Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01241

 

 

 

 

Т.Уранчимэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-уул, Сонгино-хайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/04029 дүгээр  шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1354 дүгээр магадлалтай,  

Нэхэмжлэгч : Т.Уранчимэг,

Хариуцагч : Таван богд фүүдс ХХК,   

Нэхэмжлэлийн шаардлага :  8.294.542 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Уранчимэг, хариуцагчийн төлөөлөгч Ч.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014.01.02-ны өдрөөс “Таван богд Фүүдс” ХХК-д ажиллаж байгаад 2015.9.23-ны өдөр халагдсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.01.26-ны өдөр 102/ШШ2016/01920 дугаартай шийдвэр гаргаж хуучин ажилд эгүүлэн тогтоосон. Тухайн үед ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор олгоогүй. Иймд өмнөх нэхэмжлэлд нэхэмжлэгч ажиллаж байсан үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговорыг  2015.9.23-ны өдрөөс 2016.5.02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор  8.924.542 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Уранчимэг нь шүүх 2016.01.26-ны өдөр 102/ШШ2016/00920 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь шаардлагаа өөрөө тодорхойлох, нотлох, нэмэх, хасах, өөрчлөх, мэтгэлцэх эрхээ эдэлсэн ба шүүх цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлд дурьдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Т.Уранчимэг нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 2015 оны 9 сараас эхлээд цалингаа тооцсон боловч 2015 оны 9 дүгээр сарын цалинг өмнөх нэхэмжлэлтэй нь хамт шүүх шийдсэн. 2015.9.23-ны өдрөөс 2015.10.02-ны өдөр хүртэл ажил хүлээлцэх хугацааны олговрыг олгох үндэслэлгүй гэж шүүх тогтоосон тул 2015 оны 9 дүгээр сарын цалинг нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Мөн 2016 оны 5 дугаар сарын цалинг нэхэмжилсэн байна. 2016.04.02-нд Т.Уранчимэгийг ажилдаа эргэн орох талаар удаа дараа уулзалт хийсэн. Нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дүгээр  сарын 18-ны өдөр 102/ШШ2016/04029 дугаартай шийдвэр гаргаж  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагчаас  3.101.179 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 5.193.363 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 -д заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 162.630 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцааж олгох, хариуцагчаас 64.569 төгрөг  гаргуулан улсын орлогод оруулж  шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 20-ны  өдөр 1354  дүгээр магадлал гаргаж, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн  102/ШШ2016/04029 шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 4.243.694 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийг буруу  хэрэглэсэн. Нэхэмжлэгч анхнаас шүүхэд хандахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан байхад 2016.01.26-ны өдрийн шүүх хурлаар шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн дагуу үүсэх эрхийг шүүх хангаагүй, шийдвэрт Т.Уранчимэг гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хангаагүйг зөвшөөрсөн. Шүүхээс Т.Уранчимэгийг ажилд эгүүлэн тогтоосон, ажилд нь эгүүлэн авах тушаал гарсан байхад  олговор гаргуулсныг  хянан үзсэнгүй. Хариуцагч байгууллагын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчид 3.101.179 төгрөгийг түүний цалингийн дансанд шилжүүлсэн болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Т.Уранчимэг нь “...2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл  ажилгүй байсан...” гэсэн үндэслэлээр “Таван богд фүүдс” ХХК-иас 8.294.542 төгрөг шаардсаныг  хариуцагч зөвшөөрөөгүй  маргажээ.

Анхан шатны шүүх Т.Уранчимэгийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.101.179 төгрөгийг  төлөх үүрэгтэй гэж үзсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, олговорыг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож хариуцагчаас 4.243.694 төгрөг гаргуулахаар болжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Таван богд фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 21/261 дугаар тушаал гаргаж Т.Уранчимэгийг няравын ажлаас халсан, ажил олгогчийн тушаалтай холбоотой маргаан үүсч Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 102/ШШ2016/00920 дугаартай шийдвэр гаргаж Т.Уранчимэгийг “Таван богд фүүдс” ХХК-ийн няравын ажилд эгүүлэн тогтоосон, уг шийдвэрийн дагуу Т.Уранчимэгийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн няраваар ажиллуулах тухай 21/109 дугаар тушаалыг ажил олгогч 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан, Т.Уранчимэг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00920 дугаар шийдвэр биелэгдээгүй байсан  нь тус тус тогтоогджээ.  

Ажил олгогчийн 2015 оны 21/261 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2015 онд  нэхэмжлэл гаргахдаа Т.Уранчимэг нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг шаардаагүй, энэ талаар 2016 оны 102/ШШ2016/00920 дугаар шийдвэрт ямар нэг заалт байхгүй тул энэ үйл баримтын талаар шүүх шийдвэр гаргаагүй гэж үзнэ.

Т.Уранчимэгийг ажлаас нь халах тухай 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 21/261 дугаар тушаал үндэслэлгүй болох нь  Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00920 дугаар шийдвэрээр тогтоогдсон, нэхэмжлэгчийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс ажиллуулах тухай 21/109 дугаар тушаалыг ажил олгогч 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан, энэ хугацааны цалинг нэхэмжлэгч аваагүй байх тул 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл  хугацааны дундаж  цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна

Т.Уранчимэг нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардаагүй ч шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эргэж орсноор ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг хуульд зааснаар өгөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорыг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны  өдрийн 1354  дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр төлсөн 83.000  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                                                              

                                   ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ