Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00761

 

Ү Х О БХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00485 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ү Х О БХХК-ийн хариуцагч Ч.С, Б.М, Б.Онарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 144 939 223.23 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.О гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Н.У, хариуцагч Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартааа: Манай банк зээлдэгч Ч.Стай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр БЗС-ХОЗ-17/01 тоот зээлийн гэрээг байгуулж, 150 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр БЗС-ХОЗ-17/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 61 тоот, 33 м.кв орон сууц /ГД:000530652, УБД:Ү-2204005333/, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, зүүн наран 12 дугаар гудамж, 105в тоот, 269 м.кв амины орон сууц /ГД:000579196, УБД:Ү-2205041472/, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, зүүн наран 12 дугаар гудамж, 105в тоот, 259 м.кв газар /ГД:000410930, УБД:Ү-2205004471/ Зээлдэгч Ч.С нь зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бөгөөд банкны зүгээс зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд зээлдэгч Ч.Сгаас 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн БЗС-ХОЗ-17/01 тоот зээлийн гэрээний үүрэг болох зээлийн төлбөр 99 433 875.42 төгрөг, зээлийн хүү 41 302 053.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 193 022.21 төгрөг, нийт 144 919 423.23 төгрөг, нотариатын зардал 19 800 төгрөгийг тус тус гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Ч.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү Х О БХХК-аас 150 000 000 төгрөгийн зээлийг авсан. Одоогийн байдлаар нийт 139 000 000 төгрөг төлсөн байгаа тэгэхэд надаас дахин бүхэл бүтэн 144 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Охин Б.О 3 өрөө байрыг 3 000 000 төгрөгийн барьцаанд авсан. Тэр хэмжээний мөнгө төлөөд эргэж авч болно гэсэн. Одоо эхний ээлжид хүүхдийн байраа авна. Энэ цар тахлын үед бүх бизнес зогсонги байдлыг далимдуулж Ү Х О БХХК их мөнгө нэхэмжилж байна. Энэ бол цаад утгаараа хотын даргаараа түрий барьж байна гэж би хувьдаа бодож байна. Миний тооцооллоор 144 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 100 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Энэ зээлийг судлах юм бол их утга учиртай. Би энэ луйварчдаас болж ажлын байр, орон гэрээ алдмааргүй байна. Уг банк нь надаас 44 000 000 төгрөгийн хүү авахын тулд шүүхэд өгөхгүй ингэж удсан. Би нийт хүүнд 79 900 000 төгрөг, бас алдангид 4 500 000 төгрөг, хүүгийн алданги 2 600 000 төгрөг, нийт зээлээс 50 000 000 төгрөгийг төлсөн болно. Тухайн үед н.Хадаа захирлаас картын зээл, бизнесийн зээл хүсэхэд гаргаж өгөөгүй нь цаанаа учиртай, тэгээд л банк дээр дуудна очихоор энд гарын үсэг зурчих гээд зуруулдаг байсан.Зарим үед тайлбар авдаг. Эхний ээлжид хүүхдийн байрыг суллаж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Ошүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ч.Сгийн төрсөн охин нь болно. Ээж Ч.С маань 2017 оны 01 дүгээр сард Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12 дугаар гудамж, 105в тоотод байрлах хүнсний дэлгүүрийг худалдан авах зорилгоор Ү Х О БХХК-аас 150 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк-аас зээлийн барьцаанд худалдан авч буй Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12 дугаар гудамж, 105в тоот хаягт байршилтай 159 м.кв газар болон 269 м.кв үл хөдлөх хөрөнгө хангалтгүй нэмж барьцаа байх шаардлагатай гэж ээжид маань хэлсэн. Иймд миний бие ээждээ тус болох зорилгоор Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 байр 61 тоот хаягт байршилтай өөрийн ганц эд хөрөнгөөр 2017 оны 1 дүгээр сарын 23 өдөр Ү Х О БХХК-тай зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Ээж Ч.С маань үндсэн төлөлтөөс 50 566 124 төгрөг, хүүгийн төлбөрөөс 79 141 586 төгрөгийг тус тус Ү Х О БХХК-д төлсөн байна. Гэвч хүүгийн төлбөрийг 41 298 264 төгрөг болтол шүүхэд хандахгүй удсанд гайхаж байна. Ү Х О БХХК болон Ч.Стай байгуулсан зээлийн гэрээний барьцааны гэрээндээ барьцаа хөрөнгүүдийг Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12 дугаар гудамж, 105в тоот хаягт байршилтай 159 м.кв газрыг 72 200 296 төгрөг, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12 дугаар гудамж, 105в тоот хаягт байршилтай 269 м.кв үл хөдлөх хөрөнгийг 72 200 296 төгрөг, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 байр 61 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 72 975 200 төгрөгөөр тус тус үнэлж барьцааны гэрээ байгуулсан.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Сгаас 144 939 223.23 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ү Х О БХХК-д олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байр, 61 тоотод орших, 33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204005333 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Ч.С, Б.М нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12-р гудамж, 105в тоотод орших, 269 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12-р гудамж, 105в тоотод орших, 159 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газар зэргийг дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг гүйцэтгүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 952 846.12 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 952 846.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Одавж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нар нь нэхэмжлэгч талд гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь нэхэмжлэгч талд зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг удаа дараа өгч байсан талаар хавтаст хэрэгт тогтоогдсон гэж үзсэн. Гэтэл хариуцагч талаас нэг ч удаа бичгээр зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулах талаар бичгээр хүсэлт өгч байгаагүй бөгөөд нэхэмжлэгч тал нь шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй удаж тэр хугацаандаа зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү бодсон шаардах эрх нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үүссэн нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагдаж байна. Мөн шаардах эрх үүссэн өдрөөс хойш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд нийт 21 327 033,1 төгрөгийг бодсон байна.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх нь үүссэн байхад шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй зээлийн болон нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль бус юм. Мөн анх зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагч Ч.С нь Б.Баатаржавтай хамтран зээл авсан ба Ү Х О БХХК нь Б.Баатаржавыг хариуцагчаар татаагүй бөгөөд Б.Баатаржав нь зээлийн гэрээн дээр өөрөө гарын үсэг зураагүй банк нь Б.Баатаржавын өмнөөс гарын үсэг зурсан учраас хариуцагчаар татаагүй нуун дарагдуулсан. Б.Баатаржав нь гэрээнд өөрийх нь гарын үсэг зурагдсаныг мэдээгүй. Миний бие Б.Баатаржавыг гэрээнд гарын үсэг зураагүйг өнөөдөр мэдсэн ба хэргийн материалд Б.Баатаржавын талаар нэг ч мэдээлэл байхгүй бөгөөд Б.Баатаржав нь хамтран хариуцагчаар шүүх хуралд оролцох ёстой байсан. Анхан шатны шүүхээс дээрх байдлыг харгалзан үзээгүй. Иймд анхны нэхэмжлэлийн шаардлага 144 939 223,23 төгрөгөөс 21 327 033,1 төгрөгийг хасаж 123 586 549,13 төгрөг болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ү Х О БХХК нь хариуцагч Ч.С, Б.М, Б.Онарт холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн БЗС-ХОЗ- 17/01 тоот зээлийн гэрээний үүрэгт 144 919 423.23 төгрөг, нотариатын зардалд 19 800 төгрөгийг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ү Х О БХХК нь хариуцагч Ч.Стай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн БЗС-ХОЗ 17/01 тоот зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, сарын 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.О өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байр, 61 тоотод орших, 33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204005333 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.С, Б.М нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12-р гудамж, 105в тоотод орших, 269 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12-р гудамж, 105в тоотод орших, 159 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. /хэргийн 6-17 дугаар тал/

 

Нэхэмжлэгчээс 150 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Ч.Сгийн дансанд шилжүүлж, хариуцагч Ч.Сгаас үндсэн зээлийн төлбөрт 50 566 124.58 төгрөг, зээлийн хүү 79 141 586.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 200 613.27 төгрөг, нийт 133 908 324.66 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хэргийн 18-49 дүгээр тал/

 

Зээлийн гэрээний 3.1.2-т нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Сгаас үндсэн зээл 99 433 875.42 төгрөг, зээлийн хүү 41 302 053.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 193 022.21 төгрөг, нийт 144 919 423.23 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Уг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үгүйсгэсэн тайлбар, баримтыг хариуцагч гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлсэн гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч Ч.С нь зээлийн гэрээний үүрэгт 144 919 423.23 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан баримтуудыг нотариатаар баталгаажуулж, 19 800 төгрөгийн төлбөр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Анхан шатны шүүхээс хариуцагч Ч.С нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Б.О өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байр, 61 тоотод орших, 33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204005333 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Ч.С, Б.М нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12-р гудамж, 105в тоотод орших, 269 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12-р гудамж, 105в тоотод орших, 159 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасанд нийцнэ. Дээрх гэрээнүүдэд хариуцагч нар гарын үсэг зурсан талаар маргаагүй.

Хариуцагч Б.Одавж заалдах журмаар гаргасан гомдолдоо зээлийн гэрээнд Б.Баатаржав гарын үсэг зураагүй гэх агуулгаар тайлбарлажээ. Анхан шатны шүүхэд хамтран зээлдэгч Б.Баатаржав зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар зохигчид маргаж, мэтгэлцээгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудыг мэтгэлцүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт нийцэх юм. Анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй асуудлын талаар давж заалдах гомдол гаргасан нь мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсгийг зөрчих тул давж заалдах шатны шүүх энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн Б.Баатаржав нь хамтран зээлдэгч тул хариуцагчаар оролцуулах ёстой байсан гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын хэн алинаас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу үнэлсэн байх боловч шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаагийн нэрийг Д.Баярмаа гэж буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа оролцсон болох нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 113-117 дугаар тал/ Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах хэсэгт хариуцагчаас гэснийг хариуцагч нараас гэж давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00485 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт Д.Баярмаа гэснийг Д.Болормаа гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтын хариуцагчаас гэснийг хариуцагч нараас гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.О гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Б.О гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХТӨР