Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00763

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00763

 

Д.А-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/00530 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.А-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 6328 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч ТФ ББСБ ХХК--д 55 742 456 төгрөгийг төлөхөөр болсон. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол 146 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Х- хариуцан гүйцэтгэж байгаа. Шийдвэр гүйцэтгэгчээс барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийн санал өгөхийг шаардсаны дагуу нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө 107 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч талууд үнийн санал дээр тохиролцоогүй гэх үндэслэлээр шинжээч томилж, нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 76 847 000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой. Мөн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээр тогтоогоогүй, өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт буюу манай үл хөдлөх хөрөнгөтэй ижил төстэй эд хөрөнгийг 100-120 000 000 төгрөгөөр үнэлэн худалдан борлуулж байгаа. Иймд Д.А-ын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 78-8 тоотод байрлах 43.05 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 76 847 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн /06328 дугаартай захирамжаар Д.А-аас 55 742 456 төгрөгийг гаргуулж, ТФ ББСБ ХХК--д олгох, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043578 дугаарт бүртгэгдсэн Д.А-ын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 78 дугаар байрны 8 тоотод байрлах, 43.05 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 20250515 дугаартай Үүсгэх тогтоол-оор эхлүүлэн явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 146/03 дугаартай тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Д.А- орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 107 625 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй учраас хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгон дуудлага худалдаанд оруулах талаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/509 дугаартай шинжээч томилох тогтоолоор Виннер Вэй ХХК-ийг томилж, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 76 847 000 төгрөгөөр тогтоосон. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.А- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх маргааны гол зүйлийг шийдвэрлээгүй атлаа маргаагүй процессын асуудалд дүгнэлт өгсөн. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн үзэж, дүгнэж байгаагаа шийдвэрт тусгаагүй. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 6328 дугаар шүүхийн шийдвэрээр ТФ ББСБ ХХК--д 55 742 456 төгрөг төлөхөөр болсноос нийт 18 500 000 төгрөгийг төлсөн. Үүнээс төлбөл зохих 37 242 456 төгрөг үлдсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө 107 000 000 төгрөгөөр үнэлсэн ч талууд үнийн санал дээр тохиролцоогүй гэх үндэслэлээр шинжээч томилж, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 76 847 000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Мөн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээр тогтоогоогүй байх бөгөөд өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэр буюу манай үл хөдлөх хөрөнгөтэй ижил төстэй эд хөрөнгийг 100 000 000 төгрөгөөс 120 000 000 төгрөгөөр үнэлэн худалдан борлуулж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргааны гол агуулгад дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлэх боломжоор хангаж, хэргийг анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зээлийн гэрээний үүрэгт 55 712 456.74 төгрөгийг гаргуулахаар ТФ ББСБ ХХК- нэхэмжилснийг хариуцагч Д.А- хүлээн зөвшөөрч, 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулах, төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 78 дугаар байрны 8 тоотод байрлах, 43.05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2020/06328 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. /хх28-29/

 

Хуулийн хүчин төгөлдөр уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ГХ2020/00677 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх27, 30/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 78 дугаар байрны 8 тоотод байрлах, 43.05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 146/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 146/03 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад төлбөр төлөгч Д.А- нь үл хөдлөх эд хөрөнгийг 107 625 000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан /хх38/, харин төлбөр авагч ТФ ББСБ ХХК- нь үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлт 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргажээ. /хх39/

 

Талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоож чадаагүй тул 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/509 дугаар тогтоолоор шинжээчээр үнэлгээ хийлгэхээр ВВ ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ.

 

Томилогдсон шинжээч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 78 дугаар байрны 8 тоотод байрлах, 43.05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 76 847 000 төгрөгийн үнэ цэнэтэй гэж гэж тодорхойлсон байна.

 

Шинжээчийн дүгнэлтийн талаарх 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-146/37347 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Д.А- нь 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар өөр худалдан борлуулахаар 1 сарын хугацааг хүссэн хүсэлтийг бичгээр гаргасан /хх-59/ ч үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авчээ.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд хандах гэж заасныг зөрчсөн, хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаагүй байна.

 

Үнэлгээний тайланд үнэлж буй хөрөнгийн төлөв байдал болон өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргыг ашигласан талаар тодорхой тусгагдсан байх бөгөөд ойролцоо байрлах хөрөнгийн зориулалт, төхөөрөмжлөгдсөн байдал, барилгын хийцийн хувьд ижил төстэй 3-6 орон сууцыг худалдан борлуулахтай холбоотой 2020 оны 10 дугаар сарын 7-12-ны өдрүүдийн мэдээллийг үндэслэн зохих тохируулгыг хийж, 43.05 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 76 847 000 төгрөгөөр тогтоожээ.

 

Үнэлгээний тайлангийн агуулгаас үзвэл шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд зах зээлийн хандлагаар ижил байршилд байрлах орон сууцны үнэлгээтэй харьцуулан, орон сууцны талбайн хэмжээ, байрлалын итгэлцүүр, чанар хийц, давуу болон сул дутагдалтай талуудыг харгалзан үнэлгээг тогтоосныг үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлж, үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээний дээрх аргачлал, дүгнэлтийг буруу, алдаатай болохыг баримтаар няцаасан буюу үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул түүний шаардлагаар үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, хэргийн баримтыг маргаанд хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/00530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ