Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч  Р.Очирсүрэн, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Т овогт С.Б, Б овогт А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708018130020 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Т овогт С.Б, Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл долоо, эмэг эх, эцэг, эх, дүү нарын хамт регистрийн дугаартай.

2. Б овогт А.А, Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эцэг, эх,  дүү нарын хамт регистрийн дугаартай

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч С.Б, А.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 67 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн З.О-гийн монгол гэрийн цоожийг эвдэн орж гэрээс 48 инчийн самсунг загварын зурагт хулгайлан авч 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч С.Б, А.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 67 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн З.О-гийн монгол гэрийн цоожийг эвдэн орж гэрээс “Самсунг” загварын 48 инч хэмжээтэй хавтгай зурагт хулгайлан авч 580.000 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

2. Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

3. Хохирогч З.О мөрдөн байцаалтад өгсөн ”...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ 07 цагт гарч, орой 21 цаг 10 минут болж байхад буцаж ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд, хаалгыг нүүрсээр даруулаад тавьчихсан байсан. Гэрийн баруун талд авдар дээр байсан зурагт байхгүй болсон байсан. Уг зурагтыг 2 сарын өмнө Нарантуул захаас 580.000 төгрөгөөр авч байсан, содон шинж тэмдэг гэвэл шар хүрээтэй, 48 инчийн Самсунг брэндийн зурагт байсан…“гэсэн мэдүүлэг (хх- ийн 14 дүгээр хуудас),

4. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг ”....2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр таксинд явж байхдаа 13 дугаар хорооллоос хүн аваад, Толгойтын Нарангийн голд буулгаад,  буцаад явж байхад үл таних залуу гар өргөхөөр нь авахад “ахаа би зүүн тийшээ эргээд дүүгээ авна” гээд гудамжаар ороод, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын гудамж руу 18 тоотын гадна очоод, такси барьсан залуу хашаа руу ороод буцаж гарч ирэхдээ дүү алга байна гээд урагшаа яваад 3 дугаар гудамжны урдуур ороод дэлгүүрийн зүүн талын урагшаа харсан хаалган дээр очоод дахиад 20 орчим настай залуу гарч ирээд тэр хоёр буцаж ороод 42 инчийн зурагт тэврээд гарч ирсэн...Ингээд 21 дүгээр хорооллын “Эрдэнэс” ломбардны гадаа очоод нөгөө хоёр залуу ломбард руу орохоор буусан. Би гадаа нь хүлээгээд байж байтал ломбардны залуу гарч ирээд “саяны 2 залуу тантай хамт такси барьж ирсэн үү” гэж асуухаар нь “тийм” гэхэд “тэд зугтсан байх” гэж надад хэлсэн. Би машинаа түгжээд ломбард руу ороход сүүлд зурагт авч гарсан залуу нь цагдаад баригдсан байсан. Учрыг лавлаж асуухад хулгайн эд зүйл байсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас),

5. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-10 дугаар хуудас),

6. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 11 дүгээр хуудас),

7. 2017 оны 10 сарын 09-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 12 дугаар хуудас),

8. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Самсунг загварын 48 инч хэмжээтэй хавтгай зурагтыг 580.000 төгрөгөөр үнэлсэн” Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт (хх-ийн 15 дугаар хуудас),

9. Шүүгдэгч С.Б яллагдагчаар өсгөн: ”...Би 6 наснаасаа эхлэн нэг гудамжинд амьдардаг А-тай найзалж нөхөрлөж ирсэн. 2017 оны 10 сарын 02-ны өдөр би А-ын гэрт ороход, А унтаж байхаар нь сэрээгээд “шийдний хойд талд байх айл эзэнгүй байна, хоёулаа орж зурагт хулгайлъя” гэхэд А зөвшөөрч, 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 67 дугаар гудамжинд байх хашааны явган хүний хаалганы гадна ирээд би хашааны хаалгыг нь татахад хүн байхгүй байсан. А хашааны гадна хүн харж үлдээд би цаад байшингийн хаалган дээр очоод хартал Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн зүүдэг цоожтой байхаар нь, цоожны гол хэсэгт А гэрээс авсан 20 орчим см урт иштэй нарийн төмрийг хийж дарахад цоож мултарсан. Байшинд ороход зурагт байхгүй байсан тул байшингаас гарч эргэж хашааны үүдэн дээр очоод А “зурагт байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд А надад “чи хүн харж бай” гэж хэлээд надаас нарийн төмрөө аваад хажуу талд нь байсан Монгол гэр рүү явсан. Би хашааны үүдэнд хүн харж байсан, А монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг төмрөөр хөшиж, даруулган төмрийг нь гулзайлган гэрийн хаалгыг онгойлгоод намайг дуудсан. Тэгээд бид хоёр хамт гэр рүү орсон. Агэрийн хойморт байсан авдрыг онгойлгон бэлэн мөнгө болчих зүйл хайгаад байхгүй байсан тул зурагтыг нь тэврээд зүүн талын орон дээр дэвссэн байсан орны бүтээлгэнд ороож байх үед нь би такси дуудах гээд зам руу гарсан… ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас),

10. Шүүгдэгч Б.А яллагдагчаар өсгөн: ”...2017 оны 10 сарын 02-ны өдөр би гэртээ унтаж байхад найз Б орж ирээд “доод талын шийдний хажуу талын айл эзэнгүй байна хоёулаа зурагтыг нь хулгайлаад ломбарданд тавья” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Бид хоёр манайхаас 14 цагийн үед гараад уг айлын хашаанд ороод хаалга нь түгжээтэй байхаар нь төмрөөр хөшиж онгойлгоод зурагтыг залгуураас нь салгаад Б намайг гэрт үлдээгээд “такси барьж ирнэ” гээд гарсан. Тэгээд 30-40 минут болсны дараа такси барьж ирээд, бид хоёр уг таксигаар 21 дүгээр хороолол руу зурагтыг ломбардад тавихаар явсан…” гэх мэдүүлэг (хх-ийн 46 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б, Б.А нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь энэ гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шинжийг хуульчлаагүй учир энэ нь зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Шүүгдэгч С.Б, Б.А нарын гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б, Б.А нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул тэднийг гэм буруутайд тооцно. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Шүүгдэгч С.Б, А.А нарын хулгайлсан эд зүйл болох “Самсунг” загварын 48 инч хэмжээтэй хавтгай зурагт нь 580.000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа учир гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг уг үнийн дүнгээр тогтоосон болно.

Харин хохирогч З.О нь хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч С.Б, А.А нарыг бусдад төлөх төлбөргүй байгааг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Б, А.А нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, тэд энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Улсын яллагчийн дүгнэлтэд: С.Б, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч А.А-ын өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч А.А нь гэмт хэрэгт холбогдох үедээ 18 настай байсан. ...Хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсгүүдийг удирдлага болгон 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг давхар хэрэглэх боломжтой тул үйлдсэн хэргийн шинж чанарыг харгалзан хорих ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж, мөн уг ялаас чөлөөлж буюу хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрчихсэн байсан тул түүнд Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Гэхдээ тэрээр энэ хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэс л гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.А, С.Б нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн хуульчилсан тул тэдэнд Наймдугаар бүлэг хамаарахгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэсэн нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арван найман нас хүрчихсэн хүнд хамаарна. Нөгөөтээгүүр, бие бялдрын болон сэтгэхүйн хөгжил хоцрогдолтой болох нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдсон хүнд хамаарна.

Мөн шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд улсын яллагч болон шүүгдэгч А.А-ын өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан саналуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэл алга.

Шүүх шүүгдэгч С.Б, А.А нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзлээ.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б, А.А нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорьж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт С.Б, Б овогт А.А нарыг хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар С.Б, А.А нарт тус бүрд нь нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, А.А нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б, А.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэд бусдад төлөх төлбөргүйг тус тус  дурдсугай.

5.Шүүгдэгч С.Б, А.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний ял эдлэх хугацааг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг тайлбарласугай.

7.Оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б, А.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА