Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00806

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00806

 

 

 

 

                                           Р.Бын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00578 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Бын хариуцагч Г.Тд холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 730 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, хариуцагч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р.Бын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Р.Б нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Макголли мини маркетыг түрээслэхээр 3 000 000 төгрөг Г.Тгийн 5003796499 дугаартай данс руу шилжүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Г.Т дэлгүүртээ байхгүй байсан учраас гадаа машинд нь бараагаа үлдээгээд, маргааш өглөө очсон.  Ингээд гэрээ байгуулъя гэхэд хариуцагч одоохондоо завгүй байна, дараа болъё, мөнгө дансанд байгаа гэхээр нь дэмий санагдаад гэрээ байгуулахаа болилоо гэхэд Г.Т 2 000 000 төгрөгийг буцааж өгнө, 1 000 000 төгрөгийг тусгай зөвшөөрөл гаргуулж авах гээд өгсөн, удахгүй 1 000 000 төгрөгийг өгье гэсэн. Гэвч 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 4 хоногийн төлбөр 250 000 төгрөг суутгана гэсэн. Нэхэмжлэгч 150 000 төгрөгийг нь суутгаад 750 000 төгрөгийг өгчих гэж хэлэхэд одоохондоо боломжгүй, удахгүй өгнө гэсэн боловч холбогдохоо байсан. Дэлгүүрээ 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээслүүлж чадаагүй учраас 22 хоногийн түрээсийн төлбөрт 730 000 төгрөгийг суутган авч, 270 000 төгрөгийг буцааж өгнө гэж хэлсэн. 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 270 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээ байгуулагдаагүй, дэлгүүрийг нь ашиглаагүй. Иймд Г.Тс 730 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагчийн тайлбарт: Р.Б 2020 оны 7 сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан. 3 000 000 төгрөг авсан нь үнэн. Зарын дагуу ярьсан хүнээс 8 дах хүн нь Р.Б байсан. Р.Б өмнө дэлгүүр ажиллуулж байсан туршлагатай гэж дэлгүүрийг түрээслэнэ, зараа авчих гэж хэлсэн. Эхнэртэйгээ яриад 3 000 000 төгрөг шилжүүлсэн. Түрээсийн гэрээнд төлбөрийн талаар тодорхой заасан байгаа бөгөөд нэхэмжлэгч нь өөрөө уншиж, зөвшөөрөөд гарын үсэг зурахдаа эхнэртэйгээ хамт зурна гэж хэлээд тавьсан заруудыг устгуулсан. Нэхэмжлэгчийн авчирсан бараанаас хариуцагчийн бараатай ижил 3 бараа байсан. 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Р.Б эхнэртэйгээ ирж ижил бараа байна гээд хоорондоо хэрэлдээд гарсан. Ингээд маргааш болъё гээд бараагаа буцаагаад автомашиндаа хийсэн. Р.Б эхнэр түрээслэхээ болъё гэж байна гэхээр нь 2 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Г.Т 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр н.Алтанбаян гэх хүнд дэлгүүрээ түрээслүүлсэн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т заасан хэлцэл хийсэн. 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 20 хоног байх бөгөөд уг хугацаанд оногдох мөнгөн дүн нь 730 000 төгрөг болох учраас буцааж өгөхгүй. Нэхэмжлэгч хариуцагчийн тавьсан заруудыг устгуулсан. Р.Б өөрөө дэлгүүрийн гадна талд наасан зарыг хуулж авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

   Шүүх:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Тс 730 000 /долоон зуун гучин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Бад олгож, нэхэмжлэгч Р.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 070 төгрөгийг Төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Г.Тс улсын тэмдэгтийн хураамжид 22 070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Б-д олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Р.Б 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр эхнэрийн хамт дэлгүүрийг хүлээн авахдаа бараа материалыг хүлээлцэх үед ижил бараа байна гэж нөхрөө загнаж хоорондоо казакаар хэрэлдэж эхэлсэн. Нэхэмжлэгчийн бараанд манай бараатай ижил 3 төрлийн бараа байсан. Удалгүй эхнэр нь уурлаад явчихлаа гээд гэрээ байгуулахаа больсон гэж хэлсэн. Өөрсдөөс нь шалтгаалж хоорондоо үл ойлголцож гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах хэсэгт зааснаар Р.Быг хохирлыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ зөв дүгнэсэн атлаа шийдвэр гаргахдаа өрөөсгөл хандсан гэж ойлгогдохоор байна. Р.Б 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарын дагуу ирж дэлгүүрийг үзээд зараа хаачих, би түрээслэнэ, одоо мөнгөө шилжүүлнэ гэж хэлээд эхнэртэйгээ утсаар ярьж миний данс руу 3 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээг уншиж үзээд эхнэрээ ирэхээр гарын үсэг зурна гэсэн. Ингээд бүх зараа авч, нэхэмжлэгчид итгээд дахин хүнтэй түрээсийн талаар яриагүй. Гэтэл нэхэмжлэгч 3 хоногийн дараа ирээд хоорондоо хэрэлдэж маргалдаад сүүлдээ түрээслэхээр больж намайг хохироосон. Би дахин зар тавьж 20 хоногийн дараа 7 дугаар сарын 23-ны өдөр н.Алтанбаярт дэлгүүрээ түрээслүүлсэн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т зааснаар түрээсийн мөнгөө урьдчилж шилжүүлснээр хэлэлцэн тохирсон гэж үзсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Г.Тд холбогдуулан түрээсийн гэрээнээс татгалзсаны үр дагавар 730 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 85-2 тоотод байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийг сарын 1 000 000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслэхээр хариуцагчийн дансанд тухайн өдрөө 3 000 000 төгрөг шилжүүлсэн боловч талууд харилцан тохиролцоогүйн улмаас хариуцагч 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 270 000 төгрөг нэхэмжлэгчид буцаан өгч, 730 000 төгрөг өгөөгүй болох нь  талуудын тайлбар, хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулгаар тогтоогдсон. /хх1-2, 7, 69/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дах хэсэгт зааснаас үзэхэд түрээсийн гэрээг бичгээр байгуулах, түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байна.

Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, гэрээний зүйл нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлээгүй байх тул түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн “нэхэмжлэгч дэлгүүрийг түрээслэнэ гэж хэлсэн учраас тавьсан заруудаа устгасан, хэрвээ зарыг устгуулаагүй байсан бол дэлгүүрээ хугацаа алдалгүй бусдад түрээслэх байсан. 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 20 хоногийн түрээсийн төлбөрт 730 000 төгрөг суутгаж авсан” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй. /хх69/

Хариуцагч нь дээр дурьдсан татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Хэрэгт авагдсан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Р.Алтанбаяртай байгуулсан түрээсийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралд “5 сараас хойш дэлгүүрээ түрээслээгүй байсан” гэх, мөн тусгай зөвшөөрлийн хугацаатай холбоотой хийсэн тайлбарыг хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн гэм буруугийн улмаас хохирсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийг 730 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00578 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг ...” гэснийг “... 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг ...”  гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 070 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                      А.МӨНХЗУЛ