Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00810

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00810

 

Ж.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/00609 дугаар шийдвэртэй

Ж.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

2018 оны 11 сарын 05-ны өдрийн 000 дугаар, 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 000 дугаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолуудыг хүчингүй болгуулах, дуудлага худалдааны үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1742 дугаар шийдвэрээр Ж.Бгээс 146 400 000 төгрөг гаргуулж, А ББСБ ХХК-д олгож барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 15 хороо, 3 хороолол, 24 байр 00 тоот 29 м.кв талбайтай орон сууцыг үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Ажиллагаа явцад төлбөр төлөгч миний бие дуудлага худалдааны дуудах үнийг тогтоолгох ажиллагаанд өөрийн саналыг 200 000 000 төгрөгөөр тогтоолгохоор хүссэн. Гэвч шийдвэр гүйцэтгэгч нь хүчээр намайг дуудах үнийн саналаа 150 000 000 төгрөгөөр тогтоо гэж албадсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлт нь миний өөрийн хүсэл зориг биш бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн даалгасны дагуу бичсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлт зориг юм. Мөн дээрх үнийн саналд би өөрийн гарын үсгийн зурж баталгаажуулаагүй. Дуудлага худалдааны үнийн саналыг өөрийн хүсэл зоригийн хэмжээнд хараат бусаар гаргах нь төлбөр төлөгч миний хууль ёсоор олгогдсон эрх юм. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч бүдүүлгээр зөрчиж үнэлгээ хийлгүүлэхгүйгээр үнийг саналыг өөрийн хүссэн хэмжээгээрээ гаргасан. Хөндлөнгийн байгууллагаар шинжээч томилж зах зээлийн дуудлага худалдааны бодит үнэлгээг гаргалгүйгээр албадан дуудлага худалдаанд оруулсан нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд миний өөрийн гарын үсэггүй үнийн саналыг үндэслэж гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 000 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 000 дугаартай 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, 2 өрөө орон сууцанд дуудлага худалдааны үнийг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээ тогтоолгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Урангоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/01742 дугаар шийдвэрээр Ж.Бгээс 146 400 000 төгрөг гаргуулж А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Бгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын Ү-2205013741 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 000 хороолол, 24 байр 00 тоот 29 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал асуухад харилцан тохиролцож 150 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний мэдэгдлийг талуудад 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4/16670 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Бд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацааг олгож анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон үнэ 150 000 000 төгрөгийн 70 хувь 105 000 000 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй тул 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар тохиролцсон үнэ 150 000 000 төгрөгийн 50 хувь 75 000 000 төгрөгөөр оруулахад 76 200 000 төгрөгөөр худалдан борлогдсон байна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2018.11.05-ны өдрийн 000 дугаар, 2018.12.04-ний өдрийн 000 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, дуудлага худалдааны үнийг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай Боржигон овогтой Жигжидсүрэнгийн Бгийн /РД:00/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 000 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 000 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар дуудлага худалдааны үнийг тогтоолгохоо хөндлөнгийн үнэлгээг тогтоолгохыг даалгах нэхэмжлэлийг гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 000, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 000 дугаартай тогтоолуудыг хуульд зааснаар танилцуулаагүй, тухайн эд хөрөнгийн үнэлгээг дур мэдэж Ж.Б надад танилцуулан үнийн саналыг нь авсан мэтээр миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, өөрөө эд хөрөнгийн үнийг тогтоож, дуудлага худалдаанд оруулсанд маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрхийг тал бүрээс нь бодитойгоор дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар хороолол, 24 дүгээр байр, 00 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 000 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 000 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, улмаар дуудлага худалдааны үнийг хөндлөнгийн шинжээч томилон тогтоолгохыг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 27/

Зохигчдын тайлбараас үзвэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/01742 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Ж.Бгээс 146 400 000 төгрөг гаргуулж А ББСБ ХХК-д олгох, төлбөр төлөх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэл явагдаж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан зэрэг үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар талууд маргаагүй.

Төлбөр төлөгч Ж.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар хороолол, 24 дүгээр байр, 00 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн, төлбөр авагч А ББСБ ХХК нь төлбөр төлөгчөөс өгсөн үнийн санал болох 150 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн баримтууд авагдсан байна. /хх.3-4/

Дээрхээс үзвэл, төлбөр төлөгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүйн гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон гэж үзнэ.

Мөн хэргийн 6 дугаар талд Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд Шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэг төлбөр төлөгч Ж.Бтэй уулзахад албадан дуудлага худалдааны үнэлгээтэй танилцлаа. Иймд надад орон сууцаа өөрөө зарж борлуулах 1 сарын хугацаа олгох тухай хүсэлт гаргасныг хүлээн авсан талаар дурдсан байна. /хх.6/

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнийн саналыг өөрөө өгсөн, улмаар хуульд заасны дагуу худалдан борлуулах хугацаа олгох талаар хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан байх бөгөөд хүсэлт тус бүрт зурагдсан гарын үсэг, бичвэрийг хуурамч гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байна.

Нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 000, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 000 тоот тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байхад шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тайлбарлан, хэрэглэсэн нь оновчтой болоогүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/00609 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...55 дугаар зүйлийн 55.7... гэснийг 122 дугаар зүйлийн 122.5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО