Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00778

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00778

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Д.Тгийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/00299 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Тгийн хариуцагч Т.Нд холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний зүйл болох Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Эрдэнэтогтох, хариуцагч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Т ... бор өнгийн 4x3 харьцаатай, түргэн үйлчилгээний цэгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 1 000 000 төгрөгөөр Т.Нд түрээслэхээр тохиролцож, түрээсийн гэрээ байгуулан гэрээний хугацаа дууссан. Т.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй тул түргэн үйлчилгээний цэгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. ТҮЦ-ийг хариуцагч Т.Нд худалдаагүй, худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: ТҮЦ-ийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсэлж эхэлсэн. ТҮЦ-ээ худалдах санал гаргасан тул 8 000 000 төгрөгөөр худалдан авахаар 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр амаар тохирч, 8 000 000 төгрөгийг цувуулж бүрэн төлсөн тул ТҮЦ-ийг буцаан өгөхгүй. Д.Т нь ТҮЦ-ээ зарна гэж бөөнөөр нь мөнгө авчихаад дараа нь түрээсийн төлбөрт шилжүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 Шүүх:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 295 дугаар зүйлийн 295.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Нгаас түрээсийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, мал эмнэлгийн хүрээлэнгийн урд тал, ... /ТҮЦ/-ийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгож, нэхэмжлэгч Д.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч Т.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Нгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.  Би 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг сарын 600 000 төгрөгөөр түрээсэлсэн. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сарын 1 000 000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулж төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ТҮЦ-ийг бусдад 8 000 000 төгрөгөөр худалдах гэж байсныг би ярилцаад амаар худалдаж авахаар тохиролцож урьдчилгаанд 3 000 000 төгрөг төлсөн. Гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор дансаар 7 016 000 төгрөг шилжүүлж, бэлнээр 984 000 төгрөг өгсөн. Талуудын хэн аль нь ТҮЦ-ийг худалдах, худалдан авахаар тохиролцож байсан гэдгээ үгүйсгэдэггүй. Гэтэл шүүх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. 7 хоногийн дотор худалдах худалдан авах гэрээний төлбөрийг төлөөгүй тул түрээсийн гэрээг үргэлжлүүлэхээр болсон гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч хариуцагч нь сарын хугацаанд 8 000 000 төгрөг төлснийг шүүх анхаарч үзээгүй нь эргэлзээтэй байна. Хэрэв гэрээний нөхцөл өөрчлөгдсөн бол хүнээс өндөр хүүтэй өдрийн зээл авч 8 000 000 төгрөг төлөх шаардлагагүй. 2017 оны 11 сараас өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр нэхэмжлээгүй нь худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэдгийг нотолж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Т.Нд холбогдуулан Түргэн үйлчилгээний цэг буюу /ТҮЦ/-ийг гаргуулахаар нэхэмжилж шаардлагын үндэслэлээ “хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан, төлбөрөө төлж барагдуулаагүй тул ТҮЦ-ийг буцаан гаргуулна” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “ТҮЦ-ийг 8.0 сая төгрөгөөр худалдаж авахаар амаар тохиролцож төлбөрийг бүрэн төлсөн .., ” гэж маргажээ.

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ... 3*4 хэмжээтэй Эко ТҮЦ-ийг хүнсний бүтээгдэхүүн худалдах зориулалтаар 2 жилийн хугацаатай, сард 1 000 000 төгрөгөөр түрээслэх гэрээг байгуулсан, гэрээний зүйлийг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч зориулалтын дагуу ашиглаж байсан үйл баримт хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх5-7/

ТҮЦ буюу Түргэн үйлчилгээний цэгийг хариуцагч ямар гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байгаа нь маргааны зүйл болж байна. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг түрээсийн гэрээгээр эзэмшилд шилжүүлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өмчилж байгаа гэж маргажээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг тул шүүхээс талуудын тайлбарыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцнэ.

Нэхэмжлэгч Д.Т 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Т.Нд 2015 онд ТҮЦ-ээ 2 жилийн хугацаатай сарын 1 000 000 төгрөгөөр түрээсэлсэн. Т.Н 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ТҮЦ-ийг 10 000 000 төгрөгөөр худалдаж авах санал тавьж урьдчилгаанд 3 000 000 төгрөг өгч, үлдэх 7 000 000 төгрөгийг 7 хоногийн дотор төлөх, үнийг төлөөгүй тохиолдолд түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон” гэж, 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд “н.Наранбаатарт ТҮЦ-ээ худалдах гэж байхад Т.Н үргэлжлүүлэн түрээслэн, худалдаж авъя гэсэн. Би ТҮЦ-ээ худалдахгүй, анх тохирсноороо түрээслэж болно гэж хэлсэн. Нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээгээ үргэлжлүүлсэн” гэж өөрөөр тайлбарласан байна. /хх1-2, 101/

Нэхэмжлэгчийн дээрх тайлбаруудыг хариуцагчийн “2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ТҮЦ худалдан авсан” гэх тайлбар  мөн хариуцагчаас “2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид 3 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн охиных нь дансанд нийт 4 016 000 төгрөг шилжүүлсэн” үйл баримтыг нотолсон ХААН банкны дансны хуулга гэх нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд талуудын хооронд аман хэлцлээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. /31-39/

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагч нь төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэгчид бэлнээр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон дээрх журмын дагуу худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Маргааны зүйл болох ТҮЦ нь хөдлөх хөрөнгө бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулахад хуулиар тусгайлсан шаардлага тавигдахгүй.

Хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Уг хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд анх худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлжээ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд зохигчид хуульд заасан журмын дагуу бичгээр гэрээ байгуулаагүй байна. Хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг түрээсийн гэрээний үүрэгт суутгаж авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу эд зүйлийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг үүсэхгүй.

Харин энэхүү магадлал нь талуудын хоорондын худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийн зөрчил, үүнтэй холбоотой хохирол шаардах зэрэг гэрээний талуудын бусад эрхийг нь хөндөхгүй.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчимд нийцнэ.  

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/00299 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Д.Тгийн хариуцагч Т.Нд холбогдуулан гаргасан түргэн үйлчилгээний цэгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                  

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                                                      ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

                                                                                                    А.МӨНХЗУЛ