Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00748

 

 

 

 

 

 

 

 

 

С.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/00233 дугаар шийдвэртэй, С.С-гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00057 дугаар шийдвэрээр Ч.Д-аас 203 799 520 төгрөг гаргуулж, “ЭПП” ХХК-д олгох, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 208/2 дугаар байр, ... тоот хаягт байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Ч.Д-нь намайг мэхлэн миний байрыг барьцаанд тавих итгэмжлэл хийлгэж авсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 06 дугаар сарын 23-нд Ч.Д-т орон сууцыг шинжээч 149 846 000 төгрөгөөр үнэлсэн гэж мэдэгдэж, үнэлгээний тайлангийн хуулбарыг өгсөн ч өмчлөгч болох надад уг мэдэгдэл, тайланг өгөлгүйгээр анхны албадан дуудлага худалдааг явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг ажлын 3 өдрийн дотор надад мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулсан бол би тус хуулийн 55.7-д заасны дагуу тухайн үед нь шүүхэд үнэлгээний талаарх гомдлоо гаргах байсан. Гэтэл надад танилцуулалгүй анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар зарласан байсан. Ингээд анхны дуудлага худалдааг зогсоож өгнө үү гэж 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өөрийн төлөөлөгчөөр дамжуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээж аваагүй.

Улмаар хоёр дахь дуудлага худалдааг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт явуулна гэсэн мэдэгдлийг надад 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн. Би уг орон сууцыг 2018 онд 160 000 000 төгрөгөөр худалдаж авсан, одоо зах зээлийн үнэлгээ нь бүр өссөн байхад 149 864 000 төгрөгөөр үнэлсэн нь бодитой биш байна. Надад үнэлгээг албан ёсоор танилцуулаагүй байж дуудлага худалдаа явуулж байгаа нь буруу юм. Ганцхан Ч.Д-т танилцуулаад өмчлөгчийн эрх ашгийг зөрчсөн ажиллагаа явуулсан байна.

Өмчлөгчид үнэлгээний тайланг мэдэгдээгүй нь үнэлгээ үндэслэлтэй эсэх, зах зээлийн үнэлгээ бодит гарсан эсэхийг шалгах, гомдол гаргах эрхийг нь хаасан. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болон 2020 оны 09 сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр Ч.Д-аас 205 676 467 төгрөгийг гаргуулж “ЭПП” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ч.Д-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2206056281 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 208/2 дугаар байрны ... тоот 80.61 м.кв 3 өрөө орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр битүүмжилж, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хурааж, төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдэхэд үнэлгээ гаргуулах, шинжээч томилох хүсэлт ирүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгийн үнэлгээний “Файн Эстимэйнт” ХХК-ийг шинжээчээр томилж, орон сууцыг 149 864 000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл, тайлангийн хуулбарын хамт төлбөр төлөгчид гардуулан өгөхөд бие даан худалдан борлуулах тухай хүсэлт гаргасан.

Хуульд заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 104 904 800 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 4-162/27319 дүгээр мэдэгдэл, мөн оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8/06 дугаар тогтоолын хамт мөн сарын 24-ний өдөр төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 74 932 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр оруулах, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4-164/30102 дугаар мэдэгдэл, мөн сарын 18-ны өдрийн 9/3 дугаар тогтоолын хамт мөн сарын 25-ны өдөр төлбөр төлөгч, өмчлөгч нарт гардуулан өгсөн.

Дээрх орон сууц нь хоёр дахь албадан дуудлага худалдаанд 105 900 000 төгрөгөөр худалдан борлогдсоныг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4-164/32161 дүгээр мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт гардуулан өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206056281 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 208/2-р байр, ... тоот хаягт байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээ, 2020 оны 09 сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ч.Д-т С.С-гийн өмчлөлийн орон сууцыг шинжээч 149 864 000 төгрөгөөр үнэлсэн гэж мэдэгдэж, үнэлгээний тайлангийн хуулбарыг өгсөн ч өмчлөгчид уг мэдэгдэл, тайланг өгөлгүйгээр анхны албадан дуудлага худалдааг явуулсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн явуулаагүй. Хэрэгт шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд байх боловч хариуцагч Г.Д-ын үүргийн гүйцэтгэлтэй холбоотой ажиллагааг баталгаажуулж тэмдэглэсэн байдаг. 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 24127 дугаартай “Ч.Д-т” гэж хаягласан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээний тайланг танилцуулж байгаа гэх мэдэгдэх хуудсыг хавсаргасан нь нотлох баримтын шаардлага хангахгүй.

Нэхэмжпэгч С.С-д холбогдуулан албан ёсны тайлан болон мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай тэмдэглэл хавтаст хэрэгт байхгүй байна. Гэтэл шүүхээс дээрх тайлан мэдэгдлийг С.С-г хүлээн авсан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Шийдвэр гүйцэтгэгч өмчлөгчид шинжээчийн дүгнэлтийг ажлын 3 өдрийн дотор мэдэгдэж, тайланг танилцуулсан бол тухайн үед нь гомдол гаргах байсан. Гэтэл үнэлгээний тайланг танилцуулж, мэдэгдэлгүйгээр анхны дуудлага 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар зарласан, уг хуралдааныг цуцалж өгнө үү гэх хүсэлтийг мөн оны 08 дугаар сарын 06-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч хүлээж аваагүй.

Нэхэмжлэгч нь орон сууцыг анх 160 000 000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд зах зээлийн үнэлгээ өссөн байхад 149 864 000 төгрөгөөр үнэлсэн нь бодитой биш байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад бодит үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ болон 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/00057 дугаартай шийдвэрээр Ч.Д-аас 203 799 520 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж “ЭПП” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.С-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206056281 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 208/2-р байр, ... тоот хаягт байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үүсгэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллаар ажиллагааг явуулж, шүүхийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгч Ч.Д-т удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр уг үүргээ биелүүлээгүй байна. /хх37-38/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцааны зүйл болох С.С-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206056281 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 208/2 дугаар байр, ... тоот хаягт байрших, 80.61 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр битүүмжилж, мөн оны 06 дугаар сарын 03-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд гомдол гараагүй байна. /хх 41, 45/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн санал ирүүлэхийг барьцаа хөрөнгийн өмчлөгч С.С-д 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/22842, мөн сарын 16-ны өдрийн 4-164/23431 тоот мэдэгдлүүдийг тус тус баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгджээ. /хх44-46/

 

С.С- нь Ш.Мягмарцэрэнд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах, гомдол гаргах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах бусад бүх үйлдэлд төлөөлөх бүрэн эрх”-ийг олгосон байх ба Ш.Мягмарцэрэн болон төлбөр төлөгч Ч.Д-нараас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэж хариуцагч байгууллага 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоороо шинжээч томилсон ба уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ. /хх 47, 48, 49, 50/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч “Файн эстимэйт” ХХК уг орон сууцны зах зээлийн үнийг 149 864 000 төгрөгөөр үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргах эрхтэй болохыг 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 4/-162/24127 тоот мэдэгдлээр С.С-д мэдэгдсэн, тэрээр уг мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан гэж гарын үсэг зурсан байна. Иймд уг үнэлгээний тайлан болон мэдэгдлийг гардуулаагүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх 63 дугаар талын ар/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг төлбөр төлөгч болон барьцаа эд хөрөнгийн өмчлөгчид мэдэгдсэн өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хойш үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийг тоолбол 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх бөгөөд дээрх хугацааг С.С- хэтрүүлэн 3 сарын дараа шүүхэд гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр түүний гомдлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Барьцаа хөрөнгийн өмчлөгч С.С- нь барьцааны зүйл болох 80,61 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг анх 160 000 000 төгрөгөөр худалдан авсан, одоо зах зээлийн үнэлгээ өссөн байхад шинжээч хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/00233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА