Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0468/З |
Дугаар | 221/МА2017/0762 |
Огноо | 2017-10-31 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2017/0762
2017 оны 10 сарын 31 өдөр Дугаар 221/МА2017/0762 Улаанбаатар хот
Б.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.З, гуравдагч этгээд “У Х Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0686 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “У Х Б” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.А-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0686 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.4, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг тус тус баримтлан иргэн Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, дүүргийн 00 дүгээр хороо, таун /00000/ гудамж, 0 дугаар байрны 00 тоот 117.49 м.кв талбайтай орон сууц болон ГГ-2 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгээгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх орон сууц болон автомашины зогсоолыг Б.А-ын өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “У Х Б” ХХК давж заалдах гомдолдоо: “... Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тухайд: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Учир нь Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д “өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй” гэж зааснаас үзвэл өмчлөх эрх бүртгэх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгүүлэхээр заажээ. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл аваагүй байна гэж үзэж, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн атлаа уг заалтын урьдчилсан нөхцөл болсон 19.2-т “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авна” гэснийг үл хайхран энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулсан тохиолдолд ... гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шударга өмчлөгч болох нь тогтоогдсон нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдөхөөр байна” гэж дүгнэсэн нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг буруу хэрэглэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан.
Учир нь “М” ХХК болон “У Х Б” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний асуудлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж “М” ХХК-аас 2.055.460.140 төгрөг гаргуулах, энэ үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхоны, тоот барилга, мөн хаягт байрлах Г00, Г00 тоот автомашины зогсоол ... зэргийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар” шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх нэгэнт шийдвэрлэгдсэн хэргийн талаар өөр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Улмаар “М” ХХК нь У Х Б-ны байгуулсан зээлийн барьцааны гэрээгээр дээрх дутуу баригдсан барилга болон автомашины зогсоолыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ” гэж дээрх маргаан бүхий орон сууц, автомашин нь банкны барьцаанд бүртгэлтэй байгаа талаар дүгнэжээ. Гэвч шүүхээс улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахад гуравдагч этгээд болон банкны зөвшөөрөл шаардлагатайг мэдсээр байж хэт нэг талыг барьж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд “У Х Б” ХХК-ийн хуульд заасны дагуу олж авсан, цаг хугацааны хувьд өмнө үүссэн барьцааны эрхийг шууд хөндсөн шийдвэр болсон байна.
Хариуцагчийн нэхэмжлэгчийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хуульд нийцсэн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. “М” ХХК нь маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг банкны барьцаанд байгааг мэдсээр байж иргэн Б.А-д мэдэгдэлгүйгээр уг орон сууц, авто зогсоолыг түүнд худалдаж гэрээ байгуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Ийм байхад шүүх хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн мэтээр үзэж, нэхэмжлэгчээс ирүүлсэн материал нь хуулийн шаардлагыг хангаагүй байхад түүнийг үл хайхран хариуцагчийг хуулиар зөвшөөрөөгүй үйлдэл хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг харуулж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0686 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “У Х Б” ХХК-ийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд “М” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн 0 дүгээр хороо, гудамж 00, 00 тоот хаягт баригдаж буй орон сууц, үйлчилгээ, автомашины зогсоолын зориулалттай тус бүр 30, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000, Ү-0000000дугаарт бүртгүүлж, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт “У Х Б” ХХК-тай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ0001/110727 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-ээр тус банкинд барьцаалжээ.
Гэтэл нэхэмжлэгч Б.А нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “М” ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан нь цаг хугацааны хувьд гуравдагч этгээдүүдийн өмчлөх болон барьцааны эрх үүссэнээс хойш байгуулагдсан байна.
Хэдийгээр маргаан бүхий дүүргийн дүгээр хороо, гудамж 00 дугаар байрны 00 тоот орон сууц болон 00 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Б.А-ыг тогтоосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоол гарсан ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Б.А-ыг бүртгэж, гэрчилгээ олгох үндэслэл болохгүй юм.
Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” тус тус заасны дагуу дээрх орон сууц, авто зогсоолын өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас барьцааны эрх нь хөндөгдөх “У Х Б” ХХК-ийн зөвшөөрлийг заавал авах шаардлагатай байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой барьцааны бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд хариуцагчаас иргэн Б.А-ын гаргасан мэдүүлгийн дагуу эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй, шүүх ийнхүү бүртгэхийг даалгах үндэслэлгүй болно.
Түүнчлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4010 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1046 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 13 дугаар тогтоолыг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дүүргийн 00 дүгээр хороо,гудамж 00, 00 тоот хаягт баригдаж буй тус бүр 30, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудын захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр түдгэлзүүлснээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 /Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:/, 18.1.10 /улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх/-д заасан бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох нөхцөл байдал тогтоогдсоны улмаас эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцсэн гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.А-ын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоот орон сууц, 00-0 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Б.А-ыг бүртгэж гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд “У Х Б” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “ дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоот орон сууц, 00-00 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Б.А-ыг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “У Х Б” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “У Х Б” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН