Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2021/00038

 

Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00140/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 249 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3.572.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэн, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б-318 дугаартай тушаалаар захиргаа удирдлагын хэлтэст үйлчлэгчээр анх ажилд орж ажиллах болсон. Энэ үед намайг ажилд авсан тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ хийгээгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 21-нд тус компанийн захирлын Б-430 тоот тушаалаар дагалдангаар ажиллуулах болж 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ хийсэн.

Дараа нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр жирэмсний амралтаа авсан хүний оронд захиргаа удирдлагын хэлтсийн Нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж ажиллуулсан. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б-379 дугаартай тушаалаар намайг цахилгаан цехийн удирдах ерөнхий щитний цахилгаан монтёрын дагалдангаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажиллуулахаар болсон. Энэ үед мөн л хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ажиллуулж байсан.

Миний бие нь дагалдангаар ажиллах хугацаандаа жинхлэх шалгалтандаа орох гэсэн боловч ковид-19 цар тахлын халдварт өвчин гарч шалгалт авах асуудал хойшлогдсон тул миний дагалдангийн хугацааг 1 сараар сунгасан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр надтай хөдөлмөрийн гэрээ байгуулан тэр дор нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлөв гэсэн тушаал гаргасан байсан. Байгууллагын дотоод журам ёсоор дагалдангаар ажилд орсон хүн 3 сарын дараа жинхлэх шалгалтанд орж тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ жинхэнэ монтёрын албан тушаал дээр хийгдэх ёстой байсан. Би дагалдангийн хугацаанд дотоод журмын дагуу 11 хүнд асуугдаж шалгагдаад тэдгээр хүмүүсийн дүн гарсны дараа албан ёсны жинхлэх шалгалтанд орох ёстой байсан. Миний хувьд 6 дахь хүндээ шалгагдаад албан ёсны дүн нь гараагүй байсан учраас дүнгээ хүлээгээд байж байтал 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгож ажлаас халсан тушаал гарсанд гомдолтой байна.

Иймд би өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа урчаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.600.000 төгрөг гаргуулж мөн хугацааны эрүүл мэндийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсэж нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалингаа нэмэгдүүлж 3.200.000 төрөг болгон нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Оюунцэцэг нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б-318 тоот тушаалаар Захиргаа удирдлагын хэлтэст үйлчлэгчээр орсон. Дараагийн тушаал гарах хүртэлх хугацаанд Б.Оюунцэцэг нэг ч удаа үйлчлэгчийнхээ ажлыг хийгээгүй. /энэ ажлыг хийхгүй гэсэн саналаа тухайн үед ажиллаж байсан Гүйцэтгэх захирал болон Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нарт хэлсэн байсан/ Энэ нь захиргаа удирдлагын хэлтсийн Эмнэлгийн хэсгийн үйлчлэгч нараас асууж батлах боломжтой. Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-430 тоот тушаалаар Захиргаа удирдлагын хэлтэст нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтний дагалдангаар ажилласан.

Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б-78 тоот тушаалаар жирэмсний амралтай байсан А.Нямтөгсийн оронд хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийж ажиллуулсан. Хуульд заасны дагуу иргэн А.Нямтөгс ажилдаа орох хүсэлт өгсөн тул гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б-379 тоот тушаалаар Б.Оюунцэцэгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож өөрийнх нь хүсэлтээр мөн өдрөөс эхлэн цахилгаан цехийн удирдах ерөнхий щитний цахилгаан монтёрын дагалдангаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Хаш-Эрдэнийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 138 дугаартай дагалдуулан сургах багш шавийн гэрээг дадлага, туршлагатай ажилтан болох цахилгаан цехийн ээлжийн дарга П.Хэрлэнтэй хийж ажиллуулсан.

Энэ гэрээг нь хөдөлмөрийн гэрээний нэгэн адил үзэж байна. Дагалдан ажиллах хугацаандаа Б.Оюунцэцэг нь Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102 тоот тушаалаар батлагдсан Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийн дагуу дагалдан хийх хугацаандаа жинхлэх шалгалтыг өгөх ёстой. Манай компани улсын онцгой объект энд ажиллаж байгаа бүх ажилтан албан хаагчид нь дээрх дүрэмд захирагдан Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм, цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу шалгалт өгч мэргэжлийн зэрэг авч ажилладаг.

Б.Оюунцэцэг нь хуулийн хугацаанд жинхлэх шалгалтаа өгөөгүй бөгөөд, шалгалтаа Ковид-19 цар тахалтай холбоотой гэж өргөдөл гаргаж дагалдан ажиллах хугацаагаа Гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б-518 тоот тушаалаар сунгасан. Энэ хугацаанд мөн шалгалтаа өгөөгүй нь шалгалтын комиссын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/01 дугаартай хурлын тэмдэглэл, цахилгаан цехийн ээлжийн дарга П.Хэрлэнгийн тодорхойлолт, Цахилгаан цехийн дарга Д.Баасандоржийн Б.Оюунцэцэгт хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэр гаргуулах тухай тодорхойлолтоор нотлогдож байна. Б.Оюунцэцэг нь компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн А-06 тоот тушаалаар батлагдсан ажиллагсдаас мэдлэгийн шалгалт авах журмын 3.2 дахь хэсгийн 3.2.1, 3.2.4 дэх заалт, 3.3 дэх хэсгийн 3.3.1 дэх заалт, ДДЦС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.7, 3.9 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож хууль ёсны шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн хариуцагч Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3.572.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болон хариуцагчийн шүүхэд гаргасан үндэслэлийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлтэй хамааралгүй гэж үзэж дүгнэснээс хэргийн шийдэл, шийдвэр нь хуульд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр болсон.

Ажил олгогч нь 2020 оны 09 дүгээр сарын 08-н өдөр цахилгаан цехийн удирдах щитний цахилгаан монтёрын дагалдангаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг надтай байгуулсан гэж шүүхэд тайлбар гаргаж, гэрээний хувийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг ч энэ гэрээг надтай бодит байдлаар байгуулаагүй юм. Харин 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэнэт л хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зур гээд унших боломж олгоогүйгээр шууд гарын үсэг зуруулж авсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байсан.

Багш шавийн гэрээгээр багш нь сургалтын хөтөлбөрийг боловсруулж сургалтын мэргэжилтэн, ерөнхий инженерээр батлуулж хөтөлбөрийн дагуу надад сургалт заавар өгч дадлагажуулах, шалгалтад орох эрх авч өгөх ёстой байсан. Гэтэл багш гэх Хэрлэн нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 7 хоногийн 2 өдөр л надтай уулзаж зааварчилгаа өгнө, бусад үед тааралдахгүй, утсаар асуух зүйлээ асуугаарай гэдэг ч тэр болгон утсаа авахгүй зарим үед утас нь хаалттай байх зэргээс болоод сургалтын хөтөлбөрт 37 нэр төрлийн хичээл надад бүрэн заагдаагүй сургалтын хөтөлбөр дутуу заагдсанаас болоод цехийн инженерүүдэд өгөх урьдчилсан шалгалтанд орж чадаагүй энэ шалгалтаа өгөөгүйгээс компанийн шалгалтын комиссоор орж тэнцсэн тохиолдолд гэрээ сунгагдаж би жинхлэх ёстой ба тэнцээгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох гэсэн нөхцөлтэйгөөр дагалдангийн гэрээ байгуулах ёстой байдаг. Мөн онцгой объектын тоног төхөөрөмж дээр багш дадлагажуулагчгүйгээр дур мэдэн ажиллаж дадлага хийгээд байх боломжгүй энэ нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаар хориотой байдаг учраас бие дааж тоног төхөөрөмж щитэн дээр ажиллаж чадаагүй бас хөл хорионы асуудал ч дадлага хийхэд нөлөөлж хүндэтгэн үзэх шалтгаан болсон.

Ажил олгогч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 232.1-д заасаар Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага туршлагатай ажилтныг дагалдуулан сургаж ажиллуулж болно гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүднээс намайг дагалдангаар ажиллуулж гэрээний зорилгыг хэрэгжүүлж биелүүлээгүй атлаа ганц миний буруугаас болсон мэтээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан гомдолдоо ...ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа учраас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.600.000 төгрөг гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэжээ.

Хэрэгт цугларсан зохигчдын тайлбарууд болон бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь ДДЦС ТӨХК-ийн захирлын тушаалаар 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус үйлдвэрт үйлчлэгч, захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтний дагалдах зэрэг ажил хийж байсан бөгөөд түүнийг 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс цахилгаан цехийн удирдах ерөнхий щитний цахилгааны монтёрын дагалдагчаар 3 сарын хугацаагаар дадлагажуулан ажиллуулахаар шийдвэрлэж байсан байдал тогтоогджээ.

Уг хугацааны эцэст мэргэжлийн шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд монтёрын ажилд жинхлүүлэх тохиролцоог ажил олгогч ажилтантай хийсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Ийнхүү тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд нийцүүлэн хийсэн түр гэрээний хугацаа дууссан хэдий ч энэ хугацаанд шалгалтаа өгч амжаагүй шалтгаанаар ажилтны хүсэлтээр гэрээг дахин нэг сараар сунгажээ.

Нэхэмжлэгч, дадлагажуулагч багш шавийн гэрээний үүргээ хариуцлагатай биелүүлээгүй гэх тайлбарыг гарган ажил олгогчийн гаргасан тушаалыг миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа хэдий ч хэргийн баримтуудаар ажил олгогч зохих журмын дагуу авдаг мэргэжлийн шалгалтад ажилтныг оруулаагүй, шалгуулах боломж олгоогүй гэж буруутгах нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид олгосон ажилтныг ажил мэргэжилд дадлагажуулах туршилтын хугацаагаар 3 сар хүртэлх хугацаанд ажиллуулах түүнтэй байгуулсан гэрээний дагуу ажил мэргэжилдээ тэнцсэн тохиолдолд байнгын ажлын байранд гэрээ байгуулах байгууллагын эрх хэмжээг хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэсгүй байна.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд Б.Оюунцэцэгийг туршилтын хугацаагаар ажилд авсан, дагалдан ажилтнаар авсан талаар нэмэлт мэдээлэл оруулаагүй байх боловч гэрээний хугацааг 3 сараар ажилтантай тохиролцож түүнийг дагалдуулан ажиллуулах ажилтан томилж багш шавийн гэх гэрээ байгуулж мэргэжлийн удирдлагаар хангаж шалгалт өгөх бэлтгэл ажиллагааг хангаж байсан баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүх хэлбэрийн хувьд гэрээнд тодорхой заагаагүй боловч ажилтантай байгуулсан тохиролцоогоор туршилтын хугацаагаар ажиллуулах шалгалт өгч тэнцсэний дараа жинхлэх тохиролцоо байжээ гэж үзэхээр байна.

Уг хугацааг сунгах талаар ажилтны гаргасан хүсэлт түүнийг шийдвэрлэсэн байдал энэ талаар гэрчилж байна.

Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гаргасан боловч ажилтны дадлагажин ажиллах хугацаа дуусгавар болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр шийдвэрлэгдэх маргааны төрөлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажилтныг буруу шилжүүлсэн тохиолдлууд хамрагдах хэдий ч ажилтантай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр гаргасан ажил олгогчийн тушаалд гомдол гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийг зөрчихгүй байна гэж үзлээ.

Мэргэжлийн шалгалтын үр дүнд монтёрын ажилд түүнийг томилох асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн шалгалтад оруулах эсэх асуудал нь шүүхийн шийдвэрлэх асуудал биш юм.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                                                        ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                              О.НАРАНГЭРЭЛ