Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ХШТ/18

 

М.Н-холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С, түүний өмгөөлөгч Б.Эрхбаяр, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 750 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1135 дугаар магадлалтай, М.Н- холбогдох 2305000000264 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, М.Н

Шүүгдэгч М.Н- нь 2023 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Рич” зочид буудлын 107 тоот өрөөнд хардалтын улмаас С.С- ын хоолойг боомилж, амьсгалын дутагдалд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Н-ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 15 /арван тав/ жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 /арван тав/ жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1213 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т заасныг баримтлан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 36 /гучин зургаа/ хоногоор тооцож,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт дүйцүүлэн 90 /ер/ хоногоор тооцож дээрх ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 15 /арван тав/ жил 4 /дөрөв/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Н-оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон нийт 223 /хоёр зуун хорин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг Аргачлалын 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч М.Н-оос 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг болон оршуулгын зардалд нэхэмжилсэн 15,213,900 /арван таван/ төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 8,213,900 /найман сая хоёр зуун арван гурван мянга есөн зуун/ төгрөгийг тус тус гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С-д олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн бусад гэм хорын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх”-ээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 540,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540,000 төгрөгөөр торгох ялыг ...” гэснийг “... 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540,000 төгрөгөөр торгох ялыг...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч М.Дамбийнямын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хяналтын шатны шүүхэд бичгээр гаргасан гомдлоо дэмжиж байна. Нэмж тайлбарлах зүйлгүй. Шүүгдэгчид оногдуулсан ялын дэглэмийг нээлттэй болгож, 15 жилээр оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. Мөн тухайн үед Иргэний хуульд заасан эрх тэгш болон хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг асуудлыг шийдвэрлэх тухай зохицуулалтыг дагаж мөрдөж эхлээгүй байсан учраас хохирогчид 82,500,000 төгрөгийг гаргуулах шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хоёр шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Учир нь миний охин залуухан 32 настай, дөрвөн хүүхэдтэй. Уг дөрвийн дөрвөн хүүхдийн цаанаа 4 ам бүл, 8 нүд бүлтэлцэж байна. Хамгийн бага хүүхэд нь 2 настай. Ээж нь нас барахад 2 нас хүрээгүй байсан. Одоо 2 нас гарамтай бүтэн өнчирч үлдсэн. Энэ 4 хүүхэд нь бүгдээрээ эрэгтэй хүүхдүүд учраас ирээдүйд ямар хүүхэд болж хүмүүжиж, яах бэ гэхийг таашгүй. Миний бие 60 нас гарчихсан даралт ихтэй, хөл гар муутай юм. Би энэ дөрвөн хүүхдүүдийн төлөө үхэн үхтлээ, өвдөгч эрх байхгүй тэмцэнэ. Миний охин ганцаараа байсан бол хамаа алга, юу ч авахгүй байж болно. Охиныхоо оршуулгын зардлыг тэтгэврийн зээл авч гаргаа биз. Гэвч ардаа үлдсэн 4 хүүхдийн ирээдүйд санаа зовж, сэтгэл маань маш их зовж байна. Миний охин 4 хүүхдүүдээ харж хандан, миний бие өвдөж зовоход бүх эм тариаг авч өгдөг байсан. Охин маань байхгүй надад үнэхээр хэцүү байна. Би аргагүйн эрхэнд өөрийгөө хичээж амьдарч байна. Энэ 4 хүүхдийг яах бэ гэдэг талаар надад үнэхээр хүнд байна. Тийм учраас хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү. Харин шүүгдэгчийн ял нь хөнгөдсөн биш үү?. Яагаад шат шатны шүүхэд гомдол гаргаж байгаад нь маш их гомдолтой байна. Энэ хүний ялын хэмжээг эсвэл хүндрүүлж өгөөч ээ гэдгийг та бүхнээс чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Б.Эрхбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хохиролтой холбоотой асуудлыг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхэд шүүгдэгч талаас хэрэгт өгсөн шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд ийм хэмжээний хохирол тогтоогдож байна гэх нотлох баримтын хүрээнд мэтгэлцээгүй. Оршуулгын зардал нь ийм байна хэмээн хүлээн зөвшөөрсөн. Уг хүлээн зөвшөөрсөн хэмжээнд анхан шатны шүүхээс хохирол шаардсан нотлох баримт тус бүрд нь дүгнэлт хийгээгүй, шууд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж шийдвэрлэсэн. Тухайн үед анхан шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч хүртэл нотлох баримтыг 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж үзэж байгаа бол 7,000,000 төгрөг эсвэл 8,000,000 төгрөгийн шаардлага хангаж байгаа гэх агуулгаар огт мэтгэлцээгүй. Бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн хохиролтой холбоотой хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сард нэмэлт өөрчлөлтөөр тусгаж өгсөн. Аргачлалыг хэдний өдрөөр баталсныг мэдэхгүй байна. 2022 онд өөрчлөлт оруулсны дагуу түүнийг нэхэмжлэх эрхтэй болохыг анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцээд шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Тухайн үед хүсэлтийг хэлэлцээд нэхэмжлэх эрхтэй, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлүүлж шинжээч томилох шаардлагагүй, нэгэнт хохирогч нас барчихсан болохоор шууд аргачлалынхаа дагуу 100 хувиар үнэлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцүүлэн тооцож гаргах нь зөв болохыг шүүгчийн захирамжаар болон анхан шатны шүүхийн шийдвэрт 82,500,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байгаа. Мөн энэ хүсэлт өмнө хоёр шатны шүүхэд хэлэлцэгдэж өнгөрсөн асуудал юм.

Ял шийтгэлтэй холбоотой анхан шатны шүүхэд маш нарийн ярилцсан. Өмнө 3 удаа ял шийтгэл эдэлж байсан. Түүний нэг нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргээр ял шийтгүүлсэн явдал юм. Мөн амь хохирогчийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан учраас энэ зан үйлдлүүдээ засаагүй байна гэж үзэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Н-нь 2023 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө “Рич” нэртэй зочид буудалд амь хохирогч С.С- ыг хардсаны улмаас хоолойг нь боож алсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна. Шүүх шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 82,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд тухайн хуульд энэ хэсгийг буцаан хэрэглэх талаар дурдаагүй. Түүнчлэн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Иймд 2023 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоохгүй тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтад энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч М.Н- холбогдох хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч М.Н- нь 2023 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө амь хохирогч С.С- тай “Рич” зочид буудлын 107 тоот өрөөнд эр, эмийн хардалтын улмаас маргалдаж, улмаар шүүгдэгчийн мэдүүлснээр цамцных нь захаар хоолойг нь боож амьсгалын дутагдалд оруулж алсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд М.Н-х олбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчдын хууль ёсны эрхийг хасч, хязгаарлах байдлаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-15 жил хорих ял оногдуулахдаа хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмын дагуу шүүгдэгчид өмнө нь 3 өөр шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн ялуудыг нэмж нэгтгэн тухайн зүйлд зааснаас дээш буюу 15 жил 4 сар 6 хоногоор тогтоохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн биечлэн эдлэх ялын нийт хэмжээ нь тухайн төрлийн ялын хуулиар тогтоосон дээд хэмжээний дотор байх тул ялыг хөнгөрүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршигт тохирсон гэж үзнэ.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар, хор уршгийг арилгуулах зорилгын хүрээнд амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин 2 шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бий болсон харилцаанд хамааралтай эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэсэн үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буруу хэрэглээ болжээ.

Энэхүү хуулийн үйлчлэлийг Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлахдаа сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгайлан зааж шилжилтийн үеийг зохицуулсан болохыг 2 шатны шүүх цаашид анхаарах нь зүйтэй.

Иргэний хууль, тогтоомжийг хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэх ёсгүй учир эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн нэмэлтийг Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн нэгэн адил 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан “Эдийн бус гэм хорыг арилгах” тухай нэмэлт нь мөн үеэс хуулийн хүчинтэй болж үйлчлэх учиртай болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн “... гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэсэн үндэслэлээр түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82,500,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч М.Н-оос гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 750 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “... Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг Аргачлалын 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч М.Н-оос 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан гомдлын “... хохирогчид 82,500,000 төгрөг гаргуулах шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хангасугай.

 

          ДАРГАЛАГЧ                                           М.ПҮРЭВСҮРЭН

                 ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                  Ч.ХОСБАЯР

                                                         Б.ЦОГТ