Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/1056

 

 

 

 

     2023           10            31                                      2023/ДШМ/1056

 

Ж.О, Д.Б, Д.Ц,

Г.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Д.Б, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Г.Б, Ц.Б,

шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Ю.Н,

шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Т.З,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/701 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Ц.Б, Г.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.О, Д.Б, Д.Ц, Г.Т нарт холбогдох эрүүгийн 201726020117 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

У овгийн Ж.О, 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ............... тоотод оршин суух,

Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ...................../;

Б овгийн Д.Ц, 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  /РД: ............../;

Б овгийн Д.Б, 1995 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Мөнгөн хүлэг автомашины захад автомашин зардаг ажилтай, ам бүл 3, эх, эмэг эхийн хамт ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

М овгийн  Г.Т, 1998 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багт оршин суух бүртгэлтэй боловч ................... тоод түр оршин суух, ял шийтгэлгүй,  /РД: ......................./.

Шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нар нь 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэвэн” нэртэй пабын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа яллагдагч Ж.О, Д.Ц нар бүлэглэн иргэн Д.Згийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн үед шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нар нь иргэн Д.Згийн өмдний халаасанд байсан түүний эд хөрөнгө болох 1.000.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-6 Эс плас маркийн гар утас, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэж, 1.400.000 учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.О, Д.Ц нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.Б, Г.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарыг бүлэглэж, хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.О, Д.Ц нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От 03 жил хорих ял, шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарт тус бүр 02 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.О, Д.Ц нарт 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарт 02 жил хорих ял оногдуулсныг 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, бүсчлэлийг оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ж.Оын урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Цд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг оршин суугаа газрын нутаг дэвсгэрээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 228 хоногийг, шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарын цагдан хоригдсон 166 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримгаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б, Г.Т, Д.Ц нарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, барьцаанд авсан 1.500.000 төгрөгийг буцаан олгож, шүүгдэгч Ж.От урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний барьцаа болох 2.000.000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 39.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.От ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна, хуулийн ерөнхий, тусгай ангид заасан үүрэг болгосон (императив) хэм хэмжээг заавал хэрэглэдэг.

Тиймээс шүүхэд үүрэг болгосон заалтыг хэрэглээгүй явдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”-д тооцож, энэ хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тодорхойлсон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл юм.

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй явдлыг хамааруулан ойлголт юм. Өршөөл үзүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн этгээдийг эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлдөг, мөн хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольдог зөвхөн хуулиар зохицуулдаг онцгой ажиллагаа.

Тиймээс нэг удаагийн үйлчлэлтэй, шүүх заавал хэрэглэвэл зохих Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт, үйлчлэх цаг хугацаа, хүрээ, өршөөл үзүүлэх хэлбэр, хэмжээ, өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал, хууль хэрэглэх журам зэргийг хууль тогтоогч тусгайлан зохицуулдаг.

Шүүгдэгч Ж.Оын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6 дугаар зүйлээр тогтоосон хязгаарлалт хийгээд 9 дүгээр зүйлд заасан хоригт тус тус хамаарахгүй байхад анхан шатны шүүх “шүүгдэгч Ж.Оыг гэмт хэрэг үйлдсэн нэг үйлдлийг өршөөлд хамруулж бусад үйлдлийг өршөөлд хамруулах боломжгүй гэсэн дүгнэлт хийж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүйг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүгдэгч Ж.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн үйлдэгдсэн хугацаа 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үйлдэл байх тул 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “Хууль үйлчлэх цаг хугацаа”-нд бүрэн хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд “Хууль хэрэглэх журам”-ыг тусгасан. Энэ зүйлийн 12.4-д "... Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ....” гэж хуульчилсан.

Энэ зүйлийн 4.1-д “... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...” гэж,

Иймд шүүгдэгч Ж.Оын Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр 23-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг,

11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар өршөөн, Өршөөлийг хуулийг хэрэглэх,

Мөн шүүгдэгч Ж.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх зохицуулалтанд хамаарч, уг зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 299 хоногийг буруу тооцож 288 хоногийг эдлэх ял оруулан тооцохоор шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтыг зөвтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.От оногдуулсан 3 жилийн хорих ялаас цагдан хоригдсон 299 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эдлэх ялаас хасч, үлдэх ялыг “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зуйлийн 7.2-д “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан дээрэмдэх “...17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт .... заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан... бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солино...” гэж заасны дагуу тухайн зүйл ангид зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо нэмэлт тайлбаргүй гэв.

Шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Ю.Н тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.

Шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Т.З тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргасан байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн үндсэн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Шийтгэх тогтоолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.” гэж заасан. Анхан шатны шүүхээс Ж.Оын өмнө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялуудаас хамгийн хүнд ял нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял байгаа учраас аль ашигтай байдлаар нь гээд 3 жил 1 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хамруулсан нь үндэслэлтэй. Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 228 хоногийг эдлэх ялд оруулан тоолохоор заасан. Шүүгдэгч Ж.О нь 299 хоног цагдан хоригдсон бөгөөд үүнд бичиг техникийн шинжтэй алдаа гарсан байх гэж үзэж зассан өөрчлөлт оруулах саналтай байна. Иймд шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байх тул тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нар нь 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэвэн” нэртэй пабын орчим иргэн Д.Згийн өмдний халаасанд байсан түүний эд хөрөнгө болох 1.000.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-6 Эс плас маркийн гар утас, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэж, 1.400.000 учруулсан, энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа Ж.О, Д.Ц нар бүлэглэн иргэн Д.Згийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Д.Згийн “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө ... 02 цагийн үед пабаас гэртээ харихаар гарсан. Пабаас гарсны дараа хажуу талын байрны гол руу Э бие заслаа гээд орсон. Тэр үед би ганцаараа зогсож байх үед 4 залуу ирээд намайг тойроод зогссон ба ямар нэгэн үгийн зөрүү байхгүй нэг нь намайг нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд тал талаас цохиод газар унагасан. Тэр үед Э байрны голоос гарч ирээд хөөе болиоч гээд гүйж иртэл Э луу 2 залуу нь гүйж очоод үлдсэн 2 нь миний дээрээс өшиглөж цохиж зодсон. ... маргааш нь “Мөнгөнгүүр” эмнэлэгт ирж хэвтсэн. Учир нь миний ухархай, чамархай, дух, хамрын яс олон хугаралтай байсан. Утас, мөнгө хоёр өмдний зүүн урд халаасанд хамт байсан. ...” /1хх 47-50, 2хх 80-81/,

хохирогч Б.Эын “... 2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой ... З бид хоёр пабаас гарахдаа тамхи асаасан байсан тул ойролцоох байрны харанхуй хэсэг рүү орж бие засахаар болоод би түрүүлээд байрны булан руу очиж бие засах гээд явсан. Би бие засахаар явж байх үедээ эргээд хартал Зг 4 залуу тойроод зогсож байсан тул бие засалгүй буцаад Згийн зүг гүйсэн ба намайг гүйж очиж байх үед Зг тухайн 4 залуугийн хоёр залуу нь Зг зодож эхэлсэн. Үлдсэн хоёр залуу нь надруу гүйж ирээд намайг шууд жийж газар унагасан ба би газар унасныхаа дараа нүүрээ болон толгойгоо дараад доошоо болтол дээрээс нөгөө хоёр залуу цохиж өшиглөөд зодсон. З ухаан алдсан юм шиг сонин байдалтай болчихсон байхаар нь Зг босгож зугатаад “Хийморь” бэйкэригийн байрлах Үлэмжийн чанар төвийн харуулын байранд ирсэн тэр үед Згийн утас болон халаасанд нь байсан мөнгө нь алга болсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 52-54/,

гэрч З.Хгийн “... Манай хүү З 2017 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хийморь нэртэй манай гэр бүлийн ажиллуулдаг нарийн боовны цехэд хамт ажилладаг Э гэх залуутайгаа гадуур явж байгаад үл таних залууст зодуулж эд зүйлээ алдсан хэрэгт хохирогчоор тогтоогдон оролцож байгаа талаар мэдэж байгаа. Манай хүү хүнд зодуулж эд зүйлээ алдсаныхаа маргааш 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Мөнгөнгүүр” эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн 4 хоног нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн эмнэлгээсээ нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний хагалгааны тасагт шилжиж 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хагалгаанд орсон. Манай хүү З 2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед Ганданд байх Хийморь нэртэй шашны эд зүйл зарж борлуулдаг дэлгүүрийн хоёр давхарт байрлах Згийн ажиллуулдаг цайны газрын хоёр өдрийн орлого болох 520.000 төгрөгийг аваад модны хоёрт байх Хийморь нарийн боовны цехэд очсон. Тэр үед З надаас тухайн цайны газрынхаа орлогоны мөнгийг тоолж авсан. Тэр өдөр манай ажилчдын цалин буудаг өдөр байсан тул бүх ажилчиддаа цалингаа тавиад З хамгийн сүүлд надаас 520.000 төгрөгөө авсан. Харин манай хүү хэлэхдээ тухайн орой нь Этай хамт гадуур гарахдаа 520.000 төгрөгнөөсөө тооцоо хийж 400.000 төгрөг үлдсэн гэж хэлсэн. Тийм учраас тухайн мөнгө нь байсан болох нь үнэн байгаа юм. Зтай уулзахад ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй зүгээр байсан ер нь хамт амьдардаг учраас хүүгээ өдөр болгон хардаг тэр үед ямар ч гэмтэлгүй зүгээр байсан. ...” /1хх 66-67/,

гэрч Ц.Бын “... Би Үлэмжийн чанар төвд ажилладаг юм. 2017 оны 1 дүгээр сарын 05-ны шөнө 01-02 цагийн үед санагдаж байна манай харуулын цэг дээр З болон Э нар нь гүйгээд орж ирсэн ба Згийн хамар амнаас нь цус гарчихсан байсан. Надад Баянаа ахаа бид хоёр дээрэмдүүлчихлээ утсаа өгөөч гэж хэлээд миний утсаар өөрийнхөө эхнэр рүү ярьж дуудсан ба удалгүй эхнэр нь ирээд хамт явцгаасан. ...” /2хх 3-4/,

гэрч А.Бгийн “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхрийн ажиллуулдаг нарийн боовны цехийн цалин тавьдаг өдөр байсан ба өдөр нь нөхөр ажилчдынхаа цалинг өгөөд тэр оройноо хамт ажилладаг Э гэх залуутай нэг газар жаахан сууж байгаад очъё гэж надад хэлсэн. Ингээд шөнө хэдэн цаг болж байсныг санахгүй байна над руу нэг танихгүй дугаараас залгаад “үлэмжийн чанар" нэртэй нарийн боовны цех дээр хүрч ирээд намайг аваач хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би гэрээсээ ганцаараа гараад такси бариад явж очиход манай нөхөр харуулын футек дотор сууж байсан ба гадаа харанхуй байсан тул утасныхаа гэрлийг асааж нүүр царайг нь харахад нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон хавдаад нүүр нь бараг тэгширчихсэн өмсөж байсан хувцаснууд нь цус болчихсон ганцаараа байсан. Эыг нь хаачсан талаар асуухад эхнэр нь ирээд аваад явсан гэж байсан. ...” /2хх 82-83/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1323 дугаар “Д.Згийн биед дух ясны хоёр талын фроталь синусын урд хана /духны гадна ялтас/, хамар ясны 2 хажуу хана, баруун талын хоншоорын хөндийн өмнөд хана дайрсан нийлмэл хугарал /Le-Fort-2 хэлбэрийн хугарал/, 2 нүдний ухархайн дээд хана, дотор ханын хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх 74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 714 дүгээр “Урьд гаргасан №1323 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Д.Згийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Д.Згийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө үүссэн байх боломжгой байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал нүүрэнд нэг удаа өшиглөх үед үүсэх боломжтой.” /3хх 49-50/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу шүүгдэгч Ж.О, Д.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Б, Г.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Прокуророос шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах бусдыг басамжлан доромжлох гэмт санаа зорилго тогтоогдоогүй” гэсэн үндэслэл зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд учир дутагдалтай шийдвэр  болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж эхэлсэн ба дээрх зүйл шинээр гэмт хэрэгт тооцогдох болсон тул хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнөх үйлдлийг гэмт хэрэг мөн эсэх талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарыг бүлэглэж, хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.О, Д.Ц нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От 03 жил хорих ял, шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарт тус бүр 02 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.О, Д.Ц нарт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно.” гэж,

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь  хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарт 2 жил хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ж.Оын урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Цд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, бүсчлэлийг оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул үүнд шүүгдэгч Д.Ц, Д.Б нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс,  Г.Тыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр оршин суух газрыг нь тогтоож, тухайн шүүгдэгч нарын оршин суугаа хаягаар бүсчлэлийг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 299 хоногийг 228 хоног гэж буруу тооцсоныг зөвтгөх нь зүйтэй байна.

   Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Ц.Б, Г.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ж.Оын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/701 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

4 дэх заалтад “..., бүсчлэлийг оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.” гэснийг “..., бүсчлэлийг шүүгдэгч Д.Ц, Д.Б нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Г.Тыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоосугай.” гэж,

8 дахь заалтад “... шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 228 хоногийг ...” гэснийг “... шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 299 хоногийг ...” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                               ШҮҮГЧ                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ