| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2018/0021/Э |
| Дугаар | 000035 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 000035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Б.О, Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Д.Э нарт холбогдох эрүүгийн 1725000000253 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн Гок гарден хотхонд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овгийн Б-ын О,
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний Эрчим хүчний цехэд ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И овгийн Д-ын Э,
Шүүгдэгч Б.О нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу эрх” кафед 2017 оны 12 сарын 02-ны өдөр хохирогч Д.Э-ийнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу эрх” кафед 2017 оны 12 сарын 02-ны өдөр хохирогч Б.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 сарын 03-ны өдөр урьд нь хамт ажиллаж байсан Бямбажав дуудаад би “Оюу эрх” кафед ирж ууцгаасан. Тэгээд тарах болж би Ттай хамт явж хүмүүсийг хүргэж өгсөн. Тэгээд явж байхад Э Т-ын утас руу залгаж хүрээд ир гэсэн байсан. Тэгээд очиход бидэнтэй 2 цагдаа зөрсөн. Ороход Э цагдаа ирээд кафены бичиг баримт хураагаад авчихлаа. Чи цагдаа дуудсан уу гээд над руу дайрч элдвээр доромжилсон. Тэгээд намайг үсдээд доош нь дараад байхаар нь би гарыг нь тавиулах гээд гэдсэн дээр нь хазсан. Гарыг нь бас хазсан байх. Аймаар өвдсөн болохоор гарыг нь тавиулах гэсэн юм. Тэгээд би зугтаагаад гарч явсан. Маргааш нь очиход намайг хөргөгчийг унагаасан, пивоны шил шидсэн гэсэн.. Үүнийг камераар шалгуулъя гэхэд камер нь ажиллахгүй байна гэсэн. Би үүнд гайхаад байгаа юм. Эд гомдолтой байна. Энэ хүнийг үйлдлийг болиулах арга хэмжээ авахуулмаар байна. Намайг хүнд хулгайч гэж хэлсэн байсан гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Д.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 сарын 02-ны өдөр манай ажлынхан тэмцээнтэй байсан. тэгээд би багийнхандаа хоол аваачиж өгсөн. Тэгээд кафедаа буцаж ирээд байж байхад манай ажлынхан ирсэн. Бямбажав нь О-тай арын өрөөнд суугаад пиво ууж байсан. Энэ хоёр 12 ширхэг пиво авч уусан. Орой болж явцгаасан. Ттай хамт О нь Буйданг хүргэж өгсөн гэсэн. Ихэнх улсууд нь яваад залуу улсууд нь үлдсэн байсан. Цөөхүүлээ Нэргүй, О, Дагвасамбуу нар үлдсэн. Дагвасамбуу нь тасраад уначихсан байсан. 00 цаг өнгөрч байхад цагдаа орж ирээд кафены зөвшөөрөл хурааж авч явсан. Би О-д зөвшөөрлөө хураалгасан гэж хэлээгүй. Цагдаа явсаны дараа О нь Тыг тархи толгойгүй цохиод байхаар нь би наадах чинь авгай хүүхэдтэй хүн гэж хэлэхэд сагсалзаад байсан. Тэгэхээр нь би О-ийг тэвэрч аваад дарсан. Үс нь энэ үед зулгаадсан байж магадгүй. Миний гэдсийг хазсан. Тэгээд О гарч явахдаа үүдэнд байсан хөргөгчийг унагаачихаад явсан. Би О-ийг цохиогүй, надад буруу байхгүй. О-ийн биед хөнгөн гэмтэл хэн учруулсныг мэдэхгүй. Би жаахан халаалттай л байсан. О над руу пивоны шил авч шидэхээр нь би барьж аваад дарсан. Одоо эмчилгээнд явах гэж байгаа. Энэ хүн манай кафед урьд нь орж ирж байснаа хүлээхгүй байна. Тэгэхээр хөргөгч унагааснаа хүлээхгүй юм байна. Тэр өдөр манай ажилтан камерын нэг юм болохгүй байна гэж хэлж байсан. Манайхыг камергүй гэдгийг О мэдэж байгаа. Би хөргөгч засварын үнэ 165.000 төгрөгийг нэхэмжилнэ. Харин нь дотор нь байсан жаахан хонхойсон байсан пивоны үнийг нэхэмжлэхгүй байгаа. Цаашдаа энэ хүнтэй харьцахгүй. Хол явмаар байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хэргийн улмаас надад тархины доргилт учирсан байна гэсэн. Хүзүү хөшсөн байсан. Эмчилгээ хийлгэсэн талаар баримт байхгүй. Эмчилгээний зардал 1.500.000 төгрөг нэхэмжилнэ. Миний хувьд гомдолтой. 1.500.000 төгрөгний хувьд баримтгүй. Хот явж толгойны зураг авахуулж үзүүлэх гэж байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний гарын хажуу талд хазсан байсан. Миний гэдсэн дээр шархтай болж тос, эм тариа авч эмчилсэн. Оройдоо халуурч байгаа. Одоо сорвины цаад талд нь нэг хатуу зүйл байгаад байгаа. Шүүхэд эмчилгээний баримт өгөөгүй. Эмчилгээнд 150.000-160.000 төгрөг зарцуулсан. Үүнийгээ нэхэмжилнэ. Цаашдаа нарийн зураг, шинжилгээ хийлгэнэ гэж бодож байгаа. Хөргөгчний хувьд үнэлгээнээс илүү зардал гарсан. Үүнийгээ баримтыг нь бүрдүүлээд нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
-Гэрч О.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 сарын 02-ны өдөр ажлаасаа тараад хамт буусан Мөнхтуул, Дагвасамбуу, Алтангэрэл, Бадмаараг бид манай Оюу-Эрх кафед очиход манай ажлынхан архи дарс уугаад юм яриад сууж байсан. Бид тав цуг суугаад ширээн дээр байсан архинаас хамт уусан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тухайн үед их согтуу байсан. ...Тэгээд би тасраад нэг мэдсэн чинь гэртээ харьчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 35-37 ху/,
-Гэрч А.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тэр үед манай ажлын Бямбажав О-ийг дагуулан ирсэн байсан. Тэрээр нөгөө өрөөнд сууж байсан. Ингээд нилээн орой болсон, хүмүүс ч нилээн согтсон. Хүмүүс ч явцгаасан. Хамгийн сүүлд О, Э, Т бид дөрөв үлдсэн. ... хойд өрөөнд О, Э хоёр маргалдаад эхэлсэн. Хоорондоо маргалдаад зууралдаад байсан. Яг хэн нэгнээ яаж зодож цохисныг хараагүй. Ямар ч байсан хойд өрөөнөөс О-ийг салгаад гаргасан. Тэрээр өрөөнөөс гарсан. Тэгээд зааланд түр тар хийсэн чимээ гарсан. Араас нь Э гарсан. Т мөн араас нь гарсан. Т намайг дуудаж О хөргөгчийг унагачихлаа гэж байсан. Намайг зааланд гараад ирэхэд заалны баруун хойд хэсэгт байсан хөргөгч доошоо уначихсан, дотор байсан бараа тавиур зэрэг нь уначихсан байсан. Тэгээд Т бид хоёр өргөж босгосон гэсэн мэдлүүлэг /хх 43-44 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 07 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.О-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт үүсчээ.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гоо сайхан болон энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 18 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 25 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.Э-ийн биед хэвлийн урд хананд 1 тооны хазагдсан шарх, 2 тооны шалбархай, баруун гарын алганд 1 тооны хазагдсан шарх зэрэг гэмтэл үүсчээ.
2. Уг гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хазах, хазагдах, 2 удаагийн маажих, самардах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
5. Хэвлийн урд хананд үүссэн хазагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
6. Гоо сайхан болон энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 25 ху/,
-Б.О-ийг яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1, 59-62 ху/
-Д.Э-ийнг яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 2, 65-67 ху/
-Эд зүйлийн үнэлгээ /хх 29-30 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 31 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46, 51 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.О, Д.Э нар нь 2017 оны 12 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу эрх” кафед харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.О-ийн “...намайг үсдээд доош нь дараад байхаар нь би гарыг нь тавиулах гээд гэдсэн дээр нь хазсан. Гарыг нь бас хазсан байх” гэсэн, шүүгдэгч Д.Э-ийн “...О нь Тыг тархи толгойгүй цохиод байхаар нь би наадах чинь авгай хүүхэдтэй хүн гэж хэлэхэд сагсалзаад байсан. Тэгэхээр нь би О-ийг тэвэрч аваад дарсан. Үс нь энэ үед зулгаадсан байж магадгүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Нэргүйгийн “...хойд өрөөнд О, Э хоёр маргалдаад эхэлсэн. Хоорондоо маргалдаад зууралдаад байсан. Яг хэн нэгнээ яаж зодож цохисныг хараагүй. Ямар ч байсан хойд өрөөнөөс О-ийг салгаад гаргасан. Тэрээр өрөөнөөс гарсан. Тэгээд зааланд түр тар хийсэн чимээ гарсан. Араас нь Э гарсан. Т мөн араас нь гарсан. Т намайг дуудаж О хөргөгчийг унагачихлаа гэж байсан. Намайг зааланд гараад ирэхэд заалны баруун хойд хэсэгт байсан хөргөгч доошоо уначихсан, дотор байсан бараа тавиур зэрэг нь уначихсан байсан” гэсэн /хх 43-44 ху/ мэдүүлэг, хохирогч Б.О-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт үүссэнийг тогтоосон 07 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.Э-ийн биед хэвлийн урд хананд 1 тооны хазагдсан шарх, 2 тооны шалбархай, баруун гарын алганд 1 тооны хазагдсан шарх зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 25 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О, Д.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.О эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийг, хохирогч Э эмчилгээний зардал 150.000-160.000 төгрөг болон хөргөгчний засварын үнэ 165.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ гэж байх боловч хохирогч нар нь хохиролтой холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул энэ удаа хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч нарыг энэ удаад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар амбулаторийн карт, рентген зураг, гар утасны мессежны хуулбар зэргийг гарган өгч байх боловч эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл рентген зургийн нэр зөрүүтэй, уг мессеж хэний эзэмшлийн гар утасны дугаараас ирсэн, эдгээр нь юуг нотлох гээд байгаа нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Д.Э нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Д.Э нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Д.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА