Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 180

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

хохирогч Э.Соронзонбаатар,

шүүгдэгч Э.Батбаатар, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ондороомтон овогт Энхтөрийн Батбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012700 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ондороомтон овогт Энхтөрийн Батбаатар, 1979 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, автозасварын газар засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 29-4996 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ХЛ79121372 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Э.Батбаатар нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 29-499б тоот гэртээ Э.Соронзонбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь эрүүний зүүн буланд зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Э.Соронзонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би 2 найзтайгаа 1 шил архи хувааж уучихаад гэртээ унтаж байгаад хамар хашааны Энхболдынд ортол тэр гэртээ байхгүй байсан.

Буцахдаа Батбаатарынд ороход тэр нэг шил архи тавиад ууж байхаар нь түүнээс нь 2 татсан. Тэднийд чанасан өвчүү байхаар нь “монгол хүн байна. Болсон идээнээс буцаад яахав” гэж бодоод уг чанасан махыг нь идтэл Батбаатар “чи хоолны дээж идлээ” гээд маргалдаад намайг цохьсон. Намайг дараад унасан байхад түүний баз хүргэн орж ирээд бид хоёрыг салгасан. Хохиролд 480.000 төгрөгийн зардал гарсаныг Батбаатараас авсан. Одоо нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

 

Гэрч Д.Энхсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...гаднаас гэр рүүгээ орох гээд зогсож байхад манай хашаан дотор байдаг манай урд талын гэр буюу Батбаатар ахынд зодоон болоод байхаар нь гэрт нь орсон чинь Батбаатар Соронзонбаатарыг боогоод унагаачихсан маргалдаж байхаар нь би очоод Батбаатарыг дээш нь салгаад тэр хоёрыг зууралдаад салахгүй байхаар нь би Соронзонбаатарыг чирээд хашаагаараа гаргасан. Удалгүй Соронзонбаатар дүү Баяраа гэдэг залуутай орж ирээд хэрүүл хийж байгаад дүү нь Соронзонбаатарыг аваад гарсан. Гэр дотор Соронзонбаатар, Батбаатар хоёрыг салгаад гаргах гэж байхад Соронзонбаатар эрүү эвгүй болчихлоо Батбаатарыг цохьчихлоо гээд дайраад байсан. Батбаатар нилээн согтсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-8/,

 

Гэрч Ө.Даваабаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...тэр өдөр ажлаасаа ирсэн чинь хүү Өсөх-Ирээдүй Соронзонбаатар ахын амнаас цус гараад байна гэхээр нь гараад харсан чинь Соронзонбаатар жоохон согтуу хүнд зодуулчихсан байдалтай байхаар нь юу болсныг асуусан чинь Батбаатарт зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Батбаатарын хашаанд ороод юу болсоныг асуусан чинь танай ах чинь гэрийн эзэн хүрээгүй байхад идчихсэн гэсэн юм яриад байсан. Тэгэхээр нь заза та нар өөрсдөө учраа ол гээд гэр рүүгээ орсон. Соронзонбаатар шөнжингөө шүд өвдөөд байна гээд орилоод байсан. Маргааш нь эрүү нь хавдчихсан ирсэн. Ингээд 2-3 хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-12/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулын 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №9993 тоот дүгнэлтэд:

1. Э.Соронзонбаатарын биед эрүүгийн зүүн буланд зөрөөгүй хугарал тогтоогдлоо.

 2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3.      Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.      Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө. гэсэн дүгнэлт /хх-14/,


           Яллагдагч    Э.Батбаатар мэдүүлэхдээ: “...гэртээ   унтаж   байгаад   сэрсэн чинь Соронзонбаатар манай гэрт орж ирээд миний чанаад амсаагүй байсан махыг идээд сууж байхаар нь би босоод уурлаад чи яахлаараа айлд орж ирчихээд дээжийг нь амсаагүй байхад мах иддэг юм гээд гэрийн зүүн хойд талд хувцас хийсэн пүүгээн дээр сууж байхаар нь би уурлаад зүүн шанааруу нь 1 удаа баруун гараараа савж цохиод доороо хийгээд боосон. Тэгээд ноцолдоод байж байхад гаднаас Энхсайхан орж ирээд бид хоёрыг салгаад Соронзонбаатар руу уурлаад чи айлд орж ирээд ингэж болохгүй гээд аваад гарсан. Төд удалгүй Соронзонбаатар дүү Баяраатайгаа хамт манай хашаанд орж ирэхээр нь би болсон бүх зүйлийг хэлсэн чинь Баяраа та нар өөрсдөө учраа ол гээд гараад явсан. Хэд хонгийн дараа манай эхнэр Анхтуяад Соронзонбаатар миний эрүү хугарчихсан танай нөхөр хугалчихсан байна лээ гэж хэлсэн байсан. Манай гэрт дураараа орж ирээд хоолны дээж идчихсэн байхаар нь уур хүрээд цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх20-23/,

 

Гэрч Б.Анхтуяагийн мэдүүлэг /хх-9/, насанд хүрээгүй гэрч Хуланзаяагын мэдүүлэг /хх-10/, гэрч Э.Бат-Өлзийн мэдүүлэг /хх-11/, шинжээчийн дүгнэлт /хх-14/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/ болон шүүхэд шинээр гарган өгсөн хохирол төлсөн талаарх 3 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.Батбаатар нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 29-499б тоот гэртээ Э.Соронзонбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь эрүүний зүүн буланд зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Батбаатарыг бусдын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Э.Соронзонбаатар нь шүүгдэгч Э.Батбаатарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Батбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ондороомтон овогт Энхтөрийн Батбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Э.Батбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Батбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4.  Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Батбаатарт оногдуулсан  1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Батбаатарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР