрх шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсоноор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар Түр хашааны ажлын даалгавар гарч, бид олон гэрээ хэлцэл байгуулснаар барилгын ажлаа эхлүүлсэн.
Дээрх үйл баримт, захиргааны холбогдох байгууллагуудын шийдвэр, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн талаарх бүрэн мэдээллийг хамаарч болох 15 байгууллагад хүргүүлсний эцэст ажлаа эхэлтэл орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаандаа манайхыг хамруулж эхэлсэн. Гэтэл орон нутгийн сонгууль болох зорилгод нийцүүлж, иргэдийн саналыг авахын тулд албан тушаалын байдлаа ашиглан эрх зүйн үндэслэлгүй газрыг чөлөөлөх захирамж гаргасан учир ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Энэ олон жилийн турш Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Газрын алба нь Газрын тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд заасны дагуу манай газар дээр баригдсан зөвшөөрөлгүй барилга өргөтгөлийг буулгах газар эзэмшигчийг газраа зориулалтын дагуу ашиглах боломжийг олгох хуулиар хүлээсэн үүрэгтэй байтал энэ зөрчлийг манай компаний хөрөнгө мөнгөөр арилгуулсан, одоо ч зөвшөөрөлгүй барилга байсаар байгаа төдийгүй бид мөнгөө гаргаж газраа чөлөөлөх арга хэмжээ авагдаж байгаа.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар Засаг даргын захирамжийг зөвхөн хуульд нийцүүлэн үндэслэлтэй гаргахаар эрх олгосон байтал дээр дурьдсан үндэслэл баримт зөвшөөрөл шийдвэр нь байсаар байхад Газрын тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.4, Газрын тухай хуулийн 56.5, 57.4, 57.5-д заасан нөхцөл байдал гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй, зүгээр хуулийн заалт барьсан шийдвэр гаргаж манай компаний их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдсан гэрээний эрх үүрэг үүссэн харилцааг таслан зогсоож, хохирол учруулсан. Мөн нийтийн эзэмшлийн газар гэж илтод алдаатай дүгнэлт хийсэн.
Бид нэг ч хууль, дүрэм журам зөрчөөгүй бүх асуудлыг шүүхээр болон холбогдох байгууллагаар шийдвэрлүүлсний эцэст их хэмжээний хөрөнгө мөнгөө зарцуулан ажил гүйцэтгэх болон бараа материал нийлүүлэхтэй холбогдох эрх үүрэг хариуцлага хүлээсэн байсан бөгөөд ийнхүү хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг нөхцөл байдлыг мэдсээр байж сонгуулийн ашиг сонирхолын зорилго агуулж шийдвэр гаргасан үйл ажиллагаа болгосонд гомдолтой байна.
Төрийн үйл ажиллагаа болон шүүхийн шийдвэрт итгэж холбогдох гэрээний харилцаа үйл ажиллагаа явагдсан.
Энэ асуудлаар гомдол гаргаж Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандсан боловч ямар ч хариу өгөхгуй таг болсон. Мөн Нийслэлийн Засаг даргад хандан Нийслэлийн шийдвэрийг дүүргийн орлогч үгүйсгэсэн шийдвэрийг хянаж хүчингүй болгохыг хүссэн боловч хянаж байна хүлээж бай гэж хүлээлгэж хойшлуулсаар 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай гомдлыг шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэс нь танай газрыг цуцлах шийдвэр гаргалаа гэж мөн л сонгуулийн үйл ажиллагаандаа сурталчилгаа болгон шийдвэрлэсэн.
Иймд төр захирааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд, хуулийг үндэслэх бус сонгуулийн зорилгоор дээр дурьдсан үндэслэлээр болон хууль бус үйлдлийг гүйцэтгэхийг шаардсан газар эзэмшигчийн эрх ашиг сонирхолд халдах дурьдсан хуульд заасан үндэслэл нь байхгүй байхад 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дүгээр “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийг гаргасан. ... Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа өөрчилж буй цаад шалтгаан нөхцөл нь төрийн байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирол, түүнийг нэхэмжлэхтэй холбоотой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “З” ХХК нь тухайн газрыг эзэмшиж байх хугацаандаа хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд маш их хэмжээний зардал гаргаж, улсад газрын татвар төлсөн байдаг.
Гэтэл нэхэмжлэгчээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас төрийн захиргааны байгууллага өөрийн гаргасан алдааг залруулах үүднээс өмнө гаргасан захирамжийг хүчингүй болгосон. Нөгөөтэйгүүр уг газар олгосон захирамж хүчинтэй байх хугацаанд хууль, журамд заасан нөхцөлийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад Сүхбаатар дүүргийн Засаг дарга хууль зөрчиж захирамж гаргасан бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол мөн л ихээхэн бий.
Уг шалтгаануудаас үүдэн нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гаргасан шаардлагыг хуульд нийцүүлэн өөрчилж ирсэн.
Энэ үүднээс нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа дахин “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/2 тоот “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/2 тоот “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““З” ХХК-ийн хувьд анх Нийслэлийн Засаг даргаас барилга барих зориулалтаар газрыг олгогдсон байдаг. Энэ газрын хувьд хавтаст хэрэгт шүүхийн шийдвэрүүд авагдсан байгаа. 2 хэсэгт нэгж талбартайгаар нэг гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг хэрэгжүүлж байсан. Гэтэл маргааны зүйл болоод байгаа Beathles-ийн хөшөөний зүүн талд барилга баригдах ёстой байсан газарт энэхүү маргаан өрнөж байгаа. Яагаад гэвэл нөгөө талын хэсэг буюу Голомт банк баригдчихсан байгаа газрыг зориулалтаар нь ашиглаад, барилгаа бариад их олон жилийн өмнө хүлээлгээд өгчихсөн. Бараг 10 жил болж байна, бүртгүүлээд өгчихсөн. Газрын зориулалтаар хэрэгжчихсэн байгаа. Тэгэхээр газрын 2 дахь хэсэг болох зүүн талын хэсэг дээр барилга баригдах нөхцөл байдал нь тэр газар дээр бусдын хууль бус эзэмшлээр зөвшөөрөлгүй өргөтгөл баригдсан байсан нөхцөл байдлаас үүдэн барилгаа барих боломжгүй байсаар өнөөдрийг хүртэл маргаан өрнөх шалтгаан болсон. Удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээр захиргааны байгууллага хууль бус зөвшөөрөлгүй барилгыг буулгахгүй байгаатай холбогдуулаад шүүхээр шийдүүлж байсан. Мөн нэхэмжлэгчийн эрхийг сэргээх байдлаар бүх төрлийн газартай холбоотой маргаануудыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт байгаа. Ийнхүү шийдвэрлэгдэж газрын эзэмших эрхээ захиргааны байгууллагын хууль бус ажиллагаануудыг тогтоолгож явсаар эцэст нь барилга баригдах зөвшөөрөлтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр барилга барих зөвшөөрөл олгохыг даалгуулах, хугацааг нь сунгахгүй дахин олгохгүй байгаа, мөн даалгуулах гэсэн энэхүү хэргийг шийдүүлсэн. Ингээд хэрэг шийдвэрлэгдсэнээр газар эзэмших эрх хүчинтэй байсан, мөн дээр нь барилга барих зөвшөөрлийг олгох, олгохгүй байгаа эс үйлдлийн татгалзлыг нь хууль бус болохыг тогтоолгоод, олгохыг даалгуулаад захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон байсан. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллагадаа барилгын зөвшөөрөл олгогдох асуудлаараа шүүхийн шийдвэрээ биелүүлэхээр хандаад зөвшөөрлүүд олгогдсон байсан. Бүх зөвшөөрлүүд нь гараад хэрэгжээд эхэлчихсэн. Үүнтэй холбогдуулаад барилгаа барихад нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрэгжиж барилгын зөвшөөрлийн дагуу барилга баригдаад ажил эхэлсэн. Эхлэхэд хашаа барих зөвшөөрөл олгогдсон байсан. Хашаа барих зөвшөөрөл олгогдсоны дагуу тэнд барилгын ажлыг эхлүүлэх ажиллагаа хийгдсэн. Өмнө нь зөвшөөрдөггүй байсан барилгыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар захиргааны шүүхийн шийдвэрийг биелүүлж өргөтгөл барилгыг албадан буулгасан. Үүний дараа зөвшөөрлийн дагуу барилгын ажлаа эхлүүлсэн. Барилгын ажлаа эхлүүлэх үед газрын эрх хүчинтэй байсан, барилга барих зөвшөөрөлтэй хүчинтэй байсан. Мөн түр хашаа барих зөвшөөрөлтэй байсан. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу эдгээр ажиллагаанууд хийгдэж байсан. Газрын эрхийн хугацаа дуусаагүй хуулийн хүчинтэй байх үе буюу 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнөх цаг үе байсан. Гэтэл өнөөдөр энэ хэргийн хувьд маргаан үүсгээд байгаа нөхцөл байдал нь тухайн үеийн барилгын ажлыг эхлэх өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас хүмүүс ирж ажиллагаа хийсэн. Ажиллагаа хийх цаг үед давхар Цагдаагийн байгууллага ирээд зөрчилдөөн маргаан үүсээд шууд буулгасан. Үндсэндээ ямар нэгэн захирамж шийдвэрийг огт танилцуулалгүйгээр Засаг дарга нь өөрөө ирээд энэ хашааг буулга гэдэг ийм ажиллагаа болсон. Энэ үйл ажиллагаа нь амралтын өдөр явагдаж 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/2 тоот захирамжийг гаргаж байгаа юм. Энэ захирамжийг гаргах үндэслэлээ тайлбарлахдаа Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5 гэх ийм хуулийн заалтуудыг бариад хууль бусаар хашаа барьсан мэтээр зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлэх гэж байгаа мэтээр ийм нөхцөл байдлыг иргэдэд тайлбарласан. Ингээд энэ ажиллагаа хийгдэж байгаа. Тэгэхээ өнөөдөр маргаад байгаа зүйл нь энэ гарсан хууль бус захирамж шийдвэрээ тэр өдрөө хэрэгжүүлчихсэн. Хавтаст хэрэгт энэ захирамжийг яаж гаргасан үндэслэл болсон зүйл ямар захиргааны үйл ажиллагаа явагдсан, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэл нь юу юм, 57 дугаар зүйлийн нөхцөл нь юу юм. Хэрэв Газрын тухай хуулийг барьж байгаа бол нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүй барьсан гэж үндэслэлээрээ бичих боловч зөвшөөрөл нь хавтаст хэрэгт байж байгаа. Энэ нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр энэ ажиллагаанууд хийгдсэн. Тэгэхээр энэ бол тухайн үедээ хууль бус байсан. Нэгэнтээ энэ нөхцөл байдлыг Цагдаагийн байгууллагын хүчийг ашиглаад иргэдийн өмнө хүчээр барилга барих хашааг буулгасан ажиллагаа явагдсан. Нэгэнтээ ийм захиргааны үйл ажиллагаа явагдчихсан учраас бид Нийслэлийн Засаг даргад хандсан. Сүхбаатар дүүрэгт ямар үндэслэлээр та нар ингэж байгаа юм бэ гэдэг асуудлаар хандсан. Нийслэлийн Засаг даргад нь Нийслэлийн Засаг даргын захирамж хүчинтэй байхад, шүүхийн шийдвэрүүд гарчихсан байхад барилгын зөвшөөрөл гарчихсан талбайн хашаа барих зөвшөөрөл нь гарчихсан байхад, танай доод шатны дүүргийн Засаг дарга ийм ажиллагаа сонгуулийн ажлаар хийгээд байж байна гэдэг асуудлаар гомдлоо гаргасан. Энэ гомдлын дагуу хянагдаад эцэст нь хариу өгөхдөө сонгуулийн урд өдрийн байдлаар газрын эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг танилцуулсан. Газрын эрх хүчингүй болж байгаа захирамжийг биднийг танилцаагүй байхад Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугчдын цахим групп дээр хамгийн түрүүнд эхэлж гарч ирдэг. Ингэснээр захирамжуудтай танилцаж мэддэг. Тэгэхээр захиргааны байгууллага сонгуулийн зорилгоор иргэдийн саналыг авахын тулд зөвшөөрөлтэй барилгын асуудлыг тухайн үед ингэж шийдсэн асуудал байгаа. Хэдийгээр газрын эрхийг цуцалж шийдвэрлэсэн боловч А/2 гарах үед газрын эрх хүчинтэй байсан. Тийм учраас бид өнөөдрийг хүртэл цаг хугацаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжээд байгаа. Нэхэмжлэгч компани шүүхийн шийдвэрт итгэж, төрийн захиргааны байгууллагуудын хүчинтэй байгаа шийдвэрт итгэж, барилгын компанитай гэрээ байгуулсан, олон хүмүүстэй ажлын гэрээ нөхцөл байдлаа байгуулаад ажил эхэлсэн. Урьдчилгаа төлбөр төлсөн, бараа материалууд авсан, олон газар барилгыг маш хурдтай барихын тулд зохион байгуулалтыг компани хийчихсэн байсан. Гэтэл миний дурдсанаар ямар ч бичиг баримтгүйгээр ирж энэ ажиллагааг хийж байгаа нь тухайн үедээ хууль бус байсан гэдэг үйл баримтаа шүүхээр дүгнүүлэх гэж байгаа. Тэгэхээр шүүхэд сэргээлгэх эрх ашиг нь тухайн үед зөвшөөрөлтэй байсныг маань тогтоогоод өгөөч, энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын ач холбогдлыг харуулж байгаа. Ингэснээр захиргааны байгууллагаас өмнө нь шийдүүлсэн шийдвэрийнхээ дагуу, захиргааны хууль бус ажиллагааны дагуу төрийн үйл ажиллагаанд итгэж одоогийн байдлаар миний мэдэхээр бараг 1,000,000,000 төгрөг гаруй хөрөнгө зарцуулагдчихсан. Тэгэхээр шүүхийн шийдвэрт итгэж барилгаа бариад асуудлыг шийднэ гэж байж байтал энэ нөхцөл байдал болсноор дахин өр төлбөрийн асуудалд ороод явчхаж байгаа. Нэгдүгээрт хэргийн хувьд Сүхбаатар дүүргийн Засаг даргаас барилгын компанийн хохирлоо нэхэмжлэхийн тулд өнөөдөр бид нэхэмжлэлээ дэмжээд сууж байгаа. Дараа нь газрын эрхийг цуцалсантай холбогдох асуудлаар захиргааны хууль бус ажиллагааны улмаас олон шүүхийн шийдвэр тогтоогдож байсан учраас Нийслэлийн Засаг даргаас мөн гэм хорын хохирлынх асуудлыг шийдвэрлүүлэхээр хандана. Ийм учраас өнөөдөр нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх сонирхолтой байгаа.” гэжээ.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр амралтын өдөр байдаг. Яг бодит байдал дээр А/2 дүгээр захирамж бичигдэж гарахаас өмнө нэгэнт хашааг буулгачихсан байсан. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан болон Цагдаагийн байгууллагынхан захиргааны акт бүхий захирамж гарахаас өмнө хашааг нэгэнтээ буулгаад тэр газрыг чөлөөлсөн. Дараа нь захирамж гарсан. Ямар ч үр дагаваргүй захирамж гарсан. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт хийсэн үйлдлээ зөвтгөх үүднээс энэ захирамжийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч н.Б гэдэг хүн гаргасан. Хоёрдугаарт шүүхийн асуудал явагдаад газрыг олгосон захирамжийг хүчингүй болгоод улмаар тэр хүчингүй болсон захирамжтай холбоотой 3 шатны шүүх яваад нийтийн эзэмшлийн талбай байсан, дэд бүтэц байсан юм байна гэдэг ойлголт гарангуут захирамжийнхаа үндэслэлийг өөрөөр тайлбарлах гэж үзэж байгаа. Тэр газар чинь нийтийн эзэмшлийнх байсан юм, Сүхбаатар дүүргийн иргэдийнх, доогуур нь ус дулаан явдаг байсан гэдэг. Гэтэл үнэндээ захирамж гарах үед ямар ойлголт байгаагүй. Тэр асуудлыг Сүхбаатар дүүрэг ч хийгээгүй, Нийслэлийн Засаг дарга үзэж байгаад акт гаргасан, актаа хүчингүй болгохдоо барьсан эрх зүйн үндэслэл нь нийтийн эзэмшлийн талбай дэд бүтэцтэй давхацна гэсэн. 3 шийдвэрийг нь олоод уншчихсан. Тэгээд тэрийгээ тайлбарлаад өнөөдөр энэ захирамжийг зөвтгөнө гэж байгаа бол ямар ч боломж байхгүй. Захирамж чинь эрх зүйн үндэслэлийн хувьд тодорхой биччихсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5, 61 дүгээр зүйлийн 61.1. Тэгэхээр энэ эрх зүйн үндэслэлд хамааралтай гэж хэлээд байгаа хавтаст хэрэгт авагдчихсан баримтуудыг нь харвал захирамж гарах хугацаанд бүгд хуулийн дагуу авагдчихсан хүчин төгөлдөр байсан. Тэгэхээр нэгэнтээ энэ захирамж гарах үед нэхэмжлэгч компанийн хувьд газар эзэмших эрхтэй, зөвшөөрөлтэй, хүчинтэй, түр хашаа барих зөвшөөрөлтэй, хүчинтэй ийм байхад газрыг та гэрчилгээгүй байсан байна, та зөвшөөрөлгүй байсан байна гээд газрыг чөлөөлөх захирамж гаргасан. Энэ захирамж хууль зөрчсөн захирамж гэж бидний зүгээс дүгнэж байгаа. Тэгээд нэгэнт захирамж хэрэгжчихсэн, үр дагавар үүсчихсэн асуудал байгаа учраас нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөд эцэст нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтыг бариад хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Тэгэхээр энэ шаардлагыг хүлээж аваад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна.” гэжээ.
- Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын 2020 оны А/2 дүгээр захирамж нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч байгууллагаас барилгын хашаа барих үед дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн ,, 65, 66 дугаар байрны иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, тухайн байрнууд руу орох орц, гарцыг хаасан, галын болон эмнэлгийн машин нэвтрэх боломжгүй, иргэдийн зорчих нөхцлийг хааж барьсан хашаа байсан тул иргэдийнхээ Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон эрхийг хамгаалж гаргасан захиргааны акт юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрт болж буй аливаа асуудлыг шийдвэрлэх эрх нь дүүргийн Засаг даргад байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч байгууллага Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/2755 тоот “Зөвшөөрөл олгох тухай” зөвшөөрлөөр дээрх байрнууд руу орох туслах замыг хаахыг зөвшөөрсөн гэх боловч энэ актаар иргэдийн Үндсэн хуульд заасан амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрхийг нь шууд хөндсөн асуудал болсон.
Дүүргийн Засаг даргын хувьд өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд захиргааны акт гаргах замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж байх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Өнөөдөр иргэд эрхийнхээ төлөө жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байхад дүүргийн Засаг дарга захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гээд, эсхүл өнөөдөр ажлын бус өдөр захиргааны акт гаргахгүй гээд суух эрх зүйн үндэслэл байхгүй билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь тайлбартаа Сүхбаатар дүүргийн Засаг даргаас болон Газар зохион байгуулалтын албанаас шууд ирээд ямар нэгэн захирамж тушаалгүйгээр, бичиг баримтгүйгээр хашааг нурааж газрыг чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Энэ нь ерөнхийдөө Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын алба нь дур мэдэн биш, тухайн газар нь иргэд болон аж ахуйн нэгж хооронд ямар нэгэн байдлаар эсэргүүцэлтэй тулгараад иргэд нь эсэргүүцээд жагсаж байсан болохоор Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын алба нь Захиргааны ерөнхий хуульд заасан хойшлуулшгүй ажиллагаагаар сонсох ажиллагаа хийхгүйгээр энэхүү захирамжийг гаргасан. Нэхэмжлэгчийн тайлбартаа тухайн үйл ажиллагааг хийж байхдаа Газрын тухай хуулийн зүйл заалтыг тайлбарласан гэдэг нь сонсох ажиллагааг явуулахын тулд хуулийн төслийг хангахад бол хичээсэн байгаа. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай зөвшөөрлөөр барилга барих түр хашааг барьсан. Хэрвээ энэ зөвшөөрлийг өгөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн бол тухайн 07 дугаар сарын 18-ны өдөр иргэдтэй санал зөрчилдөх эсэргүүцэл тулгарах зүйл болохгүй байх байсан. Энэхүү актыг гаргахдаа зөвшөөрөл, сонсох ажиллагааг хийж гүйцэтгээгүй, ашиг сонирхол нь зөрчигдөх магадлалтай гуравдагч этгээдийг эрхээ хамгаалах үйл ажиллагааг хангаагүйн улмаас ийм үл ойлголцол, зөрчилдөөн үүсээд хойшлуулахгүй ажиллагаагаар захиргааны байгууллагад ийм акт гаргаж албажуулсан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2000 оны захирамжийг хүчинтэй байх хугацаанд доод шатны захиргааны байгууллага нь акт гаргаад хүчингүй болгож байна гэж байна. Мөн нэхэмжлэгч тайлбартаа тухайн 2 газрын давж заалдах шатны шүүхээр Голомт банкны байрлалтай тухайн газрын газар эзэмших эрхийг хэвээр үлдээгээд нөгөө газрыг нь болохоор хүчингүй болгочихсон байгаа. Тэгэхээр анхнаасаа Нийслэлийн Засаг даргын захирамж 2 өөр нэгж талбарын дугаартай 2 өөр тусдаа газар нэг эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байх байсан. Тухайн буруутай шийдвэрээр захиргааны байгууллага хэзээд засаж залруулж буруутай үйл ажиллагаагаа шинээр захирамж гаргаж болдог учраас дахин захирамж гаргасан. Сүхбаатар дүүргийн Засаг дарга хэдий доод шатны байгууллага ч гэсэн дээд шатны захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг заавал биелүүлэх шаардлага байхгүй. Нэгдүгээрт Сүхбаатар дүүрэгт оршин суугаа иргэдийн нэн тэргүүний эрх ашгийн үүднээс тухайн 2 газар барилга барих түр хашааг босгосон нь 2 актаар орох орц гарцыг улам нарийхан болгож зөвхөн 1 эгнээ ганц машин орох гарах нарийхан болгочихсон. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа иргэдийн Үндсэн хуулиар бататгагдсан амьд явах, эрүүл амьдрах эдгээр эрхээ эдлэхэд төрөөс үйлчилгээ авах, жишээ нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, онцгой байдал гал командын тусламж үйлчилгээ авах, орох гарах гарц хүрэх боломжийг их хязгаарлачихсан. Иймээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг тухай бүр газар дээр нь хүргэж өгсөн байгаа.” гэжээ.
- Гуравдагч этгээд “ мянгат” СӨХ-ийн төлөөлөгч Х.Э*******, “” СӨХ-ийн төлөөлөгч Г.******* нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Г Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1-40 мянгат, Улсын их дэлгүүрийн урд талд нийтийн зориулалттай орон сууцны хоёр тусдаа ,, 65, 66 дугаар байруудын дундах инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэрийн зориулалтын газар болон автомашины зам талбай, ногоон байгууламж, иргэдийн гэр орондоо ордог орц гарц явган хүний зорчих хэсэг дээр “З” ХХК-д зориулж 6 давхар үйлчилгээтэй, 2 тусдаа амины орон сууц барих барилгын ажилтай холбогдуулан Б.Цийн гудамжнаас нийтийн зориулалттай орон сууцны ,, 65, 66 дугаар байруудын дундуур орон сууцны хороолол руу орох туслах замыг түр хаах нэрийдлээр зөвшөөрөл олгосон.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 4 дүгээр хорооны Засаг даргаас хорооны иргэд, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 800 гаруй өрхийн 2800 иргэд, оршин суугчдаас барилга барих зөвшөөрөл, гарын үсгийг авсны дараа барилгын үйл ажиллагаагаа эхлүүлэхийг “З” ХХК-д тавьж байсан удаа дараа шаардлагууд, гаргаж байсан захирамжийг үл тоомсорлож, биелүүлээгүйгээс 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн бямба гаригт буюу амралтын өдөр “М” ХХК, “З” ХХК-ийн барилгын түр хашаа бариулах нэрийдлээр хөлсөлж авсан хамгаалалтын ажилтнууд болон орц, гарцаа хамгаалж барилга бариулахгүй гэсэн иргэд, оршин суугчдын хооронд үл ойлголцол бий болж улмаар тэмцэл, маргаан, зөрчилдөөн үүссэн.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон 4 дүгээр хорооны Засаг дарга нараас хорооны иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 247 өрхийн 1280 иргэд, оршин суугчдаас барилга барих зөвшөөрөл, гарын үсгийг авсны дараа барилгын үйл ажиллагаагаа эхлүүлэхийг “З” ХХК-д тавьж байсан удаа дараагийн шаардлагууд, тэдний гаргаж байсан захирамжуудыг үл тоомсорлож, биелүүлээгүйгээс 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн бямба гаригт буюу амралтын өдөр “М” ХХК, “З” ХХК-ийн барилгын түр хашаа бариулах нэрийдлээр хөлсөлж авсан хамгаалалтын ажилтнууд болон орц, гарцаа хамгаалж барилга бариулахгүй гэсэн иргэд, оршин суугчдын хооронд үл ойлголцол бий болж улмаар тэмцэл, маргаан, зөрчилдөөн үүссэн.
Энэхүү нэвтрэх гарцууд дээр 6 давхар үйлчилгээтэй, 2 тусдаа амины орон сууцны барилга баривал Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 1-40 мянгатын нийтийн зориулалттай орон сууцны байруудын нийт иргэд, оршин суугчдын 90 гаруй хувь нь амьдардаг Тодруулбал: орон сууцны 65, 66 дугаар байруудын хоорондох зорчих хэсгээр тус хорооллын нийтийн зориулалттай 14 орон сууцны байр, 4 дүгээр хороо, хорооны өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсэг, мөн , дугаар байруудын хоорондох зорчих хэсгээр тус хорооллын нийтийн зориулалттай 16 орон сууцны байр, сургууль, хүүхдийн цэцэрлэгүүд, тэдгээрийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэлийн төв болон иргэд оршин суугчдын гэр, орон лугаа нэвтрэх, орох гарах орц гарц нийтийн эзэмшлийн зам талбай, автомашины болон явган хүний замууд бүрмөсөн хаагдах ноцтой нөхцөл байдал үүссэн. Нийслэлийн Засаг даргын 2004 оны А/164 дүгээр захирамжаар “З” ХХК-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр, 1-40 мянгатын нутаг дэвсгэрт нийтийн зориулалттай орон сууцны , байруудын дунд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч 2004 оноос хойш өнөөдрийг хүртэлх 17 жилийн хугацаанд тухайн компаниуд нь тус хорооны иргэд, оршин суугчидтай нэг ч удаа уулзаж байгаагүй, барих гэж байгаа барилгын талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулж мэдээлэх үүрэгтэй байтал ямар ч танилцуулга хийгээгүй, иргэдийн байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлаж гэрийнх нь цонх хаагдаж, таглагдаж байхад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс санал зөвшөөрөл авах үүрэгтэй байтал аваагүй зэрэг хууль, журам, барилгын норм, дүрэм, стандартын дагуу зайлшгүй хийгдэх ёстой ажлуудыг хийгээгүй нь иргэд, оршин суугчид, Сууц өмчлөгчдийн Монгол Улсын Үндсэн хууль-иар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах ... эрхтэй гэсэн хуулиар олгогдож хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн юм. Нөгөө талаар “З” ХХК-д нийтийн зориулалттай орон сууцны , байруудын дунд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэрийн газар болон ногоон байгууламж, автомашины зам талбай, иргэдийн гэр орондоо ордог орц гарц, явган хүний зорчих хэсэг дээр олгогдсон нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлснөөс гадна иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байх, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэсэн Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай, Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцны тухай, Орон сууц хувьчлах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, “Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж болон Тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, норм дүрэм, стандартыг ноцтой зөрчсөн шийдвэр юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас болон салбарын яам, тусгай газруудаас “З” ХХК-д нийтийн зориулалттай орон сууцны , байруудын дунд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох, цуцлах талаар удаа дараа маш олон албан бичиг, тоотууд, дүгнэлт, шаардлага зэргийг хүргүүлж байсан боловч Нийслэлийн Төр захиргааны байгууллагуудаас дээрх хууль ёсны шаардлага, нийтийн эрх ашигт нөлөөлсөн нөхцөл байдлыг үл тоомсорлон, албан бичгүүдийг нуун дарагдуулах зэрэг хууль зөрчсөн зохисгүй үйлдлүүдийг гаргаж байсан. 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн бямба гариг, амралтын өдөр “З” ХХК-ийн барилгын түр хашаа бариулах нэрийдлээр хөлсөлж авсан хамгаалалтын ажилтнууд болон орц, гарцаа хамгаалж барилга бариулахгүй гэсэн иргэд, оршин суугчдын хооронд болсон тэмцэл, маргаан, зөрчилдөөний талаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Д.Ц, Улсын Их Хурлын гишүүн Ц.М, Улсын Их Хурлын гишүүн Ц., Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Х, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, одоо Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Б, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б нарт иргэд, оршин суугчид, “” СӨХ, “ мянгат” СӨХ, “” СӨХ, “*******”, “” СӨХ, “А” СӨХ, “Ж*******” СӨХ зэрэг Сууц өмчлөгчдийн холбоод, иргэд, оршин суугчид, сууц өмчлөгчдөөс удаа дараа гомдол гаргаж байсан.
Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10/532 тоотоор тухайн байршил бүхий газар дээр барилга байгууламж барих нь бусад орон сууцуудын галын аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх тухай дүгнэлт ирүүлсэн байдаг тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга нэн даруй арга хэмжээ авч, хуулийн дагуу хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон нь бидний зүгээс зөв шийдвэр гэж үзэж байна. Иргэд, оршин суугчид, Сууц өмчлөгчдөөс гаргасан удаа дараагийн гомдлыг үндэслэн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дүгээр захирамжаар “З” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 480 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Иймд Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хороо, 1-40 мянгатын , дугаар байруудын нийтийн зориулалттай орон сууцны иргэд, оршин суугчид, Сууц өмчлөгчдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ... баталгаатай эдэлнэ гэсэн заалт ноцтой зөрчигдсөн, Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай, Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцны тухай, Орон сууц хувьчлах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, норм дүрэм, стандартыг ноцтой зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн барилга барих үйл ажиллагааны талаар иргэд, оршин суугчид, сууц өмчлөгчид, хуулийн этгээдүүдэд урьдчилан мэдэгдэх, тэдгээрийн оролцоог нь хангах, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй атал явуулаагүй, санал хүсэлтийг авч ажиллаагүй, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хөндсөн, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн холбогдох олон хуулиудын заалтыг ноцтой зөрчсөн “З” ХХК-ийн гаргасан хууль бус үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож “Газар албадан чөлөөлөх тухай” Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
- Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ү******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж буй “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэрэгт миний бие гуравдагч этгээд “” СӨХ-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэн дараах хүсэлтийг гаргаж байна. Тус нэхэмжлэлийн агуулгад дурдагдаж буй нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргаас цуцалсан Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага нь өөрийн буруутай үйл ажиллагааг хуульд нийцүүлэн зассан гэж дүгнэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд гуравдагч этгээдийн зүгээс тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагатай гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
- Иргэдийн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Уг шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцон өөрийн өнцгөөс дүгнэхэд нэхэмжлэгч тал болох “З” ХХК-ийн хохирлыг барагдуулах үндэслэлтэй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.“Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4.“Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар гуравдагч этгээд сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, тэдгээрийн өмгөөлөгч С.Ү******* нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаар хүсэлт ирүүлсэн тул гуравдагч этгээдийн нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
- Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дүгээр захирамжийн холбогдох (, байрны хооронд байрших нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлсөн) хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй талаар дурдсан байх тул өөрчилсөн шаардлагыг гуравдагч этгээдэд гардуулж хариу тайлбар авах шаардлагагүй байна.
2.1. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэлд хариу тайлбар гаргах эрхийг олгосон байх ба төлөөлөгч нар шүүх хуралдаан тайлбар гаргах боломжтойгоо илэрхийлсэн болно.
- Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.“Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 56 дугаар зүйлийн 56.5.“Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.”, 57 дугаар зүйлийн 57.3.“Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4.“Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.”, 57.5.“Энэ хуулийн 57.4-т зааснаар газрыг чөлөөлөөгүй бол уг барилга, байгууламжийг шаардлагатай гэж үзвэл төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ.” гэж заажээ.
- Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх мэдэгдлийг өгсний үндсэн газар чөлөөлөхөөр байна.
- Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “З” ХХК-нд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд 480 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
5.1. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0046 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 09/2859 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “З” ХХК-иас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан барилга барих түр хашааны даалгавар батлуулах хүсэлтийг гаргасан.
5.2. Улмаар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “З” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж, ******* дугаар “Түр хашааны ажлын даалгавар”-ыг баталсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамж, 2004 оны дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0046 дугаар шийдвэр, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны ******* дугаар “Түр хашааны ажлын даалгавар” зэргээр тухайн газарт барилгын ажлын зөвшөөрөл авч түр хашаа барьсан нь тогтоогдож байна.
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/2 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ,, 65, 66 дугаар байрны нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй барьсан гэх үндэслэлээр барилгын түр хашааг албадан булгахаар шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.
- Өөрөөр хэлбэл, тухайн үед нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр, хугацаа дуусаагүй байх бөгөөд зохих зөвшөөрлийг буюу Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар “Түр хашааны ажлын даалгавар”-аар авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2020 оны А/2 дүгээр захирамжаар зохих зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр барилгын түр хашааг буулгаж, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцээгүй байна.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3.”захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;” гэж зааснаар захиргааны акт хэрэгжээд дууссан бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акыг хууль бус байсан болохыг шүүх тогтоохоор байна.
- Гэтэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дугаар захирамжийн орон сууцны , дугаар байрны хооронд байрших нэгж талбарын дугаартай 240 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатнын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0734 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоноор Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тооцсон ч нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байхгүй байна.
- Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “Түр хашааны ажлын даалгавар”-ын дагуу бурьсан түр хашааг буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дүгээр захирамж хуульд нийцээгүй боловч уг нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэл тогтоогдохгүй байна.
- Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
- Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.Б “Уг шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцох явцад өөрийн өнцгөөс дүгнээд нэхэмжлэгч тал болох “З” ХХК-ийн хохирлыг барагдуулах үндэслэлтэй байх боломжтой” гэх дүгнэлт гаргасан боловч шүүх нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байхгүй гэж үзсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5-д тус тус заасныг баримтлан “З” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дүгээр захирамжийн холбогдох (, байрны хооронд байрших нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлсөн) хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ