Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00781

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00602 дугаар шийдвэртэй, Ч.Т-ын нэхэмжлэлтэй М.М, Б.А нарт холбогдуулан гэрээний үүрэгт 260 000 000 төгрөг,

“СӨК” ХХК-д холбогдуулан үр тариалангийн зориулалттай газрыг гэрээний үүрэгт тооцож шилжүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Т-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Миний найз н.Сайнхүүгийн хүсэлтээр түүний ажлын байранд очиж уулзахад тэрээр “манай дүү Хэнтий аймагт тариалангийн зориулалттай газар худалдаж авч, япончуудад эргээд өндөр үнээр зарж борлуулах гэж байгаа, 100 000 000 төгрөг олоод өгчихвөл 2 сарын хугацаанд удаахгүй мөнгийг чинь буцаагаад олоод өгөх найдвартай хүмүүс” гэж хэлсэн.

Ч.Т- 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн газар болон гараашийг барьцаалж, бусдаас зээл авч, М.М, Б.А нарт 100 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2 сарын хугацаа өнгөрөхөд М.М, Б.А нар үндсэн зээл болон хүү төлөөгүй тул цагдаагийн байгууллагад хандсан.

М.М 100 000 000 төгрөгийг аваад надад урамшуулал гэж 8 000 000 төгрөгийг өгсөн. Бусдаас мөнгө зээлэхэд М.М хамт очсон бөгөөд хүүний хэмжээ хамаагүй 6, 7 хувь ч байсан болно гэж хэлж байсан. Тухайн үед намайг н.Будна, н.Пүрэвдаваа нараас 4 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэдгийг М.М, Б.А нар мэдэж байсан.

М.М, Б.А нарт зээлсэн мөнгөө өгөхгүй бол газар, гарааш алдах гээд байна гэхэд М.М, Б.А нар одоо л наймаа хийгдэх гээд байна, та аргалж бай, түр хүлээж бай л гэдэг байсан.

Миний өмчлөлийн газар, гараашийг н.Буднаа нь н.Батбилэг гэх хүнд шилжүүлсэн байсан бөгөөд н.Батбилэгтэй уулзаж, “Монголын санхүүгийн групп ББСБ” ХХК-аас 100 000 000 төгрөгийн зээл авч н.Батбилэгт мөнгийг өгч, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж авсан. Энэ талаар М.М, Б.А нарт хэлэхээр өгнө гэж хэлээд л өгөхгүй, “Монголын санхүүгийн групп ББСБ” ХХК-д хүү төлүүлж хохироож байна.

Иймд Б.А, М.М нарт зээлдүүлсэн үндсэн 100 000 000 төгрөг болон өнөөдрийг хүртэл 40 сарын хугацаанд төлсөн хүү болох 160 000 000 төгрөг буюу нийт 260 000 000 төгрөгийг гаргуулж, Б.А уг мөнгийг хүүгийн хамт төлөх боломжгүй гэвэл “Соёлт өргөө констракшн” ХХК-аас миний мөнгөөр худалдаж авсан уг газрыг миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 онд Ч.Т-тай танилцаж, түүнд Хэнтий аймгийн Хэрлэн суманд газар тариалангийн зориулалттай талбай дуудлага худалдаагаар авахад мөнгө дутаж байгаа, хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа талаар хэлэхэд надад 1 гарааш, газар байгаа, барьцаанд тавьж зээл авч болно гэж хэлсэн.

Ч.Т- өөрийн өмчлөлийн объектоо бусдад худалдаж, 100 000 000 төгрөгийг авсан ба уг мөнгөнөөс нотариатын тэмдэгтийн хураамж, татварт 3 000 000 төгрөг, зуучлалын хөлс гэж 3 500 000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ч.Т- Хэнтий аймгийн Хэрлэн сумын Төрийн санд 73 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг дотоод зардалд зарцуулахаар тохиролцож мөнгө үлдвэл буцааж өгнө гэж Ч.Т-тай тохиролцож авч явсан. 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дотоод зардлаас үлдсэн 8 000 000 төгрөгийг Ч.Т-т буцааж өгсөн. Иймд Ч.Т-ын нэхэмжилж буй 260 000 000 төгрөгөөс 92 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч “Соёлт өргөө констракшн” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Т-тай газар дуудлага худалдаагаар авах үе танилцаагүй байсан. 9 сарын дараа танилцаад мөнгөний хэрэг байна гэхээр нь 500 000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Дараа нь Баянзүрх дүүргийн Сансрын туннелийн тэнд байрших ломбардад 8 000 000 төгрөг аваачиж өгсөн ба энэ байдлыг Ч.Т- нь мэдэж байгаа.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрших газар дуудлага худалдаагаар орох үед Ч.Т- 73 000 000 төгрөг төлсөн нь үнэн. Ч.Т- уг мөнгийг өгөх гэж өөрийн өмчлөлийн газраа барьцаалж сарын 4 хувийн хүүтэй зээл авсан болохыг сарын дараа мэдсэн. М.Мын авсан 92 000 000 төгрөгийг бид хамтран хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлээс 168 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

“СӨК” ХХК нь Ч.Т-т ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй, Ч.Т-ын өмнө үүрэг хүлээгээгүй учир хариуцагч биш гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 222 дугаар зүйлийн 222.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-д заасныг баримтлан хариуцагч М.М, хариуцагч Б.А нараас 184 863 543 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 136 457 төгрөг, “Соёлт өргөө констракшн” ХХК-ийн үр тариалангийн зориулалттай газрыг төлбөрт тооцож авах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 458 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М, хариуцагч Б.А нараас 1 082 268 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би Б.Атой хамтран Ч.Т-т 92 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байхад шүүх 100 000 000 төгрөгийн үндсэн зээл гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Ч.Т- нь банк бус санхүүгийн байгууллагад 40 сарын хугацаанд 160 000 000 төгрөгийн хүү төлсөн нь М.М, Б.А нарын буруугаас болсон нь  тогтоогдоогүй байхад хохирол гэж 84 863 543 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Пүрэвдаваагийн мэдүүлэг, “Монголын санхүүгийн групп ББСБ” ХХК-д төлсөн гэрээний үүргийг дүгнэж хохирлоор бүгд 84 863 543 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус, хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүх Б.Пүрэвдаваагийн мэдүүлгийг үндэслэж Ч.Т-аас 44 000 000 төгрөгийг Б.Пүрэвдаваад өгсөн гэж үзэж, шаардах эрхтэй гэж дүгнэж болох ч тус шүүхэд гаргасан Ч.Т-ын нэхэмжлэлийн шаардлагын дагуу бол хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй. Учир нь Ч.Т- нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Б.Пүрэвдаваагаас авсан зээлийн хүүнд төлсөн төлбөрийн талаар нэхэмжлэлийн шаардлага огтхон ч гаргаагүй. Зөвхөн ББСБ-д зээлийн хүүнд төлсөн төлбөр гаргуулахаар шаардсан.

Түүнчлэн Ч.Т- нь “Монголын санхүүгийн групп ББСБ” ХХК-д хүү төлсөн болохыг нотолсон санхүүгийн баримт байхгүй. Хэрвээ уг зээлийн хүүнд төлбөр төлсөн л юм бол уг байдлыг нотолсон баримтыг нэхэмжлэгчээс хэргийн материалд гаргаж өгөх бүрэн боломжтой байсан бөгөөд уг баримтууд байгаад анхан шатны шүүх энэ байдлаар шийдвэрлэсэн бол маргахгүй байсан. Гэтэл ийм баримт байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн өөрт хамааралтай хэсэг буюу 92 431 772 төгрөгийн үндсэн зээл 92 000 000 төгрөгийн өөрт ногдох 46 000 000 төгрөгийг хасаж 46 431 772 төгрөгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Т- нь хариуцагч М.М, Б.А нарт холбогдуулан 260 000 000 төгрөг гаргуулах, “Соёлт өргөө констракшн” ХХК-ийн үр тариалангийн зориулалттай газрыг төлбөрт тооцон шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч М.М, Б.А нар нэхэмжлэлээс 92 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч “СӨК” ХХК нь хариуцагч биш гэж тус тус маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ч.Т- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч М.М, Б.А нарт 100 000 000 төгрөгийг бусдаас зээлж өгсөн бөгөөд уг мөнгөн хөрөнгийг буцааж төлөөгүйн улмаас бусдад зээлийн хүү төлж хохирол учирсан гэж тайлбарлан 260 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ тэрээр 160 000 000 төгрөгийн үндэслэлийг тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт болох гэрч Б.Пүрэвдаагийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 109 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгийг шүүгч авах учиртай юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА