Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2021/00035

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00873/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 195 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******д холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Миний бие Ласти-Интернэшнл ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож хамтран ажилласан.

Ласти-Интернэшнэл ХХК хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан зардлыг үндэслэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас нэг м.кв талбайг 972.820 төгрөгөөр тооцон 10а байрнаас 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, 10б байрнаас 1169,82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Хариуцагч болох ******* нь 10А байрны 64 тоот, 2 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Ийнхүү хариуцагч ******* нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь миний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд хариуцагч О.Баттулгыг Дархан-Уул аймаг Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А байрны 64 тоот, 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 10 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлах Ласти-Интернэшнл ХХК-ийн 10а байрны 64 тоотод 41 м.кв 1 өрөө байрыг Дархан дулааны сүлжээ ТӨХК-иас зээлээр худалдан авах гэрээний нөхцөлтэйгөөр авсан. Ласти-Интернэшнл ХХК нь 13 дугаар хороолол 10 дугаар байрны дулааны төлбөрөөс хасах нөхцөлтэйгөөр 4 ширхэг байрыг Дархан дулааны сүлжээ ТӨХК-ний ажилчдад урьдчилгаа төлбөр авч зээлээр худалдан авах гэрээ байгуулсан. ******* миний бие нийт 15.420.000 төгрөгийг Ласти 13 дугаар хороолол 10 дугаар байрны дулааны төлбөрт Дархан дулааны сүлжээ ТӨХК-д тушаасан. Иймд иргэн ******* миний бие *******гийн 13 дугаар хороолол 10а-64 тоот 41 м.кв 1 өрөө байрыг нэхэмжилсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно гэв. гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 195 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 64 тоот, 2 өрөө орон сууцыг хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 03 дугаар сарын 12-ны өдрийн 195 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэ хэргийн хариуцагч Ч.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие тус шүүхэд хандаж дараах гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг 195 дугаар шийдвэр хангаагүй бөгөөд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа доор дурдсан үндэслэлүүд байна.

Нэхэмжлэгч ******* нь маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөлөөс улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 02 сарын 21-ний өдөр авсан баримт хэрэгт авагдсан байгаа боловч уг өмчлөх эрхийн гэрчилгээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13-р хороолол 10а байрны 24 айлын орон сууцны зориулалттай 1423.42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэгтгэн нэг өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор уг бүртгэлээс хэд хэдэн айлын өмлөх эрхийн гэрчилгээг салгаж бүртгэсэн, уг бүртгэл нь хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн байж болзошгүй шалтгаанаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 5 хоногийн дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 705 тоот дүгнэлт гарч маргааны зүйл болж буй улсын бүртгэлийн 2003021861 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн уг бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байдаг.

Хариуцагч талаас *******гийн маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэл түдгэлзсэн улсын байцаагчийн 705 тоот дүгнэлт гарснаас хойш өмчлөх эрхийг буцаан сэргээсэн баримт Улсын бүртгэлийн албанаас ирээгүй байх тул ******* нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулахаар шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан боловч анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус орон сууцны өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн, түүнээс хойш өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх зохиогчдын хооронд үүссэн маргааны үндэслэл болж буй Улсын байцаагчийн 705 тоот дүгнэлт-ийн талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.Баттулгын хууль бус эзэмшлээс Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байрны 64 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч *******гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг эрх бүхий этгээдээс түдгэлзүүлсэн, эргэж сэргээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч ******* нь Ласти-Интернешнл ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан сумын 13 дугаар хороололд баригдаж буй 144 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууц өмчлөх нөхцөлөөр харилцан тохиролцсон байна.

Ласти-Интернешнл ХХК Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн 144 айлын орон сууцнаас 1423.42 м.кв талбай бүхий 24 орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ******* шилжүүлэн авч, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байна.

Нэхэмжлэлээр шаардаж буй Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байрны 64 тоот орон сууц нь өмчлөх эрх олгогдсон 24 орон сууцанд хамаарч байна.

Энэ талаарх Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг сунгасан гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Хариуцагч ******* нь маргаж буй 64 тоотын орон сууцыг Дарханы Дулааны Станц ТӨХК-аас зээлээр худалдан авч, төлбөрийг тус компанид төлж байгаа гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 02 дугаар сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандан гомдол гаргаснаар тус газраас Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А, 10Б байрны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, Хяналтын улсын байцаагч 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 705 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтээр ...Иргэн *******, Б.Дөлгөөн нараас тус газарт гаргасан гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А, 10Б хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021859, Ү-2003021860, Ү-2003021861, Ү-2003021862 дугаарт салгаж бүртгэсэн байх ба уг бүртгэлүүдийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн байж болзошгүй байх тул Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн ...Ү-2003021861... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн уг бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх гэжээ.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг өнөөдрийн байдлаар сэргээгээгүй болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 127 дугаартай албан бичгээр тогтоогдож байна гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч *******д холбогдуулан дээрх нэхэмжлэлийг гаргасан боловч түүний өмчлөх эрхийг баталгаажуулж, эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэл нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр түдгэлзсэн байх ба эргэж сэргээсэн баримт хэрэгт авагдаагүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг нэхэмжлэгч хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан бөгөөд энэхүү үндэслэл нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилсан бөгөөд хуульд заасан дээрх үндэслэл үүссэн болох нь шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн улсын бүртгэлтэй холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүх дээр захиргааны хэрэг үүсэж, анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Ч.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 195 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч Ч.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ

                                                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                Л.АМАРСАНАА