Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2021/00602

 

 

 

 

 

2021            03            10                                                  184/ШШ2021/00602

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Амины орон сууц 0 тоот хаягт оршин суух, Б овогт Ч Т /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух, З овогт М М /РД:0000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, тоосго 00 дүгээр гудамж, 0 тоот хаягт оршин суух, Д овогт Б А /РД:0000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, тоосго 00 дүгээр гудамж, 0 тоот хаягт байрлах, “С“ ХХК /РД:000000/ нарт холбогдох,

“260,000,000 төгрөг гаргуулах” гаргуулах тухай нэхэмжлэлд 2020 оны 08–р сарын 20–ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.А, хариуцагч М.М, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

Миний найз С хүсэлтээр түүний ажлын байранд очиж уулзахад тэрээр манай дүү Хэнтий аймагт тариалангийн зориулалттай газар худалдаж авч, япончуудад эргээд өндөр үнээр зарж борлуулах гэж байгаа юм. Чи 100 сая төгрөг олоод өгчихвөл 2 сарын хугацаанд удаахгүй мөнгийг чинь буцаагаад олоод өгөх найдвартай хүүхдүүд байгаа юм гэж хэлсэн.

Ч.Т миний бие 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр М.М, Б.А нарт өөрийн гражийг газрын хамт барьцаалж 100 сая төгрөг зээлдүүлсэн. Хэнтий аймагт газар тариалангийн газар авч япончуудад зарахаар тохиролцсон гэдгээр мөнгө зээлдүүлсэн 2 сарын дотор уг мөнгийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон, 2 сар өнгөрөхөд зээлийн хүүгээ төлөөгүй учир цагдаагийн байгууллагад хандсан.

Сайнхүүг хуулийн хүн учраас итгээд өөрийн 700 м.кв 2 давхар гражийн зориулалттай объектийг Б гэх хүний нэр дээр шилжүүлэн өгөөд сарын 4 хувийн хүүтэйгээр П 100,000,000 төгрөгийг зээлж М.М өгсөн. М тэр мөнгийг аваад газрын төлбөр тооцоог хийчихээд тэр өдрийн орой нь надад урамшуулал гэж 8,000,000 төгрөгийг авчирч өгсөн. Мөнгөө авсанаас хойш хүүний төлбөрөө төлөхгүй болохоор нь хэд хэдэн удаа юу болж байна хүүний мөнгөө яагаад өгөхгүй байна гэж асуух бүрт та санаа зоволтгүй бид найдвартай өгнө та зохицуулаад байж бай гэж хэлээд л надаар хүүний мөнгө төгрөгөө төлүүлээд байсан. Мөнгө бусдаас зээлэхэд М.М хамт очсон бөгөөд хүүний хэмжээ хамаагүй 6,7 хувь ч байсан болно гэсэн ба Б, П нар бидэнд 4 хувиар бодож зээл олгосон, үүнийг мөн Б.А мэдэж байсан.

Сүүлдээ би зээлсэн мөнгөө өгөхгүй бол газраа алдах гээд байна гэхэд М, А нар одоо л наймаа хийгдэх гээд байна та аргалж бай, түр хүлээж бай л гэдэг байсан. Би цаад талд нь С байгаа болохоор арай ч намайг хулихдахгүй гэдэгт итгээд л яваад байсан. Гэтэл анх худалдах, худалдан авах гэрээний дагуу нэр дээрээ шилжүүлж авч байсан Б өөр хүний рүү миний объектыг шилжүүлчихсэн байхаар нь тухайн хүнд нь учирлаж хэлж байгаад цааш нь заруулахгүй байж байтал бас л Б гэх хүнд шилжүүлсэн байсан.

Ингээд аргаа бараад би Б гэх хүнд чи ахынхаа нэр лүү шилжүүлээд өгчих ах нь өөрөө объектоо барьцаалаад чамд мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлээд өөрийн нэр дээр шилжүүлж аваад ******* ******* ******* ББСБ-д 100,000,000 төгрөгийн барьцаанд тавиад Б мөнгийг нь өгөөд өнөөдрийг хүртэл банк бусаас авсан зээлээ болон хүүгээ төлөөд явж байна. Энэ талаараа М, А нарт хэлэхээр өгнө гэж хэлээд л өгөхгүй намайг маш ихээр хохироож байна.

Иймд Б.А, М.М нарт зээлдүүлсэн үндсэн 100 сая төгрөг болон өнөөдрийг хүртэл дээр хүмүүсийн буруугаас болж банк бус ******* байгууллагад 40 сарын хугацаанд төлсөн хүү болох 160 сая төгрөг буюу нийт 260 сая төгрөгийг гаргуулж, Б.А уг мөнгийг хүүгийн хамт төлөх боломжгүй гэвэл “С” ХХК-аас миний мөнгөөр худалдаж авсан уг газрыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

М.М миний бие 2017 онд Ч.Т танилцаж Хэнтий аймгийн Хэрлэн суманд газар тариалангийн зориулалттай талбай дуудлага худалдаагаар авахад мөнгө дутаж байгаа, хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа талаар хэлэхэд надад 1 граж, газар байгаа барьцаанд тавьж зээл авч болно гэж хэлээд бид хоёр салсан.

Хэсэг хугацааны дараа бид хоёр уулзаж Ч.Т миний таньдаг дүү нар байна, өөрийн обьектоо худалдах, худалдан авах гэрээ хийнэ гээд Дүнжингарав худалдааны төвд байрлах Улсын бүртгэлийн нэг цэг дээр очин гэрээ хийж, 100,000,000 төгрөг авч өгсөн. Ч.Т нь уг мөнгөнөөсөө худалдах, худалдан авах гэрээний төлбөрт гэж Улсын бүртгэлийн газар, нотариатын тэмдэгтийн хураамжид 3,000,000 орчим төгрөг, мөн зуучлалын хөлс гэж хувь хүнд 3,500,000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Ингээд 2017 оны 3-р сарын 16-ны өдөр Ч.Т Хэнтий аймгийн Хэрлэн сумын Төрийн санд 73,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг дотоод зардалд зарцуулахаар, мөн мөнгө үлдвэл буцааж өгөхөөр Т тохиролцож авч явсан. 2017 оны 3-р сарын 18-нд дотоод зардлаас үлдсэн 8,000,000 төгрөгийг Ч.Т миний бие буцааж өгсөн. Иймд Ч.Т нэхэмжилж буй 260,000,000 төгрөгөөс 92,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

Миний бие Б овогтой А нь Ч.Т тухайн үед газар дуудлага худалдаагаар авах үе танилцаагүй байсан. 9 сарын дараа танилцаад мөнгө хэрэг байна гэхээр нь сар шинийн үед 500,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Дараа нь утасны дугаар зарагдах гээд байна гэхээр нь БЗД-ийн Сансарын түнель дээр ломбарданд 8,000,000 төгрөг аваачиж өгсөн. Энэ бүх мөнгөн төлөлтийг Ч.Т нь мэдэж байгаа. Нэхэмжлэгч Ч.Т нь дуудлага худалдаагаар орох үед үлдэгдэл болох 73 сая төгрөг төлсөн нь үнэн, газраа барьцаалж зээл авсан болон сарын 4 хувийн хүүтэй авсан талаар сарын дараа мэдсэн. Мөнхсоёлын авсан 92,000,000 төгрөгийг бид хамтран хариуцах ёстой. Иймд нэхэмжлэгч Ч.Т 260 сая төгрөгөөс 168,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

“С” ХХК болон хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан бөгөөд “С” ХХК нь нэхэмжлэгч Ч.Т эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй, Ч.Т өмнө үүрэг хүлээгээгүй учир “260,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч огтхон ч биш. Өөрөөр хэлбэл “С” ХХК нь иргэн Ч Т иргэний эрх зүйн аливаа харилцаанд огт орж байгаагүй бөгөөд тодруулбал иргэн Ч.Т зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн асуудал огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч М.М, Б.А, “С” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 260,000,000 төгрөг гаргуулах, “С” ХХК-ийн үр тариалангийн зориулалттай газрыг төлбөрт тооцож авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг үүргийг 2017 оны 3 дугаар сарын 16ы өдрийн зээлийн гэрээний дагуу үүссэн гэж тайлбарласныг, /хх-1-2/

Хариуцагч М.М, Б.А нар зарим хэсэг /92,000,000 төгрөг/-ийг зөвшөөрч, зээлийн гэрээгээр хүү төлөхгүй гэж, хариуцагч “С” ХХК хууль болон гэрээгээр үүрэг үүсээгүй, Ч.Т эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй гэж тус тус тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ. /хх-55,56/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Зохигч буюу нэхэмжлэгч Б.Т, хариуцагч М.М, Б.А нар нь Б.Т өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 гудамж, их тойруу 00 тоот хаягт байрлах зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт барьцаалж, бусдаас 2 сарын хугацаатай, 100,000,000 төгрөг, сарын 4 хувийн хүүтэй зээлж авахаар 2017 оны 03-р сарын 16-ны өдөр амаар тохиролцож, нэхэмжлэгч хариуцагч М.М, Б.А нарт 100,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгсөн, уг шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр Б.А, М.М нар нь “С ХХК-ийн нэрээр Хэнтий аймагт үр тарианы зориулалтаар 30 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг олж авсан, хариуцагч Б.А, М.М нар нь Ч.Т бусдаас зээлж буй зээлийг сарын 4 хувийн хүүтэй авахад хүсэл зоригоо илэрхийлсэн, хүлээн зөвшөөрсөн, М.М 2017 оны 03-р сард 8,000,000 төгрөг, Б.А 2018 оны 01-р сард 8,000,000 төгрөгийг тус тус Ч.Т буцаан авсан, нэхэмжлэгч Ч.Т нь бусдаас зээлсэн зээлийн хүүд 84,863,543 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож, үлдэх хэсэг нь баримтаар тогтоогдохгүй байна. /хх-3-28/

Нэхэмжлэгч Ч.Т дээрх үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн лавлагаагаар 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хулдах худалдан авах гэрээгээр Д.П /00000000/, Кредит /000244/-т 2017 оны 11-р сарын 29-ний өдрийн барьцааны гэрээгээр, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Ч /00000000/-т, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр П.П /0000000/-д, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Б.Б /0000000/-д, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Ч.Т /0000000/-т, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн барьцаалбаргүй барьцааны гэрээгээр ******* ******* ******* ББСБ-д шилжиж 100,000,000 төгрөг зээлж авсан,

Бэлэглэх гэрээгээр 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Д.П өмчлөлд, худалдах худалдан авах гэрээгээр 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б.Б өмчлөлд, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Т өмчлөлд тус тус шилжсэн, 

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хулдах худалдан авах гэрээгээр “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалагдсан, шилжсэн байна. /хх-29-31/

Нэхэмжлэгч Ч.Т нь зээлдүүлэгч Б.П 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд  зээлийн хүүнд 28,000,000 төгрөг, 2017 оны 10 сарын 16-ны өдрөөс хойших хугацааны хүү 16,000,000 төгрөг, үндсэн зээлд 100,000,000 төгрөг нийт 144,000,000 төгрөг буцаан төлсөн байна. /хх-19-20/,

 “******* ******* ******* ББСБ” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №0000000 тоот зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан, үндсэн зээлээс 15,564,000 төгрөг төлсөн. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №0000000 тоот зээлийн гэрээгээр 84,436,000 сая төгрөгийг 24 сарын хугацаа /2021 оны 11-р сар хүртэл/-тай, 3.5 хувийн хүүтэй зээлж авсан, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 100,660,029 төгрөгийн үлдэгдэлтэй байна. /хх-29-40/

Энэхүү гэрээний маргаантай холбогдуулж ******* ******* корпораци нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ч.Т холбогдуулж 84,172,202 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх-126/

Зохигч бичгээр байгуулагдсан хэлцэл байхгүй гэж тайлбарлах бөгөөд хавтаст хэргийн 3-6 дугаар талд авагдсан баримтаар цагдаагийн байгууллагад хариуцагч М.М “...73,100,000 төгрөгийг газрын төлбөрт Төрийн санд шилжүүлсэн, бэлнээр Б.А 7,000,000 төгрөгийг өгсөн, 7.9 төгрөгийг өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан” гэх мэдүүлэг,

хариуцагч Б.А “...73,100,000 төгрөгийг Хэнтий аймгийн хүлээн авагчийн дансанд шилжүүлсэн, М.М надад 7,000,000 төрөг өгсөнөөр нь дуудлага худалдааны дэнчингийн 5,870,000 төгрөгийн өрөө төлөөд үлдсэн мөнгөөр нь газрын кадастрын зураг, гэрчилгээ, нотариат энэ тэр үйлд зарцуулаад дууссан... Т хүүнийн мөнгөнд 4,000,000 төгрөг нэхэгдлээ гэхээр нь би М.М 4,000,000 төгрөг олж өгсөн дараа нь Т 8,000,000 төгрөг олж өгсөн... цагаан сарын хэрэглээний мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 500,000 төгрөг бас шилжүүлсэн. Ингээд би Т нийт 12,500,000 төгрөгийг төлчихөөд байгаа” гэх мэдүүлэг,

шүүх хуралдаанд хариуцагч М.М, нэхэмжлэгч Ч.Т нараас өгсөн “...100,000,000 төгрөг авсан, өгсөн” гэх тайлбар зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч М.М нь Ч.Т 100,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Уг 100,000,000 төгрөгөөс буцааж төлсөн төлбөрийн талаар хариуцагч баримт гаргаагүй тул нэхэмжлэгчийн “... 2 хариуцагчаас тус бүр 8,000,000 төгрөг надад өгсөн” гэх тайлбарыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ амаар хийгдсэн, нэхэмжлэгчийн “...нотлох баримтгүй 56,000,000 төгрөгт энэхүү 16,000,000 төгрөгийг суутгасан” гэж тайлбарласнаар дээрх зээлийн 2 сарын хугацааны хүүг нэхэмжлэгч Ч.Т өмнөөс үүргийг гүйцэтгэсэн нь хэлцлийн ерөнхий агуулга, нөхцөл, холбогдох хуулийн зохицуулалттай нийцнэ.

 

Нэхэмжлэгч Ч.Т хариуцагч М.М 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, зээлийн гэрээний харилцаа үүссан үйл баримт, гэрээ хэлцлийн хүчин төгөлдөр бус талаар зохигч маргаагүй бөгөөд зээлийг 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр төлөхөөр авсан гэх зохигч нарын тайлбарласнаас үзвэл Ч.Т хариуцагч М.М, Б.А нартай Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан “...”Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар ... хийнэ.”-аар зээлийн гэрээ, хэлцлийг амаар хийсэн нь хуульд нийцнэ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ...талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хэлцэл хийсэн гэж үзэх ба зохигч талууд 100,000,000 төгрөг зээлэх зээлдүүлэх талаар харилцан тохирсон байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч М.М нар нь бусдаас гадаад валютаар буюу 40,000 ам доллар шилжүүлсэн гэж тайлбарлаад ... тухайн үеийн ханшаар 100,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээ, гадаад валютын ханшийн талаар маргаагүй.

 

Зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “....Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” Зээлдүүлэгч Ч.Т нь зээлдэгч М.М, Б.А нарын өмчлөлд мөнгөн хөрөнгө 100,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр биелүүлсэн байна.  

Талууд зээлийг 2 сарын хугацаатай бусдаас зээлж авсан гэж тайлбарласан бөгөөд зээлдэгч Б.А, М.М нараас тус бүр 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн үйл баримт нь зээлдүүлэгчийн хөрөнгийг барьцаалах замаар бусдаас зээлийг хүүтэй авах хүсэл зоригтой байсныг, хүү төлөх ёстой гэдгийг хариуцагч Б.А, М.М нар мэдэж, хүсэж хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд талууд гэрээний хугацааг сунгаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Т Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар “....Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагч М.М, Б.А нар нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр, хүүгийн хамт буцаан өгөх үүрэгтэй.

Бусдаас зээлж авсан гэрээний үүрэг, зээлийн хүүний хувьд нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч М.М, Б.А нарын хэн алинь хамтран үүрэг гүйцэтгэгч байх ба Ч.Т нэрээс бусдаас авсан зээлийн болон Ч.Т зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.М, Б.А нар  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар “.. Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид. Ч.Т өмнө хүлээсэн үүрэг хариуцагч нарын хувьд /242.11./ Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч М.М, Б.А нарын учруулсан хохирлыг арилгуулах эрхтэй.

Нэхэмжлэгч Ч.Т бичгээр гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхгүй, харин Иргэний хуулийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч нараас нийт хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг өөрт учирсан хохиролд тооцож шаардах эрхтэй.

Талууд зээлийн гэрээний дагуу хүү тохиролцоогүй тул зээлийг зээл өгсөн өдрөөсөө хүү тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцэхгүй, харин мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсний улмаас хүү төлөх үүрэг нь зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн үеэс зхлэн үүснэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт хэлцлээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байх бөгөөд буцаан төлсөн байдлыг нэхэмжлэгч, гэрч, хариуцагч нарын цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, бусдаас зээлсэн зээлийн гэрээ, тооцоо үлдэгдлийн баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргийг харьцуулан дүгнэхэд дараах тооцоо гарч байна. Үүнд:

1.Б.П ...28,000,000 төгрөг төлсөн, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 16,000,000 төгрөгийн хүүг, үндсэн зээлийн хамт буцаан төлснөөр эд хөрөнгөө авах боломжтой гэх мэдүүлгээр 44,000,000 төгрөгийг хохиролд шаардах эрхтэй юм.

2.Нэхэмжлэгчээс ******* ******* ******* ББСБ-д төлсөн 2019 оны 4-р сарын гэрээний дагуу хүүнд төлсөн 12,591,704 төгрөгийг, мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний дагуу төлсөн 27,553,722 төгрөг, нийт 40,145,426 төгрөгийг төлж хохирсон байна.

Дээрх зээлийн үндсэн үүрэг 100,000,000 төгрөг болон хоёр хохирлоор бүгд 84,863,543 төгрөгийг хариуцагч М.М, Б.А нарт тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зээлийн гэрээний дагуу хариуцагч М.М, Б.А нараас үндсэн зээл 100,000,000 төгрөг, хохирол 84,863,543 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,136,457 төгрөг болон “С” ХХК-ийн үр тариалангийн зориулалттай газрыг төлбөрт тооцож авах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ч.Т болон “С” ХХК-ийн хооронд аливаа гэрээ хэлцэл байгуулагдаагүй, талуудын хооронд эрх зүйн харилцаа, эрх үүрэг, гэрээний хариуцлага үүсээгүй байна. Нэхэмжлэгч Ч.Т нь хуулийн этгээдээс газрыг гаргуулах шаардлага гаргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Уг байдлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар хуулийн этгээд нь маргааны зүйл болж зээлийг хариуцах үүрэгтэй гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч “С” ХХК-ийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид ...хохирол учирсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ******* Санхүүгийн ******* ББСБ-аас авсан зээлийн дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй юм. /хх-127-128/

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбартайгаа холбогдуулж Б.А гарын үсэг бүхий 2019 оны 4-р сарын 19-ний өдрийн бичгийн баримт, өөрийн гар утсанд үзлэг хийлгэсэн боловч хариуцагч тал “... газрын төлбөрт 73,100,000 төгрөг авсан, 20,000 га газар авах боломжтой, Б өөрийн компанийн 67% эзэмшүүлж хөрөнгө оруулалтын эрхээ болж 2 тэрбум өгч 67%-аасаа татгалзах тохироо хийсэн гэж бичгийн баримт үйлдсэн нь үнэн, гэхдээ бодит байдалд газар шилжүүлэхээр тохиролцоогүй...” гэсэн татгалзал гаргасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. /хх-123-124, 130-131/

Гэвч нэхэмжлэгч тайлбар, баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, баримтгүй байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 01-р сарын 21ий өдөр нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч эрхээ эдлэх боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгчээс энэ хугацаанд гэрч асуулгах, шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах зэрэг аливаа хүсэлтийг гаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Ч.Т нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өмгөөлөгч Д.Э хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан тул түүний хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцуулсан бөгөөд шүүхээс нэхэмжлэгч талын эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 222 дугаар зүйлийн 222.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-д заасныг баримтлан хариуцагч М.М, хариуцагч Б.А нараас 184,863,543 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,136,457 төгрөг, “С” ХХК-ийн үр тариалангийн зориулалттай газрыг төлбөрт тооцож авах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,458,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М, хариуцагч Б.А нараас 1,082,268 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        В.АМАРТҮВШИН