Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 135

 

“ИО” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

БОАЖ-ын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                          Х.Батсүрэн

                                          Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...БОАЖ-ын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “ИО” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0854 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0143 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Отгончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0854 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан БОАЖ-ынсайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “ИО” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0143 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0854 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ИО” ХХК-ийн БОАЖ-ын сайдад холбогдуулан гаргасан “БОАЖ-ынсайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “ИО” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “ИО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Их Ончууд” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын “Бага тэнгэрийн аманд” маргаж буй 1.8 га газрын 1.5 га газрыг нь 10 жилийн өмнө буюу 2008 оны 8 дугаар сарын 7-ноос эхлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг үндэслэн ашиглаж эхэлсэн. Энэхүү газар ашиглах эрхийг тухайн үеийн Байгаль орчны яамнаас 732 тоот гэрчилгээний үндсэн дээр авч, улмаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг 2008 оны 09 дүгээр сарын 02-нд тэр үеийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргатай байгуулж энэхүү газрыг ашиглаж эхэлсэн билээ. 2008 онд газар ашиглах эрхээ 5 жилээр авч, холбогдох гэрээг байгуулсны дараа 2013 онд 5 жилээр буюу 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгуулсан. Энэ газар дээрээ нэмж 0.5 га газар ашиглах эрхийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/433 тоот тушаалаар авсан. Ийнхүү өмнө нь ашиглаж байсан 1.5 га газар дээр шинээр авсан 0.5 га газрыг нэгтгэж яамнаас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2015/734 тоот “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-г бидэнд олгосон. Энэ 10 жилийн хугацаанд бид газар ашиглагчийн хувьд ямар нэг хууль, журам зөрчиж байгаагүй. Газрын төлбөрүүдээ цаг хугацаанд нь төлж, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгүүлж хуульд заасан үүргээ огт зөрчөөгүй, бүрэн биелүүлж ирсэн. Үүнийг хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, төлбөрийн баримт, мөн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, газар ашиглах гэрээ дүгнэсэн актууд нотолно.

4. Гэтэл газар ашиглагч нь зөрчил гаргаагүй байхад 10 жилийн өмнө хууль ёсны дагуу авсан газар ашиглах эрхийг нь “олгохдоо хууль тогтоомж зөрчсөн” гэх шалтгаанаар төр буцаан хурааж авч болохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасныг үндэслэж манай компанид газар олгосон бөгөөд энэ заалтыг холбогдох гэрчилгээ, газар ашиглах гэрээнд ишилж тусгасан байдаг. Хуулийн энэ заалт тухайн үед ч, мөн одоо ч үйлчилж байгаа.

5. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдлыг заасан бөгөөд 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгох”-оор заасан. Ингэхдээ мөн хуулийн 48.3-т: “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэжээ.

6. Газар ашиглах эрх олгосон акт бол эерэг нөлөөлөл бүхий акт юм. Ийм актыг хуульд хүчингүй болгохоор заасан (тухайлбал, Усны тухай хууль) бол тухайн акт гарснаас хойш 5 жилийн дотор цуцлах боломжтойг ийнхүү Захиргааны ерөнхий хуульд зохицуулж иргэд, байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг баталгаажуулсан байна.

7. Манай компанийн эзэмшиж байгаа 1.8 га газар нь 2008, 2015 онуудад гарсан захиргааны 2 актаас бүрддэг. Энэ 2 газрын гэрчилгээг нэгтгэхэд координатын хэмжилт нь 2 га бус 1.8 га газрын нарийвчлалтай гарсан тул 2016 онд шинээр олгосон 2015/734 тоот гэрчилгээний хавсралтад координатыг тусгаж 1.8 га газар гэж тэмдэглэсэн байдаг юм. Ийнхүү 1.8 га газрын дийлэнх хэсэг буюу 1.5 га газрын ашиглах эрхийг 2008 онд авснаас хойш ямар нэг зөрчил гаргаагүй 10 жил өнгөрсөн байтал энэ факт, нотлох баримтыг давж заалдах шатны шүүх огт үнэлж дүгнээгүй төдийгүй, энэхүү маргаанд шууд хамааралтай Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.3 дахь заалтуудыг хэрэглээгүй нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөө. Түүнчлэн маргаан бүхий А/113 тоот сайдын тушаалд манай компанид хамаарах хэсгийн тушаалын дугаар гэсэн баганад “2015/12/22 А/433” гэсэн байгаа. Энэ бол 1.8 га газарт хамаарах тушаал бус харин бид сүүлд нэмж авсан зөвхөн 0.5 га газарт хамаарах тушаал юм. Өөрөөр хэлбэл А/113 тоот тушаал мөн илэрхий алдаатай байна.

8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн холбогдох нотлох баримтуудад үндэслээгүй талаар: Манай компанийн ашиглаж байсан 1.8 га газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа. Тиймдээ ч БОАЖ-ыняамнаас зөвшөөрлийг нь авч, газар ашиглах гэрээг Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон Баянзүрх дүүргийн Засаг даргатай гурвалсан байдлаар хийдэг. Богдхан уулын хязгаарлалтын бүсэд газар ашиглаж байгаа бүх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд 1994 онд батлагдсан энэхүү Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд үндэслэн газар ашиглаж байгаа. Ийнхүү газар ашиглаж байгаа гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1 буюу “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” заалт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан. Гэтэл Давж заалдах шатны шүүх байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд үндэслэх бус харин нарийн мэргэшил шаардсан дүгнэлтийг ямар ч нотлох баримтгүйгээр хийж нэхэмжлэгчид үргэлжлүүлэн газрыг ашиглуулах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй ...” хэмээн, улмаар манай компанийн газар ашиглах эрхийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1-д заасантай нийцэхгүй байна" гэжээ. Дээрх хуулийн заалтыг манай компанид 2008 оны 8 дугаар сарын 7-ны өдөр олгосон 732 тоот газар ашиглах гэрчилгээнд болон 2016 оны 1 дүгээр сарын 15-нд олгосон 2015/734 тоот газар ашиглах гэрчилгээний үндэслэлд заасан байдгийг дурдах нь зүйтэй. Мөн 33.1-д газар ашиглалт нь тодорхой зориулалт болон хугацаатай байх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх, гэрээний үндсэн дээр ашиглах гэсэн хэд хэдэн шаардлага тавигдсан байгаа. Эдгээр шаардлагын чухам алийг нь манай компани зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Дээр дурдсанчлан зөвхөн “...нэхэмжлэгчид үргэлжлүүлэн газрыг ашиглуулах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй..." гэсэн ганц өгүүлбэр дурдсанаас үзвэл биднийг байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахаар байна гэж үзсэн бололтой.

9. Давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлтийг бид нотлох баримтад үндэслээгүй гэж үзэж байна. Учир нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг”, 3.1.7-д “...”үнэлгээний шинжээч" гэж энэ хуулийн 3.1.6-д заасан үнэлгээ, үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг” хэлнэ гэж заасан. Энэ бол байгаль орчинд сөрөг нөлөөтэй эсэхийг үнэлэх мэргэжилтэн нь шүүгч бус харин зохих эрхтэй “үнэлгээний шинжээч” байна гэдгийг хуулиар тогтоосон. Тиймээс манай компани дээрх хуулийн заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий “Мон газар экологи” ХХК-аар аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөлдөө “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” хийлгүүлж тайланг БОАЖ-ыняамны Ерөнхий шинжээчээр 2017 онд батлуулсан. Энэхүү тайлангийн 2 дугаар бүлэгт төслийн байгаль орчинд нөлөөлөх байдал, түүний үнэлгээг дэлгэрэнгүй тусгасан ба “газрын доорх усны нөөцөд сөрөг нөлөөлөл байхгүй” гэж дүгнэсэн.

10. Мөн манай компани анх 6 давхар аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөж байсан боловч байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсний дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 27-нд Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас батлахдаа зөвхөн “2 давхар цогцолбор” барихыг зөвшөөрсөн. Нэгэнт Архитектур төлөвлөлтийн даалгаварт аялал жуулчлалын цогцолборыг 2 давхар байх шаардлага тавигдсан тул бид аялал жуулчлалын цогцолбороо 2 давхар байдлаар хийхээр тусгай зөвшөөрөлтэй “Балдан’с” ХХК-аар зураг төслөө хийлгүүлж байсан билээ. Ийнхүү 2 давхар болгож өөрчилсний учир нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “барилгын зураг төсөл дараах шаардлагыг хангана“, 12.1.1-т “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх” гэж заасныг хэрэгжүүлсэн. Анхан шатны шүүхээс энэхүү нотлох баримтыг харгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр бид Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсаныг тухайлан онцолж ишлэн тайлбар гаргасан боловч энэхүү нотлох баримтыг шүүх үндэслээгүй шалтгаанаа магадлалдаа дурдаагүй байна.

11. Манай компанийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-ийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Дээрх хуулийн 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” гэсэн үйлдлүүдээс манай компанид хамааралтай байж болох үйлдэл бол 2 давхар аялал жуулчлалын цогцолбор барихад суурийн зориулалтаар бага хэмжээний “газар ухах” явдал байх. Гэтэл энэхүү 12.1 дэх заалтын “малгай” өгүүлбэрт “...энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар...” гэж тодруулж өгсөн байгааг шүүх харгалзаагүй буюу ерөөс газар ухахыг хориглож байгаа мэтээр буруу тайлбарлаж "...байгалийн төлөв байдал алдагдуулах, дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горим зөрчигдсөн...” гэж магадлалдаа дүгнэжээ. Зөвхөн энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалт газар ашиглах тохиолдол 12.1-д заасан эдгээр үйлдлүүдийг хориглосон байна. Дээрх хуулийн 10 дугаар зүйл бол хамгаалалтын бүсэд хамааралтай. Харин 11 дүгээр зүйл нь хязгаарлалтын бүсэд хамааралтай зохицуулалт юм. 11 дүгээр зүйлд хязгаарлалтын бүсийн дэглэмийг тогтоосон бөгөөд энэ бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр, зохих зөвшөөрөлтэйгөөр 10 төрлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байгаа. Манай компани олгогдсон газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн. Тэр дундаа зөвшөөрөгдсөн эдгээр 10 төрлийн үйл ажиллагаанаас аялал жуулчлалын буюу 6, 7 дахь үйл ажиллагааг нь эрхлэхээр төлөвлөж холбогдох төсөл боловсруулж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгүүлж, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг газар цуцлах явдлаас 4 сарын өмнө батлуулсан. Ийнхүү 6.байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах; 7.аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж заасныг биелүүлж зөвшөөрсөн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулахаар бэлтгэж байсан нь газар ашиглах гэрчилгээ, гэрээ, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, Архитектур төлөвлөлтийн даалгавраар нотлогдож байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ заалтыг манай компани зөрчсөн гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, мөн хуулийг буруу тайлбарласан.

12. Давж заалдах шатны шүүх Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь заалтыг хэрэглэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй, үндэслээгүй талаар: Магадлалын 4 дэх талд “...Гэтэл нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 1.8 га газар нь ...50 метрээс доошгүй байхаар тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд, 100 метрээс доошгүй байхаар тогтоосон эрүүл ахуйн бүсэд, 200 метрээс доошгүй зайд байхаар тогтоосон энгийн хамгаалалтын бүсэд тус тус байрлаж байгаа, түүнчлэн хуулиар барилга байгууламж барихыг хориглосон уг хязгаарлалтын бүсэд нэхэмжлэгч нь... зэрэг барилга байгууламж барихаар төлөвлөсөн байх төдийгүй тус газар нь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна” гэжээ. Товчоор бол давж заалдах шатны шүүх манай компанийг 3 төрлийн буюу онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсэд газар нь байрлаж байгаа тул хууль зөрчсөн; хуулиар барилга байгууламж барихыг хориглосон хязгаарлалтын бүсэд барилга байгууламж барих гэж байгаа, барилга байгууламж нь төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэсэн зөрчил гаргасан гэж үзжээ. Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад огт үндэслээгүй. Мөн Усны тухай хууль, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд юу хийж болох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

13. Үүнд усны онцгой, энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсэд газар ашиглуулахыг хориглосон ямар ч заалт Усны тухай хуульд төдийгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд байхгүй. Иймд олгогдсон газар нь зөвхөн эдгээр бүсэд байрлаж байгаа гэх үндэслэлээр хууль зөрчсөн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн.

14. Харин онцгой, энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсэд газар олгогдсон бол юу хийж болохгүйг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан. Манай компани энэ бүсүүдэд хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх, тэр нь баримтаар нотлогдсон эсэх, хэрэв цаашид тийм зөрчил үүсгэж болзошгүй бол тэр нь цаашдын үйл ажиллагаанд хамаарах бодитой баримт бичигт хэрхэн тусгагдсаныг үндэслэх ёстой байтал давж заалдах шатны шүүх энэхүү дүгнэлтийг хийгээгүй. Манай компани энэхүү газар дээр барилга хараахан бариагүй байгаа тул ямартаа ч одоогоор Усны тухай хуульд заасан ямар нэг дэглэм горим зөрчөөгүй ба ямар нэг зөрчил гаргасан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагч тайлбартаа ч дурдаагүй.

15. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, ...-ыг хориглоно” гэж заасныг магадлалд үндэслэжээ. Тэгвэл 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн МЗХ2017/27-08 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврын 6-д нийт 17973.8 м.кв газрын зөвхөн 5267.8 м.кв талбайд нь барилгажих төлөвлөлт хийхийг зөвшөөрсөн. Энэ барилгажих талбай нь голын онцгой хамгаалалтын 50 метрийн бүсэд хамаарахгүй байхаар Архитектур төлөвлөлтийн даалгаврын Барилгажих талбайн схем зураг гэсэн хавсралтад тусгажээ. Энэ нь тухайн даалгаврын 9-д заасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Барилга хот байгуулалтын сайд нарын 230/127 тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангахад чиглэсэн байдаг. Цаашид манай компани энэхүү Архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчих ямар ч боломжгүй төдийгүй, даалгаврын дагуу барилгын зураг төслөө боловсруулах үүрэгтэй. Учир нь дээр дурдсанчлан барилгын зураг төслийг энэхүү даалгаврын дагуу боловсруулаагүй бол Барилгын тухай хуулиар зураг төслийг баталдаггүй. Усны тухай хуулийн 22.3-т заасан онцгой, энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар 22.4-т заасны дагуу 230/127 тоот тушаалаар батлагдсан байдаг. Магадлалд энэхүү 230/127 тоот тушаалаар батлагдсан журмын 2.8.2-т “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж барьж ашиглахыг хориглоно" гэж заасныг ишлээд, улмаар магадлалын 4 дэх талд “...тус газар нь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна” гэж ирээдүйд болох асуудлын нотлох баримтыг байх ёстой мэтээр ойлгоход бэрх дүгнэлт хийжээ. Зураг төсөл нь хийгдэж байгаа, баригдаагүй барилгыг төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй тул дэглэм горим зөрчиж байна гэж үзэх зохимжгүй.

16. Давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр шүүгч “нэхэмжлэгч талын маргаж байгаа газрын ойролцоо төвлөрсөн шугам сүлжээ байгааг эсэхийг” биднээс асуухад бид “байгаа” гэдгийг хэлсэн. Түүнчлэн манай газрын чанх зүүн, баруун талын газрууд төвлөрсөн шугаманд хэдийнээ холбогдсон байгаа. Үүний зэрэгцээ цаашид барилга барих, барилгын зураг төслийг боловсруулж батлуулахад үндэслэл болох Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9-д төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдохыг даалгасан. Энэхүү үүргийг биелүүлэх техникийн боломж дээр дурдсанчлан бүрэн байгаа төдийгүй, бид Барилгын тухай хуулийн дагуу Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баримтлах ёстой.

17. Газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлийг заасан Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй талаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрхийг дуусгавар болгох 2 тохиолдлыг 40 дүгээр зүйлийн 1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, 2-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан. Манай компанийн хувьд эдгээр 2 үндэслэлийн аль алийг нь зөрчөөгүй байтал газар ашиглах эрх дуусгавар болгосон нь хууль бус юм. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.1-т заасныг ишилсэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 39.1.2-т “газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан”, 39.1.3-т “Эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 39.1.5-д “газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн” гэснээс аль нь ч манай компанийн хувьд огт бүрдээгүй бөгөөд тиймдээ ч сайдын А/113 тоот тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 40.1.1 дэх заалтыг дурдаагүй байна. Харин энэхүү тушаалд 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд энэ нь “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх заалт юм. Манай компани ямар нэг зөрчил гаргаагүй байхад ийнхүү зөрчил гаргасан гэх заалтыг үндэслэсэн нь хууль бус юм. Газар ашиглагч зөрчил гаргасан эсэхийг шалгах, хариуцлага тооцох эрх бүхий этгээд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42.2-т зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч байдаг. Гэтэл манай компанийн үйл ажиллагаа, газар эзэмшиж байгаа байдлын талаар ганц ч мэргэжлийн хяналтын байцаагч, байгаль орчны байцаагч ямар нэг зөрчлийг тогтоож байгаагүй, улмаар мэдэгдэл, акт, шийдвэр гаргаж байгаагүй байж зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь шударга бус төдийгүй, хууль бус юм.

18. Газар ашиглах эрхийг цуцалсан цаад шалтгаан ба компани нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах хууль эрх зүйн боломж байгаа талаар: Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Туул голын эрэг орчимд олон байгууллага, иргэн тодорхой зориулалтаар газар ашиглаж байгаа. Гэтэл Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Туул гол орчмын бургасыг устгаж, уулыг нурааж байна гэх асуудал хөндөн ирүүлсэн албан бичгийг шалтаг хийн зөрчил гаргасан тодорхой байгууллагыг шалгаж нягтлан хуульд заасан зохих арга хэмжээ авахын оронд тэр хавийн бүх байгууллага, иргэний газар ашиглах эрхийг хоморголон цуцалсан нь төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд тулгуурласан байхад шууд харшилсан. Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн албан бичигт Туул голын эрэг дагуу нийтээр ашиглах явган хүний зам, дугуйн зам, зогсоолыг шийдвэрлэх шаардлагатай байгаа тухай дурдсан байдаг бөгөөд үүнийг хийхийн тулд байгууллага, иргэдийн хууль ёсоор ашиглаж байгаа газрыг хууль бусаар хураан авах шаардлагагүй юм. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт эрх бүхий төрийн байгууллага газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад ашиглаж байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт ашиглуулж болохоор зохицуулсан. Манай компани нийгмийн хариуцлагатай байх үүднээс Туул гол дагуу нийтээр ашиглах явган хүний зам, дугуйн зам, автомашины зогсоол хийхэд компанийн газрын зохих хэсгийг ашиглуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж яаманд албан бичиг илгээсэн боловч яамнаас бидэнд ямар ч хариу өгөөгүй.

19. Иймд, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн маргааныг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ талуудын гаргасан нотлох баримтыг зөв үнэлж, хэрэглэвэл зохих хууль, хэм хэмжээг зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, “...БОАЖ-ынсайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай “ИО” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

21. БОАЖ-ынсайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж байгаа гэх үндэслэлээр 24 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч “ИО” ХХК-ийн 2008 оноос хойш ашиглаж буй “Бага тэнгэрийн ам”-д байрлах 1.8 га газар багтжээ.

22. Нэхэмжлэгч “ИО” ХХК нь 2015/734 газар ашиглах гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай гурвалсан гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг дүгнүүлж байсан, газрын төлбөрөө бүрэн төлсөн, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж шинжээчээр батлуулсан, газраа зориулалтын дагуу ашиглах /аялал жуулчлалын эко бааз байгуулах/ зорилгоор архитектур төлөвлөлтийн даалгаврыг эрх бүхий этгээдээр батлуулсан, уг төлөвлөлтийн даалгаварт үндэслэн барилгын ерөнхий төлөвлөгөөний эскиз зургийг боловсруулсан зэрэг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж байсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Эдгээр баримтуудаас үзвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”; 2 дахь хэсэгт “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийн аль аль нь тогтоогдоогүй болно. 

23. Түүнчлэн маргаан бүхий тушаалын үндэслэлд хамаарах усны нөөц бохирдуулсан, голын бургас мод сүйтгэсэн, байгалийн унаган төрхийг алдагдуулсан зөрчил гаргасан гэх үйл баримттай хамааралтай нотлох баримтууд байхгүй байна.

24. Харин нэхэмжлэгчийн ашиглаж буй 1800 м.кв газар нь бүхэлдээ Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан усан сан бүхий хамгаалалтын бүсэд хамрагдсан байгаа гэх үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй боловч, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг үндэслэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч эс зөвшөөрч үгүйсгэжээ. Тодруулбал, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “...усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах...хориглоно”, 22.4-т ” Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг  байгаль орчны болон газрын харилцааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэсэн зохицуулалттай.

25. Уг хуульд зааснаар онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглосон дэглэм зөрчигдөхөөс сэргийлж, хуульд нийцүүлэн архитектур төлөвлөлтийн даалгаварт нийт 17973.8 м.кв газрын 5267,8 м.кв талбайд барилгажих төлөвлөгөө хийхийг, мөн төлөвлөсөн 6 давхар бус 2 давхар барилга барихыг зөвшөөрсөн тул цаашид энэ дагуу төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зураг төслөө захиалан барилга барих боломжтой...” гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд  хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй байна.

26. Дээрхээс үзвэл, маргааны гол үйл баримт нь А/113 дугаар тушаалд дурдсан зөрчлүүдтэй эсвэл нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан онцгой хамгаалалтын бүсэд барилга барих дэглэм зөрчигдсөн эсэх асуудлын аль болох нь ойлгомжгүй бөгөөд эдгээрийн аль аль үндэслэлтэй холбоотойгоор захиргааны байгууллага нь шийдвэр гаргахад хамаарах нөхцөл байдлыг тогтоох талаарх Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй болно.   

27. Энэ тохиолдолд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн үйл баримтыг дүгнэж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нөхцөл байдлыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзнэ.

28. Иймд, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг нарийвчлан тодруулан тогтоох ажиллагааг захиргааны байгууллага гүйцэтгэж, тухайн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр шинээр захиргааны акт гаргах шаардлагатай тул маргаан бүхий захиргааны актыг 6 сараар түдгэлзүүлэх нь зөв болно.  

29. Шүүхийн тогтоосон хугацаанд захиргааны байгууллага нэхэмжлэгч нь Усны тухай хуулиар хориглосон бүс буюу 50 метр дотор барилга барихаар төлөвлөсөн эсэх, хэрэв барихаар төлөвлөгдсөн бол энэ нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг бүхэлд нь дуусгавар болгох үндэслэлд хамаарах эсэх, төлөвлөгдсөн барилга хориглосон бүсэд баригдахаар бол энэ хүрээнд хориглосон шийдвэр гаргаж, үлдэх хэсгийг нэхэмжлэгч цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэх зэргээр нэхэмжлэгчийн тайлбарт холбогдох хэсэгт, болон маргаан бүхий тушаалд заасан зөрчилтэй холбоотой нөхцөл байдлыг шалгаж тодруулах нь зүйтэй. 

30. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ямар зөрчил гаргасныг тогтоогоогүй талаар зөв дүгнэсэн хэдий ч үүнийг тогтоох, тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрснийг анхаараагүй, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, маргааны үйл баримтад хамаарах Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь тус тус буруу болжээ.

31. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсэг нь үндэслэлтэй, харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргуулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0143 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0854 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан БОАЖ-ынсайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “ИО” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж,

1 дүгээр заалтын дараа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий БОАЖ-ынсайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “ИО” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн 2 дугаар заалтыг нэмж,

Шийдвэрийн 2, 3 дугаар заалтын дугаарыг 3, 4 болгон тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ