Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2021/00037

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00106/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 204 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******-д холбогдох

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/546 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох, буурсан цалин 452.467 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын бичилт нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 2020 оны хэмнэлтийн ажлын талаарх тайланг компьютер дээр бичээд сууж байхад станцын гүйцэтгэх захирал ******* 09:45 минутын үед манай өрөөний хаалгыг маш хүчтэй саван орж ирсэн. Захирлыг дагалдан ХХ-ын дарга *******, ЗУХ-ын мэргэжилтэн Эдийн засагч ******* нар орж ирсэн. Бид гайхаад хартал захирал М.Жаргалсайхан Хөөе, *******ээ! доор юугаа хийж тэр хүмүүс зүгээр суугаад байгаа юм бэ? гэж маш их уурласан, гараа хармаандаа хийсэн, нүүр нь хүрэнтэж минчийсэн над руу хашгирч хэлсэн. Гадаа (-) температуртай удаан ажиллах нөхцөл бүрдээгүй хүйтэн байсан. Би засварчид цөөхүүлээ градирны унжсан мөс цохиод даарсан байлгүй жоохон дулаацаад ажлаа хийнэ гэж хэлсэн. Захирал намайг -Чи одоо тэнэг юм уу? юу гэж тэнэг тэнэг юм яриад байгаа юм бэ гэж доромжилсон. Би дахин Захирлаа градирны мөс цохиод дулаацаж байсан, ажилдаа гарна аа гэж учирлаж хэлсэн. Тэгтэл Чи муу одоо яагаад томроод байгаа юм, эргүү эргүү юм яриад чи одоо мангар юм уу, энэ ажлаа өгөөд зайлаарай гэж хэлэхэд нь би дуугүй байсан. Дахин ажлаа өгөөд зайлаарай... гэж занаж хэлсэн. Цехийн дарга ******* руу хандаж энэний тодорхойлолтыг нь бичээд аваад ир, би яг одоо арга хэмжээ авна гэсэн. ЗУХ-ийн дарга ******* намайг өөрийн хүсэлтээр өргөдлөө бичээд ажлаа өг гэж хэлсэн. Дараа нь ерөнхий инженер чамаас өөр хүнийг бид хэдэн жил сургаад засварын инженерийн ажлыг хийж чадах хүнийг олж чадах байх, чамаар бид дутахгүй өөрөө өргөдлөө бичээд ажлаасаа боль гэж тал талаас шахаж дарамталсан.

Цаашид ийм их сэтгэл санааны гүн хямрал, дарамт, захирлын заналхийлэл, доромжлол доор ажиллах итгэл үнэмшилгүй болж намайг цаашид зүгээр нэг хүний буруутай ч юм уу, технологийн зөрчлөөс болж ажилгүй болж магадгүй гэж айдаст автан тэдний шахалтаар өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Би захирлын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхэд хандаж байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б-546 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж өмнөх ажилд эргүүлэн тогтоож, буурсан цалинг гаргуулж, нийгмийн даатгалын бичилт нөхөн бичүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тайлбартаа:

2021 оны 03 дугар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 1.140.167 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Ингэхдээ цалингийн зөрүүгийн тооцоогдоо буруу гаргасан байна. 2 сар 15 хоногийн цалингийн зөрүү 678.700 төгрөг гаргуулах ёстой юм байна. Иймд анх гаргасан 452.467 төгрөг дээр 226.233 төгрөг нэмж 678.700 төгрөг гаргуулах нэг нэхэмжлэлийн шаардлага тодруулж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутын үед өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан засварын ажилтнуудын хөдөлмөрийн сахилга бат, цаг ашиглалтанд хяналт тавьж, хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэсэн чиг үүргийн дагуу хяналтын хэлтсийн дарга ******* хөдөлмөрийн эдийн засагч ******* нарын хамт цех хэсгийн технологийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын цаг ашиглалтай танилцахаар байруудаар явсан. Гэтэл компанийн хэмжээнд ажлын нягтрал өндөртэй байдаг цагаар турбин цехийн засварчид ажилдаа гаралгүй засварчдынхаа өрөөнд сууцгааж байсан. 1 цаг 30 минутын дараа цайны цаг болох тул энэ хугацаанд хөдөлмөрийн бүтээмж гарахгүй ойлгомжтой тул засварын инженер *******т ажил үүргээ биелүүлж ажиллахыг шаардахад үл тоосон, байдалтай надад хамаагүй гээд дэвтрээ ширээ рүүгээ шидэн ёс зүйгүй үйлдэл гарган надад дарамт үзүүллээ гэх мэтээр уурлаж байсан тул удирдлагын багийнхан орхиод гарсан. *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг удирдлагын багийг ажлын байрны дарамт үзүүлдэг, ёс зүйгүй мэтээр ор үндэслэлгүй зүйл бичиж гүтгэсэн байна.

******* нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж албан тушаал буурах өргөдлөө өгсөн болохоос нэхэмжлэл дээр бичсэн хэн нэгэн нь *******ийг дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл огт байхгүй болно. Мөн 2021 ы 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* нь дахин өргөдөл өгсөн, тус өргөдлөөр өөрийн хүсэлтээр албан тушаал буурах өргөдлийг хэн нэгний дарамт шахалтгүйгээр өгсөн гэдгээ нотолдог. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж өөр ажилд томилогдчихоод дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 204 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар Дархан Дулааны цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б-546 дугаартай *******ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, өөр ажилд ажиллуулах, ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч *******ийг тус компанийн Турбин цехийн засварын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас цалингийн зөрүү 678 700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх цалингийн зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дарханы дулааны цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дарханы дулааны цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамжид 21 011 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт /4-р хуудас/ хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй гээд түүнийг сайн дурын үндсэн дээр чөлөөт байдлаар гаргасан бичгийн хүсэлт гэж үзэхээргүй байна гэж дүгнэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. Гэрч болох Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-ны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга ******* нь мэдүүлэгтээ ******* өргөдлөө өгөөд энэ асуудлыг шинэ жилээс өмнө шийдвэрлэж өгөөрэй гээд ерөнхий инженер бид хоёр захиралд танилцуулаад тушаал гаргах болсон гэж хэлдэг. Энэ нь ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар ажил олгогчтой ажлаас чөлөөлөх хугацааг тохиролцсон бол 39.1-т заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэдэг зохицуулалттай нийцэж байна.

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт /4 хуудас/ ******* гэх гэрчийн мэдүүлгийг ... засварчдаа ажилд гаргах, ажлаар хангах нь инженер хүний ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд тодорхой заачихсан байгаа, дээрх үүргээ биелүүлээгүй бол сахилгын шийтгэл ногдуулж болно гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэсэн атлаа дээрх ******* өргөдлөө өгөөд энэ асуудлыг шинэ жилээс өмнө шийдвэрлэж өгөөрэй гэдэг мэдүүлгийн хэсгийг дүгнээгүй нэхэмжлэгчид ашигтай хэсгийг нь иш татаж дүгнэсэн.

*******ийн өөрийн бичиж өгсөн хоёр өргөдөл болон гэрчийн мэдүүлгүүд бусад нотлох баримтуудаар ажил олгогчийн зүгээс дарамт шахалт, зүй бус нөлөөлөл үзүүлсэн талаар ямар ч баримт байхгүй байхад шүүх хэт нэг талыг барьж *******т ашигтай нотлох баримтуудыг үнэлж дүгнээд ашиггүйг нь орхигдуулсан, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан тул Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх ба хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг зөв тодорхойлон хэргийг шийдвэрлэсэн.

******* нь 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээд ажлын байрандаа байхад нь станцын гүйцэтгэх захирал ******* ууртай орж ирээд тэнэг мангараар нь дуудаж хамт олных нь дунд ажлын байрны дарамт үзүүлж ажлаа өгөөд зайлаарай гэсэн байдаг. Тэгээд цехийн дарга *******д хандаж Энэ нөхрийн тодорхойлолтыг бичээд аваад ир би яг одоо арга хэмжээ авна ... гэж хэлсэн байдаг. Энэ үйл явдлаас улбаалан ЗУХ -ийн дарга ******* нь *******ийг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд ажлаасаа гар гэж хэлсэн, дараа нь Ерөнхий инженер нь мөн л өргөдлөө өгөөд ажлаасаа гар гэж тал талаас нь шахаж өргөдлийг ******* нь бал цаас гаргаж ирээд өргөдөл бичүүлсэн байдаг. Тухайн үед ******* тэр өргөдлийг өөрийн хүсэл зоригоор бичээгүй, удирдлагуудынхаа шахалт дарамтан доор арга буюу өргөдөл бичиж өгөөд гарсан байдаг. Хүн ажил мэргэжилдээ өсөж албан тушаал ахихыг бодохоос инженерээс засварчин болохоор хүсэлт гаргана гэж байхгүй.

Цар тахлын хүнд хэцүү үед ажлаасаа бүр халагдчих байх гэж эмээгээд тухайн өдөр ******* арга буюу өргөдлөө бичиж өгсөн гэдгээ шүүх хурал дээр хэлж байсан.

Улсын Дээд шүүхийн тогтоолд ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдөл гэдгийг ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл гэж тайлбарласан байдаг.

Өргөдөл бичсэн явдал нь станцын гүйцэтгэх захирал болон ******* нарын хооронд болсон харилцаанаас үүдэлтэй гэдгийг шүүх зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* Дархан Дулааны станц ТӨХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 31 ний өдрийн Б-546 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж өмнөх ажилд эгүүлэн тогтоож, буурсан цалинг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил олгогчийн дарамт шахалтаас болж албан тушаал бууруулан ажиллах хүсэлтийг байгууллагын захиргаанд гаргасан гэжээ.

Харин хариуцагч албан тушаал буурах өргөдлийг хэн нэгний дарамт шахалтгүйгээр өөрийн хүсэлтээр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн мэтгэлцсэн байна.

Ажил олгогч ажилтны албан тушаалыг бууруулан шийдвэрлэсэн дээрх үндэслэл нь маргааны зүйл болж байгаа бөгөөд шүүх энэ асуудлаар талуудыг тэдгээрийн гаргасан баримтуудад тулгуурлан хангалттай мэтгэлцүүлсний дүнд хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтныг өөр ажилд томилоход мөн ажилтантай байгуулсан гэрээг түүний санаачилгаар цуцлахад бичгийн хэлбэрээр зөвшөөрөл, хүсэлт гаргасан байх шаардлагатай бөгөөд энэ нь ажилтны хүссэн зүйл байх юм.

Мөн үүний цаана тодорхой шалтгаан, үндэслэл байх бөгөөд ажилтан сайн дураараа өөрийн хүсэл зоригийн илэрхийллийг гаргасан байх ёстой.

Ийм нөхцөл байдал байхгүй мөн энэ талаар гомдол гаргасан тохиолдолд шүүхийн анхаарвал зохих асуудал нь ажил олгогчийн зүгээс ирсэн аливаа нэгэн дарамт шахалт, нөлөөлөл зүй бус байдал байсан эсэхэд оршино.

Хэргийн баримтуудаар ажилтан өөрийн хүсэлтээр, өөрийн хүсэл зоригоор, албан тушаал, цалин хөлс буурч ажиллах хүсэлт гаргаагүй байна гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтуудад тулгуурласан байна.

Нотлох баримтын хувьд бичгээр гаргасан гарын үсэгтэй баримт гэхээс илүү түүний агуулгыг маргаж байгаа тохиолдолд, хүсэлтийг бичихэд хүргэсэн нөхцөл шалтгааныг тогтооход оршино.

Нөлөөлөл дарамт шахалт гэдэг нь бичгийн болон биет баримтаар тогтоогдохгүй хэдий ч энэ талаар болсон байгууллага доторх үйлдэл, хэл яриа, уур амьсгал ажилтанд хэрхэн туссан тухай сэтгэл зүйн асуудалтай холбоотой юм.

Иймд хариуцагчийн дарамт шахалт үзүүлээгүй, нөлөөлөөгүй гэх тайлбар нь байгууллагын уур амьсгал нөхцөл байдал албан тушаалтнуудын үйлдэл ажилтны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлснийг нотлох, үгүйсгэх баримт болж чадахгүй юм.

Байгууллагын захиргаа, албан тушаалтны зүгээс дарамт шахалт зүй бус нөлөөлөл байсан нь тогтоогдсон байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж гомдол гаргаж маргасан боловч тухайн зүйл хэсэг нь ажилтныг албан тушаал бууруулан ажиллуулах тушаалын үндэслэлд чухал ач холбогдолтой бус байхаас гадна маргааны зүйл болоогүй байгааг шүүх анхаараагүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.300 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.АМАРСАНАА

                                                                                         ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                           О.НАРАНГЭРЭЛ