Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1354

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/04029 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "ХХ" ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 8 294 542 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Х,

хариуцагчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Х нь 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс "ХХ" ХХК-д хангамж, бараа материал, үндсэн хөрөнгө хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үндэслэлгүй халагдсан. Ингээд ажлаас халагдсан шалтгааныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01920 тоот шийдвэрээр Хийг ажилд нь эгүүлэн тогтоосон. Өмнөх нэхэмжлэлд нэхэмжлэгч ажиллаж байсан үеийн цалин гэж нэхэмжлэн техникийн алдаа гаргасан. Шүүхийн шийдвэрт ажиллаж байсан үеийн цалин хөлс нэхэмжилсэн тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болохоос ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй.

Иймд ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу Х нь Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын дагуу дундаж цалингаа 1 002 637 төгрөгөөр тодорхойлж 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх цалин 8 924 542 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч "ХХ" ХХК-ийн тайлбарт:

Х нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 102/ШШ2016/00920 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, нотлох, нэмэх, хасах, өөрчлөх, мэтгэлцэх эрхээ эдэлсэн. Нэхэмжлэгч хуулийн зүйл заалтыг тодорхой зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэг гэж нэхэмжилсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ гэхээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг ажил олгогч талаас гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүссэн нэхэмжлэл гэж ойлгоно. Шүүхийн дээрх шийдвэрт хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүх цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурьдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Х нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 2015 оны 9 сараас эхлээд цалингаа тооцсон. Тэгэхээр 2015 оны 9 дүгээр сарын цалинг өмнөх нэхэмжлэлтэй нь хамт шүүх шийдсэн. 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажил хүлээлцэх хугацааны олговрыг олгох үндэслэлгүй гэж шүүх тогтоосон тул 2015 оны 9 дүгээр сарын цалинг нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Мөн 2016 оны 5 дугаар сарын цалинг нэхэмжилсэн байна. 2016 оны 4 дүгээр сарын 02-нд Хийг ажилдаа эргэн орох талаар удаа дараа уулзалт хийсэн. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 21/109 тоот захирлын тушаалаар Хийг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарч Хт 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө ажилдаа ор гэсэн мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шуудангаар хүргүүлсэн. Мөн манай ажилтнууд Хт очиж хэлсэн тул нэхэмжлэгч нь 2016 оны 5 сарын цалинг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "ХХ" ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 101 179 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 193 363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 630 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "ХХ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 64 569 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байдаг. Гэтэл шүүх хуулийн буруу заалт хэрэглэж нэхэмжлэлийн дүнгээс хасаж шийдвэр гаргасан. Дээрх тайлбарууд, хэргийн нотлох баримтуудыг нягтлан, судалж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон 3 cap 26 хоногийн цалин болох 4 173 761 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 294 542 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “ХХ” ХХК эс зөвшөөрч, нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Хийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн хуульд заасны дагуу гомдол гаргах хугацаа тогтоосон зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

       Нэхэмжлэгч Хийг “ХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 21/261 тоот тушаалаар тус компанийн няравын үүрэгт ажлаас чөлөөлсөн байх ба уг тушаалыг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоож, ажиллаж байсан үеийн цалин, ажил хүлээлцүүлсэн үеийн цалингийн зөрүү, амралтын мөнгө, олговор, компани хооронд хавсран ажиллуулж байсан үеийн нэмэгдэл цалин, гэнэт халагдсаны тэтгэмж зэргийг олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

      Шүүх 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 920 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Хийг "ХХ" ХХК-ийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгон нэхэмжлэгчийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Шүүхийн дээрх шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан нэхэмжлэлийн шаардлага, тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Х нь ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас гадна ажиллаж байсан үеийн хугацаанд олговол зохих цалин хөлстэй холбоотой маргаан үүсгэсэн байх бөгөөд шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч Х нь дээрх хэргийг шийдвэрлэх явцад “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэхдээ техникийн алдаа гаргасан нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон бусад баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийг өмнөх ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлтэй хэрэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд дээрх үндэслэлээр шаардлага гаргах эрхтэй боловч ажилгүй байсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлээс тусад нь шаардахад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг хамаарна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан, ажлаас үндэслэлгүй халагдсанаас бусад маргаанд гомдол гаргах 3 сарын хугацааны талаар шүүх анхаараагүй нь буруу.  

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговортой холбоотой шаардлагаа 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар уг гомдлоо гаргасан үеэс өмнөх 3 сарын хугацаанд олговрыг шаардах эрхийн хугацаа нь өнгөрөөгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 243 694 төгрөг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох нэг өдрийн цалинг 46 634 төгрөг гэж үзсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцэж байх тул 4 сар 5 хоногийн цалинд 4 243 694 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/04029 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 101 179 төгрөг” гэснийг “4 243 694 төгрөг” гэж, “5 193 363 төгрөгт” гэснийг “4 050 848 төгрөгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

 

                                                                                         А.МӨНХЗУЛ