Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 0076

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ж.Б

Шүүгдэгч                                                       Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Э /цахимаар/

Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлоор Г.Бд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Г-н Б,

 

Г.Б нь     аймаг дахь Цагдаагийн газрын      сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байсан эрүүгийн хэргийн яллагдагч Э.М-с 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 9.750.000 төгрөгийг зээлж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас:

 

Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

  Шүүгдэгч Х овогт Г-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

             Шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

            Шүүгдэгч Г.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн Хаан банкны дансны мэдээлэл бүхий 2 ширхэг, камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг тус тус хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

          энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч Д.Э нар давж заалдах гомдолдоо:

Шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Прокурорын яллах дүгнэлтэд намайг Цагдаагийн албаны ёс зүйн дүрмийн 2.3.1, 2.3.6, 2.4.2-т зааснуудыг зөрчиж, мөрдөн шалгаж байсан хэргийн яллагдагчаас 2022 оны 07 дугаар сарын 08-аас 2022 оны 09 дүгээр 28-ны өдрийн хооронд 9.750.000 төгрөг зээлж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж дурдагдсан. Шүүх хэргийг яллах дүгнэлтэд дурдсаны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзсэн.

Яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан дээрх Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1, 2.3.6, 2.4.2-г зөрчсөн нь 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан дүрмийн заалт байх бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/201 тушаалаар дүрэм бүхэлдээ хүчингүй болж, мөн өдрөөс шинэ ёс зүйн дүрэм үйлчлэх болсон.

 Гэтэл яагаад шинээр мөрдөгдөж байгаа дүрмийн заалтыг баримтлахгүйгээр хүчингүй болсон дүрмийн заалт хэрэглэж байгаа болон хүчингүй болсон дүрмийн заалтыг буцаан хэрэглэх зохицуулалт байгаа эсэх асуудлыг нягтлан үзэж дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэж байгааг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зөв зүйтэй шийдвэр болсон гэж үзэх боломжгүй байна.

Миний гаргасан үйлдэл бол Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчил гэж үздэг. Өөрийн энэ үйлдэлдээ маш их харамсан гэмшиж байна.

Харин өөрийгөө албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа. Намайг зориуд гэмт хэрэгтэн болгох зорилготойгоор эхлээд “Хөрөнгө завших” буюу Эрүүгийн хуулийн 17.4-р зүйлийн 2-т зааснаар яллаж шүүхэд шилжүүлж байсан, дараа нь зүйлчлэлийг өөрчилж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргээр яллаж, надад гомдол гаргаагүй, хохирол төлбөр арилсан хүнийг хохирогч болгох хүсэл сонирхолгүй байхад нь зориуд хохирогчоор тогтоох зэрэг ажиллагааг явууллаа гэж үзэж байна.

Миний энэ үйлдэл ёс зүйн зөрчил болох талаар ямар нэгэн дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгээгүй дутуу дулимаг хандсанд гомдолтой байна. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн Гуравдугаар зүйлд хариуцлага гэсэн тусгай заалт байх бөгөөд уг дүрмийн 3.1-3.5-д зааснаар алба хаагч ёс зүйн зөрчил гаргасан бол Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах, сахилгын зөрчлийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар зохицуулна гэж заасан байхад прокурор болон шүүх сахилгын дүрмийн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа дүрэмд заасан хариуцлагыг орхигдуулж эрүүгийн журмаар шийдвэрлэж байгааг учир дутагдалтай боллоо гэж үзэж байна.

Төрийн албаны ёс зүйн тухай хуульд зааснаар надад холбогдох хэрэг дээр ёс зүйн дүгнэлт гаргуулах байтал энэ ажиллагааг орхигдуулсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон байх нөхцөлийг шаардсан байна.

Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг,

3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж хуульчлан заасан байна.

Тэгвэл намайг яллаж байгаа хэргийн хувьд авч үзвэл миний бие ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байсан эрүүгийн тоот хэргийн яллагдагч Э.М-с мөнгө зээлж хувьдаа хэрэглэсэн гэх үйлдэл холбогдолд миний зүгээс хийх ёстой ямар үйлдлийг хийгээгүй, хийх ёсгүй ямар үйлдлийг хийсэн гэдгийг шалган тогтоогоогүй.

Мөн шалгагдаж байгаа хэргийн хүнээс мөнгө зээлж авсны хариуд тухайн хувь хүнд ашигтай ямар ч байдал үүсээгүй байгаа. Эдгээр нь намайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон байх нөхцөлийг үгүйсгэж байна.

Хэрвээ миний бие түүнээс байцаалт мэдүүлэг авах байтал аваагүй, эсхүл түүнд хэргийг нь хаахыг амласан зэрэг ямар нэг бодит үйлдэл байхаас гадна М гэж хүнд ямар нэг ашигтай байдал үүсгэсэн байхыг хууль шаардсан байна.

Миний үйлдэл холбогдолд ийм зүйл огт байхгүй, хэргийг нь шалгаж байсан мөрдөгч учраас мөнгө зээлж авсан тул албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал тогтоосон гэж өнгөцөөр дүгнэж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 9.750.000 төгрөг зээлж өөртөө давуу байдал бий болгосон гэж бичсэнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх хугацаанд би 5.000.000 төгрөг зээлсэн, үлдсэн мөнгийг зээлэх үед хэрэг над дээр байгаагүй. Мөн хохирогч Э.М ... би хохиролдоо цуглуулж байсан мөнгөө зээлсэн, хохирсон гомдсон гэдэг зүйл гаргаагүй байж хохирогч гэдэг статустай явж байна, давуу байдал үүсгэсэн гэж үзэхгүй байна ... гэсэн мэдүүлэг, мөн би 2022 оны 7,8 сард 5,000,000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр шилжүүлж өгсөн гэсэн мэдүүлэг зэргээр батлагдаж байгаа.

Иймд надад холбогдох хэргийг бүхэлд нь хянаж, намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б тайлбартаа:

...  өмнө нь би Мөнхбатыг таньдаггүй байсан ... Хүчингүй болсон ёс зүйн дүрмийн заалтыг баримталсан ... би бусдад давуу байдал бий болгоогүй. Гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э тайлбартаа:

... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Б нь яллагдагчаас мөнгө зээлсэн нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ:

... яллах дүгнэлт үйлдэх үед болон хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэх үед тухайн ёс зүйн дүрмийг шинэчлэгдсэн гэдгийг мэдээгүй байсан ... Хэргийн оролцогчоос мөнгө зээлж авсан үйлдэл нь өөртөө давуу байдал тогтоож байгаа үйлдэл тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Г.Б болон түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Албан тушаалын гэмт хэрэг нь төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

 

Шүүгдэгч Г.Б нь       аймаг дахь Цагдаагийн газрын       сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ өөрийн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байсан эрүүгийн хэргийн яллагдагч Э.М-с 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн үйлдлээр нийт 9.750.000 төгрөгийг зээлж, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдож байна.

 

Монгол Улсын Их хурлаас “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц”-д нийцүүлэн баталсан “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглосноос гадна

 

 Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн диспозицэд заасан “Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарах, мөн “урвуулан ашиглах” гэдгийг “Албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэх”-ийг тус тус хамааруулан ойлгодог.

 

Шүүгдэгч Г.Б нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”,

2.3.6-д заасан “Албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, ... зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ... бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх“,

2.4.2-т заасан “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” зэргийг тус тус зөрчиж өөрийн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байсан эрүүгийн хэргийн яллагдагч Э.М-с 9.750.000 төгрөгийг зээлж, бусдад өгөх ёстой байсан өрөө төлсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “... хүчингүй болсон ёс зүйн дүрмийн заалтыг баримталсан, ... хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах гомдлыг гаргасан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Мөн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  шүүгдэгч Г.Б-г Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дурдсан байх бөгөөд дээрх тушаал нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/201 дугаартай тушаалаар хүчингүй болсон байх боловч

Г.Б-н зөрчсөн гэх заалтууд нь шинэчлэн батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.8, 2.3.8 дэх заалт, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2.1.5-д тус тус тусгагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар зөв тайлбарлан зүйлчилжээ.

         Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн  хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

                        ШҮҮГЧИД                                                                 Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ