Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2021/00011

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2021/00011

 

 

Т.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2021/00001/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Хариуцагч Д.*******

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох Эд хөрөнгөд учирсан хохирол 5.577.000 төгрөг гаргуулах, Д.*******гийн сөрөг нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох 1.836.000 төгрөг гаргуулах тухай 148/2021/00001/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай нөхөр Т.******* нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.*******г дуудаж өөрийн эзэмшлийн машинаа бариулж суудлаас хүн тосож, Алтанбулаг руу сум руу хүргүүлж, буцаж Сүхбаатар сум руу ирэх замдаа Т.******* нь эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Ниссан санни маркийн УБЕ-5820 улсын дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас Ниссан санни маркийн УБЕ-5820 улсын дугаартай автомашин болон манай Пруис-30 маркийн СБА-1407 улсын дугаартай машинуудад хохирол учирсан. Манай машинд учирсан хохирлыг Замын цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг хийн акт тогтоон, тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК нь гаргаж өгсөн. ...Иймд Т.*******гээс манай машинд учирсан хохирол 5,313,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 257,000 төгрөг нийт 5,577,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.

 Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.******* над руу утсаар залгаж, Би архи уучихсан байна, орой суудлаас хүн тосож аваад Алтанбулаг сум руу хүргэж өгөх гэсэн юм. Чи миний машиныг бариад яваад өгөөч гээд гуйхаар би зөвшөөрч орой нь суудал тосож ангийн нь охин гээд нэг эмэгтэйг Алтанбулаг сум руу гэрт нь хүргэж өгөөд буцаж явах замдаа цагаан шугамнаас гарч өөдөөс ирж явсан машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. ...Миний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэн тухайн үедээ мөргөсөн Ерөө сумын Б.******* гэдэг хүний машины хохирлыг төлсөн 1,320,000 төгрөг, машины эвдрэлд үнэлгээ хийлгэсэн төлбөр, машиныг ачиж тээвэрлэсэн төлбөр, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр, журмын хашааны төлбөр гэх мэт нийт 1,836,000 төгрөг төлж барагдуулсан.

Гэтэл шүүхэд Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн Т.*******ийн машинд учирсан хохирол нийт 5,577,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн өдөр хэрвээ Т.******* архи уугаагүй, өөрөө машинаа жолоодоод явсан бол осол гарахгүй, хохирол нөхөн төлбөр төлөхгүй байсан. Би замын хязгаарын шугам давсан нь үнэн. Миний хийсэн буруутай үйлдлийн улмаас болж хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин авто осол гарах шалтгаан нөхцөл юу вэ гэдгийг тодруулж ойлгуулах шаардлагатай байна... гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: ...Миний хувьд иргэн Б.Тулгын эд хөрөнгөнд учирсан хохирол нийт 1,836,000 төгрөгийг Т.*******өөс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Ерөө сумын иргэн Б.******* нь Ашид Билгүүн ХХК-аар үнэлгээ хийлгэсэн 1.123.000 төгрөг, Алтанбулагаас, Ерөө сум руу авто машиныг тээвэрлэсний зардал 160,000 төгрөг, Алтанбулагаас Приус-30 маркийн авто машиныг ачиж ирсний 40,000 төгрөг, цагдаагийн байгууллагаар шийтгэврийн хуудсаар торгуулсан 100,000 төгрөг, Алтанбулаг сумын журмын хашаанд машин хонуулсны 325,000 төгрөгний төлбөрийн баримт байна. Нийт 1,836,000 төгрөгийг нэхэмжилж байна. Яагаад өөрийнхөө төлсөн төлбөрийг нэхэмжлэх болсон бэ гэвэл өмгөөлөгч авснаар хуулинд уг төлбөрийг машины эзэмшигч буюу Т.******* төлөх талаар заасан байгааг ойлгож, өмгөөлөгчтэйгөө ярилцаж зөвлөгөө авснаар сөрөг нэхэмжлэл гарган, өөрийн төлсөн хохирлыг бүрэн хэмжээгээр нэхэмжилж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Т.******* нь өөрийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гаргачихаад ямар ч хариуцлага хүлээхгүй гэж байна. Өөрийнхөө буруутай үйлдлийн улмаас гарсан хохирлын нөхөн төлбөрийг биднээс нэхэмжилж байна. Жолооч хариуцлагатай тээврийн хэрэгсэл жолоодож явсан бол 2 машинд хохирол учирч, осол гарахгүй байсан... гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Т.*******гээс 5,313,000 төгрөг гаргуулан Т.*******д олгож, 257,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, Д.*******гийн Т.*******д холбогдуулан гаргасан 1,836,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 148,508 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Т.*******гээс 99,958 төгрөг гаргуулан Т.*******д олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг ... эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, учир нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа ИХ-ийн 499-р зүйлийн 499.1,3,4-дахь заалтыг баримтлан уг маргааныг шийдвэрлэх ёстой байтал хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна. Тухайлбал: Дээрхи 148/ШШ2021/00082 дугаартай шийдвэрт ТОГТООХ нь гээд 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510-р зүйлийн 510.1-д тус тус зааснаар гэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Мөн Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас,эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсан байна. Д.*******гийн тухайд өөрөө дур мэдэн бусдын тээврийн хэрэгслийг жолоодоогүй, харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасанчлан уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Т.******* нь өөрөө, түүнд уг тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгсөн байдаг юм. Тухайн үед Т.*******ийн хүсэлт гуйлтаар уг машиныг нь жолоодон тус хүргэснийхээ хариуд олон сая төгрөгний дааж давшгүй өр ширэнд орох нь зүйд нийцэхгүй гэж үзэн гомдолтой байна. Түүнчлэн мөн хуулийн 499-р зүйлийн 499.4-дахь заалтад хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлээгүйд гомдолтой.

Энэ төрлийн гэм хор учирсан маргааныг шүүхээс хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 499-р зүйл Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах гэсэн зүйл, заалтуудыг барьж шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон зөвтгөж өгнө үү.. гэв.

 Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.*******ийн нэхэмжлэлийг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Т.******* өөрөө хуралд ирэхгүй байгаад нь гомдолтой байна.. гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай машинд учирсан хор, хохирлыг барагдуулах шаардлага гаргасан.. гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 510 дугаар зүйл, 499 дүгээр зүйлийг хэрэглэсэн дээр маргаан үүсгэж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д ...өмчлөгч, эзэмшигч хариуцна гэж заасан хэдий ч энэ нь зөвхөн ...бусдад учирсан хохирлыг... гэж байгаа. Тэгэхээр Т.*******ийн хувьд ямар хохирлыг хариуцах вэ? гэвэл н.*******д учирсан хохирлыг хариуцах хуулийн заалт юм. Гэтэл сөрөг нэхэмжлэлд н.*******д хэдэн төгрөг өгсөн эсэх нь тодорхойгүй. Мөн өөрийн санаатай үйлдлээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулсан 100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ дунд бодит хохирол огт байхгүй.... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын оршин суугч Д.*******д холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохирол 5.577.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж марган, 1.836.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Т.******* нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгаанаар өөрийн өмчлөлийн тоёото прусс 30 маркийн СБА 1407 дугаартай машины жолоогоо Д.*******д шилжүүлэн өгч улмаар тэд Алтанбулаг сум руу зорчиж, буцаж ирэх замдаа жолооч Д.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрч гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтыг зөрчин эсрэг урсгалд зорчиж явсан иргэн Б.Тулгын Ниссан Санни маркийн УБЕ 5820 дугаар бүхий машиныг мөргөж осол гарсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн чанартай баримтуудаар нотлогдсон, талууд энэ талаар маргаангүй байна.

Ослын улмаас иргэн Б.Тулгын авто машиныг засварлахад 1.123.000 төгрөгийн, Т.*******ийн машиныг засварлахад 5.313.000 төгрөгийн зардал тус тус гарахыг Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчид тогтоосон энэ талаар талууд тухайн үед маргаагүй, улмаар хариуцагч Д.******* иргэн Б.Тулгын эд хөрөнгөнд учирсан 1.123.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хариуцагчийн тайлбар, түүний эзэмшдэг Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байна.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэлийн талаар зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, харин сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй боловч хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан ...Анхан шатны шүүх энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг зөвтгөж өгнө үү гэх гомдлын үндэслэлийг хянан үзээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д ...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг ба энэхүү хэргийн хувьд Тоёото прусс 30 маркийн СБА 1407 дугаартай машины өмчлөгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрөө машины жолоодох боломжгүй болсноор Д.*******г дуудаж өөртөө туслахыг хүсч машинаа жолоодуулсан болох нь зохигчдын тайлбараар нотлогддог.

Иймд түүний томилсон жолооч Д.*******гийн бусдад буюу Б.Тулгын эд хөрөнгөнд учруулсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч Т.******* хариуцан арилгах үүргийг хуулийн дагуу хүлээсэн этгээд юм.

Д.******* 1.836.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас машиныг засварлахад гарах зардал 1.123.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин үнэлгээ гаргахад төлсөн хөлс 65.000 төгрөг, 3 хүний шүүх эмнэлгийн төлбөр 24.000 төгрөг, эвдэрсэн машинуудыг Алтанбулаг сумаас Ерөө болон Сүхбаатар сум руу тээвэрлэхэд гарсан зардал 200.000 төгрөг, эвдэрсэн машинуудыг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалсны зардал 325.000 төгрөг, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ногдуулсан торгууль 100.000 төгрөг нийт 713.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь: Жолоочид ногдуулсан торгууль бол түүний дүрэм зөрчсөний хариуцлага бөгөөд бусад зардал нь ослын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй зардлууд учраас эдгээрийг бусдад учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг оногдох хэмжээгээр бодож өөрчлөв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Д.*******гээс 5.313.000 төгрөг гаргуулан Т.*******д олгож, 257.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, Т.*******өөс 1.123.000 төгрөг гаргуулан Д.*******д олгож, 713.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.. гэж

 2 дахь заалтыг :

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 148,508 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.*******гээс 99.958 төгрөг гаргуулан Т.*******д, Т.*******өөс 31.502 төгрөг гаргуулан Д.*******д олгосугай... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 99.958 төгрөгийн тэмдэгтийн хураамжаас 31.502 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, гомдол хангагдсан үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамж 68.456 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ