Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/1135

 

   2023           11           28                                          2023/ДШМ/1135

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С, түүний өмгөөлөгч Б.Эрхбаяр,

шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч М.Дамбийням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/750 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан давж заалдах гомдлоор М.Н-д холбогдох 2305 00000 0264 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т овогт М-ийн Н, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг болон түүний хамтран амьдрагчийн хамт ..... тоотод оршин суух хаягтай, /РД: ........./,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;  

Шүүгдэгч М.Н нь 2023 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн .. дугаар хороонд байрлах “Р” нэртэй зочид буудлын 107 тоот өрөөнд хардалтын улмаас амь хохирогч С.С-ын хоолойг боомилж, түүнийг амьсгалын дутагдалд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1213 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 540.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т заасныг баримтлан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 36 хоногоор тооцож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт дүйцүүлэн 90 хоногоор тооцож дээрх ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 15 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 223 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг Аргачлалын 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч М.Н-с 82.500.000 төгрөгийг болон оршуулгын зардалд нэхэмжилсэн 15.213.900 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 8.213.900 төгрөгийг тус тус гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С-д олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн бусад гэм хорын нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/750 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх М.Н-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчээс хохиролд 90.713.900 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэжээ.

1. Хохирлын тухайд:

1.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд нийт 15.123.879 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7.000.000 төгрөгийг төлсөн. Хэрэгт авагдсан хохирлын баримтуудтай танилцахад тамга, тэмдэг байхгүй, нэр төрөл байхгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд авагдсан байсан. Анхан шатны шүүх оршуулгын зардалд нэхэмжилсэн хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг хэрэгсэхгүй болгох, хэлэлцэхгүй орхихгүйгээр бүгдийг нь нотлох баримтаар үнэлэн 15.123.879 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч гагцхүү нотлох баримтын шаардлага хангасан бичгийн нотлох баримтыг үндэслэн хохирлыг гаргуулахаар хуульчилсан.

1.2. Анхан шатны шүүх шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 82.500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг. Гэтэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон нотлох баримт байдаггүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй. Хэрэв хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх боломжгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...миний төрсөн хүү 2023 оны 7 дугаар сард нас барсан. Энэ нь надад маш хүндээр туссан...” гэж мэдүүлсэн бөгөөд амь хохирогчийн төрсөн ах нь нас барсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаа, аж амьдралд ихээхэн хүндээр тусаж байгаа нь уг хэргийн хор уршигийг хүндрүүлж харагдахуйц нөхцөл байдал болж байна.

2. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч М.Н-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 8-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай хэрэг бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулж болохоор хууль тогтоогч хуульчилсан. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах хорих ялын хэмжээ нь 12 жилээс эхэлж байна. Шүүгдэгч М.Н-ын үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаагаа илэрхийлдэг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа. Мөн оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7.000.000 төгрөг төлсөн байдаг. Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагаа хүлээж, ял шийтгэлээ эдэлж дууссаны дараа ажил хөдөлмөр эрхэлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлдэг.

3. Бусад асуудлын тухайд:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх саналыг гаргаагүй байхад шүүх шийтгэх тогтоолын 15 дугаар талд “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч М.Н нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг торгох ялаас 540.000 төгрөгийн торгох ялыг эдлээгүй үлдсэн байсан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.Н-ын эдлээгүй үлдсэн 540.000 төгрөгийн торгох ялыг хорих ялаар солиулах тухай саналыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүхээс М.Н-ын эдлээгүй үлдсэн 540.000 төгрөгийн торгох ялыг 36 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ял сольсон захирамжийг авах хүсэлт гаргахад захирамж гарах хуулийн хугацаа дуусаагүй байна гэсэн хариу өгсөн. Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж шүүхээс 36 хоногийн хугацаагаар хорих ялыг үндсэн ял дээр нэмж нэгтгэж шийдвэрлэсэн. Ийм учраас шүүгдэгч нь хоёр удаа 36 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж эрх зүйн байдал нь дордож байгаа тул шүүгдэгчийн нийт эдлэх ялаас 36 хоногийн хугацаагаар хорих ял хасаж тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч М.Н-д оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, хохиролд 90.713.900 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хүн миний сайхан охиныг алчихаад яагаад давж заалдах гомдол гаргаж байгаа юм бэ. Харин би л давж заалдах гомдол гаргах байсан. Одоо охины минь 4 хүүхэд надтай хамт байна. Хоёр том хүүхэд нь сургуульдаа явж ирчихээд “эмээ манай сургууль дээр спортын тэмцээн болоод ээж, аавууд ирээд зургаа авхуулсан. Надад зураг байхгүй” гээд уйлаад орж ирсэн. Бага хоёр хүүхэд нь хаалга дугарахаар “ээж ирлээ” гээд гүйдэг. Хоёр настай хүүхэд нь шөнө унтаж чаддаггүй. Би маш хэцүү байдалд амьдарч байна. Харин ч оногдуулсан ял нь хөнгөдсөн. Бүх насаар нь хориулмаар байна. Надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би хүүхдүүдэд нь маш их санаа зовж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С-ийн өмгөөлөгч Б.Эрхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Оршуулгын зардалд 15.000.000 төгрөг гарсан. Үүнийг шүүгдэгч М.Н хүлээн зөвшөөрөөд 7.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч М.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед оршуулгын зардлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 15.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирлын дүнг үндэслэлтэй тогтоосон. Шүүгдэгчээс гаргасан гомдлыг харахад оршуулгын зардал нотлох баримтаар 15.000.000 төгрөг хүрэхгүй гэдэг. Тэгвэл хэдэн төгрөг болно гэж үзээд байгаа талаар хэмжээгээ гаргаж өгөх хэрэгтэй. Мөн шүүхээс 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх жишиг аргачлалын 3.3, 3.4-т заасныг баримтлаад 82.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогч амь насаа алдсан бол Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу дүгнэлт гаргуулах ёстой. Дүгнэлт гаргуулж байгаагийн ач холбогдол нь 1-99 хувь хүртэл үнэлэх, үүнтэй дүйцэх хэмжээний мөнгийг олгуулахаар заасан. Хохирогч амь насаа алдсан тохиолдолд 100 хувь гаргуулахаар заасан. Аргачлалынхаа дагуу тооцоод гаргах боломжтой гэж үзээд шүүх дүгнэлтээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хохирлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шаардлага хангасан гэж үзсэн учраас 8.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Н-с гаргуулахаар шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолд бусдын амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоох тухай тогтоол гарсан тул жишиг аргачлалд нийцүүлж буруутай этгээдээс 82.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Шүүгдэгч М.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, хор уршиг зэргийг харгалзаад шүүхээс шүүгдэгч М.Н-д 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Гомдолд давхардуулж ял шийтгэл оногдуулсан гэсэн нь үндэслэлгүй. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар оногдуулсан ял нь өмнө эдлээгүй байсан ялыг хорих ялаар сольж байгаа шийдвэр юм. Нэмж ял оногдуулсан асуудал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч М.Дамбийнямын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

  Шүүгдэгч М.Н нь 2023 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн .. дугаар хороонд байрлах “Р” нэртэй зочид буудлын .. тоот өрөөнд хардалтын улмаас С.С-ын хоолойг боомилж, түүнийг амьсгалын дутагдалд оруулж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С-ийн “... Би С-ын төрсөн эх нь байгаа юм. ... 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б надад “С холбогдсон, одоо гэрт ирнэ” гэж хэлсэн гэхээр нь би талийгаач С-ыг ирчих юм байх гэж бодсон боловч ирээгүй. Тэгээд 15-ны өдөр С-ыг нас барсан гэдгийг мэдсэн. Би талийгаач охин С-ын үхлийн шалтгаан тогтоосон задлан шинжилгээний дүгнэлттэй танилцсан. ... Охины маань ам насыг хохироосонд маш их гомдолтой байна. Талийгаач охин маань хүүхдүүд болон намайг асарч, тэжээдэг ганц хүн байсан. Би талийгаачийн буяны ажлыг тэтгэврийн зээлээ авч хийсэн, мөн хүүхдүүдийнхээ өдөр тутмын хоол унд гээд надаас маш их зардал гарч байгаа. Хамгийн гол нь талийгаачийн хүү У нь 2 настай, памперснаасаа ч гараагүй байна. Би буруутай этгээдээс хүүхдүүдийнхээ ирээдүйн сургалтын төлбөр болон бусад бүх зардлуудыг гаргуулах хүсэлтэй байна. Маш их гомдолтой. ...” /1 хх 39-40/,

гэрч Н.Н-ийн “... Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 09:00 цагт ажлаа хүлээн авсан. Намайг гараатай байхад буюу 2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 02:05 цагийн үед гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Эрэгтэй нь бичиг баримтаа орхисон байна гээд ...... дугаартай регистрийн дугаар хэлж, өөрийгөө М.Н гэж хэлж бүртгүүлж, манай буудлын .. тоот өрөөнд дагуулж явсан эмэгтэйн хамт орсон. Эмэгтэй нь хоёулаа хоёр хүүхэд дээрээ очиж хоноё гэж хэлж байсан. ... Би ойлгохдоо эхнэр, нөхөр хоёр байна гэж бодсон. ... Өнөөдөр амарч байхад захирал О залгаад яаралтай ажил дээр ир гэж дуудсан. Ажил дээр очиход .. тоотод хүн нас барсан байна гэж хэлсэн. .. тоотыг 12:00 цагаас өрөөгөө хүлээлгэж өгөхгүй байхаар нь өнөөдрийн гарч буй ресейпшн гаднаас түлхүүрдэж ороход буудлын өрөөний шаланд цус хоёр газарт тунарсан ирмэг хэсгээрээ хатсан, дээгүүрээ хар цамцтай баруун талаараа харсан, нүүр нь хөхөрсөн харагдсан. ...” /1 хх 42-43/,

гэрч М.Ү-ийн “... Би ажил дээрээ ирээд өмнөх ээлжийн ресейпшн Н-с ээлжээ хүлээж авсан. Тэгэхэд 1 давхрын .. тоот өрөөнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байгаа гэсэн. Уг намайг ажил авсны дараагаар ямар нэгэн хөдөлгөөн хийгдээгүй, гарч ороогүй, дуу чимээ гаргаагүй. ... Бүртгэл дээрээс харах үед Н гэж хүн орсон байсан. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 10 минутын үед .. тоот өрөөнөөс эрэгтэй нь гарч ирээд нэг ус аваад “өнөөдөр гарахгүй хононо, сунгана, өрөөнийхөө тооцоог хийе, карт байхгүй” гээд төлбөрөө дансаар шилжүүлсэн. Төлбөрийг шилжүүлсний дараа .. тоотын эрэгтэй буцаад өрөөндөө ороод 2-3 цагийн дараа буюу 14-15 цагийн хооронд гадуур хувцсаа өмссөн байдалтайгаар гараад явсан. ... Би тухайн өдрөө ээлжээ хүлээн авч 24 цаг ажил үүрэг гүйцэтгээд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цагт дараагийн ээлжийн хүн болох Ц-д ээлжээ хүлээлгэн өгөөд жижүүрээс буусан. ... Ажил дээрээ сандраад ирэхэд .. тоотод 12 цагаас гарах ёстой хүмүүс хаалгаа тайлахгүй болохоор нь гаднаас зохион байгуулагч түлхүүрдээд ороход дотор нь эмэгтэй хүн эвгүй байдалтай байсан. ...” /1 хх 46-48/,

гэрч Х.Ц-ийн “... Би өглөө 09 цагт ажил дээрээ ирж урьд өдөр ажилласан ресейпшн Ү-с ээлжээ аваад, өдөр 12 цагийн үед үйлчлүүлэгч нараа өрөөнөөс гарах цаг нь болсон гэдгийг мэдэгдэхээр үйлчлэгч Б-д хэлээд явуултал, ... Б .. номерын өрөөний хаалгыг онгойлгож дотогш орчихоод буцаж ирээд надад “.. номерын өрөө рүү орсон чинь шалан дээр цус болсон байхаар нь өрөөний дотогш оролгүй хүрээд ирлээ” гэж хэлэхээр нь би хамгаалагч Б, Б хоёртой хамт .. номерын өрөө рүү ороход тухайн өрөөний орны урд хэсэгт шалан дээр бараан өнгийн цус хатсан байдалтай, орон дээр толгой нь баруун зүгт чиглэсэн байдалтай, царай нь нэлэнхийдээ хар хөх өнгөтэй болсон, цээжин хэсэг хүртлээ хөнжил нөмөрчихсөн эмэгтэй хүний цогцос хэвтэж байхаар нь бид 3 айгаад өрөөнөөс гараад манай буудлын дарга О-д “.. номерын өрөөнд эмэгтэй хүн цус нөж болчихсон байдалтай байна” гэж хэлсэн. ... Мөн намайг ээлж авснаас хойш .. номерын өрөө лүү ямар нэгэн хүн огт орж гараагүй. ...” /1 хх 50/,

гэрч Б.Б-ын “... Манай буудлын ресейпшн Ц, үйлчлэгч Б хоёр .. тоот өрөө рүү хаалгыг нь онгойлгож, хамт оръё гэхээр нь би тэр хоёртой хамт очиж, өрөөний хаалгыг түлхүүрээр онгойлгон ортол өрөөнд байрлах орны урд талын шал цус болчихсон. Орон дээр толгой нь баруун зүгт чиглэж, биеийнхээ баруун талаар харж хэвтсэн байрлалтай эмэгтэй хүний цогцос байсан. Талийгаачийн цогцос нь биеийн цээжин хэсэг хүртэл хөнжил нөмөрсөн байдалтай байсныг хальт хартал Ц, Б эгч хоёр орилолдоод өрөөнөөс гараад гүйчихээр нь би бас айгаад өрөөнөөс гарсан. ...” /1 хх 55/,

гэрч С.Г-ын “... 2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө ... нийтийн караоке руу орж 3 дуу дуулчхаад гаръя гэж бодоод ортол, дотор буйдан дээр хар өнгийн урт куртиктэй залуу ганцаараа унтчихсан, ширээн дээр нь нэг шил Экс нэртэй тал шил архи байсан. ... Тухайн үед буйдан дээр унтаж байсан залуу сэрчихсэн, ганцаараа сууж байсан. ... Буйдан дээр унтаж байсан залуу зүүн гараа марль боочихсон, марль нь маш их цус нэвтэрсэн байдалтай, өмднийхөн зүүн гуя нь бас цус болсон байсан. Тэр залуу өөрөө хэлэхдээ гараа юманд зүсчихсэн гэж хэлж байсан. ...” /1 хх 52-53/,

гэрч Р.А-ын “... Тахилтын эцэс дээрх караоке дотор буйдан дээр унтаж байгаад сэрсэн залуутай танилцахад өөрийгөө Н гэж танилцуулж байсан. ... Би Н-с зүүн гарынхаа шууг яасан талаар асуухад “найз охинтойгоо муудалцаад, салчихсан. Тэгээд уурандаа шилэн аягыг гадна талаар алчуур ороож байгаад аягаа хагалж, хагалсан шилнийхээ хэлтэрхийгээр нь өөрийнхөө зүүн гарын шууг зүссэн” гэж хэлж байсан. ... Н-ын зүүн гарын шуугаа ороосон маарлыг тайлаад хартал Н-ын зүүн гарын шууны дотор хэсэгт хөндлөн байрлалтай 10 ширхэг жижиг хэмжээтэй зүсэгдсэн шархнууд байсан. ...” /1 хх 59-62/,

гэрч Б.Б-ийн “... Би Н-ыг эргэж очихдоо юу болсон талаар өөрөөс нь асуухад нэг эмэгтэйн хоолойг нь боосон чинь үхчихсэн гэж надад хэлсэн...” /1 хх 68/, 

шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...цогцост үүссэн эрүү, хүзүүнд хэсэгчилсэн хөндлөн дарагдлын ором, ховч ясны хугарал, баруун жолоо булчингийн цус хуралт гэмтэл нь 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. Эрүү, хүзүүнд хэсэгчилсэн хөндлөн дарагдлын ором, ховч ясны хугарал, баруун жолоо, булчингийн цус хуралт гэмтлийн улмаас амьсгал бүтэж, амьсгалын дутагдалд орж нас барсан. Энэхүү гэмтлийг хагас зөөлөн материал буюу тэлээ, уяа, гогцоо зэрэг зүйлсээр хоолойнд боож дарагдал үүсгэснээс үүснэ. ...” /1 хх 92-93/ гэсэн мэдүүлгүүд,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... талийгаач С.С-ын цогцост эрүү, хүзүүнд хэсэгчилсэн хөндлөн дарагдлын ором, ховч ясны хугарал, баруун жолоо булчингийн цус хуралт, дух зулай, дагзны хуйхан доорх зулай ясны гадна хальсан дах цус хуралт, дух, баруун хөмсөгний гадна булан, дээд зовхийг хамарсан, баруун хацар, шанаа, эрүүний баруун доод булан, зүүн дээд доод зовхи, бугалга, шуу, ташаа, гуя, шилбэнд цус хуралт, дух, 2 нүдний зовхи, баруун хацар, шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Эрүү, хүзүүн дэх дарагдлын ором нь хагас зөөлөн материалын 1-2 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүү, хүзүүнд хэсэгчилсэн хөндлөн дарагдлын ором, ховч ёсны хугарал, баруун жолоо булчингийн цус хуралт гэмтэл нь шууд үхэлд хүргэх хүнд гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь боолтын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ. 2023.02.15-ны 20 цаг 00 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 24-с дээш цаг болжээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Эрүү, хүзүүн дэх дарагдлын ором гэмтэл нь хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 140 см урттай, 3.5 см өргөнтэй бүсээр үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэсэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр дүгнэлт /1 хх 74-89/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “... амь хохирогчийн өмсөж явсан ... хар өнгийн малгайтай цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. ...” /1 хх 96-98/ гэх 3613 дугаартай дүгнэлт,

  Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...М.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.О нь өөрийн үйлдлийг ухамсарлан, удирдах чадвартай байна. М.О нь мэдүүлэг өгөх чадвартай байна. М.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /1 хх 155-156/ гэсэн 249 дугаартай дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, энэ ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-15/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 20-21/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Н-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Н-г амь хохирогч С.С-н хоолойг боож, эрүү, хүзүүнд хэсэгчилсэн хөндлөн дарагдлын ором, ховч ёсны хугарал, баруун жолоо булчингийн цус хуралт бүхий шууд үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч М.Н-г анхан шатны шүүхээс 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1213 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 540.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 36 хоногоор тооцож, мөн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт дүйцүүлэн 90 хоногоор тооцож дээрх ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 15 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

  Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын “... шүүгдэгч нь хоёр удаа 36 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж эрх зүйн байдал нь дордож байгаа тул шүүгдэгчийн нийт эдлэх ялаас 36 хоногийн хугацаагаар хорих ял хасаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлын хэсэг үндэслэлгүй.

Үүнээс гадна, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч М.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо оршуулгын зардалд 7.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх хохирол болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, бага насны хүүхдүүд үлдсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч М.Н-н үйлдсэн “хүнийг алах” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Үүнээс гадна, анхан шатны шүүх хүний амь нас хохирсон тохиолдолд гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг, “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг Аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.3-д тус тус заасны дагуу тогтоон шүүгдэгч М.Н-с 82.500.000 төгрөг, мөн хохирогчийн оршуулгын зардлаас төлөгдөөгүй үлдсэн 8.213.000 төгрөг, нийт 90.713.900 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С-д олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч М.Н-н өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан “... шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хохиролд 90.713.900 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа хэрхэн, ямар үндэслэлээр тухайн зүйл, хэсэгт заасан ялын дээд хэмжээгээр хорих ял оногдуулсан талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.О нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/750 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 540.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялыг ...” гэснийг “... 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялыг...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Н-н өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                  Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР