Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/384

 

 

2023         10               31                                 2023/ШЦТ/384

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун,  

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 2325002******** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Л

 

Холбогдсон  хэргийн талаар:

Яллагдагч Б.Л нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум, **-*** тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч хохирогч Д.Бын эзэмшлийн 380 вольтын цемент зуурагчийн мотор 1 ширхэг, Кен брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг, Кен брендийн жижиг гар төмөр тастагч 1 ширхэг, Кен брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, түлхүүр багажны ком 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Лг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Л “Би ам бүл 5-уулаа, эхнэрээсээ салаад олон жил болж байна, 4 хүүхэдтэйгээ амьдардаг. 2 хүүхэд маань Улаанбаатар хотод амьдардаг, энд 2 хүүхэд маань надтай хамт байдаг, ээж маань манайхаар хааяа ирэн очин байдаг. Би хувиараа токарийн ажил хийж амьжиргаагаа залгуулдаг. Архинд толгойгоо мэдүүлснээс болж ийм хэрэг хийсэндээ гэмшиж харамсаж байна. Хэрэг болохын хэд хоногийн өмнө Д.Б найз Буянаатайгаа архи ууж байхдаа надад гражийн нэг түлхүүрээ өгсөн, үүнийгээ одоо өөрөө санахгүй байх шиг байна. Би Д.Бт төмрөөр юм хийж өгч байсан, хийж байсан ажлаа дуусгаагүй байсан юм. Тухайн үед Д.Б хөдөө мал руугаа явах ажилтай болчихлоо гэж байсан, би тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа уг граж дээр очоод үлдэгдэл архиа уусан. Түүнээс хойш яасан талаар огт санахгүй байгаа. Хүний эд зүйлийг авч ийм хэрэг хийсэн нь миний буруу учраас би өөрийгөө буруутай гэж бодож байна, хохирогчид учирсан хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан. Би хохирогч болон шүүгч, улсын яллагч бүх хүмүүсээс уучлалт гуйж байна, урьд нь ийм хэрэгт холбогдож байгаагүй, архинаас холуур байя гэж бодож байна, хүүхдүүдтэйгээ амьдардаг зэрэг хувийн байдлуудыг минь харгалзан үзэж надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий мэдүүлгийг,

 

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа “Хулгай хийсэн үйлдэл дээр маргахгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл энэ хэрэгт байхгүй, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх байр сууринаас оролцоно” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Бын: “...Би 2023.05.23-ны өдрөөс 2023.05.26-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн самбарын ертөнцийн зүгээр урд талд байрлах хаяг тодорхойгүй төмөр хаалгатай, хятад төмөр цоожтой, бетоноор баригдсан гражид Бодьгэрэлийн Б.Л гэдэг эртний танилын хамтаар зуурагч машины гол төмрийг шайрганд суулгаж зоруулах ажлыг хийж байх явцад гражийн цоожны илүү байсан нэг ширхэг түлхүүр нь алга болохоор нь тухайн хэсэгт хайж байгаад хаясан юм байх гэж бодоод орхисон. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 11 цагийн үед гражаа түгжин яваад 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би граждаа ирэхэд гражийн хаалганд зүүсэн цоож түгжээтэй байсан бөгөөд би өөрт байсан нэг түлхүүрээрээ гражийн цоожийг нээж дотогш ороход 380 вольтоор ажилладаг цемент зуурагчийн мотор 1 ширхэг /2021 онд хувь хүнээс 500,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, Кэн брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 170,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/ жижиг гар төмөр тастагч 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 70,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, баттерэйтэй гар дрилл 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 80,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, ком багажийн түлхүүр /Орхон аймгийн техникийн захаас 2022 онд 100.000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/ тус тус алга болсон байхаар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах эрэн хайж техникийн зах болон хаягдал төмөр авдаг цэгээс тус тус очин асуухад хаягдал төмөр авдаг хүн нь Б.Л надад цемент зуурагчийн моторыг авч ирэн худалдсан гэсэн мотор нь зэс голтой болохоор зэсийг нь үнэлүүлээд худалдсан байх шиг байсан, яг хэдэн төгрөгт авсанг нь мэдэхгүй байна. Би төмрийн хаягдал авдаг хүнийг танихгүй, харин Б.Лг таниад байсан. Бусад эд зүйлс нь олдоогүй. Тэгээд би эд зүйлсээ хайж дуусчихаад хорооллын эцсийн шатахуун түгээх станц дээр явж байсан чинь Бодьгэрэлийн Б.Лтай тааран чи миний эд зүйлсийг хулгайлан авсан байна. Эргүүлээд өгчих гэсэн чинь “авахын хувьд авсан, гэхдээ хаана яаж тавьсан гэдгээ санахгүй байна” гээд байхаар нь дагуулан явж байсан чинь нэг айлын хашаа руу ороод алга болчихсон, дахиж уулзаж холбоо тогтоож чадахгүй байгаа...” гэсэн,

“...Миний тоног төхөөрөмж эд зүйлс байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум, **-** тоот хаягтай граж нь С гэдэг хүний эзэмшлийнх байгаа юм. Би уг хүнтэй 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ярилцаж байгаад тохиролцож 1 сарын 300,000 төгрөгөөр 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэн блокны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах гэж байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15 дугаар тал/,

Гэрч Т.Т-ын: “...Б.Л нь хэзээ билээ миний санаж байгаагаар 2023 оны 05 дугаар сарын сүүлд ганцаараа манай хаягдал төмөр худалдан авдаг Цагаанчулуут багийн 1-1 тоот хаягтай хашаанд ирж жижиг эвдэрсэн мотор авч ирээд моторын гадна талын төмөр болон дотор талд нь байдаг зэс утастай нь надад 17,000 төгрөгт тооцон худалдаж мөнгийг нь өөрөө аваад явсан. Би Б.Лгаас ямар учиртай мотор болох талаар тодруулан асуухад миний өөрийн хэрэглэж байсан мотор байгаа юм, эвдэрсэн болохоор нь ашиглахгүй байсан юм, тэгээд худалдаж байна гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Б.Л надад мотор худалдахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явж байсан. Өөр эд зүйл надад худалдан борлуулсан зүйл байхгүй. Б.Лгийн надад зарсан мотор нь жижиг хэмжээтэй, зуурагчид ашиглаж болохуйц, саарал өнгийн төмөр гадаргуутай, эвдэрхий дахиж ашиглаж болохооргүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа санагдаж байна. Б.Лд эд зүйлсээ алдсан гээд нэг эрэгтэй хүн түүнийг дагуулан над дээр ирээд зуурагчийн мотор танд худалдсан уу гэж асуухаар нь худалдсан талаар хэлэхэд дагуулан хашаанаас гараад явсан, тэгээд уг өдрөөс хойш дахиж Б.Лтай уулзаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Яллагдагч Б.Лгийн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ- ОРХ/6874 дугаартай “... 380 вольт цемент зуурагчийн мотор 1 ширхэг 700,000 төгрөг, Кен брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг 210,000 төгрөг, Кен брендийн жижиг гар төмөр тастагч 1 ширхэг 65,000 төгрөг, Кен брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг 110,000 төгрөг, түлхүүр багажны ком 1 ширхэг 100,000 төгрөг нийт 1,185,000 төгрөг...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 31-35 дугаар тал/

Д.Бын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6-р тал/  болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Л нь хохирогч Д.Бын эзэмшлийн эд зүйлийг хулгайлан авахдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Л нь хохирогч Д.Бын эзэмшлийн эд зүйлийг хулгайлан авахдаа өөрт байсан түлхүүрийг ашиглан авто гражид нэвтрэн орж эд зүйл авсан нь тогтоогдож байх ба түүнийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй байна.  

Учир нь шүүгдэгч Б.Лд тус гражийн түлхүүр байсан, уг түлхүүрийн талаар хохирогч Д.Б мэдүүлэхдээ “нэг түлхүүр алга болохоор нь хэсэг хайж байгаад хаячихсан гэж бодсон” гэж мэдүүлдэг ба шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ “Д.Б найз Буянаатайгаа архи ууж байхдаа надад гражийн нэг түлхүүрээ өгсөн, үүнийгээ одоо өөрөө санахгүй байх шиг байна” гэж зөрүүтэй мэдүүлж ярьдаг, мөн шүүгдэгч Б.Лхагва “би Д.Бт төмрөөр юм хийж өгч байсан, хийж байсан ажлаа дуусгаагүй байсан” гэж тус тус мэдүүлдэг.

          Шүүгдэгч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэггүй боловч түүнийг гэм буруутай эсэхийг тогтоохын тулд  “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг авто гражийн илүү түлхүүрээ хэзээ алга болгож, хаяж гээгдүүлсэн, шүүгдэгчид өгсөн эсэх талаарх байдлыг нарийн шалгаж тогтоогоогүй байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлж, түүнийг агуулах байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна, дээрх байдлыг шалгаж тогтоох нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлөх чухал ач холбогдол бүхий үйл баримт юм.

Мөн шүүгдэгч Б.Л нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тухайн эд зүйлийг захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгох зорилгоор түлхүүрийг урьдчилан тусгайлан бэлтгэсэн гэж үзэх гэмт хэргийн санаа зорилго тогтоогдохгүй байх тул түлхүүрийг гэмт хэрэг үйлдэхээр тусгайлан бэлтгэсэн гэж үзэх боломжгүй, түлхүүртэй болсон санаа зорилго тогтоогдоогүй, шүүгдэгч мэдүүлэхдээ “би хийж байсан ажлаа дуусгаагүй байсан” гэж мэдүүлж байгааг бусад баримтаар шалгаж тогтоох нь гэмт хэргийн санаа зорилгыг тодорхойлоход ач холбогдолтой.

Дээрх байдлыг тодруулалгүйгээр шүүгдэгчийг бусдын эд зүйлийг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.  

Хэргийн эргэлзээтэй байдал, шүүгдэгчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, гэмшиж байгаа байдал, мөн түүний өрх толгойлон бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Эрүүгийн хууль, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг хуулиудад заасан шударга, энэрэнгүй ёсны зарчмуудыг удирдлага болгон шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүхийн бүрэн эрхийн хүрээнд өөрчилсөн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Лд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Л нь:

2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум, **-** тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч хохирогч Д.Бын эзэмшлийн 380 вольтын цемент зуурагчийн мотор 1 ширхэг, Кен брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг, Кен брендийн жижиг гар төмөр тастагч 1 ширхэг, Кен брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, түлхүүр багажны ком 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б, гэрч Т.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ- ОРХ/6874 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Л нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Б.Лг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

Хохирогч Д.Б нь хохиролд 1.185.000 төгрөгийг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Лхагва нь “Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Лд 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Лгийн 25 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд холбогдуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Барагчин овогт Бодьгэрэлийн Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Лг 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын  нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лгийн цагдан хоригдсон 25 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

6. Шүүгдэгч Б.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч Б.Л нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОРХОНТАМИР