Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 150

 

“ЦМС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НМХГ-ын УБ Д.Г-т

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                         Г.Банзрагч

                                         Б.Мөнхтуяа

                                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:  Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...Улсын мэргэжлийн хяналтын газрын БТХ-ынулсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0002 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0133 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагч Д.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тамир нар, Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0002 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.9. 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын мэргэжлийн хяналтын газрын БТХ-ынулсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “Нандин эрхэм” ХХК-иас Улсын мэргэжлийн хяналтын газрын БТХ-ынулсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот актын улмаас учирсан хохирол 770,089,736.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0133 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0002 дугаар шийдвэр тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Барилгын тухай /2008 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч “ЦМС” ХХК-аас НМХГ-ын БТХ-ынУБ Д.Г-т холбогдуулан гаргасан “Улсын мэргэжлийн хяналтын газрын БТХ-ынулсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч “ЦМС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Нандин-Эрхэм” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тамир нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “ЦМС” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 133 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас доор дурдсан үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэрэглээгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын БТХ-ынулсын байцаагч Д.Ганчимзг нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07/151 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу “Нандин смарт таун” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын угсралтын үйл ажиллагаанд” хяналт шалгалт хийх ёстой байсан. Барилгын тухай хуулийн /2008 он/ 3.1.2-д “барилгын ажил" гэж бүх төрлийн барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг” хэлнэ гэж заасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1-д заасан болон дээрх удирдамжид заасны дагуу Улсын байцаагч “ЦМС" ХХК /Барилгын захиалагч/, “Нандин-Эрхэм” ХХК /Барилгын Ерөнхий гүйцэтгэгч/-ын барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль, дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж дүгнэлт гаргах ёстой. Гэтэл Улсын байцаагч 2015 оны 06 дугаар сарын 30-ны 07/153/405 тоот дүгнэлтээрээ дээрх хуулийн этгээдүүдийн явуулж буй барилгын үйл ажиллагаанд бус харин Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудаар эрх олгогдсон төрийн захиргааны байгууллагын өнгөрсөн хугацаанд гаргасан хүчин төгөлдөр дараах “Захиргааны акт”-уудыг хянаж буруутгасан дүгнэлт хийсэн.

5. Үүнд: 1. Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Олимп хотхоны ерөнхий төлөвлөлт”, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 03 дугаар сарын 18-ны 174 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, дээрх даалгаварт үндэслэн баталсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн баталсан эх загвар зураг, “Зэдпрожект” ХХК-ийн боловсруулж Барилгын хөгжлийн төв 2015 оны 199/2015 магадлалын ерөнхий дүгнэлт хийгдсэн ажлын зураг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 08 дугаар сарын 01-ний 0000514, №342/2013 дугаар бүхий барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, улмаар “Барилга угсралтын ажлыг зогсоох тухай” 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот “Барилгын ажлыг зогсоох тухай улсын байцаагчийн акт”-аараа дээрх актуудын үйлчлэлийг, үүний дотор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 08 дугаар сарын 01-ний 0000514, №342/2013 дугаар бүхий “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ыг түдгэлзүүлж зогсоох шийдвэр гаргасан. Дээрх захиргааны актуудын талаар тус акттай холбогдуулан гомдол гаргасан тохиолдолд Захиргааны ерөнхий хууль /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд/ заасан журмын дагуу дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтан хянаж дүгнэж урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэнэ. Цаашлаад Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж актын биелэлт түдгэлзүүлэх арга хэмжээ авуулах хүсэлт гарган шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэж, “Захиргааны акт” хуульд нийцсэн эсэх талаар шүүх эцэслэн шийдвэрлэх журамтай. Гэтэл УБ Д.Г- өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн, зэрэгцээ төвшний төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж дүгнэж, түдгэлзүүлж “Захиргааны хэргийн шүүх”-ийн ажлыг хийсэн. Энэ талаар анхан шатны шүүх “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д “Хуулийн этгээдийн явуулж буй үйл ажиллагаа" гэдэгт төрийн байгууллагуудаас өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу хийж гүйцэтгэж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу гаргасан захиргааны акт гаргах үйл ажиллагаа хамаарахгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан акт гэсэн тайлбар үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Магадлалд “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан нь тус хуулийн 22.1-д заасантай уялдуулж ойлгоно гэж захиргааны үйл ажиллагаа эхлэх нөхцөлтэй холбогдуулан тайлбарлаж хэрэглэснийг хүлээн зөвшөөрнө. Харин Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасныг зөвхөн тус хүрээнд авч үзэх нь хэтэрхий явцууруулж тайлбарласан гэж үзэж байна. 47.1.6-д заасан “эрхэд халдах хуульд заасан үндэслэл” иргэн хуулийн этгээдтэй холбоотой захиргааны харилцаа эхлүүлэхээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 37.5-д тодорхойлсон “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах байдлаар” эрхэд халдах /хязгаарлалт тогтоох/ шийдвэр гаргахад тухайн хуулиар бүрэн тодорхойлж заасан аль нэг үндэслэл бүрдсэн байхыг ойлгоно. Энэ талаар анхан шатны шүүхийн “Мөн улсын байцаагч нь Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагаанд мөн хуулийн 25 зүйлд заасан хяналтыг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдээс барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, норм, дүрэм стандарт, холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, албан даалгавар, дүгнэлтийн дагуу барилгын ажил явуулж байгаа эсэхэд хяналт тавих эрх хэмжээтэй болохоос төрийн байгууллагаас хуулийн этгээдэд олгосон зөвшөөрөл, дүгнэлтийг хянаж, захиалагч “ЦМС” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоох эрх хуулиар түүнд олгогдоогүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д ”иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэл тогтоогдох байна” гэж бүрэн дүүрэн дүгнэлт хийсэн. Энэхүү шийдлийг тодорхой хууль хэрэглээний тайлбаргүйгээр хүчингүй болгосон.

7. Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Магадлалд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн "хяналт шалгалт" гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг" хэлнэ гэж заасны дагуу “нэхэмжлэгчийн барьж буй орон сууцны барилгын зураг төсөл нь барилгын норм дүрэмд нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн байна” гэжээ. Өмнө дурдсанчлан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07/151 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар “Нандин смарт таун” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын угсралтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ёстой байсан. Үүнд ямар ч зураг төсөлд хяналт тавих чиглэл өгөгдөөгүй. “Барилгын тухай хууль" /2008 оны/ 25.2-д "Барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль-д заасан эрх, үүргээс гадна дараах чиглэлээр хяналт шалгалт явуулна”, 25.2.10-т “зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэхтэй холбогдсон зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах" эрхтэй гэсэн ерөнхий заалтыг хэрэглэн дүгнэлт хийсэн. Тус хуулийн 3.1.1-д “зураг төсөл" гэж барилга байгууламжийг барих, засвар, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг хэлнэ гэж заасан. Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын зураг төслийн чанарт тус зураг төслийн боловсруулж буй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зураг батлагдахаас өмнөх шатанд буюу магадлалын дүгнэлт гарахаас өмнөх шатанд хяналт тавина. Тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн боловсруулж хүргүүлсэн зураг төсөлд Барилгын тухай хууль /2008/-ны 13.1-д “Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно”, 6.2-д ”Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.2.8-д ”барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох”, 6.2.9-д “магадлал хийх ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу Барилга хот байгуулалтын газрын харьяа "Барилгын хөгжлийн төв” магадлал хийнэ. Тус магадлал нь мөн хуулийн 3.1.8-д “барилгын зураг төслийн магадлал” /цаашид “магадлал” гэх/ гэж барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, архитектур, хот төлөвлөлт, үндсэн бүтцийн бат бэх, инженерийн хангамжийн техникийн шийдэл, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, байгалийн баялгийг зохистой ашиглах, үйлдвэрлэлийн технологийн сонголт нь барилгын норм, дүрэм, стандартын шаардлагыг хэрхэн хангасныг тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагааг хэлнэ” гэж заасны дагуу бие даасан хяналт шалгалтын процессын үр дүнд гаргасан “Захиргааны акт” юм. Харин нэгэнт зураг төсөл боловсруулах шат, магадлалын ажил хийх шатанд хяналт шалгалт хийгээгүй тохиолдолд тэдгээр шат дууссаны дараа мэргэжлийн хяналтын улсын байцаагч дахин хяналт шалгалт хийх эрх байхгүй. Энэ үед Улсын байцаагчид Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д “шинээр барьж байгаа барилга байгууламж, тэдгээрийн шинэчлэл, их засварын ажлын чанар”, 25.2.2-д “барилгын материал, түүхий эд, эдлэхүүний чанар”, 25.2.3-д “хот байгуулалтын баримт бичиг, зураг төслийн хэрэгжилт" гэж заасан ажлуудад хяналт тавих эрх хэмжээ байгаа бөгөөд удирдамж иймээс удирдамж “барилгын ажил” гэж хяналт шалгалтын хүрээг тодорхойлсон.

8. Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн нь шүүхийн хяналт руу халтиран орох үндэслэл болсон байна. Мөн захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь түүний илт хууль бус шинжээс гадна дараах хууль зөрчсөн байдлыг үл харгалзаж шүүхээр дархалж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох” гэж заасан үндэслэл үүсээгүй байхад зогсоосон.

9. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-д “Шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагч тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ” гэж заасан журмыг зөрчиж ахлах байцаагчаар хянуулаагүй.

10. “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4 дүгээр хавсралтын 1.6-д заасан 16 давхар бол 45 м гэж заасныг хэрэглэсэн нь Барилгын тухай хуулийн /2008/-ны 9.1-т “А зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй байна” гэж заасныг журамлан орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (ээвэрлэлтийн) хангамж БНбД 23-04-07-ын 3.1-д “..орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны тусгалын шууд тусгалын үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана” гэж заасныг зөрчиж шууд хамааралтай нормыг хэрэглээгүй алдаатай шийдвэр болсон.

11. “ЦМС” ХХК-ийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар 2008 ны 05 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан харин гомдол гаргасан иргэний амьдарч буй “Кусацу принт” ХХК-ийн 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдөр буюу нэг сарын дараа батлагдсан бөгөөд хэрэв зөрчилтэй гэж үзвэл “ЦМС” ХХК-ийн баримт бичиг бус, “Кусацу принт” ХХК-ийн баримт бичиг зөрчилтэй байгаа нөхцөлийг харгалзан үзээгүй.

12. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 133 тоот магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

14. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Олимп виллаж” хотхоны 201 дүгээр орон сууцны 206 тоотод оршин суугч Н.Энхцолмонгоос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “...Манай байрны зүүн талын айлуудын байгалийн гэрэлтүүлгийг хааж, дороо сантехник-инженерийн шугам сүлжээтэй газарт 18 давхар орон сууц үйлчилгээний барилга барихаар холбогдох хууль болон норм дүрэм стандартуудыг зөрчиж батлагдсан зураг төсөл бичиг баримтгүйгээр барилгын ажил эхлээд байна. Арга хэмжээ авч өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

15. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын даргын баталсан 2015 оны “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх” 07/151 дүгээр удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа “ЦМС” ХХК-ийн “Олимп” хотхон орон сууц үйлчилгээний барилгад 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийж, “ЦМС” ХХК-ийн “Олимп” хотхоны үйлчилгээтэй орон сууцны барилгын хананаас “Олимп виллаж” хотхоны 201 дүгээр байрны хана хүртэл 25.18 метр зайтай байхаар барилгажих талбайн схем зураг болон эх загвар зураг ажлын зураг төслийг баталж, магадлан хяналт хийсэн, дагуу баригдаж байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 07/153/405 тоот дүгнэлт гаргажээ.

16. Уг дүгнэлтэд зөрчилтэй архитектур төлөвлөлтийн даалгавар болон эх загвар зураг /эскиз/, ажлын зураг төслийг баталгаажуулсан нь зөрчил гарах үндсэн шалтгаан болсныг дурдаж, “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн холбогдох шаардлагыг хангасан архитектур төлөвлөлтийн даалгавар болон эх загвар зураг /эскиз/, ажлын зураг төслийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгэх нь зүйтэйг заасан байна.

17. Үүний зэрэгцээ мөн улсын байцаагчийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот актаар “ЦМС” ХХК-ийн “Олимп” хотхоны үйлчилгээтэй, орон сууцны барилга угсралтын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авч ажиллах тухай 2016 оны 7/1822 дугаар албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгджээ.  

18. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх маргаан бүхий дүгнэлт, актад дурдагдсан “...“Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалт зөрчигдсөн” гэх асуудлаар маргаагүй, харин “...улсын байцаагч өөрт олгосон эрх хэмжээг хэтрүүлж, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан захиргааны актын талаар бие даан дүгнэлт хийж түүний үйлчлэлийг зогсоох эрх хэмжээ байхгүй..., ...дүгнэлт, акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус...” гэж, хариуцагч нь “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан улсын байцаагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалт хийж, акт дүгнэлт гаргасан, хууль зөрчөөгүй...” гэж тус тус маргасан байна.

19. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1.1-д “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг ойлгоно”, 5.2-т “...төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх...”, 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, ...бусад үндэслэлээр хийнэ”, 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж тус тус заасан бүрэн эрхээ хариуцагч улсын байцаагч нь зөв хэрэгжүүлж, иргэний гомдлоор, эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалт явуулсан байна.

20. Мөн шалгалтаар “ЦМС” ХХК-ийн “Олимп” хотхоны “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалтыг зөрчсөн байгааг илрүүлж, барилга угсралтын ажлыг түр зогсоохоор шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох...,...”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, Барилгын тухай хуулийн /2008/ 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Барилга байгууламж гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж хийгдсэн зураг  төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц...” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “Барилга байгууламжид тавих техникийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллах барилгын улсын байцаагч ...хэрэгжүүлнэ”, 25.2.1-д “Шинээр барьж байгаа барилга байгууламж...”, 25.2.10-т “зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэхтэй холбогдсон зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах” гэж тус тус заасантай нийцжээ.

21. “...Эрх бүхий байгууллагуудаас зохих журмын дагуу авсан зөвшөөрлийн үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэж байгаа...” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь “барилгын ажлыг түр зогсоох” тухай хариуцагчийн актыг буруутгах үндэслэл биш, учир нь, маргаан бүхий захиргааны актууд нь хяналт шалгалтын явцад илэрсэн “зөрчилтэй архитектур төлөвлөлтийн даалгавар болон эх загвар зураг /эскиз/, ажлын зураг төсөл”-ийг зөвтгөх, тухайн алдааг залруулахад чиглэгдсэн, энэ нь дээрх хуулиудад заасан хариуцагчийн бүрэн эрхэд хамааралтай учир Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

22. Иймээс “...барьж буй барилгын үйл ажиллагаанд бус харин хуулиар эрх олгосон төрийн захиргааны байгууллагуудын өнгөрсөн хугацаанд гаргасан хүчин төгөлдөр захиргааны актуудыг хянаж..., өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан, ...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

23. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу маргааны гол үйл баримтуудын хүрээнд хэргийг хянаж, хариуцагч улсын байцаагчийн акт, дүгнэлт гаргасан ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэн талаар зөв дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах Төрийн хяналт шалгалтын, Барилгын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0133 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                    Л.АТАРЦЭЦЭГ