Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00762

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00762

 

Т.Н-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/00583 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Н-ийн хариуцагч НЗТН ОНӨААТҮГ--т холбогдуулан гаргасан хамтын гэрээнд заасан тэтгэмж 8 950 695 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Н- нь НЗТН ОНӨААТҮГ--ын Автобус дүгээр баазад 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажилд орж, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б/315 тоот тушаалаар 20 жил 7 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Т.Н- нь энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч хамтын гэрээнд заасан тэтгэмжийн мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байх тул хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт 8.5-д зааснаар 15 сарын тэтгэмжийг сарын дундаж цалин 1 484 491 төгрөгөөр тооцож, 22 267 365 төгрөгийг хариуцагч байгууллагаас олгох ёстой. Үүнээс хариуцагч байгууллага 13 316 670 төгрөгийг өгсөн тул үлдэх 8 950 695 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан учир 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/ 315 тоот тушаалаар чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож буй хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Уг гэрээний нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд энэхүү хамтын гэрээ нь өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах цаг хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороотой 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2018-2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн засаг даргын Тамгын газарт бүртгүүлснээр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг хамтын гэрээний 3.4-д зааснаар 20 жил тасралтгүй ажилласан бол 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүснэ. Нэхэмжлэгч Т.Н- нь 20 жил ажилласан тул 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/402 тоот тушаалаар 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 13 316 670 төгрөг төгрөг олгохоор болсон. Байгууллага нь хамтын гэрээний үүргээ биелүүлж тэтгэмжийг нэхэмжлэгчийн дансанд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-д ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөх олговорт хөнгөлөлтийн орлого буюу хоол унааны хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэснийг баримтлан 13 316 670 төгрөгөөр тооцсон болно. Мөн нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлсний дэлгэрэнгүй баримтыг хэрэгт өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хамтын гэрээний дагуу 13 316 670 төгрөгийг олгосон тул үлдэх 8 950 695 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НЗТН ОНӨААТҮГ--аас 1 530 570 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Н-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 736 795 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч НЗТН ОНӨААТҮГ--аас улсын тэмдэгтийн хураамж 39 439 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх дүгнэхдээ 2013 оны 02 дугаар сарын хамтын гэрээг мөн 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тус хамтын гэрээний ерөнхий зүйлд /дараагийн хамтын гэрээ хүртэл хүчин төгөлдөр/ байхаар тохиролцсон хугацааг сунгасныг үнэлж дүгнэхгүй. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хамтын гэрээ байгуулах хурлаар /дараагийн хамтын гэрээ баталтал хуучин гэрээг хэвээр мөрдөж ажиллана/ тохиролцсоныг үнэлж дүгнээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, 16.4, 16.5 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна

ЗТН- ОНӨААТҮГ-ын захиргаа нь ЗТН- ОНӨААТҮГ-ын Автобусны нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороотой өнөөдрийг хүртэл шинэчилсэн хамтын гэрээг байгуулаагүй байхад Т.Н- нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазад 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажилд орж, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б/315 тоот тушаалаар 20 жил 7 сар тасралтгүй ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Т.Н-ийн нэг сарын дундаж цалин 1 484 491 төгрөг болсон ЗТН- ОНӨААТҮГ-ын Автобусны нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороотой 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээнд 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсны 8.5-д зааснаар 15 сарын тэтгэмж 22 267 365 төгрөг авах атал 13 316 670 төгрөг байгууллагаас олгож, шүүхээр 1 530 570 төгрөг олгохоор шийдвэрлэж, 7 420 125 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Иймд хариуцагчаас 7 420 125 төгрөгийн тэтгэмжийг тус байгууллагаас нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хамтын гэрээнд зааснаар тодорхойлоогүй. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг 2020 оны 6, 7, 8 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хамтын гэрээнд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгохдоо Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д заалтад ...ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмж олгохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заасан. Уг журмыг баримтлан байгууллагаас нэхэмжлэгчид тэтгэмж олгохдоо 2020 оны 7, 8, 9 сараар тооцсон байсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийг 9 сард бүтэн ажиллаагүй гэсэн. Нэхэмжлэгч 9 сард бүтэн ажилласан бөгөөд цалин авсан баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн шүүх хуралдааны үед хариуцагч байгууллагын төлөөлөгч байгууллагын ажлын хоног нь тухайн сарын 22-ноос дараа сарын 22-ны өдөр хүртэл тооцогддог болохыг тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэсэг буюу 1 530 570 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийн хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.Н- нь хариуцагч НЗТН ОНӨААТҮГ--т холбогдуулан хамтын гэрээнд заасан тэтгэмж 22 267 365 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас тэтгэмжид олгосон 13 316 670 төгрөгийг хасч, 8 950 695 төгрөг болгон багасгаж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үүсгэн байгуулж, Автобус-1 ОНӨААТҮГ, Автобус-3 ОНӨААТҮГ, Цахилгаан тээвэр НӨҮГ-ыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан Нийслэлийн зоригч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нэгтгэсэн байна. /хх15/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Автобус нэг ОНӨҮГ болон үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээнд оруулсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар Т.Н- 15 сарын тэтгэмж авах эрхтэй гэх боловч уг гэрээний хугацаа нь хамтын гэрээний 2.2-т зааснаар 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үйлчлэхээр байна. /хх44-50/

 

Зорчигч тээврийн нэгтгэл үүсгэн байгуулагдсанаар нэгтгэсэн байгууллагуудын ажилчдын эрх ашгийг хамгаалж үйл ажиллагаа явуулахаар Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдсаныг Н.Т хууль бусаар нэгтгэсэн гэж эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0339 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0444 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 432 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /хх85-100/

 

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болон Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороо-ны байгуулсан 2017-2018 онд хэрэгжих хамтын гэрээг бүртгэсэн нь хууль зөрчөөгүй талаарх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба уг хамтын гэрээний 3.4-т 16-20 жил ажилласан бол 10 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгох талаарх заалтыг хэрэглэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт нийцэх юм. Нэхэмжлэгч Т.Н- нь 20 жил 7 сар ажилласан талаар талууд маргаагүй бөгөөд өмнөх хамтын гэрээний үйлчлэл 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон тул 2017 онд бүртгүүлсэн хамтын гэрээний заалтыг үндэслэн ажил олгогч нь нэхэмжлэгчид 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хамтын гэрээний дагуу олгох үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалд заасан аргачлалаар Т.Н-ийн 2020 оны 6, 7, 8 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцоход нэг сарын дундаж цалин 1 484 724 төгрөг, 10 сарын тэтгэмж 14 847 240 төгрөг гэж тооцсон нь зөв бөгөөд 1 530 570 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Т.Н-ийн сүүлийн 3 сард олгогдсон цалин хөлсний хэмжээ нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр буюу 2020 оны 6, 7, 8 дугаар сарын цалингийн дунджаар тооцож, 1 484 724 төгрөг гэж үзсэн шүүхийн тооцоолол хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, хариуцагчийн 9 сард бүтэн ажиллаагүй цалингаас бодох ёстой гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 13 316 670 төгрөгийг тэтгэмжид авсан тул үлдэх 8 950 695 төгрөгийг нэхэмжилнэ гэж шаардлагаа багасгажээ. /хх128/

 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн дүнг 22 267 365 төгрөг гэж бичсэнийг 8 950 695 төгрөг болгон, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шаардлагын үлдэх хэсгийг 20 736 795 төгрөг гэж хэрэгсэхгүй болгосныг 7 420 125 төгрөг гэж залруулна.

 

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй байх ба хамтын гэрээнд заасан нөхцлийг дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл гаргах үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь заалтыг баримталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/00583 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д заасныг баримтлан хариуцагч НЗТН ОНӨААТҮГ--аас 1 530 570 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Н-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 420 125 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 440 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ