Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 519

 

Т.Яндагдаваад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Осоржамаа,

ялтан Т.Яндагдаваагийн өмгөөлөгч З.Ариунжаргал, Д.Барсүрэн

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Яндагдаваа, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Яндагдаваад холбогдох 201626030194 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Мөнхсум овогт Тогмидын Яндагдаваа, 1972 оны 4 дүгээр сарын 13-нд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 30 дугаар гудамжны 472 тоотод оршин суух бүртгэлтэй,

1. 1998 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,

2. 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх 1998 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ялаар,

3. 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

4. 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ВЕ72041316/;

 

Т.Яндагдаваа нь 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 16-18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-78 тоот хашаан дотор Ү.Эрдэнэхоролыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний зүүн бугалганд нэг удаа хутгалж хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Т.Яндагдаваад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөнхсум овогт Тогмидын Яндагдавааг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Т.Яндагдавааг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Яндагдаваагийн эдлэх 5 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Т.Яндагдаваад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Яндагдаваад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Т.Яндагдаваа давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолд гомдолтой байна. Дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэж өгнө үү. Миний машиныг хулгайгаар аваад явсан байхаар араас нь очиж чи ингэж байхаа боль гэж шаардлага тавихад Эрдэнэхорол машинаа байнга харамлах юм гэж эсэргүүцэж, надтай маргалдсан. Би тэгэхээр нь уур хүрээд 1 удаа хутгалсан. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, тухайн үед бид хоёрын хажууд хүн байгаагүй. Гудамж талбай олон нийтийн газар байгаагүй, манай гэрт энэ үйл явдал болсон. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирогч Эрдэнэхоролд нийт 2,100,000 төгрөгийн хохирол төлсөн. Энэ байдлуудыг харгалзан үзнэ үү...” гэжээ.

 

Ялтан Т.Яндагдаваагийн өмгөөлөгч З.Ариунжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Учир нь шүүх талуудын тэгш байдлыг хангаагүй, мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг баримталсан, уг хэрэг болсон шалтаг шалтгааныг тогтоогоогүй. Гэтэл Яндагдаваа нь хохирогчтой 4 жилийн хугацаанд хүргэн, хадам дүүгийн харьцаатай байсан хохирогчийн төрсөн эгч, Яндагдаваа нар нь дундаасаа 4 настай хүүхэдтэй энэ гэр бүлтэй хамт хохирогч мөн 4 жил орчим хамт амьдарсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг, өөрөө тогтмол хийсэн ажилгүй, орлогогүй Эрдэнэхорол, Яндагдаваагийн машиныг удаа дараа өөрийнх нь зөвшөөрөлгүй авч явж байсан. Үүнээс болоод тэд муудалцдаг байсан. Мөн хэрэг болдог өдөр хохирогч Эрдэнэхорол Яндагдаваагийн өөрийнхөө хашаанд оруулаад тавьсан машиныг унаад явсны улмаас маргаж хэрэг гарсан гэж Яндагдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг боловч шүүх зөвхөн хохирогч талын мэдүүлгийг үндэслэн шүүхийн шийтгэх тогтоол гаргасан. Хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх магадлалтай байна.

Яндагдаваа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэдгээ үнэн зөвөөр мэдүүлж бодит хохирол 420,000 төгрөг гарсан боловч хохиролд 1,623,000 төгрөгийн хохирогчид төлсөн. Хохирогч Эрдэнэхорол хохиролгүй, гомдолгүй гэдгээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Иймээс Яндагдаваа анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой боловч шүүх хэрэглээгүй. Яндагдаваад шүүхээс оногдуулж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгийг хөнгөрүүлэх эсвэл уг хэргийн зүйлчлэл эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлээр зүйлчилж өгнө үү...” гэв.

 

Ялтан Т.Яндагдаваагийн өмгөөлөгч Д.Барсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй өөрөөр хэлбэл хохирогч машиныг удаа дараа авч явдаг болон дээрэлхдэг зэрэгт дургүйцэж хувийн сэдэлтэйгээр уг гэмт хэргийг үйлдсэн. Олон нийтийг үл хүндэтгэсэн зүйл байхгүй. Т.Яндагдаваагийн ялгүй болох хугацаа дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Уг гэмт хэргийг хувийн сэдэлтээр үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Прокурор Ц.Осоржамаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Т.Яндагдаваад оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Ялтан Т.Яндагдаваа, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Т.Яндагдаваа нь 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 16-18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 24-78 тоот хашаан дотор Ү.Эрдэнэхоролыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр хутгаар түүний бие махбодид “...зүүн бугалганы гадна доод хэсгийн зүүн шууны мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх...” гэсэн хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулсан хүндэвтэр гэмтэл учруулж, улмаар Ш.Эрдэнэхоролыг хажуугийн айлын хашааг даван зугтаахад нь араас нь хутга барин хөөж танхайрсан болох нь:

хохирогч Ү.Эрдэнэхоролын “...2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр өглөө 11 цагийн орчим Сарангэрэл эгчийн гэрт Нисэхт буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа

24-78 тоотод Яндагдаваагийн өөрийнх нь охин Одонтуяа, мөн Сарангэрэл эгчийн хүүхэд Тэмүүлэн нартай хамт байж байтал Яндагдаваа ах өөрийн 70-03 УНИ улсын дугаартай цагаан өнгийн микро автобустайгаа ганцаараа ирсэн. Тэгээд өчигдөр, жаахан архи уучихсан шартаад байна, хоёулаа ганц юм хуваагаад уучихъя гэсэн. Таны архи чинь гарахгүй юм биш биз тэрэг барьж байж гэхэд зүгээрээ болохгүй бол дүүгээ дуудчихна гэсэн. Тэгээд дэлгүүр ороод нэг шил 0,75 граммын архи бас нэг ундаа авчирсан. Тэгэхээр нь би хүүхдүүдийн дэргэд гэрт уугаад яахав гээд гарч машинд нь сууж байгаад нөгөө архиа Яндагдаваатай хамт уусан... Тэр архиа дуусаагүй бага зэрэг үлдсэн байхад Яндагдаваа машинаа гаргая гэсэн, тэгэхээр нь би машинаас бууж хашааны хаалга онгойлгож өгсөн. Яндагдаваа тэр үед машинаа хашаанаас гаргасан. Тэгээд хашааны гадна машин дотор үлдсэн жаахан архи бид хоёр ууж дуусгасан. Тэгээд би Яндагдавааг гэр лүү нь оруулж өгөөд орон дээр хэвтүүлээд одоо та унтаж амар гэж хэлээд гэрээс гарч жорлон орж бие засаад эргээд хартал Яндагдаваа намайг ямар ч үгийн зөрүүгүй хутгалсан. Тэгэхээр нь би зугтаасан. Намайг хутгалах үед уг микро автобус хашааны гадна байсан, би бол тэр машиныг нь асааж хашаанаас гаргаагүй. Би зугтаагаад зүүн талын хашаанд байсан айлын байшингийн урдуур гүйсэн. Араас Яндагдаваа ална гээд хутгаа бариад дахин намайг хутгалах гээд хөөгөөд байсан. Намайг жорлон орсон хойно гэрийн гал тогооны шүүгээнээс ногоон иштэй хутга авч гарч ирээд намайг хутгалсан. Хутга ил байгаагүй, бид хоёр машин дотор огт юм зүсэж идээгүй, машин дотор хутга огт оруулаагүй, машинд архи уусан нэг ундаа уусан. Би тэр өдөр мах болон яс огт чанаагүй, манай гэрт чанасан яс байгаагүй, чанахаар мах байгаагүй. Бид хоёрыг хашаан дотор машин дотроо архи ууж байх үед Тэмүүлэн, Одонтуяа хоёр манай нагац эгч Өлзийдэлгэрийн гэрт очихоор явсан байсан. Би 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орж 10 хоног эмчлүүлсэн эмчилгээний зардал 400,000 төгрөг болсон 355,000 төгрөг Яндагдаваа өгсөн, дараа нь “Рефлекс” гэх мэдрэлийн хувийн эмнэлэгт 2 удаа шинжилгээ 60,000 төгрөгөөр өгсөн мөнгийг Яндагдаваа тухайн үед өгсөн. “Мангут” эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал ор хоногийн мөнгө 305,000 төгрөг болсон үүнээс Яндагдаваа 245,000 төгрөг өгсөн. Гэмтлийн эмнэлэгт мөн 10 хоног хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал 700,000 төгрөг болсон, үүнээс Яндагдаваа 500,000 төгрөг өгсөн. Мөн би эмнэлгээс гараад бариач хүнээр гарынхаа шөрмөсийг 6 хоног бариулсан 30,000 төгрөг болсон, мөн эмнэлэгт хэвтэх гэхээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр бөглүүлээгүй байсанг Яндагдаваа 48,000 төгрөгөөр бөглүүлсэн гэж байсан... Манай гэрт хоол хийдэг ногоон өнгийн иштэй хутга байдаг. Хутгыг хэрэг гарсан өдөр Яндагдаваа намайг хутгалчихаад цагдаа ирж байхыг мэдээд хутгаа хаясан байсан. Цагдаа хутгыг нь хайгаад олоогүй. Би 10 хоног Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирээд хутгыг хайж байгаад гэрийн ард талаас цасан доороос олж авсан. Тэгээд хутгыг цаасанд боож амбаартаа хадгалж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхдөө хамт хүлээлгэн өгсөн. Яндагдаваа бид хоёрын дунд ямар нэгэн ор авлага, өс хонзонгийн асуудал байгаагүй, бид хоёр урьд өмнө нь огт хэрэлдэж маргалдаж байгаагүй. Тэр өдөр ч мөн хэрүүл маргаан зодоон хийгээгүй, яагаад намайг гэнэт хутгалсныг би огт мэдэхгүй байна. Бид хоёр бол аажуу тайван тамхиа татаад хэрүүл маргаан хийхгүйгээр нэг шил архи машин дотор хувааж уусан. ...Хэрэг болдог өдөр Яндагдаваа эгчийн маань талаар надад ямар нэгэн зүйл хэлж агсан согтуу тавиагүй, Өлзийдэлгэр эгч буруу ойлгосон байна, хиам болон талх дэлгүүрээс хэн ч аваагүй...” /хх-ийн 15-21, 124 тал/

гэрч Х.Ичинхоролын “...Манайх Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-76А тоотод 8-9 жил болж байна. 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 16-18 цагийн орчим байх гэртээ өөрийн төрсөн дүү Намхайнямбуу хүү Батжаргалын хамт байшин дотроо гал тогооныхоо өрөөнд байж байтал цонхны хажуугаар нэг эрэгтэй хүн гүйгээд явчихсан, гайхаад хартал тэр хүний араас дахин нэг эрэгтэй хүн гартаа хутга барьчихсан хөөгөөд гүйж байсан. Урд талд зугтаагаад гүйж байгаа хүнийх нь гарнаас их хэмжээний цус гарсан байсан. Гарыг нь дагаад цус гоожоод байсан. Тэгэхээр нь дүү бид хоёр байшингаас гараад очтол манай байшингийн ард талд тэр хоёр зогсож байсан. Нэг хүн нь хутга гартаа бариад нөгөө хүнээ хутгалах гээд байгаа бололтой нөгөө хүн нь болиулах гээд хутгатай гарнаас нь барьчихсан байсан. Манай дүү ойртож очоод та хоёр болиочээ гэхэд хутга барьсан хүн нь чи дуугай бай чамайг ч гэсэн хутгалчихна шүү гээд байсан. Тэгтэл хутгалуулсан хүн нь хашааны завсараар гараад гүйсэн. Араас нь нөгөө хутга бариад байсан хүн нь чамайг ална даа гээд дайраад хөөгөөд явчихсан. Тэгэхээр нь би өөрийнхөө 89060027 дугаарын гар утаснаас 102 дугаарын утас руу залгаж "манай хашаа руу хутга барьсан хүн орж ирээд нэгийгээ хутгалаад гарнаас нь цус гарчихлаа гэж хэлсэн. Тэгтэл цагдаа ирсэн. Нэг нь манай баруун талын хашаанд амьдардаг Сараа эгчийн нөхөр гэсэн нөгөө нь Сараа эгчийн төрсөн дүү гэсэн би бол тзр хоёр хүнийг огт танихгүй. ...намхан залуу нь хутга гартаа бариад дүү нь гэх өндөр туранхай залууг “ална” гээд хөөгөөд байсан. Дүү нь гэх залуу нь юу ч хэлэхгүй “чи боль” гээд байсан. Намайг гал тогооны цонхоор анх харахад л хутгалуулсан байсан. Хутгалуулсан гэх хүн нь манай гэрт орох гээд байсан. Тэгэхээр нь би гэртээ оруулаагүй. Нялх хүүхэдтэй учраас айчих байх гэж бодоод...” /хх-ийн 25-27 тал/,

гэрч Г.Баянзулын “...Би 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-78 тоотод хажуу айлын хоёр хүн хутга барьсан, нэгнийхээ гарыг зүсээд ална гээд дайраад байна гэх Ичинхорлоо гэдэг хүний өгсөн дуудлагын дагуу цагдаа, жолооч Ц.Золбоотын хамт очсон. Очиход Эрдэнэхорол зүүн гартаа хутгалуулсан байдалтай зүүн талын айлын хашаанд хүргэн ах Яндагдаваатай бие биеэ бариад авчихсан зогсож байхаар нь салгаад Яндагдавааг машинд суулгаад Эрдэнэхорол гэрт нь оруулж 103 дуудаад байж байтал Эрдэнэхоролын эгч нь гэх хүн нэг залуугийн хамт гаднаас орж ирсэн. Өөрийгөө Өлзийдэлгэр гэж байсан. Эрдэнэхорол болон түүний эгч Өлзийдэлгэр нар тухайн үед цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй, гомдол санал байхгүй, ах дүү нарын дунд болсон асуудал учраас өөрсдөө учраа олчихно, Яндагдаваагийн эхнэрийг ирэхээр шаардлагатай бол бид нар өргөдөл гаргаж өгч шалгуулна гэж хэлсэн учраас Яндагдавааг түр саатуулахаар авч явсан. Намайг очиход Эрдэнэхоролын зүүн гар хутгалуулсан байдалтай цус алдсан байсан тэгэхээр нь 103-т дуудлага өгсөн. Яндагдаваагийн биед ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй, тэр хоёр хоёулаа их согтуу байсан. Та хоёрын дунд юу болсон юм бэ гэж асуухад Эрдэнэхорол нь би ахтайгаа хамт архи ууж байсан юм тэгтэл намайг хутгалчихлаа гэж байсан. Хутга хаана байна гэхэд Яндагдаваа хаана байгаа газрыг нь хэлэхгүй байсан...” /хх-ийн 22-24 тал/,

насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн “...Дүү бид хоёр тэр хоёрыг архи ууж байхаар нь айгаад огт очоогүй. Гэртээ байж байгаад шууд Өлзийдэлгэр эгчийн гэрлүү явсан. Бид хоёрыг Өлзийдэлгэр эгчийн гэрлүү явж байхад тэр хоёр хашаан дотор машин дотроо л байж байсан...” /хх-ийн 29-30 тал/,

гэрч Ү.Сарангэрэлийн “...Хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа намайг Цэргийн эмнэлэг дээр байхад Яндагдаваа ирсэн. Яасан юу болсон юм бэ яагаад ийм хэрэг гарчихваа гэхэд мэдэхгүй ээ яагаад ийм хэрэг хийснээ мэдэхгүй байна, согтуу байсан учраас юу ч санадаггүй ээ гэж хэлсэн. Та хоёр хэрүүл маргаан хийсэн юм уу гэхэд үгүй
бид хоёр зүгээр л юм яриад нэг шил архи хувааж уусан, ямар ч хэрүүл маргаан
зодоон огт хийгээгүй, нэг мэдсэн чинь би Эрдэнэхоролыг хутгалсан байсан гэсэн.
Харин Эрдэнэхоролоос болсон асуудлын талаар асуухад Яндагдаваа ах бид хоёр
огт хэрэлдээгүй, зодоон хийгээгүй, юм ярьж байгаад нэг шил архи хувааж уусан,
тэгээд байж байтал Яндагдаваа ах намайг хутгалсан гэж хэлсэн. Энэ асуудал манай
гэрт биш хашаанд болсон байсан. Би гэр аймаар байгаа байхдаа гэж бодоод гэртээ
очиход гэр доторх эд зүйлс зөв зүгээр байсан. Зодоон хийсэн шинж тэмдэг огт
байгаагүй. Би Эрдэнэхоролын өмсөж байсан хувцасыг шатаачихсан. Тэр хоёрын дунд
хэрүүл маргаан огт болж байгаагүй...” /хх-ийн 34-37 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1451 дүгээр “...Ү.Эрдэнэхоролын биед зүүн бугалга, шууны мэдрэлийн зүсэгдсэн шарх, шууны мэдрэл оёх мэс засалын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлтээс шалтгаална...” /хх-ийн 42 тал/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 554 дүгээр “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1451 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Эрдэнэхоролын биед зүүн бугалганы гадна доод хэсгийн зүүн шууны мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулна. Эрдэнэхоролын зүүн бугалганы гадна доод хэсэгт хатгагдаж зүсгэдсэн шархтай байна. Зүүн шууны хэсэгт мэс заслын шархуудтай байна...” /хх-ийн 128-129 тал/ гэх Шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Т.Яндагдаваад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 16-18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 24-78 тоот хашаан дотор Т.Яндагдаваагийн согтуугаар ямар ч шалтаг шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Ү.Эрдэнэхоролын зүүн бугалганд нэг удаа хутгалж хүндэвтэр гэмтэл учруулаад, улмаар Ш.Эрдэнэхоролыг хажуугийн айлын хашааг даван зугтаахад нь араас нь “ална” гээд хутга барин хөөсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “...бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн...” гэсэн “Танхайрах” гэмт хэргийн 181.3 дахь хэсэгт заасан “...энэ хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.

 

Т.Яндагдаваагийн хохирогч Ү.Эрдэнэхоролыг хутгалж бие махбодид учруулсан “зүүн бугалганы гадна доод хэсгийн зүүн шууны мэдрэлийн гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий” гэмтэл нь Ү.Эрдэнэхоролын хөдөлмөрийн чадвар цаашид тогтонги 15 хувь алдагдуулах гэмтэл болох нь хохирогчийн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Хөдөлмөрийн чадвар тогтоолгоход мэдрэлийн судаснууд нь залгагдаагүй болохоор урд булчингууд нь үхжээд эхэлж байна гэсэн. Надад цаашид эмчилгээний зардал хэрэгтэй. Би жолооч мэргэжилтэй, надад өөр мэргэжил байхгүй учраас жолооч хийхгүйгээр мөнгө олох боломж байхгүй, гартай л болох хэрэгтэй байна...” /хх-ийн 197, 198 тал/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 554 дүгээр “...Эрдэнэхоролын биед зүүн бугалганы гадна доод хэсгийн зүүн шууны мэдрэлийн гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулна...” /хх-ийн 128-129 тал/ гэх Шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Т.Яндагдаваагийн үйлдсэн гэмт хэргийн гэм хорыг арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүхээс Т.Яндагдаваад оногдуулсан хорих ялын хэмжээ, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэлгүйгээр хуульд заасны дагуу чанга дэглэмд эдлүүлэхээр тогтоосон зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, Т.Яндагдаваагийн урьд 4 удаа ял шийтгүүлсэн хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд Т.Яндагдаваад холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангажээ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, ялтан Т.Яндагдаваа, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын тус тус гаргасан “...хэргийн зүйлчлэлийг хувийн сэдэлттэй гэж хөнгөрүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялаас доогуур ял оногдуулах...” талаарх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Яндагдаваа, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧИД                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ОЧМАНДАХ