Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 009

 

Ц.Одбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0057/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

          Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Ялтан                                                        Ц.Одбаяр

           Ялтны өмгөөлөгч                                     Ж.Нарантуяа

            Хохирогч                                                         Ц.Ганбаатар         

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Одбаярт холбогдох 201606000087 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Ц.Одбаяр, ялтны өмгөөлөгч Ж.Нарантуяа, хохирогч Ц.Ганбаатар нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  Уутай овогт Цогтбаярын Одбаяр, 1991 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /ГЙ91071217 регистрийн дугаартай/.

Ц.Одбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багийн нутаг “Бөөрөг” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Ганбаатарын толгойн тус газарт модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор:

Уутай овогт Цогтбаярын Одбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ц.Одбаярыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Одбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Шүүгдэгч Ц.Одбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Одбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

     Ялтан Ц.Одбаяр, ялтны өмгөөлөгч Ж.Нарантуяа нар давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлд заасан “тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаагүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Булган аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 117 тоот дүгнэлтэнд: Ц.Ганбаатарын биед баруун чамархайн ясны далд хугарал, хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархи дарагдалт, тархины хаван, тархи доргилт, дух, баруун шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг хохирогч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй үндэслэлээ тодорхой дурьдаагүй байх ба шинжээчийн дүгнэлтийг үнэлэн шийдвэрээ гаргасан байна.

Шинжээчийн 117 тоот дүгнэлт нь тодорхой бус, эргэлзээтэй байхад хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд заасны дагуу гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах буюу тодруулах зорилгоор шинжээчийг байцаагаагүй байна...2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолыг хохирогч Ц.Ганбаатарт танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 157 дугаар зүйлд заасан эрхийг нь зөрчжээ.

Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан баримтаас үзэхэд,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд бүртгэж, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн 9-31 дугаар талд Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан гэж бичигдсэн байхад шийтгэх тогтоолд “... хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй…” гэж тодорхойлсон байна.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн, хүний биед гэмтэл учруулсан гэх зэвсгийн чанартай бусад эд зүйл болох модыг хураан авч, үзлэг хийж улмаар нарийвчлан шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

Хэрэгт цугларсан баримтуудаар 2016 оны 01 дүгээр сарын 16-нд Ц.Одбаярын нүд хөхөрсөн байх энэ талаар шалгалгүй орхигдуулж мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн байна. Хэргийн 59-62 талд тус тус авагдсан гэрч Г.Эрдэнэсувд, Ц.Одмаа нарыг байцаахдаа мөрдөн байцаагч нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд … шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

Хохирогч Ц.Ганбаатар давж заалдах гомдолдоо: “... миний бие биедээ гэмтэл авсан ба эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон...миний биеийн байдал эрс сайжирч одоо ямар нэг өвдөх өвчин зовиур байхгүй. Хэрэгт шинжээчийн дүгнэлт хууль бус буруу гаргасан гэж үзэж байна. Шинжээч нь намайг огт үзээгүй. Миний биеийн байдлыг үзэж шалгаж дүгнэлт гаргаагүй. Миний хувьд надад хүнд гэмтэл учраагүй. Шүүх хуралд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасаар байхад хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэгдээгүй. Буруу дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралд оролцуулах арга хэмжээ огт аваагүй. Шүүгч нар хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.  

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газраас Ц.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ.

Ялтан Ц.Одбаяр, ялтны өмгөөлөгч Ж.Нарантуяа, хохирогч Ц.Ганбаатар нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд ялтан, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзнэ.

Тухайлбал: Мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн  шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоолыг хохирогч Ц.Ганбаатарт танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасныг зөрчсөн /хх 63/, шинжилгээ хийлгэх үед хохирогчийн эрхийг хангаагүй байна.

Түүнээс гадна өмгөөлөгч П.Ган-Очирын мөрдөн байцаалтын шатанд гаргасан шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах тухай хүсэлтийг мөрдөн байцаагч 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “…дээрхи үндэслэлийг хангах шаардлагагүй…” хэмээн тодорхой үндэслэл заалгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол /хх 85/ гаргасан,

мөн шүүх хохирогч Ц.Ганбаатарын бичгээр /хх 110/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “дахин дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан “…хүсэлтийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай үндэслэл бүхий тогтоол, захирамж…гаргана” гэснийг зөрчсөн, өөрөөр хэлбэл мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа гүйцэд биш хийжээ.

Харин ялтан, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдагдсан бусад үндэслэл буюу гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 170 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хохирогч Ц.Ганбаатараас ирүүлсэн гэмтлийн болон хохирлын талаарх 35 хуудас баримтыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан /хх 9/ байх тул шийтгэх тогтоолд дээрхи баримтуудыг эд мөрийн баримт хэмээн тусгайлан дурьдах шаардлагагүй юм.

Хавтаст хэрэгт Ц.Одбаярын хувийн байдалтай холбоотой баримт болох Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолтууд /хх 78-79/, мөн түүний эх Г.Эрдэнэсувд, төрсөн эгч Ц.Одмаа нарын гэрчээр өгсөн мэдүүлэг авагдсан бөгөөд

мөрдөн байцаалтын шатанд дээрх гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т заасныг зөрчөөгүй, Г.Эрдэнэсувд, Ц.Одмаа нарт өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлан өгсөн нь /хх 59, 61/ тогтоогдож байна.

Түүнчлэн Ц.Одбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх модыг хураан авах, хэрэгт хавсаргах ажиллагаа хийгдээгүй боловч тухайн үйл баримт болсны дараа уг модыг шатаасан талаар гэрч Т.Онолбат /хх 58/ мэдүүлсэн байх тул эд мөрийн баримтаар хураан авах ажиллагаа хийгдэх боломжгүй болжээ.

Иймд ялтан, ялтны өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан “…шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул дахин гаргуулж өгнө үү…” гэх давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ц.Одбаяр урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурьдсугай.

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ё.БЯМБАЦЭРЭН

                       ШҮҮГЧИД                                           С.ЦЭЦЭГМАА        

                                                                                  С.УРАНЧИМЭГ