Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2021/00015

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2020/00258/И

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Б.*******

Хариуцагч Г.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 105 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Б.*******ын нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай, Г.*******ийн сөрөг нэхэмжлэлтэй Б.*******од холбогдох Хүүхдийн асрамж тогтоолгох тухай 149/2021/00258/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч Б.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* бид хоёр 2012 оноос хамтран амьдарч байгаад 2013 онд гэрлэлтээ батлуулсан, хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй нийлэн амьдарч байгаад 2012 онд хүү Г.******* төрсөн. 2018 оны 06 сарын 18-нд гэр бүлээ цуцлуулж, шүүхийн шийдвэрээр хүү Г.*******ыг аав Б.******* миний асрамжид үлдээсэн, хүүгийн ээж Г.*******ээр хүүхдийн тэтгэлэг төлүүлдэггүй байсан. Г.******* нь сална гэж гэрээсээ явснаас хойш 2 жил 11 сар болж байна. Энэ хугацаанд хүү *******той харьцах харилцаа хол хөндий, хүүдээ хандах асрамж, хайр, халамж бага хангалтгүй байдаг учир Г.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 Хариуцагч Г.******* анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.*******оос ******* овогтой ******* миний бие 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 175 тоот шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан бөгөөд хүү Г.*******ын асрамжийг 11 нас хүртэл нь аав Б.*******ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцож, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж шүүхээр шийдүүлсэн юм. Миний бие тухайн үед нөхөр Б.*******ын асар их дарамт дор хамтдаа амьдарч байсан, орон гэрээсээ хувцсаа боон, өөрийн том хүүгээ хөтлөн хөөгдөөд явсан билээ. Хүү Г.*******ыгоо тэр гэрт үлдээгээд гарахдаа, өөрийн орон гэртэй болж, хэн нэгэн эр хүнээс хамаарахгүй, санхүүтэй болж байгаад хүүгээ заавал өөр дээрээ авна гэж дотроо амлан, үнсээд уйлаад гэрээсээ хөөгдөөд гарсан эх хүн билээ. Энэ шүүхийн шийдвэрээс хойш амьдрахын тулд олон янзын ажил эрхэлж, хөдөө гадаа уул уурхайн компаниудад ажиллаж ирсэн. Гэхдээ хотод байнга суурин ажил эрхлэхээр шийдэж, Лоудстоне Могул ХХК-д ажилд орсон. Миний ажиллаж буй компани нь кемп менежмент, хоол хүнс, ахуйн үйлчилгээг уул уурхайн компаниудад гэрээний үндсэн дээр үзүүлдэг компани бөгөөд ахлах тогоочоор ажиллаж эхлээд улмаар хотод ерөнхий тогоочоор ажиллаж байна. Байнгын ажил хөдөлмөр эрхлэх болж, өөрийн бага ч гэсэн хуримтлал үүсгэн, зээл аван орон байртай болох гэж байгаа эгэл жирийн эх хүн юм. Нэгэнт салсан нөхөр Б.******* нь хүү Г.*******ыг асрамжлахад хэцүү болж надаас тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан учраас 11 нас хүртэл нь хүлээхгүй одоо өөрийн хүү Г.*******ыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 105 дугаартай шийдвэрээр:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 11 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Г.*******ыг эцэг Б.*******ын асрамжид үлдээж, Г.*******ийн Б.*******од холбогдуулан гаргасан Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Г.*******ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүү Г.*******ыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Г.*******ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3. Г.******* нь *******од холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн буюу 40000000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ хэрэгт зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, нэхэмжлэгч Б.*******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг, мөн сөрөг нэхэмжлэлд Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Сэлэнгэ аймаг дахь Хүүхэд, гэр бүл хөгжлийн байгууллагыг тус тус шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан дүгнэлтүүд нь хууль ёсны шаардлагыг хангаагүй юм.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,9.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчин эрх үүрэг огт тайлбарлаагүй, шинжээчээр ажилласан хүмүүс хөндлөнгийн байсан эсэх нь тодорхойгүй байгаа

2. Хэргийн материалтай танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Миний бие 2020 оны 10-р сарын 08-ны өдөр шүүх хуралд оролцсон бөгөөд шинжээч томилон, шүүх ажиллагааг түдгэлзүүлсэн. Үүнээс хойш Г.******* миний бие хэргийн материалтай танилцаагүй юм. Улс оронд Ковид 19 цар тахал хүнд үед зарим тохиолдолд хатуу хөл хорио зарим үед хэсэгчилсэн хөл хорионы үеүүд байсан. Миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Л.Дашравдан хэргийн материалтай танилцаж чадахгүй онлайн байдлаар танилцах, биет байдлаар танилцах хоёрт асар зөрүү гарч байгаа талаар надад хэлж байсан ба энэ байдлаа шүүгчээс татгалзах хүсэлтээ бичиж байсан гэсэн. Г.******* намайг хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Миний бие энэ хэрэгт татгалзлаа сөрөг нэхэмжлэл гарган хүү Г.*******ыг өөрийн асрамжид авья улмаар гэрлэснээс хойш худалдаж авсан байрны өөрт оногдох хэсгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахад шүүх 2 удаа хүлээж авахгүйгээр шийдвэрээ гаргасанд маш их гомдолтой байна. Энэ байрыг худалдаж авахдаа Хаан банкнаас зээлсэн зээлийн гэрээнд одоо хүртэл би хамтран зээлдэгч гэж нэр зүүн хаана ч хандан зээл хүсэхэд авч чадахгүй байна. Хотод өөрийн гэсэн орон байртай болж хүүгээ өөр дээрээ авья гэдэг хүсэл маань Б.*******оос болоод одоо зүүд болон замхарч байна. Энэ асуудлаа шүүхэд хандан тавихад 2 удаа хүлээн авахаас татгалзаж шийдэж байна. Орон гэрээс нь хөөгөөд гаргасан Б.******* одоо орон байртай, хүүхдийн өрөөтэй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гаргуулах нөхцөлтэй, хөөгдөөд гарсан эх нь түрээсийн байранд амьдардаг хүүхдэд ээлгүй, ээнэгшилгүй гэх дүгнэлт гарах нөхцөлтэй болжээ.

4. Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын төмөр замд галын албаны даргаар ажилладаг бөгөөд орон нутгийн төр захиргааны удирдлага, шүүх цагдаагийн даргатай танилууд байгаа нь энэ хэргийг шийдэхэд нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Мандал сумын шүүхээс өөр газар энэ асуудлыг шударгаар шийдэж өгнө гэж итгэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж бодож байна. Хүүгээ асрамжиндаа авна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй хүүхэд маань аав дээрээ дассан, ******* өөрийн гэсэн орон байргүй, тэгээд ч хүүхдэд тавих анхаарал халамж муу тул хүүгээ өгөхгүй, миний хуувьд хүүхэд өсгөх талаар илүү туршлагатай гэж үздэг тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

 ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч улмаар хүүхдээ өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах гэж нэмэгдүүлсэн боловч тус нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1220 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тус тус хянан шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нар хөндлөнгийн байх шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй, хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох хуулиар олгосон эрхийг хангаагүй, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахгүйгээр хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

 Хэргийг судлан үзвэл: Зохигчид нь 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 175 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байх ба тус шийдвэрээр гэрлэгчид хүү Г.*******ыг эцэг Б.*******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэж, Г.*******ийг Гэр бүлийн тухай хууль болон хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 Хүү Г.******* нь одоо эцэг Б.*******ын асрамжид байгаа бөгөөд Б.******* нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эх Г.*******т холбогдуулан тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч Г.******* эс зөвшөөрч улмаар хүү Г.*******ыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, эцэг, эхийн сэтгэл зүй, зан үйлийн хандлага, харилцааны төлөв, амьдралын нөхцөл байдалд дүгнэлт гаргуулсан байх ба тус дүгнэлтийг эс зөвшөөрч улмаар шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1603 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулахаар шинжээчээр томилсон байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээчийг томилдог ба шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1603 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, тухайн байгууллагын дарга шүүгчийн захирамжийн дагуу А-42 тоот тушаалаар гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, сэтгэл зүйч оролцуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж хүүхдийн асран хамгаалагч тогтоох тухай дүгнэлт гаргажээ.

 Сэлэнгэ аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцож дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Хэдийгээр хүүхдийн эхийн хувьд хүүхдээ өөрийн асрамжид авах эрхтэй боловч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй. гэж заасны дагуу хүүхдийн өөрийнх нь санал болон хүүхдийн эцэгтээ ээнэгшин дассан байдал, хүүхдүүдийн өсөж, дассан одоогийн орчныг өөрчлөх зохимжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагчийн хүсэлтийн дагуу томилогдсон шинжээч нарын дүгнэлт болон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 заасан хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан хүүхдийн одоогийн асрамжийг өөрчлөх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, ...эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

 Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 -т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй., Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн Г.*******т холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Хариуцагчийн хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэсэн гомдлын хувьд:

Шүүхээс хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай 2020 оны 07 сарын 24-ний өдөр, мөн Ковид-19 өвчин гарч улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор шүүхэд ирж хэргийн материалтай танилцах боломжгүй байдлыг харгалзан хэргийн 47 хуудас материалыг хуулбарлан 2021 оны 01 сарын 21-ний өдөр, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус тус хариуцагч, түүний өмгөөлөгч нарын цахим шуудангаар хүргүүлсэн тухай тэмдэглэлүүд хэрэгт авагдсан байна.

Мөн шүүх хуралдааны товыг хариуцагчийн гар утсаар холбогдон 2021 оны 01 сарын 20-ны өдөр, 2021 оны 03 сарын 04-ний өдөр тус тус мэдэгдсэн байх ба хариуцагч нь 2021 оны 03 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй өмгөөлөгчөө хуралдаанд оролцуулна гэсэн тайлбарыг ирүүлсэн тухай тэмдэглэл, 2021 оны 03 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдаан даргалагчаас хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх эсэх талаар асуухад хариуцагчийн өмгөөлөгч тусгайлсан санал гаргаагүй тухай хурлын тэмдэглэл хэрэгт авагджээ.

Дээрхи хэрэгт авагдсан баримтуудаар шүүх хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгосон эрхийг хязгаарласан, зөрчсөн гэдэг нь үгүйсгэгдэж байх тул түүний давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч Г.******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө хуваах болон зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс хасуулах тухай асуудлыг Б.*******ын үндсэн нэхэмжлэлтэй зайлшгүй хамт шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд дээрхи шаардлагуудыг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлээгүй нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх ийнхүү хүлээн авч шийдвэрлээгүй нь хариуцагч Г.*******ийн цаашид энэ талаар шаардлага гаргах эрхийг хязгаарлаагүй өөрөөр хэлбэл холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа болохыг тайлбарлах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Г.*******ийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1220 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, тус захирамж нь хүчин төгөлдөр байгаа тул хэргийг шийдвэрт энэ талаар дахин дүгнэлт хийж шүүхийн тогтоох хэсэгт татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

 Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 105 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 3 дахь заалтыг:

3. Хариуцагч Г.*******ийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1220 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай. гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН