Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Гад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч Ц.Г  

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Гын давж заалдах гомдлоор Ц.Гад холбогдох эрүүгийн 1705000000153 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ц.Г, 1991 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Орхон аймаг .... тоотод оршин суух,

урьд 2007 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50 000 төгрөгний эд хөрөнгө хурааж 7 жилийн хорих ял,

2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж,

2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 126 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.3-т заасан гэмт хэрэгт 7 жил 3 аср 14 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 5 хоногийн хорих ялаас 4 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн /РД:.../,

Шүүгдэгч Ц.Г 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 тоот, иргэн О.Мийн эзэмшлийн амины орон сууцны цонхоор нэвтэрч, хийн гар буу, биет 10-с 5000 төгрөгний дэвсгэртүүд, эмэгтэй хүний төмөр, мөнгөн, монетон эдлэлийн гоёлын ээмэг, зүүлт, бөгж, кулон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж 673 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Ц.Гыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Гыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж, Ц.Гад оногдуулсан хоёр жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Гын цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 10 дугаар сарын 17-нд Баянгол дүүргийн амины орон сууц луу нэвтэрч байгаад баригдаж 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил хорих ялаар шийтгүүлсэн. Намайг шийтгэгдсэнээс хойш Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дэслэгч Энхтулга ирж уулзаад ахиж хэрэг дээр шалгах болсон мөн хэргийг Нийслэлийн Цагдаагийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжүүлж байгаа гэсэн. Өөрийн эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд одоо шийтгэгдэж байгаа гэмт хэргээ, шалгагдаж буй хэрэгтэйгээ нэмж нэгтгэх хүсэлтэй байна. Шийтгэгдсэн хэргийг минь  прокурорт буцааж  нэгтгэн шийдэж өгнө үү...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анх хэрэг шалгагдаж байх явцад буюу мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн АСАП сангийн лавлагаа болон бусад бүх дүүрэг лүү албан тоот явуулахад ямар нэгэн хэрэгт холбогдсон талаарх лавлагаа ирээгүй. Тухайн үедээ эрэн сурвалжлагдаж байсан. Өөр ямар нэгэн байдлаар хэрэгт шалгагдаагүй байсан тул хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 тоот, иргэн О.Мийн эзэмшлийн амины орон сууцны цонхоор нэвтэрч, хийн гар буу, биет 10-с 5000 төгрөгний дэвсгэртүүд, эмэгтэй хүний төмөр, мөнгөн, монетон эдлэлийн гоёлын ээмэг, зүүлт, бөгж, кулон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж 673 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Мийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо АОС-74 тоот гэрээсээ эхнэр Мын хамт гэрээ цоожлоод гарч явсан юм. Орой нь ганцаараа гэртээ 23 цагийн  үед иртэл хашааны хаалга бага зэргийн онгойсон байдалтай байхаар нь гайхаад машинаа хашааны гадна талд тавиад дотогшоо ортол байшингийн баруун талын цонхны хамгаалалтын төмөр эвдэрч, салсан, вакум цонх онгорхой байхаар нь түлхүүрээрээ хаалга онгойлгоод орох гэж байтал байшингийн зүүн талд юм унах хүчтэй чимээ гарахаар нь байшингийн хойд талаар тойроод очтол, тухайн үед гадаа харанхуй байсан тул сайн харж чадаагүй ба үл таних эрэгтэй хүн гэрийн хашаа даваад зүүн хойд зүг рүү зугтсан. Хашаа даваад араас нь хөөтөл хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. Эргэж байшин дээрээ ирээд гэртээ оролгүй машиндаа суугаад ойр орчмоор явсан чиглэл рүү гэрэл тусгаад явтал харагдахгүй байхаар нь гэртээ ортол гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон байдалтай гэрийн 4 өрөөг бүгдийг нь нэгжсэн байдалтай байхаар нь ил харагдах эд зүйлсээ бүртгэж хартал өөрийн сонирхлоор худалдаж авсан ОХУ-д үйлдвэрлэсэн тугалган сумаар хийн хүчээр бууддаг хийн буу алга болсон байхаар нь айгаад шууд цагдаад мэдэгдсэн. Удалгүй 4-5 минутын  дараа хөдөлгөөнтийн цагдаа нар ирж бүртгэж аваад байж байтал дуудлагаар ирсэн цагдаа гадаа зогсож байтал ахин дуудлага ирлээ гээд тэрийгээ автал манай гэрийн хойд талын 10 дугаар хорооллын үерийн далан дээр хийн гар буу, эмэгтэй хүний эд зүйлстэй хүн саатуулагдлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд явсаны дараа хулгай хийсэн хүн баригдсан гэхээр нь Сансарт байрлах цагдаа дээр очиж алдагдсан эд зүйлс мөн эсэхийг харуулахад алдагдсан зүйлс бүгд мөн байсан...”/хх 15-17/,

гэрч М.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...нөхөр Мийн хувиараа авсан хийн гар буу, миний хэрэглэдэг гоёл чимэглэлийн үнэт эдлэлүүд алга болсон байсан. Алга болсон эд зүйлсийг нөхөр Мид хэлж байгаад мэдүүлэгт өгсөн байгаа. Манай гэрээс алдагдсан эд зүйлсээс гар утас гэрт байсан ба 1 хос монетон шигтгэдэг ээмэг байхгүй байна. Мөн миний хурааж байсан 10 төгрөгнөөс 5000 төгрөг хүртэлх хураасан салфетканы хайрцаг дүүрсэн байсан, ойролцоогоор 40 000-50 000 төгрөг алга болсон. Бусад эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан байгаа. Сүүлд цагдаа ирчихсэн байхад хулгай хийсэн хүн гэрийн хойд талын үерийн далангийн орчим буюу Нархажид сүмийн хажуу талаас баригдсан гэдгийг мэдээд, сансарт байрдах цагдаа дээр очиж алдагдсан эд зүйлсийг харахад манай гэрээс алдагдсан эд зүйлс байсан...” /хх 22-23/,

шүүгдэгч Ц.Г мөрдөн байцаалтад: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэдэн цаг гэдгийг санахгүй байна, 19 цагийн орчимд 3,4 дүгээр хорооллын орчимд явж байгаад урагшаа Саппорогийн автобусны буудал руу гарч автобусанд суух санаатай 10 дугаар хорооллын үерийн далан руу орж далангийн урд талд Амины орон сууцны байрнууд байхаар нь тэр дундаас хартал 2 давхар өнгийг нь санахгүй байна эзэнгүй орон сууц байхаар нь баруун талын вакум цонхны хаалтын төмрийг автомашины дугуйн торцовоор хөшиж, гагнаас хэсгээр нь  салгаж байгаад вакум цонхыг түлхэж орсон. Ингээд гэрт эзэнгүй байсан тул 1 давхрын том өрөөнд байсан зурагтны тавиур дээр байсан монетон гинжийг авсан. Шатаар дээш өгсөж 2 давхарт гараад чигээрээ ордог унтлагын том өрөө рүү ороод орны хажуу талд байсан эмэгтэй хүний гоёлын эд зүйлс байхаар нь авч өөрийн өмсөж явсан өмдний халаасандаа хийгээд тавиур дээр байсан салфетканы ууттай зүйлс байхаар нь хартал мөнгө харагдахаар нь шууд аваад гэрээс гараад хойшоо 10 дугаар хорооллын үерийн далан руу явж байтал өмнө хорих ангид хамт ял эдлэж байсан Б таарсан. Б бас нэг үл таних залуутай явж байсан ба би тухайн үед гартаа хайрцагтай эд зүйлс барьчихсан явж байсан тул тэр хоёр юу юм гэхээр нь сая оллоо гэж хэлээд тэр хавьдаа гэрлийн доод талд зогсож байгаад задалж үзтэл 10, 20, 50, 100, 500, 1000 мөнгөн дэвсгэртүүд нийлсэн 30 орчим мянган төгрөг байх шиг байсан. Араас цагдаа нар дуудтал Б нөгөө үл таних залуутай хойшоо 3,4 дүгээр хороолол чигтэй гүйгээд явсан. Би далан руу зугтааж байгаад хальтирч унаад баригдсан. Тухайн үед сальфетканы хайрцагаа үзэж байсан газраа үлдээгээд зугтаасан ба цагдаа нар намайг барьж аваад, уг сальфетканы хайрцгийг авахуулаад цагдаагийн хэсэг рүү явсан. Тэндээ байж байгаад Нийслэлийн цагдаагийн газар орсон ба тэнд байхад хохирогч гэх хүн ирээд эд зүйлсээ хараад мөн байна гэж хэлээд би Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн юм...” /хх 57-58/ гэх мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12/, эд зүйлс хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 60-65/, шүүгдэгч Ц.Гын хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 82/, ял шалгах хуудас /хх 76/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх 84-92, 94-97/, зан байдлын тодорхойлолт /хх 99/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай нийцжээ.

Ц.Гад холбогдох хэргийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэн 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгч Ц.Гын үйлдсэн хэргийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, уг хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдөөгүй байна.

Ц.Г нь “ Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс  дээр өөр хэрэгт шалгагдаж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаан хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт буй баримтуудыг үзэхэд  Ц.Г нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа талаар баримт авагдаагүй  байна.

 Иймд шүүгдэгч Ц.Гын  давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ