Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01246

 

ЮП ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/03791 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1392 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : ЮП ХХК  

Хариуцагч : Ш.Санчир, Б.Атарцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Санчираас 29.156.000 төгрөг, Б.Атарцэцэгээс 4.844.000 төгрөг гаргуулах

Хариуцагч Ш.Санчирын гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ариунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагч Ш.Санчир, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

                                                                         ХЯНАВАЛ:

Ш.Санчираас 29.156.000 төгрөг, Б.Атарцэцэгээс 4.844.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг “ЮП” ХХК 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасныг  хариуцагч нар эс зөвшөөрөхдөө “...энэ талаар 2015 оны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх өөрчилж, Ш.Санчираас 16.710.000 төгрөг, Б.Атарцэцэгээс 4.844.000 төгрөг гаргуулжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан Ш.Санчирын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Ш.Санчирт холбогдох 29.156.000 төгрөгийн шаардлагын талаар

“ЮП” ХХК нь Ш.Санчираас Арамдаүн Мүёг ХХК-д төлсөн 7.5 сая төгрөг, алдангид тооцон өгсөн 1.580.000 төгрөг, Мобиком корпорацид төлсөн 177.100 төгрөг, Б.Халиунд төлсөн 9.210.000 төгрөг, Ц.Бадамд 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн 6.5 сая төгрөг, 2012 оны 12 сард зээлүүлсэн 2 сая төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлүүлсэн 2.188.911 төгрөг нийт 29.156.000 төгрөг шаарджээ.

29.156.000 төгрөг шаардахаасаа өмнө нэхэмжлэгч 2015 онд Ш.Санчираас 34 сая төгрөг нэхэмжилж байсан бөгөөд үүний дагуу Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 102/ШШ2015/08001 дугаар шийдвэр гаргасан, уг шийдвэр хүчин төгөлдөр /хх 25/ байна.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дахь хэсэгт заасан тул Ш.Санчираас 29.156.000 төгрөг гаргуулах “ЮП” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх 2015 онд     102/ШШ2015/08001 дугаар шийдвэр гаргасан эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.  

Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзвэл Арамдаүн Мүёг ХХК-д хүү алдангид өгсөн 1.580.000 төгрөг, зээлийн төлбөрт өгсөн 7.5 сая төгрөг, Мобиком корпорацид 2012 оны 9, 10, 11 дүгээр сарын утасны төлбөрт өгсөн 177.100 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн зээл 2.188.911 төгрөгтэй холбоотой үйл баримтын талаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх дүгнэлт хийж 2015 онд 102/ШШ2015/08001 дугаартай шийдвэр гаргасан байна.

Ш.Санчираас 29.156.000 төгрөг гаргуулах тухай “ЮП” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа, Б.Халиунд төлсөн 9.210.000 төгрөг, Ц.Бадамд 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн 6.5 сая төгрөг, 2012 оны 12 сард зээлүүлсэн 2 сая төгрөг нь хамтран ажиллах гэрээтэй холбоогүйг нэхэмжлэгч нотолж  чадаагүй тул Ш.Санчирт холбогдох нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6,117 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.    

2. Б.Алтанцэцэгт холбогдох 4.844.000 төгрөгийн шаардлагын талаар

“ЮП” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж Б.Атарцэцэгээс 4.844.000 төгрөг шаардахдаа үндэслэлээ “...Төрийн банкинд 2012 оны 01 дүгээр сарын 28, 2012 оны 02 дугаар сарын 27, 2012 оны 3 дугаар сарын 27, 2012 оны 4 дүгээр сарын 29, 2012 оны 5 дугаар сарын 27, 2012 оны 6 дугаар сарын 27, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус бүр 692.000 төгрөг төлсөн...” гэж тайлбарлажээ. /хх 1/

“ЮП” ХХК нь 2015 онд Ш.Санчираас нэхэмжилсэн 34 сая төгрөгийн шаардлагад  Төрийн банкинд тушаасан 2013 оны 01 дугаар сарын 28, 2013 оны 02 дугаар сарын 27, 2013 оны 3 дугаар сарын 27, 2013 оны 4 дүгээр сарын 29, 2013 оны 5 дугаар сарын 27, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн төлбөр багтсан бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний ашигт тооцон өгч байсан нь Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 102/ШШ2015/08001 дугаар шийдвэрээр нотлогдож байна.  

“ЮП” ХХК нь 2013 онд Төрийн банкинд сар бүр тушаасан төлбөртэй холбоотой үйл баримтын талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул үүнээс өмнө буюу 2012 оны 01 дүгээр сарын 28, 2012 оны 02 дугаар сарын 27, 2012 оны 3 дугаар сарын 27, 2012 оны 4 дүгээр сарын 29, 2012 оны 5 дугаар сарын 27, 2012 оны 6 дугаар сарын 27, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нийт 4.844.000 төгрөгийг төлбөрийг Б.Алтанцэцэгт хариуцуулах үндэслэлгүй.

Хамтран ажиллах гэрээний дагуу Ш.Санчирт өгөх мөнгөнөөс Б.Алтанцэцэгийн зээлийн төлбөрийг “ЮП” ХХК нь Төрийн банкинд төлж хамтран ажиллах гэрээний үүргээ, харин Б.Алтанцэцэг зээлийн гэрээний үүргээ тус тус биелүүлсэн тул нэхэмжлэгчийн  зардлаар Б.Алтанцэцэг хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “ЮП”ХХК-ийн нэхэмжлэлээс Б.Алтанцэцэгээс 4.844.000 төгрөг гаргуулах шаардлагыг, Ш.Санчираас 29.156.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дыүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/03791 дүгээр шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн 1392 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлд заасныг баримтлан Ш.Санчираас 29.156.000 төгрөг гаргуулах “ЮП” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Атарцэцэгээс 4.844.000 төгрөг гаргуулах “ЮП” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 264.720 төгрөгийг захирамжаар Ш.Санчирт буцаан олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ