Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Мд холбогдох эрүүгийн 1703000010151 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.М 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн мандал суманд түр зогсолт хийж байсан, Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 263 дугаар галт тэрэгний 7 дугаар вагоны 6 дугаар местээс зорчигч Ц.Болормаагийн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр цэцэрлэгийн албан хэрэгцээнд зориулан авч явсан ASER брендийн компьютерийн процессорыг нууцаар, хууль бусаар авч бусдад 1.000.000 /нэг сая/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.  

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд”Би 2017 оны 11 дүгээр сарын 3-ны орой Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт түр зогсолт хийж байсан, Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 263 дугаар галт тэрэгний 7 дугаар вагоны 6 дугаар местенд зорчиж яваад 49 дүгээр точик дээр зогсох үед албаны хариуцаж явсан процессор 1 ширхэг хулгайд алдсаныг мэдээд цагдаад мэдэгдсэн.  Тэр үед надтай хамт 6 дугаар местэнд эхнэр, нөхөр хоёр, нэг танихгүй залуу нийт 4-лээ явсан ба тухайн үед хамт явсан залуу Зүүнхараад буусан учир тэр залууг сэжиглэж байна.  Процессор шинэ 1.350.000 төгрөгийн үнэтэй” /хх-ийн 17-18/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Баясгалангийн мөрдөн байцаалтанд” Би  2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр билетийн кассан дээр үүрэг гүйцэтгэж байхад Зүүнхараагийн харьяат, сагсан бөмбөг тоглодог М гэдэг залуу шинэвтэр хар өнгийн процессор бариад билет авсан. Эмээлт хүртэл билет бичүүлж авсан, тухайн үед би Мэс “наад профессороо зарах уу” гэсэн чинь “ зарна үнийг нь хэлж мэдэхгүй” гэж надад хэлж байсан. Билетээ аваад процессороо мөн аваад гадагшаа гарсан” /хх-ийн 10-11/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Батболдын мөрдөн байцаалтанд” 2017 оы 11 дүгээр сарын эхээр нэг эрэгтэй манай ажил дээр орж ирээд “ээж надад ийм процессор авч өгсөн, би энийг зарж мөнгө нэмж ондоо компьютер авах гэж байгаа” гэхээр нь, “хэдэд өгөх юм” гэхэд “150,000 төгрөгөнд зарна” гэхээр нь, би “120,000 төгрөг байна” гэхэд надад сэлбэгэнд 120,000 төгрөгөнд зарсан. Би анх үзэхдээ гадна тагийг нь онгойлгож үзэж авсан. Тэгээд сэлбэгэнд ашиглаж чадаагүй байхад нь цагдаа ирээд аваад явсан...би уг процессорыг худалдан авсан 120,000 төгрөгөө бүрэн хүлээн авсан, одоо гомдол саналгүй...ийм үзүүлэлтэй процессор одоо шинэ нь 500,000-600,000 төгрөгийн ханштай, хэрэглэж байсан нь 400,000 төгрөг орчим үнэтэй байгаа” /хх-ийн 29/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар Б.М мөрдөн байцаалтанд”...2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 18 цагийн үед Улаанбаатар хотоос Сүхбаатар чиглэлийн галт тэргэнд Улаанбаатар хот вокзалаас 7 дугаар вагоны 6 дугаар местэнд суусан, би Зүүн хараагийн Мандал сум руу гэр рүүгээ харих гэж явсан. Уг местэнд нэг эмэгтэй, эрэгтэй эмэгтэй гээд 3 хүний хамт суусан, 23 цаг 20 минутанд Мандал суманд буухдаа миний хажууд тавьсан байсан Асер брендийн нэг процессор байхаар нь хэлэлгүй аваад буусан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод байрлах Компьютер ланд худалдааны төвийн 2 тоот лангуунд очиж 120,000 төгрөгөөр худалдсан. Түрээсэлж байсан байрны түрээсийн мөнгө төлөх хугацаа нь болсон болохоор аваад буусан. Уг процессор Асер брендийн хар өнгийн гадна талд цаасан хайрцагтай, дан процессор байсан” /хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлэг,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36/,

 

Шүүгдэгч Б.М хувийн байдалтай холбоотой оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 44/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 45/, ял шалгах хуудас /хх-ийн 50/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-56/ зэрэг болно.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 263 дугаар галт тэрэгний 7 дугаар вагоны 6 дугаар местээс зорчигч Ц.Болормаа авч явсан ASER брендийн компьютерийн процессорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.000.000 /нэг сая/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Б-н”...хариуцаж явсан процессор 1 ширхэг хулгайд алдсаныг мэдээд цагдаад мэдэгдсэн...тухайн үед хамт явсан залуу Зүүнхараад буусан учир тэр залууг сэжиглэж байна...” /хх-ийн 17-18/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Баясгалангийн”...М гэдэг залуу шинэвтэр хар өнгийн процессор бариад билет авсан...би Мэс “наад профессороо зарах уу” гэсэн чинь “ зарна үнийг нь хэлж мэдэхгүй” гэж надад хэлж байсан. Билетээ аваад процессороо мөн аваад гадагшаа гарсан” /хх-ийн 10-11/ гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Батболдын мөрдөн байцаалтанд”...нэг эрэгтэй манай ажил дээр орж ирээд “ээж надад ийм процессор авч өгсөн, би энийг зарж мөнгө нэмж ондоо компьютер авах гэж байгаа” гэхээр нь, “хэдэд өгөх юм” гэхэд “150,000 төгрөгөнд зарна” гэхээр нь, би “120,000 төгрөг байна” гэхэд надад сэлбэгэнд 120,000 төгрөгөнд зарсан...” /хх-ийн 29/ гэсэн мэдүүлэг тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон,

яллагдагчаар Б.Мөнх-Эрдэнийн”...Асер брендийн нэг процессор байхаар нь хэлэлгүй аваад буусан...” /хх-ийн 38-39/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Мнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хохирогчийн: өөрийн процессороо хүлээн авсан, одоо гомдол саналгүй гэх мэдүүлэг, хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх саналыг Б.Мд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.г бусдын эд  “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.г гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг Б.Мд мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.М  цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

             

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ