Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 738

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Боржигон овгийн Т*******ийн С*******о /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд

Нэхэмжлэлийн шаардлага: “...Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С*******о, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н*******, хариуцагч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж*******, нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С*******о нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Т.С*******о, түүний өмгөөлөгч Г.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Монгол Улсын иргэн Т*******ийн С*******о миний бие 2016 оны орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшихээр Сонгуулийн тухай хуулийн дагуу холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд цаг хугацаанд нь өгсөн билээ. 

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй, хөрөнгө орлогын мэдүүлгийн дагуу ирүүлээгүй, нэр дэвшигч сонгогчдын огноо бичигдээгүй, газрын үсэг, регистрийн дугаар дутуу байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 154, 157, 158 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр бүртгэж аваагүй. 

Миний бие орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүргийн 12 дугаар тойрогт бие даан нэр дэвшихийн тулд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооноос иргэдээс биечлэн нийт 240 хүний дэмжсэн гарын үсэг цуглуулсан. Энэ нь дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн цуглуулбал зохих 201 хүнээс илүү гарч байгаа тул нэр дэвших болзлыг хангасан гэж үзэж байна. 

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос зөрчилтэй гэж үзэж байгаа 91 хүний огноо бичээгүй, хөрөнгө орлогын мэдүүлгээ батлагдсан маягтын дагуу ирүүлээгүй гэх нь өө сэв хайж Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар сонгох сонгогдох эрхийг минь санаатайгаар боогдуулж байна гэж үзэж байна. 

Сонгуулийн тухай хуулийн 129.3 дахь заалт нь Улсын Их Хурлын бие даан нэр дэвшигчид нэг янзаар үйлчлээд орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчдэд арай өөр ялгавартай үйлчлэх ёсгүй хэмээн үзэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн, энэ нь цаашлаад төрийн захиргааны байгууллагууд, холбогдох эрх бүхий хүмүүс хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлах, хэрэглэх, хүний эрх, эрх чөлөөнд ноцтой хохирол учруулж болзошгүй байна. 

Шударга ёсыг тогтоох, Монгол Улсын хууль, түүний дотроос Сонгуулийн хууль нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч, Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч гэж ялгаварлан гадуурхалгүй иргэн бүрт тэгш үйлчлэх учиртай. 

Иймд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож нэр дэвших эрхийг минь сэргээн тогтоож өгнө үү” гэв. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“...Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай 17 дугаар тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолыг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 154 дүгээр зүйлийн 154.2, 157 дугаар зүйлийн 157.5, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтуудыг баримтлан Т.С*******ыг дараах үндэслэлээр бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан асуудлаар гаргасан тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй хууль зөрчөөгүй байна. Үүнд: 

1. Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 12 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Т*******ийн С*******о нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулаагүй. 

2. Хөрөнгө орлогын мэдүүлгийг батлагдсан маягтын дагуу бөглөж ирүүлээгүй. 

3. Зарим дэмжигч, сонгогчдын регистрийн дугааргүй, гарын үсэг дутуу бүртгэгдсэн зэрэг нь Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журам зөрчсөн, хуульд тусгайлан заасан шаардлагыг хангаагүй тул нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байдаг. 

Т.С*******о нь нэр дэвших эрхээ сэргээлгэн тогтоолгох шаардлага гаргажээ. Т.С*******о нь аль ч шатны сонгуульд бусдыг сонгох, өөрөө сонгогдох эрхтэй. Энэхүү сонгогдох эрхийнхээ дагуу Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 12 дугаар тойрогт Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бие даан нэр дэвшүүлсэн байх тул түүний нэр дэвших эрх зөрчигдсөн нөхцөл байдал үүсээгүй байна. 

Иймд Т.С*******ын гаргасан нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Т.С*******ын гаргасан “...Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тус хорооны дарга А.Д*******, нарийн бичгийн дарга М.Э*******, гишүүд Ц.А*******, М.У, Я.А, Н.Э, Б.М, Л.А, С.Б нарыг оролцуулан 2016 оны дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн материалыг судлан үзээд 17 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 12 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Т*******ийн С*******о нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулаагүй, хөрөнгө орлогын мэдүүлгийг батлагдсан маягтын дагуу ирүүлээгүй, зарим дэмжигч сонгогчдын регистрийн дугаар, гарын үсэггүй зэрэг зөрчилтэй байгаа тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 156.2.4-т “дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” гэж заасны дагуу дүүргийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч нь 201 доошгүй сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулахаар хуульчилжээ. 

Сонгуулийн ерөнхий хороо нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгчийн дэмжигч-сонгогчийн бүртгэлийн маягтыг баталсны дагуу нэхэмжлэгч Т.С*******о дэмжигч-сонгогчийн гарын үсгийг зуруулж Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн байх бөгөөд уг маягтын дагуу 230 сонгогчдын гарын үсгийг зуруулан ирүүлсэн боловч нийт 230 сонгогчдын давхардсан тоогоор 92 нь огноо бичээгүй, 1 нь эцэг /эх/-ийн нэр бичээгүй, 3 нь регистрийн дугаар бичээгүй, 2 нь гарын үсгийн баталгаагүй, 20 нь утасны дугаар бичээгүй зөрчилтэй буюу батлагдсан маягтын дагуу гарын үсгийг зуруулаагүй болох нь тогтоогдож байна.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.5-д “Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт нь авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу батлагдсан хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт байна” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах” тухай журмыг, уг тогтоолын 6 дугаар хавсралтаар сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг тус тус баталжээ. 

Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах” тухай журмын 4.5-д “мэдүүлэг гаргагч мэдүүлгийг засваргүй, товч тодорхой бичих бөгөөд асуулт болгонд хариулж, байхгүй орлого, хөрөнгө, зээлийг /-/ гэсэн тэмдэглэгээ хийнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Т.С*******ын Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд бүрдүүлэн өгсөн сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг нь бүрдлийн хувьд дутуу /хуудас дутуу/ 3 хуудас материалыг өгсөн байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.5-д заасан хуулийн заалтыг зөрчсөн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтын мэдүүлэг гаргагчийн, түүний гэр бүлийн байдал 1.1, 1.2, хөрөнгө, орлогын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.6 дах мэдээллийг бөглөн өгсөн боловч сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтын хөрөнгө, орлогын 2.2.2-2.2.5, 2.2.7-2.2.11 дэх мэдээллийг өгөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэгч Т.С*******ыг бие даан нэр дэвшигчийн бүртгэлээс хассан нь үндэслэлтэй байна. 

Иймд хариуцагч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах журмыг хэрэгжүүлээгүй буюу батлагдсан маягт дээр огноо бичээгүй маягт ирүүлсэн, 157 дугаар зүйлийн 157.5-д зааснаар нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт нь авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу батлагдсан хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт байх шаардлагыг хангаагүй үндэслэлүүдээр Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т.С*******ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул “...Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 157 дугаар зүйлийн 157.5, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д заасныг тус тус баримтлан Т.С*******ын гаргасан “...Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ц.САЙХАНТУЯА