Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00065

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Ц.Ганбаатар,

Иргэдийн төлөөлөгч Ж.Баянмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Ц.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уутай овогт Цогтбаярын Одбаярт холбогдох 201606000087 дугаартай, 132/2016/0057/Э индекстэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Уутай овогт Цогтбаярын Одбаяр  /РД: ГЙ91071217/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Одбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багийн нутаг “Бөөрөг” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Ганбаатарын толгойн тус газарт модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Одбаярын өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр найз Онолбатын төрсөн өдрийн баяр болсон юм. Би найз нарынхаа хамт дэлгүүрээс “Сархад” нэртэй архи худалдаж аваад найз Онолбатынд очсон. Очиход Онолбат хоол хийж байсан. Бид худалдаж авсан архиа хувааж уусан. Тэнд хамт байсан 2 эмэгтэй найз маань түрүүлээд согтоод унтсан. Үүний дараа Ганбаатар “намайг яагаад ядуу гээд байдаг юм бэ гэж” надаас асуусан. Би түүнд би чамайг “ядуу гэж хэлээгүй шүү дээ” гэж хэлсэн. Намайг унтаж байхад Ганбаатар намайг босгож ирээд нүд рүү цохьсон. Үүний дараа Ганбаатар гар чийдэн бариад гарсан, би араас нь гарсан. Ганбаатар гар чийдэнгээрээ миний толгой руу цохьсон. Би манараад тонгойход газар мод байсан. Ганбаатар над руу гүйгээд ирэхэд нь би тэр модоор түүний толгой руу нь цохиход ухаан алдсан. Би Ууганцогтын хамт Ганбаатарыг гэрт оруулаад үнэртэй ус үнэртүүлэхэд сэргээд намайг түлхсэн. Үүний дараа Ганбаатар хурхираад унтчихсан. Ганбаатар маргааш нь толгой өвдөөд байна гээд бөөлжөөд байсан. Би түүнд эмнэлэг явах уу гэхэд маргааш явъя гэж хэлсэн. Алтанзагас гэх хүн надаас Ганбаатар эмнэлэг дээр байна, юу болсон юм бэ гэж асуусан. Би түүнд болсон явдлын талаар хэлсэн. Би маргааш нь эмнэлэгт очиход Ганбаатар хэвтчихсэн эмчилгээ хийлгэж байсан. Эмч нь яаралтай Орхон аймаг руу авч явах шаардлагатай гэж хэлсэн. Би Ганбаатартай хамт Орхон аймаг руу явъя гэхэд толгой өвдөөд байна өнөөдөр явж чадахгүй юм шиг байна гэж хэлсэн. Ингээд бид Орхон аймгийн эмнэлэгт очиж томографт ороход тархины яс цуурсан, гэмтэлтэй гэж байсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ганбаатарын өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр найз Онолбатын төрсөн өдрийн баяр болсон юм. Бид найз Онолбатын төрсөн өдрийн баярыг тэмдэглэхээр тэднийд очсон. Бид архи уугаад муудалцсан юм шиг байгаа юм. Би Одбаярыг цохьсон гэдгээ мэдээгүй. Учир нь би согтоод тасарчихсан байсан. Одбаяр надаас “найзтайгаа яагаад зодоон хийсэн юм бэ” гэж асуусан. Би түүнд мэдэхгүй гэж хэлсэн. Би ар гэрийнхэндээ зодоон хийсэн гэдгээ хэлээгүй, уначихсан юм аа л гэж хэлсэн. Миний толгойд том хагалгаа хийнэ гэж хэлээгүй, жоохон цоолоод соруулад авна гэж байсан. Би энэ шинжээчийн дүгнэлт буруу гарсан гэж бодож байгаа. Учир нь миний эмнэлэгт хэвтсэн өвчний түүхийг хараад л дүгнэлт гаргасан. Миний толгой одоо өвдөж хавдсан зүйлгүй байгаа. Иймээс дахин шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Одбаяр бид 2 бага наснаасаа найзласан найзууд юм. Бид бараг л нэг гэрт хамт өссөн. Ганц өдрийн архидалтаас болж ийм үр дагаварт хүрсэнд харамсаж байна гэх мэдүүлэг,  

201606000087 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Г.Сувдын өгсөн...2016 оны 01 дүгээр сард би хичээлийн амралтаар Булган аймаг Тэшиг суманд амарч байсан. Гэтэл 01 дүгээр сарын 16-нд Онолбатын төрсөн өдрийг тэмдэглэх гэж нийлээд "Бөөрөг" гэх газар гэрт нь Одбаяр, Ууганцогт, Сүнжидмаа, Ганбаатар бид нар 21 цагийн үед очсон. Онолбат гэртээ ганцаараа байсан. Бид нар нийлээд төрсөн өдөр тэмдэглээд авч очсон 3 шил “Сархад” гэдэг нэртэй архиа уусан. Би 2 дахь шил архи ууж эхлэхэд согтоод унтсан. Тэрнээс хойш Одбаяртай уулзаж утсаар ярьж байхад Ганбаатар эмнэлэгт хэвтсэн хагалгаанд орсон зардал мөнгө би өгч байна. Ганбаатарын толгой руу модоор цохисон тархинд нь цус хурсан байна гэж л хэлсэн. Ганбаатар Тэшигээс гарахдаа хүмүүстэй хамт архи уучихсан нэлээн халамцуу явсан. Ганбаатар л явъя Онолбатын төрсөн өдрийг тэмдэглэе гэж эхэлж хэлсэн. Тэр 2 хоорондоо л зодолдсон гэсэн. Одбаярын нэг нүд нь хөхөрсөн байсан яг аль нь гэдгийг санахгүй байна. Ганбаатар цохисон гэж байсан. Ганбаатар хэвтээд л бөөлжөөд л байсан. Бид нар шартаад л босч чадахгүй байна гэж бодож байсан. Толгой өвдөж байна гэж хэлээд тэндээ үлдэхээр болсон юм…гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал /

Гэрч  Н.Сүнжидмаагийн өгсөн…Өглөө тэд  нарын хэлснийг сонсож байхад Одбаяр, Ганбаатар 2 маргалдсан талаар яриад байсан. Өглөө босоход толгой өвдөөд байсан тул нэг их асууж ач холбогдол өгөөгүй зодоон хийж нэг нэгнийгээ гэмтээсэн гэж бодоогүй. Хэд хоногийн өмнө цагдаа дуудсан гээд Ганбаатарыг Одбаяр зодсон тэгээд эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэсэн, толгойндоо гэмтэл авсан байна гэж нөхөр Ууганцогт хэлснээр мэдсэн юм. Ганбаатар унтаад босохгүй бөөлжөөд гэрийн баруун талын орон дээр хэвтэж  байсан. Бөөлжихөд нь Одбаяр нүүрийг нь арчаад цэвэрлэж байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал /

Гэрч Ц.Ууганцогтын өгсөн...4-н залуу үлдээд юм яриад сууж байхад Ганбаатар өөрөө эхэлж Одбаяр руу хандаж “би ядуу гуйлгачин” гэх мэтээр агсраад байсан. Одбаяр өөдөөс нь “би тэгж чамайг хэзээ ч яриагүй ш дээ” тэгж хэлэхгүй гэж байсан. Ингээд бид нар амрахаар болоод бүгд орондоо ороод хэвтсэн. Одбаяр хэвтэж байхад Ганбаатар татаж босгоод дахиад маргаан өдөөд хэрүүл хийж байгаад Одбаярын нэг нүд рүү цохиод авсан. Маргааш нь хөхрөөд туяа орсон байсан зүүн нүд шиг нь санагдаж байна. Одбаяр болио “тайван амраа” гээд байсан. Гэтэл Ганбаатар хэрүүл хийсээр байгаад тэр 2 гэрээс гарсан. Би хувцсаа өмсөөд араас нь гарсан. Гэтэл машины ар хэсэгт хэрүүл хийгээд зогсож байсан. Ганбаатар гартаа барьсан байсан гар чийдэнгээр Одбаярын толгой руу нь цохиод авсан гэтэл Одбаяр машиныхаа арагшаа гүйгээд явах шиг болсон. Ганбаатар Одбаярын араас би тэр хоёрын араас гүйгээд очтол Одбаяр гартаа гадасны 1 метр хэрийн хэмжээтэй мод бариад Ганбаатарын толгойн тус газар 1 удаа цохиод авсан. Би очоод боль гэж салгаад модыг нь аваад цааш шидсэн. Ганбаатар газар дээрээ унаад ёолоод хэвтэж байхад нь Одбаяр бид 2 сугадаад гэрт оруулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал /

Гэрч Т.Онолбатын өгсөн...2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр миний төрсөн өдөр болж 25 нас хүрсэн,… бид нар багын найзууд учраас хууч хөөрөөд элдвийн юм ярьж суусан. Гэтэл Ганбаатар нэг хэлэхдээ “Одбаяраа би чамаас л тусламж авч явдаг ш дээ” гэх утгатай юм ярьж байсан. Одбаяр найз нь “боломжоороо л явдаг” гэж байсан. Гэнэт тэгж байгаад Ганбаатар “чи намайг ядуу гэж хэллээ” гээд агсраад эхэлсэн. Одбаяр би тэгж хэлээгүй ш дээ ядуу тарчиг гэж хэлдэггүй ш дээ гээд байсан. Ингэж маргалдаж байгаад болиод бид нар унтахаар болсон. Гэтэл Ганбаатар хэвтэж өгөхгүй Одбаяр дээр очоод хэрүүл өдөөд нөгөө л үгээ хэлээд байсан. Арга ядаад Одбаяр босоод ирсэн гэтэл Ганбаатар Одбаярын нүд рүү нь нэг удаа цохиод авсан. Одбаяр айлд хэрэлдээд яахав гарья гээд гарсан. Би орондоо орсон байсан учраас болчих байх гээд гараагүй, гэтэл Ууганцогт босоод араас нь гарсан. 10 гаран минут болсон болов уу Одбаяр, Ууганцогт хоёр Ганбаатарыг 2 талаас нь сугадаад оруулж ирсэн. Тэгээд яачихваа гэтэл Одбаяр хэлэхдээ “Ганбаатар гар чийдэнгээр толгой руу цохиод авахаар нь би модоор толгой руу нь цохьчихлоо, ухаан алдчих шиг боллоо” гэж орж ирээд хэвтүүлээд авдар дээр байсан миний үнэртэй усыг аваад Ганбаатарт үнэртүүлэхэд Ганбаатар гараараа түлхээд байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал /

Гэрч Д.Туулын өгсөн...2016 оны 01 дүгээр сарын 19-ны үед байхаа би Орхон аймгаас Тэшиг дэх гэртээ ирэхэд дүү Ганбаатар манай гэрт бөөлжөөд байна, толгой өвдөөд байна гээд хэвтэж байсан. Харахад толгойны баруун чамархай хэсэгт хавдартай, зүүн чихэндээ шархтай, духан дээрээ бас хөхөрсөн, эрүүний баруун талд хөхөрсөн хавдартай байсан. Яасан юу болов нүүр толгой чинь яасан юм бэ гэхэд толгой өвдөөд байна гээд юм хэлэхгүй байсан. Тэгээд сумын эмнэлэг рүү түргэн дуудсан. Эмч аваад ир гэсэн учраас би машинд хөдөлгөөнгүй суулгаж аваад очсон. Сумын эмч үзээд тархи толгойны гэмтэл байж магадгүй эмчилгээ хийж харж хоноё гэсэн. Тэгээд эмчилгээ хийсэн боловч толгойн өвчин буурахгүй байсан учир эмч маргааш нь Орхон аймаг руу яаралтай явж зураг авахуул гэсэн. Маргааш нь явж чадаагүй толгойны өвдөлт нь намдахгүй байсан учраас нөгөөдөр нь Одбаярын машинтай явсан. Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай толгойны зураг авахуулсан. Гэтэл “гавлын ясны цууралттай, тархины хатуу хальсны урагдалттай, цус хурсан” байна. Бага хэмжээтэй цус хурсан бол шимэгдүүлж эмчилгээ хийлгэж болно. Их байгаа учраас хагалгаа яаралтай хийнэ шийдвэр гаргах хүмүүсээ дууд гэсэн байсан. Тэгээд би тэр оройдоо нөхөр, ах нарын хамт Орхон аймагт эмчийн зөвлөгөөний хурлаар орж ар гэрийн зөвшөөрлөөр уг хагалгаанд орсон. Ганбаатар хэлэхдээ “бид нар архи ууж муудалцаад тасраад унасан байсан” яаснаа мэдэхгүй байна гэхээр нь Одбаяраас асуухад би цохисон гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал /

Булган аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 117 тоот дүгнэлтэд: Ц.Ганбаатарын биед баруун чамархай ясны далд хугарал. Хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа тархи дарагдалт, тархины хаван, тархи доргилт, дух, баруун шанаа, чамархайны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 64 тал/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, өвчтний түүх /хх-ийн 10-31 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 76 тал/  зэргийг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Одбаяр, хохирогч Ц.Ганбаатар нар нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багийн нутаг “Бөөрөг” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Ц.Ганбаатарын толгойн тус газарт нь модоор цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Одбаярын…Намайг унтаж байхад Ганбаатар намайг босгож ирээд нүд рүү цохьсон. Үүний дараа Ганбаатар гар чийдэн бариад гарсан, би араас нь гарсан. Ганбаатар гар чийдэнгээрээ миний толгой руу цохьсон. Би манараад тонгойход газар мод байсан. Ганбаатар над руу гүйгээд ирэхэд нь би тэр модоор түүний толгой руу нь цохиход ухаан алдсан гэх, гэрч Г.Сувдын...тэр 2 хоорондоо л зодолдсон гэсэн. Одбаярын  нэг нүд нь хөхөрсөн байсан яг аль нь гэдгийг санахгүй байна. Ганбаатар цохисон гэж байсан. Ганбаатар хэвтээд л бөөлжөөд л байсан гэх, гэрч  Н.Сүнжидмаагийн…Ганбаатар унтаад босохгүй бөөлжөөд гэрийн баруун талын орон дээр хэвтэж  байсан гэх, гэрч Ц.Ууганцогтын…Ганбаатар Одбаярын араас би тэр хоёрын араас гүйгээд очтол Одбаяр гартаа гадасны 1 метр хэрийн хэмжээтэй мод бариад Ганбаатарын толгойн тус газар 1 удаа цохиод авсан гэх, гэрч Т.Онолбатын…Одбаяр хэлэхдээ “Ганбаатар гар чийдэнгээр толгой руу цохиод авахаар нь би модоор толгой руу нь цохьчихлоо, ухаан алдчих шиг боллоо” гэж орж ирээд хэвтүүлээд авдар дээр байсан миний үнэртэй усыг аваад Ганбаатарт үнэртүүлэхэд Ганбаатар гараараа түлхээд байсан гэх, гэрч Д.Туулын…дүү Ганбаатар манай гэрт бөөлжөөд байна, толгой өвдөөд байна гээд хэвтэж байсан…, Ганбаатар бид нар архи ууж муудалцаад тасраад унасан байсан яаснаа мэдэхгүй байна гэхээр нь Одбаяраас асуухад би цохисон гэж хэлсэн гэх мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 117 тоот дүгнэлтээр…Ц.Ганбаатарын биед баруун чамархай ясны далд хугарал. Хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа тархи дарагдалт, тархины хаван, тархи доргилт, дух, баруун шанаа, чамархайны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Одбаярын бусдын бие махбодийг гэмтээж, амь насанд аюултай байдалд хүргэсэн дээрхи үйлдэл нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт  нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Ганбаатарын өвчтний түүхийн…”баруун чамархайн ясны хугарал, хатуу хальсны дээд болон доод цусан хураа, тархи дарагдалт, шархны хаван, тархины эдийн дунд зэргийн няцрал” гэх бичилт болон мэс ажиллабарын тэмдэглэл, томографикийн…”баруун чамархайн яс хагарсан урт хугарсан. Тархины хаван ихтэй, хатуу хальсан дээр дор цус хурсан, дунд бүрдэл зүүн тийш хазайсан, баруун ховдол дарагдсан” гэх зэргээс үзэхэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын “Гэмтлийн хүнд” зэргийг тогтоох шалгуурын 3.1.2-т заасан “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал” 3.1.3-т заасан “тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл” учирсан нь тогтоогдож байна.

Иймд хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Одбаярт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Ц.Одбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйл ажиллагаа нөлөөлсөн, хохирогч Ц.Ганбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргаж байгаа зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Одбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ц.Одбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Уутай овогт Цогтбаярын Одбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ц.Одбаярыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Одбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Одбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Одбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНДУЛАМ

      ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД