Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 687

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Ашигт  малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МҮ- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий иргэн Б.Б*******, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Н*******гэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Байдраг, М*******ын голын хамгаалалтын бүсэд буюу усан сан бүхий газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй "О*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь хууль бус талаар нэхэмжлэл гаргасан билээ.

Уг МҮ- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын ГУУ-н Кадастрын хэлтсийн даргын 930 тоот шийдвэрээр 2010.08.31-ний өдөр "М*******"  ХХК-д олгож, 2015.04.16-ны өдрийн 294 тоот шийдвэрээр "О*******" ХХК-д шилжүүлсэн болох нь хариуцагчаас хэрэгт ирүүлсэн баримтаас харагдаж байна.

Ашигт малтмалын газрын ГУУ-н Кадастрын хэлтсийн даргаас 2010.08.31-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо болон тусгай зөвшөөрлийг "О*******" ХХК-д шилжүүлэн олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14,11.1.16, 25.1.7-д заасныг зөрчсөн. Тодруулбал:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Энэ хуулийн 24.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана", 25.1.7-д "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэж заасан бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /1998 он/ хуулийн 4.6.3-т заасан ерөнхий үнэлгээнд "байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ” хийлгэх талаар дүгнэлттэй байхад шаардлага хангаагүй баримт, материалыг үндэслэн хуульд заасан хяналт тавих үүргээ биелүүлэлгүй ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус байна.

Хуулийн дээрх заалтыг хангаагүй хэрнээ 2011 онд олборлолт явуулсан хууль бус ажиллагааг нь зогсоосон нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны шийдвэр, түүний хүчин төгөлдөр болохыг тогтоосон шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хэвээр байна. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд одоог хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /1998 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг” хэлнэ гэж заасан.

  Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь 2011, 2015 онуудад олборлолт явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, бусад зөвшөөрөл, баримт бичиггүйгээр ажилласан нь Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.6,27.1.11,35.3.3,35.3.4,35.3.7,35.4, 37.2-т заасныг тус тус зөрчсөн.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн /2012 он/ 7 дугаар зүйлийн 7.1-д "Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ", 7.1.1-д "Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”, 7.2.2-т "Байгал орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ" гэж заасан нь нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

3.Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012.03.20-ны өдрийн 04 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт тухайн үед тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан "М*******” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.8-д "...+-нутаг дэвсгэрийн иргэд, сумын ИТХ-ын саналыг авах”, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 "энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө... байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх”, 39.1.6-д зааснаар "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж... батлагдмагц орон нутгийн захиргааны байгууллагад хүргүүлэх ..." үүргээ биелүүлээгүй нь нотлогдож байна" гэжээ. 

Харин Ашигт малтмалын газар 2010 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.16, 25.1.7-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээс харагдаж байна.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа тул Ашигт малтмалын газрын ГУУ-н Кадастрын хэлтсийн даргын 2010.08.31-ний өдрийн 930 тоот шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МҮ- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад  гаргасан тайлбартаа:

Иргэн Б. Б******* нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МҮ- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу Монголын алт М******* нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа өөрийн эзэмшлийн талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргажээ. АМГ-ын ГУУКХ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг АМТХ-ийн 24, 25 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг хянан үзэж Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэрээр МҮ- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монголын алт М******* ХХК-д олгосон нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Нэхэмжпэгчийн “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх талаар дүгнэлттэй байхад шаардлага хангаагүй баримт, материалыг үндэслэн хуульд заасан хяналт тавих үүргээ биелүүлэлгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус байна” гэж тайлбарласан хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”,  25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж заасны дагуу Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллага нь Байгаль орчны ерөнхий үнэлгээг үндэслэн шийдвэрлэдэг юм.

Өөрөөр хэлбэл АМТХ-ийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 48.6.1-т “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор” гэж тус тус заасны дагуу шинээр Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон хуулийн этгээд нь ордыг ашиглаж эхлэхээс өмнө Техник-эдийн засгийн үнэлгээгээ боловсруулж, хэлэлцүүлсэний дараа Үйлдвэр, худалдааны сайдын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 189 тоот тушаалын хавсралтаар баталсан Уурхай болон уулын үйлдвэрийг хүлээн авах журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал олборлох үеийн бэлтгэл ажлыг хангасан байх. Үүнд: Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гэж заасан нь энэ үед Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байхыг шаарддаг зохицуулалттай.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хариу тайлбарт:

Иргэн Б.Б*******, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Бизъяа болон Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхийг олгосон байдаг ч шүүх, хэргийн бусад оролцогч нарын зүгээс нэхэмжлэлийн анхны шаардлагын хүрээнд нотлох баримтуудыг цуглуулж, тодорхой ажиллагаануудьиг явуулж, хэрэг үүссэнээс хойш 5 сарын хугацаа өнгөрсний дараа, шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн орж ирж байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг гацаах явуургүй зорилго агуулж байна гэж үзэж буйгаа энд тэмдэглэе.

Нэхэмжлэгч нар “Оргил Моунт” ХХК-ны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын газрын ГУУ Кадастрийн хэлтсийн даргын 2010 оны 8 сарьш 31-ний өдрийн 930 тоот шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МҮ- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай болгон өөрчилжээ.

Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:

1.Захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн тухайд юун түрүүнд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тогтоох шаардлагатай байдаг /ЗХШХШТХ-ийн 52.5.1/ . Нэхэмжлэгч нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн зөрчигдсөн, зөрчигдөж буй талаар тодорхой баримт ирүүлээгүй байдаг.

2.Нэхэмжлэгч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон байна гэжээ. “Оргил Моунт” ХХК нь энэхүү тусгай зөвшөөрлийг 2015 оны 4-р сарын 16-нд “М*******” ХХК-аас зохих журмын дагуу шилжүүлэн авсан болно. Ийнхүү шилжүүлэн авахдаа манай компани ямар нэгэн хууль, тогтоомж зөрчөөгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлд заасан журмын дагуу шилжүүлсэн. Ашигт малтмалын газраас тухайн үед хуулийн дагуу асуудлыг хянаж, судалж үзээд тусгай зөвшөөрөл шилжүүлэх шийдвэр гаргасан тул одоогийн манай эзэмшиж байгаа энэхүү тусгай зөвшөөрөлд хууль зөрчсөн, хүчингүй болох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Тухайн үед тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд бүрдүүлж байсан бүх материалууд Ашигт малтмалын газрын кадастрийн хэлтэст зохих журмын дагуу хадгалагдаж байгаа.

3.МҮ- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмалын газрын ГУУ Кадастрийн хэлтсийн даргын 2010 оны 8 сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэр нь гарснаасаа хойш 6 жил болоод байгаа тул хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ч шүүх харгалзан үзэх биз ээ.

4.”Оргил Моунт” ХХК-ны эзэмшлийн ордын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдсэн байгааг нотолсон баримт буюу энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Байгаль хамгаалах журмын эсрэг нэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Б*******нгийн шалгасан шалгалтын дүгнэлт хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага ханган авагдсан байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Захиргааны актыг илт хууль бусад тогтоох үндэслэлүүдийг тодорхой дурдсан байдаг бөгөөд эдгээр үндэслэлүүдээс нэг нь ч нэхэмжлэлийн үндэслэлтэй нийцэхгүй байгаа буюу ийм нөхцөл байдал үүсээгүйг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Б*******, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нь анх Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Оргил Моунт” ХХК-ийн MY- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МҮ- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарууд, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгээгүй байхад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон тул хариуцагчийн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МҮ- тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл нь илт хууль бус захиргааны акт” гэж үндэслэсэн.

 “Монголын алт М*******” ХХК нь MY- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “О*******” ХХК-д шилжүүлэх өргөдлийг зохих журмын дагуу гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэр гарч MY- тоот ашигт малтмалын 1130,73 га бүхий талбайг “О*******” ХХК эзэмших болжээ.

Харин Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын  “М*******ын голын адаг” нэртэй 1130,73 га уурхайн эдэлбэр газарт MY- тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монголын алт М*******” ХХК-нд олгожээ. 

Хариуцагч нь “Монголын алт М*******” ХХК-нд 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр MY- тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж заасныг үндэслэл болгожээ.

“Монголын алт М*******” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хавсаргаж хүргүүлжээ. 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн /1998 он/ 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тогтоохыг”, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхээс өмнө хийгдсэн байна” гэж заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж буй аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгдсэн байх шаардлага болно.

Төсөл хэрэгжүүлэгч “Монголын алт М*******” ХХК-ийн захиалгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч Б.С******* 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт “М*******ын голын адаг” нэртэй газарт “Т*******”, “М*******” ордыг ашиглах Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргасан байна. Дүгнэлтэнд “...байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэж үзжээ. 

Шүүхээс Ашигт малтмалын хууль болон 1998 оны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн заалт ёсоор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүссэн аж ахуйн нэгж нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг зайлшгүй хийсэн байх үүрэгтэй бөгөөд харин нарийвчилсан үнэлгээг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа буюу уурхайн олборлолт явуулж эхлэхээс өмнө хийгдсэн байх шаардлагатай ажил гэж үзлээ. 

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д ”ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг” хэлнэ гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлолтыг шууд явуулах эрхийг олгодоггүй бөгөөд тусгай зөвшөөрлөөр тогтоогдсон эдэлбэр талбайд уурхай болон боловсруулах үйлдвэр барьснаар олборлолт явуулах эрх үүсдэг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүлийн 10.1-д “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.1.11-д “уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авах журмыг батлах”, 35 дугаар зүйлийн 35.4-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь батлагдсан техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу уурхай болон уулын үйлдвэрийн ашиглалтын өмнөх бэлтгэл ажлыг бүрэн хангасны дараагаар зохих салбарын яаманд хүсэлт гаргаж, уурхайг хүлээн авах комисс томилуулан, улмаар комисс нь уурхайд ажиллаж уурхай болон уулын үйлдвэрийг хүлээн авсан тохиолдолд олборлолт явуулж эхэлдэг байна. Ийм ч учир Үйлдвэр, худалдааны сайдын 2007 оны 291 дүгээр тушаалаар “Уурхайг хүлээн авах журам” батлагдсан бөгөөд энэхүү журмын 4.2-т “Уурхай болон боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэн явуулах эрх зүйн баримт бичгийн бүрдлийг бүрдүүлсэн байх. Үүнд: байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” гэж нарийвчлан зохицуулжээ.

 2015 онд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу  “О*******” ХХК-ийн эзэмшиж байгаа MY- тоот тусгай зөвшөөрөл бүхий ордын уурхайг хүлээн авах Улсын комиссыг томилсон байна. Улсын комисс нь орд газар ажиллаад хэд хэдэн үндэслэлээр уурхайг байнгын ашиглалтад хүлээн авах боломжгүй гэж 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэрлэжээ. Үүнд, “орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх буюу нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй”  гэж дүгнэсэн байна. 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн /1998 он/ 4 дүгээр зүйлийн 4.3-т “Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч .... хяналт тавина” гэж зааснаар Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байгаль орчныг хамгаалах хэсгийн Улсын байцаагчийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи судалгааны хэлтэст ирүүлсэн албан бичгээр “... эрэл хайгуулын ажил зохион байгуулсан бөгөөд байгаль орчны  тухай болон бусад хуулийн холбогдох заалтуудыг мөрдлөгө болгон ажиллаж байсан болохыг тодорхойлов” гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээгээр “Монголын алт М*******” ХХК-нд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нэгтгэн дүгнэхэд 2010 онд үйлчилж байсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн /1998 он/ заалтаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагагүй, ерөнхий үнэлгээгээр олгогдох боломжтой байсан тул захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл байхгүй байна. 

Хоёр. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа “Ашигт  малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрийн хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МҮ- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж тодорхойлсон. 

Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Ашигт  малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинж тэмдгийг агуулаагүй буюу хариуцагч захиргааны актыг гаргахдаа бусдын хуулиар хамгаалагдсан нийтлэг эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул дээрх захиргааны актыг  “илт хууль бус захиргааны акт” гэж үзэх боломжгүй болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 10 дугаар зүйлийн 10.1.11, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.7, 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг тус тус баримтлан иргэн Б.Б*******, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хгийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Ашигт  малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрийн хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МҮ- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.ТӨМӨРБАТ