Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00672

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/00641 дугаар шийдвэртэй, Ж.Э-, Ш.Б- нарын нэхэмжлэлтэй “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох, ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийх болон контрактын гэрээг дүгнэхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э- нь “ЭҮ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18/2016 тоот тогтоолоор “ЭҮ” ХХК-ийн санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар томилогдон контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан.

Ш.Б- нь “ЭҮ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16/2016 тоот тогтоолоор тус үйлдвэрийн тэргүүн дэд захирлаар томилогдон, 2016 оны 07 сардаа контрактын гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

Ш.Б-ыг “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/265 тоот тушаалаар, Ж.Э-ийг мөн захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/266 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар бүтэц, зохион байгуулалтын бүтцээс тухайн ажлын байр байхгүй болохыг, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн байхыг шаарддаг ба мөн хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сараас 45 хоногийн өмнө энэ тухайгаа мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл өнөөг хүртэл Ш.Б-, Ж.Э- нарын эрхэлж байсан ажлын байр хасагдаагүй, бүтцийн өөрчлөлт хийгдээгүй байх ба урьдчилж мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан харилцааг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д зааснаар контрактыг цуцлах шууд үндэслэл болох эсэхийг, мөн хуулийн 25, 41 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагатай уялдуулан гэрээг дүгнэсний дараа гэрээ цуцлах эсэхийг шийдвэрлэх ёстой. Контракт бол хөдөлмөрийн харилцаатай төдийгүй өмчийн харилцаатай холбоотой байдаг, мөн уг гэрээний талууд үр дүнг заавал дүгнэдэг зэргээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатайгаар зохицуулагдсан. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 76 дугаар зүйлийн 76.1.8-т зааснаар контрактын гэрээг цуцлах эрх “ЭҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах ба ерөнхий захирлын эрхэд хамаарахгүй.

Гүйцэтгэх удирдлагыг солих, өөрчлөх эрх нь зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлд олгогдсон эрх байна. Компанийн тухай хуулийн холбогдох заалт, мөн дүрмийн 10.1 дэх хэсэгт Компанийн гүйцэтгэх удирдлага нь ерөнхий захирал, түүний орлогчид /дэд захирал/, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий санхүүч, ерөнхий эдийн засагчаас бүрдэнэ гэж тодорхойлсон. Иймд хэлцлийг байгуулсан этгээд болох Ж.Э-, Ш.Б- нар болон төлөөлөн удирдах зөвлөлөөс өөр ямар ч этгээд гэрээг цуцлах эрхгүй.

Иймд Ж.Э-, Ш.Б- нарыг ажлаас нь чөлөөлсөн “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/266, Б/265 тоот тушаалуудыг хүчингүй болгож, Ж.Э-ийг Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын ажилд, Ш.Б-ыг тэргүүн дэд захирлын ажилд тус тус эгүүлэн тогтоож, Ж.Э-, Ш.Б- нарт ажлаас чөлөөлөгдсөн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус бүр 320 000 000 төгрөгийг “ЭҮ” ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэн, бичилт хийлгэж өгнө үү.

Мөн Ж.Э-ийн “ЭҮ” ХХК-тай байгуулсан контрактын гэрээг дүгнэхийг “ЭҮ” ТӨҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслэн гарсан Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар “ЭҮ” ХХК-ийг шууд хяналтандаа авч “ЭҮ” ХХК-д нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанийн ерөнхий захиралд бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн зохион байгуулах үүрэг чиглэл өгч, эрх олгосны дагуу ерөнхий захирал А/143 дугаар тушаалаар “ЭҮ” ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтын түр бүтцийг баталсан.

Энэхүү шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтаар Ш.Б-ын эрхэлж байсан тэргүүн дэд захирлын ажил, албан тушаал, Ж.Э-ийн эрхэлж байсан санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалын орон тоо тус тус хасагдсаныг үндэслэн тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “ЭҮ” ХХК-ийг “ЭҮ” ТӨҮГ болгон өөрчлөн зохион байгуулж, “ЭҮ” ТӨҮГ-ын дүрмийг баталсантай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тушаалаар баталсан “ЭҮ” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцээр тэргүүн дэд захирал болон санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил, албан тушаал, орон тоо хасагдсан.

“ЭҮ” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцээр хасагдсан тэргүүн дэд захирлын ажил, албан тушаалын оронд ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженерийн ажил, албан тушаал, орон тоо батлагдсан ба уг ажил, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор уул уурхай, техник технологийн инженерийн чиглэлийн мэргэжилтэй, мэргэжлийн болон удирдах ажлын 10-аас доошгүй жилийн дадлага туршлагатай байхыг шаардсан бөгөөд эдгээр шаардлагыг хангасан уул уурхайн мэргэжилтэн ажиллаж байгаа учраас эрх зүйч мэргэжилтэй Ш.Б-ыг энэ ажил, албан тушаалд эгүүлэн томилж ажиллуулах үндэслэлгүй.

Ж.Э-ийн дээр дурдсан тушаалуудаар санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил, албан тушаал, орон тоо хасагдсан бөгөөд ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн ажлын байрны тодорхойлолтоор тавьсан шаардлагыг хангаж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй, санхүү, эдийн засгийн мэргэжилтэн ажиллаж байгаа учраас мэргэшсэн нягтлан бодогчийн эрхгүй Ж.Э-ийг энэ ажил, албан тушаалд эгүүлэн ажиллуулах үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгч Ш.Б- нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч биш н.Нямдорж гэж хүнээр улсын тэмдэгтийн хураамжийн дансыг андуурч төлүүлсэн шалтгаан болон Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 142/ШЗ2019/01607 дугаар захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээж аваад 14 хоногийн дараа 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд уг нэхэмжлэлээ дахин гаргахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах 1 сарын хугацааг өөрөөс нь шууд хамаарах, хүндэтгэн үзэх бус шалтгаанаар зөрчсөн. Ш.Б-ын дээрх үйлдлүүд буюу шалтгаан нь Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 28-д заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

Нэхэмжлэгч Ш.Б-, Ж.Э- нар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/265, Б/266 дугаар тушаалуудыг гарсан өдөр уг тушаалыг танилцуулсан хуралд сууж сонсч мэдсэн.

Нэхэмжлэгч Ш.Б-, Ж.Э- нар 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс “ЭҮ” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг маргаантайгаар эзэмшиж байсан “МКК” ХХК-ийн талаас санал болгож төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон, уг компанийн эрх ашгийг төлөөлөн “ЭҮ” ХХК-д контрактаар ажиллаж байсан, эрх бүхий удирдах албан тушаалтнууд юм.

Ш.Б- тэргүүн дэд захирлаар ажиллаж “ЭҮ” ХХК-ийг бүхэлд нь бүх бүтцийн нэгжүүдийг удирдаж байсан, Ж.Э- нь санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар ажиллаж эдийн засгийн хэлтэс, санхүүгийн хэлтсийг тус тус удирдаж байсан бөгөөд тэдгээр нь “ЭҮ” ХХК-ийн мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээнд 1 дүгээр гарын үсэг зурах эрх эдэлж, ерөнхий захирлын эзгүйд түүний бүхий л эрхийг тэргүүн дэд захирал Ш.Б- хэрэгжүүлж ажиллаж байсан.

Түүнчлэн нэхэмжлэгч нар “ЭҮ” ХХК-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий журам, худалдан авах комиссын үйл ажиллагааны журмын дагуу “ЭҮ” ХХК-д шаардлагатай бүхий л бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих эрхийг эдэлж “ЭҮ” ХХК-ийн мөнгөн болон бусад эд хөрөнгө, өмчийг бүхэлд нь захиран зарцуулах бүрэн эрхтэй ажиллаж байсан.

Тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Б/265, Б/266 дугаар тушаалуудын үндэслэл болсон Монгол Улсын Засгийн Газрын 91 дүгээр тогтоолын үндэслэл нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “ЭҮ” ХХК, “М” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоол бөгөөд уг тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын “ЭҮ” ХХК-ийн болон “М” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг “МКК” ХХК-д эзэмшүүлэхийг зөвшөөрсөн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, эдгээр компаниудын 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчийн үйлдвэрийн статустайгаар ажиллуулах арга хэмжээг авч ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Ш.Р, Засгийн газар, Ж.Э нарт даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Хувийн өмчит “МКК” ХХК нь “ЭҮ” ХХК-ийн өмчлөгч буюу хувьцаа эзэмшигчээс хасагдсанаар дээр дурдсан хууль, Засгийн газрын тогтоол зэрэг хууль эрх зүйн үндэслэлүүдээс гадна Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.7, 93 дугаар зүйлийн 93.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1-т тус тус зааснаар өмчлөх эрх нь төрд шилжсэнээр тухайн эд хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх дуусгавар болсон учраас “МКК” ХХК-ийн төлөөлөл Ш.Б-, Ж.Э- нарыг “ЭҮ” ТӨҮГ-ын мөнгөн болон бусад бүхий л эд хөрөнгийг өмчлөгчийн эрхтэйгээр захиран зарцуулах албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий юм.

Нэхэмжлэгч Ш.Б-, Ж.Э- нар ажил олгогч “МКК” ХХК-иас сар бүр 7 400 000 төгрөгийн цалин авч байснаас гадна “ЭҮ” ХХК-д удирдах ажил албан тушаалд давхар ажиллаж байхдаа дунджаар 10 гаруй сая төгрөгийн цалин авч байсан.

Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 05/05 дугаар зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг үндэслэж “ЭҮ” ХХК, “М” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газар шууд хяналтандаа авч 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон шийдвэр гаргасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, тушаалууд үндэслэлтэй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгч Ж.Э-ийн контрактын гэрээг дүгнэхийг “ЭҮ” ТӨҮГ-т даалгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага нь ажлаас буруу халсан учир өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлийн агуулга, үндэслэл, шаардлагатай хамааралгүй.

Нэхэмжлэгч Ш.Б-, Ж.Э- нар “ЭҮ” ХХК-д ажиллаж байхдаа “ЭҮ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08/2017, 10/2017, 2018 оны 19/2018, 20/2018 дугаар тогтоолуудаар тус тус ажил албан тушаалаас чөлөөлөгдөж байсан бөгөөд ажлаас халагдсан тухай бүр “ЭҮ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, “ЭҮ” ХХК-ийг хариуцагчаар татаж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргаж 2017-2019 онуудад шүүх эдгээр хэрэг маргаануудыг шийдвэрлэж байсан.

Ш.Б-, Ж.Э- нартай байгуулсан контрактын гэрээг 2019 оны 3 сарын 6-ны өдрөөс цуцалж тэднийг үүрэгт ажлаас чөлөөлснөөр уг гэрээнээс үүссэн хөдөлмөрийн харилцаа 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болсон учраас цуцлагдсан гэрээг дүгнэхийг даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлага нь цаг хугацааны хувьд ч, харьяаллын хувьд ч “ЭҮ” ТӨҮГ болон шүүх хүлээн авч шийдвэрлэх маргаан биш гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ш.Б-, Ж.Э- нарын хариуцагч ЭҮ төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан ЭҮ ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 3 сарын 6-ны өдрийн Б/265, Б/266 дугаар тушаалуудыг тус тус хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд тус бүр 320 000 000 төгрөг буюу нийт 640 000 000 төгрөг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг болон нэхэмжлэгч Ж.Э-ийн контрактын гэрээг дүгнэхийг ЭҮ төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Ж.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөг, нэхэмжлэгч Ш.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ж.Э- нь “ЭҮ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18/2016 тоот тогтоолоор “ЭҮ” ХХК-ийн санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 02/2016 тоот контрактын гэрээг 4 жилийн хугацаатай байгуулан ажилласан. Ж.Э-ийг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний едер 07 дугаар тогтоол гаргаж “МКК” ХХК-ийн шилжүүлэн авсан “ЭҮ" ХХК-ний 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчийн мэдэлд буцаан авч холбогдох төлбөр тооцоо, бүртгэл хийхийг Монгол Улсын Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “ЭҮ" ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт тус тус даалгаж, Тогтоолын хэрэгжилтийг хуулийн хүрээнд хангуулж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарт даалгасан байна. Дээрх хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгүүдэд заасны дагуу “ЭҮ” ХХК нь 100 хувь терийн өмч болсонтой холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор “ЭҮ” ХХК-ийн ТУЗ-ийг томилсон байдаг.

Засгийн газар, Улсын их хурлын тогтоолууд нь “ЭҮ” ХХК-ийг 100 хувийн төрийн өмчит компани болгох чиглэл, агуулга, зорилготой байсан болохоос ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдах зорилгогүй юм.

Өөрөөр хэлбэл “МКК” ХХК нь “ЭҮ” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг эзэмшиж байсан нь төр засгийн тогтоол шийдвэрийн дагуу төрийн мэдлийнх болсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, ихэсгэсэн шаардлагууд, ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүй орхигдуулан иргэний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласанд гомдолтой байна.

Хариуцагчийн тайлбарт дурдагдсан нэхэмжлэгч Ж.Э-ийг “МКК” ХХК-ийн төлөөлөх гэх мэтээр нотлох баримтгүйгээр ялгаварлан гадуурхаж байхад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

“ЭҮ” ХХК-ийн захирал “ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргахдаа 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02/2016 дугаартай Контрактын гэрээний 8, 9 дүгээр зүйлүүдэд заасан гэрээ цуцлах, дүгнэх талаар холбогдох арга хэмжээ аваагүйн дээр 10 дугаар зүйлд заасан маргааныг шийдвэрлэх журмыг баримтлаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчид хязгаарлалт тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Ж.Э- болон ажил олгогч нарын хооронд байгуулагдсан контрактын гэрээний хугацаа дуусаагүй байхад хугацаанаас өмнө цуцлах нөхцөл үүсээгүй гэж үзэж байна.

“ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны Б/265, Б/266 дугаартай Ш.Б-, Ж.Э- нарыг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлж буй үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой.

Анхан шатны шүүх уг тушаалын агуулгын хувьд хуульд үндэслэх, зарчимд нийцсэн эсэх буюу эрх зүйн үндэслэлтэй эсэх, түүнчлэн агуулгын хувьд тодорхой байх, хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээнд нийцэж буй эсэхэд дүгнэлт өгөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б-, Ж.Э- нар нь хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан тэдгээрийг ажлаас чөлөөлсөн “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/265, Б/266 дугаар тушаалуудыг тус тус хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийх болон Ж.Э-тэй байгуулсан контрактын гэрээг дүгнэхийг даалгуулах тухай нэхэмжлэл тус тус гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянуулах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий маргааны зарим үйл баримт бүрэн тогтоогдоогүй байгааг анхаараагүй байна.

 

“ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/265 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоол зэргийг үндэслэн “ЭҮ” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ш.Б-ыг, мөн өдрийн Б/266 дугаар тушаалаар тус үйлдвэрт санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Ж.Э-ийг үүрэгт ажлаас нь уг өдрөөр тасалбар болгон тус тус чөлөөлжээ. /1хх5, 31/

 

Ажил олгогч “ЭҮ” ХХК нь Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг үндэслэн “ЭҮ” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн тул тэргүүн дэд захирал болон санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил, албан тушаал, орон тоо хасагдсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч, тэдгээрийн эрхэлж байсан ажлын байр хасагдаагүй, нэр нь өөрчлөгдсөн, бүтцийн өөрчлөлт хийгдээгүй, урьдчилж мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан харилцааг зөрчсөн” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт ороогүй гэж маргаж байгаа тохиолдолд энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, түүнчлэн энэ талаар дүгнэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох ажилтны урьд эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй тохиолдолд тэдгээрийг харьцуулан дүгнэх боломжгүй юм.

 

Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх тухай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан зохицуулалт зөрчилдөх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/00641 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                                           ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                   Э.ЗОЛЗАЯА