Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00779

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00779

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Ц.Чын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00658 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Чын хариуцагч Л.Б, Т.Энарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 78 200 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.Б, Т.Энартай 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 35 000 000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хүгацаатай зээлдүүлсэн. Мөн зээлдэгч нарын хүсэлтээр 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг нэмж, нийт 45 000 000 төгрөг зээлдүүлсэн. Зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сараас хойш хүү төлөөгүй, хүүгийн үлдэгдэл 10 700 000 төгрөг болсон. Гэрээний хугацаа 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар зээл 45 000 000 төгрөг, хүү 10 700 000 төгрөгийг төлөөгүй. Мөн гэрээний хугацаа хэтэрсэн 240 хоног тутамд 0.5 хувиар алданги тооцвол 54 000 000 төгрөг болох ба үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн зохицуулалтыг үндэслэн алдангид 22 500 000 төгрөг, үндсэн зээл 45 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 10 700 000 төгрөг, нийт 78 200 000 төгрөг төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Т.Эгийн өмчлөлийн газрыг 20 000 000 төгрөгөөр, ... хувийн сууцыг 15 000 000 төгрөгөөр тус тус харилцан тохиролцон үнэлж, нийт 50 000 000 төгрөгийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд зээлдэгч нар үүргээ эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ

Хариуцагч нарын тайлбарт: Хариуцагч нар нь Нийслэлийн өргөө амаржих газрын баруун талд гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгтэй. 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 35 000 000 төгрөг зээлж авсан. Л.Б 14 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлсөн. Зээлийн хүүгийн үлдэгдэл 4 сар нь 7 000 000 төгрөг байна. Зээлийн хүүнд жилийн хугацаанд 21 000 000 төгрөг төлөх ёстой байсан. 35 000 000 төгрөгийн зээлийн алданги 17 500 000 төгрөг байна. 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг Л.Бгийн 5031209909 тоот данс руу шилжүүлсэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар бичгийн гэрээ байгуулаагүй. Хүү, алданги шаардаж байгаа тохиолдолд заавал бичгээр гэрээ байгуулах ёстой. Бичгээр гэрээ байгуулаагүй учраас 10 000 000 төгрөгт хүү, алданги шаардах үндэслэлгүй. Хариуцагч нар бизнесийн зориулалтаар эмнэлгийн газраа өргөтгөх гэж зээл авсан боловч 2020 оны 02 сараас корона вирусээс шалтгаалан үйл ажиллагаа нь тасалдсан. Одооноос үйл ажиллагаа нь жигдэрч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт алданги хэт өндөр байгаа тохиолдолд шүүх багасгаж болно гэж заасны дагуу 17 500 000 төгрөгийн алдангиас хасаж өгнө үү. Хариуцагч нь үндсэн зээл 45 000 000 төгрөг, хүү, алданги 17 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин 10 000 000 төгрөгөөс хүү, алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх:  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Б, Т.Энараас 57 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Чад олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Бгийн өмчлөлийн ... 123.9 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Т.Эгийн өмчлөлийн ... 117.6 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон ... 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 548 950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.Б, Т.Энараас 514 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Чад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмгөөлөгч М.Шаравнямбууд хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа олгоогүй. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт болсон шүүх хуралдааныг 09.40 цагт завсарлаж 10.00 цаг хүртэл хойшлуулж өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа олгоогүй. Шүүх хуралдаан хойшилсон тохиолдолд 2 сарын хүү буюу 3 500 000 төгрөг төлсөн баримтаа гаргаж өгөх байсан боловч өгч чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс хүүний 3 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Чын зээлийн гэрээний үүрэгт 78 200 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Б, Т.Энар үндсэн зээл, зээлийн хүүг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 35 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, үүрэг гүйцэтгэх  хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох тухай зээлийн, мөн өдөр Т.Эгийн өмчлөлийн нэгж талбарын 18661313278101 дугаартай 700 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү-2204031989 дугаарт бүртгэлтэй 117.6 м.кв талбай бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Л.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204031986 дугаарт бүртгэлтэй 123.9 м.кв талбай бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ тус тус бичгээр байгуулагдсан байна. Мөн хариуцагч нар 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөг зээлдэн авсан байх боловч бичгээр гэрээ байгуулаагүй байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дах хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

Хариуцагчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн дүн үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 21 000 000 төгрөг, нийт 56 000 000 төгрөг бөгөөд үүнээс 18 00 000 төгрөг төлөгдсөн тул 38 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

10 000 000 төгрөгийн зээлийн хувьд, зээлийн гэрээг бичгээр байгуулж хүү, алданги авахаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд хүү, алданги шаардах эрхгүй, зээлдэгч үндсэн зээлийн 10 000 000 төгрөгийг төлнө. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд хариуцагчийн нийт гүйцэтгэвэл зохих үүрэг 67 000 000 төгрөг байна. Тодруулбал, үндсэн зээл 35 000 000 төгрөг дээр зээлийн хүү 21 000 000 төгрөгийг нэмэхэд нийт үүрэг нь 56 000 000 төгрөг болох бөгөөд үүнээс хариуцагчаас төлсөн 18 000 000 төгрөгийг хасахад 38 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 38 000 000/50%=19 000 000 төгрөг болно.

Гэвч анхан шатны шүүх хариуцагч нараас 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 3 500 000 төгрөг, алданги 8 750 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг, нийт 57 250 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмгөөлөгчид хэргийн материалтай танилцуулах хангалттай хугацаа олгоогүй, нотлох баримт гаргаж боломжоор хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

Шүүх хариуцагч талын хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг 3 хоногийн хугацаагаар хойшлуулжээ. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд хариуцагч талын өмгөөлөгчөөр М.Шаравнямбуу оролцож хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар хуралдааныг тухайн өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, хэргийн материалтай танилцуулсан байна. Улмаар 10:00 цагаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад хариуцагч талаас нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байна. Шүүхээс хэргийн оролцогчид эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгсөн, хэргийн оролцогч үүргээ биелүүлээгүйд шүүхийг буруутгах хуулийн үндэслэлгүй. /хх31, 50-51, 56-57, 60-61/

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан атлаа хэрэгсэхгүй болгосон хэсгийн үнийн дүнг шийдвэрийн тогтоох хэсэгт бичээгүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Б, Т.Энараас зээлийн гэрээний үүрэгт 57 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Чад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 950 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950  төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                                               ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                           А.МӨНХЗУЛ