Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00721

 

 

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00721

 

Н.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/00535 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Д-ийн хариуцагч Б.У, Б.М нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У, Б.М нар нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөнгө хэрэгтэй байна, туслаач гэсэн тул харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр caрын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 5 000 000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, хоногийн 0,5 хувийн алданги тохиролцож зээлийн гэрээ хийсэн. Мөн зээлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Б.У, Б.М нар нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 1 саpын 10 хувийн хүү болох 10 сарын 5 000 000 төгрөгийг өгсөн нь үнэн болно. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 8 cарын хүү болох 4 000 000 төгрөг болон үндсэн мөнгө болох 5 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Мөн дахин 2019 оны 4 дүгээр cарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 4 000 000 төгрөгийг 1 сарын 10 хувь, 1 хоногийн 0,5 хувийн алдангитай байхаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн төлбөрөө төлж байгаад сүүлдээ төлөхгүй байсан тул 2 удаагийн зээлийг хамтад нь нэхэмжилсэн. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлсэн мөнгөний үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, нийт 8 сарын хүү 4 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг нэхэмжилж байна. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлсэн мөнгөний үндсэн төлбөр 4 000 000 төгрөг, нийт 7 сарын хүү 2 800 000 төгрөг, нийт 6 800 000 төгрөг төлөхөөс 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг өгсөн. 6 800 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг хасч 3 800 000 төгрөг нэхэмжилсэн, хүү, алданги нэхэмжлээгүй. Хариуцагч нараас нийт 17 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оноос эхлэн Н.Д-с бага хэмжээний зээл авч хүүгийн хамт үргэлж төлдөг найдвартай зээлдэгч байсан. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 10 хувийн хүүтэйгээр 5 000 000 төгрөг, мөн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатай 4 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн. Хоёр гэрээний дагуу авсан зээлийн төлбөрт нийт 12 120 000 төгрөгийг төлсөн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй зүйл нь хуульд зааснаар төлбөрийг эхлээд үндсэн зээлийг, дараа нь хүү төлөх журмаар тооцвол төлбөр төлөгдсөнд тооцох боломжтой байна. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлсэн 5 000 000 төгрөгийг төлсөн баримтууд хавтаст хэргийн материалд авагдсан. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд эхлээд үндсэн зээлээ төлөөд дараа хүү, алданги төлнө гэж зохицуулсны дагуу энэ дарааллаар төлбөр төлөх ёстой гэж үзэж байна. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг төлсөн. Хуульд заасан зээл төлөлтийн дарааллаар 5 000 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг хасч 4 500 000 төгрөг үлдсэн. Хүү нь 450 000 төгрөг болно. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг төлсөн. 2 сард нийт 1 000 000 төгрөг төлсөн. 4 500 000 төгрөгөөс 1 000 000 төгрөг хасаад 3 500 000 төгрөг үлдсэн. Хүү нь 350 000 төгрөг бодогдож байна. 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 3 сард нийт 800 000 төгрөг төлсөн. 3 500 000 төгрөгөөс 800 000 төгрөг хасаад 2 700 000 төгрөг үлдсэн. Үүний сарын хүү нь 270 000 төгрөг болж байна. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, нийт 700 000 төгрөг төлсөн. 2 700 000 төгрөгөөс 700 000 төгрөгийг хасаад 2 000 000 төгрөг үлдсэн. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөг дахин зээлсэн. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж төлсөн мөнгөө 2 зээлэндээ хувааж төлсөн. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 400 000 төгрөг, нийт 900 000 төгрөг төлсөн. 2 зээлээс тус бүр 450 000 төгрөг хасагдана. 2 000 000 төгрөгөөс 450 000 төгрөг хасахаар 1 550 000 төгрөг үлдээд хүү нь 155 000 төгрөг бодогдоно. 4 000 000 төгрөгийн зээлээс 450 000 төгрөг хасагдаад 3 550 000 төгрөг үлдсэн үүнээс 355 000 төгрөгийн хүү бодогдоно. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төгрөг хийсэн. Зээл тус бүрээс 450 000 төгрөгийг хасна. Эхний зээлийн үлдэгдэл 1 550 000 төгрөгөөс 450 000 төгрөг хасахаар 1 100 000 төгрөг, хүү нь 110 000 төгрөг болж байна. 4 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 3 550 000 төгрөгөөс 450 000 төгрөгийг хасахаар 3 100 000 төгрөг, хүү 310 000 төгрөг болж байна. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 400 000 төгрөг, нийт 900 000 төгрөг төлсөн. Үүнийг 2 зээлэнд хувааж төлөөд эхний зээлийн үлдэгдэл 650 000 төгрөг, хүү 65 000 төгрөг, дараагийн зээлийн үлдэгдэл 2 650 000 төгрөг, хүү 265 000 төгрөг болж байна. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 400 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөг төлсөн. 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээл төлөхөд 5 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дууссан. Зээл тус бүрээс 700 000 төгрөг хасахад эхний зээлийн үлдэгдэл 650 000 төгрөг төлөгдөөд 50 000 төгрөг үлдсэн нь хүүнээс хасагдана гэж үзэж байна. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг хийсэн. Эхний зээлийн хүүнд 250 000 төгрөг хасч дараагийн зээлийн үлдэгдэл 2 650 000 төгрөгөөс 950 000 төгрөг хасахад 950 000 төгрөг үлдэж байна. 4 000 000 төгрөгийн зээл 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дууссан. 5 000 000 төгрөгийн хүү 2 170 000 төгрөг, 4 000 000 төгрөгийн хүү 1 025 120 төгрөг болж байна. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үндсэн төлбөрт 9 020 000 төгрөг төлсөн. Тооцооллоор 800 000 төгрөг илүү төлсөн байдаг. Баримтаар 800 000 төгрөгийн баримт гарч ирээгүй. Нийт 12 800 000 төгрөг төлсөнөөс үндсэн зээлэнд 9 020 000 төгрөг, хүү 3 195 120 төгрөг төлөөд илүү мөнгө үлдсэн. Нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Зээлийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хийгээд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Зээлийн гэрээний хугацаа сунгасан байхад алданги төлөгдөхгүй. 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл 13 хоногийн хугацаа хэтэрсэн, гэхдээ зээлээ төлсөн учраас тооцогдох хүү байхгүй, алданги төлөх ямарч үндэслэлгүй. 4 000 000 төгрөгийн зээлийн хувьд алданги нэхэмжлээгүй. Хариуцагч нар гэрээний хугацаанд төлбөрөө төлсөн. Нийт 12 800 000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагчийн төлсөн төлбөрүүдийг зээл хүүнээс зэрэг хасахад 195 320 төгрөгийн хүү үлдсэн байсан. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хүүгийн хэмжээ өндөр байна. Хүүгийн хэмжээг арилжааны банкуудын дунджаар бодохгүй юм гэхэд 8 хувийн хүүгээр бодоход эргүүлж мөнгө авахаар байсан боловч илүү гарсан мөнгийг нэхэмжлэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.У, Б.М нараас зээлийн гэрээний үүрэгт 11 106 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 193 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У, Б.М нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 192 654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй зөрчсөн ба хуралдаанд үүнийг тодорхой тайлбарласан боловч хайхралгүй орхисон болно. Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасны дагуу зээлийн хүүг багасган тогтоолгохоор хүсэлт гаргасаар байтал шүүх анхаарч үзээгүй болно. Иймд анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Б.У, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 4 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3 800 000 төгрөг, нийт 17 300 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 6-8 дах талд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн бичгийн зээлийн гэрээнүүд авагдсан байх ба 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Н.Д нь зээлдэгч Б.У, Б.М нарт 5 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, дээрх зээлийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурсан байна. Иймд талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийж, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Б.У, Б.М нарт дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасантай нийцжээ.

 

Хариуцагч Б.У нь өөрийн нэр дээрх Хаан банкны 5014135244 тоот данснаас нэхэмжлэгч Н.Д-ийн Хаан банкны 5017005404 тоот данс руу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 210 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, нийт 8 810 000 төгрөгийг, хариуцагч Б.М ын данснаас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 400 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 400 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 219 000 төгрөг, нийт 1 519 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэргийн 28-48 дах талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч нар зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа нь эдийн засгийн хувьд зээлдэгч нарт илтэд хохиролтой байгаа тул зээлийн хүүгийн хэмжээг багасгуулж арилжааны банкны хүүгийн дунджаар тооцуулах тухай хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх Монгол Улсад тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэдэг банкуудын зээлийн хүүгийн хэмжээтэй харьцуулан зохигчид зээлийн гэрээний хүүг сарын 10 хувь гэж тохиролцсоныг хэт өндөр буюу зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтойгоор тогтоогдсон гэж үзсэн нь хуульд нийцжээ. Тодруулбал, зээлийн хүүгийн хэмжээг багасгаж 8 хувиар тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Н.Д 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүг 8 хувиар тооцож 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 18 сарын хүү 7 200 000 төгрөг, нийт 12 200 000 төгрөгийг хариуцагч Б.У, Б.М нараас шаардах эрхтэй бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Б.У ийн төлсөн 5 810 000 төгрөг, Б.М ын төлсөн 1 519 000 төгрөг, нийт 7 329 000 төгрөгийг гэрээний үүрэгт төлбөл зохих 12 200 000 төгрөгөөс хасч тооцож, үлдэх 4 871 000 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй байна.

 

Талууд зээлийн гэрээгээр гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээгээр тохиролцсон алдангийг хариуцагч нараас шаардах эрхтэй, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 4 871 000 төгрөгөөс алданги тооцож 2 435 500 төгрөгийн алдангийг хариуцагч нараас гаргуулсан нь Иргэний хуулийн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүүг 8 хувиар тооцож 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 12 сарын хүү 3 840 000 төгрөг, нийт 7 840 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нараас шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь хариуцагч нарын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний үүрэгт тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3 800 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.У, Б.М нараас 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл 4 871 000 төгрөг, алданги 2 435 500 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3 800 000 төгрөг, нийт 11 106 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 193 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж талуудын зээлийн гэрээгээр зээлийн хүүг 10 хувиар тохиролцсон нь хүүгийн хэмжээ хэт өндөр гэж үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасны дагуу зээлийн хүүг багасгаж 8 хувиар тооцсон нь зөв байх тул энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/00535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын төлсөн 192 654 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ