Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00827

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00827

 

М.О-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00633 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.О-ийн хариуцагчНШШГГ-т холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/20 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан боловч тухайн зээлээ төлж чадаагүй. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16339 дугаар шүүгчийн захирамжаар М.О-, О.И- нараас 113 489 534 төгрөгийг ЖСФ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тухайн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоосон боловч хэтэрхий бага үнэлсэн. Би үйлчилгээний зориулалттай 176 м.кв талбайтай хүнсний дэлгүүрээ 350 000 000 төгрөгөөр зарна гэж үнийн саналаа хэлсэн. Тухайн үнийн 70 хувиараа үнэлдэг гэдгийг би мэдээгүй, 245 000 000 төгрөгөөр үнийн саналыг дуудах тухай хэлсэн. Хөрөнгөө зах зээлийн ханшнаас хэт доогуур зарахгүй. 330 000 000 төгрөг зарвал надад ашигтай байна. Хэт бага үнээр албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн үед шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдааны талаар надад тайлбарласан боловч би ойлгоогүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16339 дугаартай талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар М.О-, О.И- нараас 113 489 534 төгрөгийг гаргуулж, ЖСФ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн, төлбөр төлөгч М.О-, О.И- нарт төлбөрийг сайн дураараа төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлөөгүй. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж 15 байр, 4 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцож, 350 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээг мэдэгдсэн. Үнийн саналыг авахдаа М.О-, О.И- нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлсэн үнийн 70 хувиар анхны дуудлага худалдаанд орно, худалдан борлогдоогүй бол 50 хувиар дараагийн дуудлага худалдаанд орно гэдгийг тайлбарлаж, танилцуулан үнийн саналыг авсан. Анхны дуудлага худалдаагаар зарагдсан, шүүхээс түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж ирснээр түр зогссон байгаа. Албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд 245 000 000 төгрөгөөр үнэлгээг тогтоосныг тодорхой бичсэн байсан. Үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/20 дугаар Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулж, үнэлгээ хүчингүй болгуулах тухай М.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2021/02239 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн хүсэлт шийдвэрлэх тухай захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч М.О- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 470 000 000 төгрөгийн үнэлгээтэй болохыг нотлоогүй гэсэн байна. Гэтэл М.О-, О.И- нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004159 дугаарт бүртгэлтэй, Баянгол 8 дугаар хороо, 15 дугаар байрны 4 тоот хаягт байрлах 176 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талаарх баримт хэрэгт авагдсан. Манай дэлгүүр том талбайтай, доороо хагас подвал нь 130 м.кв ба зарим талбай нь 176 м.кв талбайд багтаж гэрчилгээнд орсон. Хагас подвалийн 80 м.кв талбай нь гэрчилгээнд бичигдээгүй учир үнэлгээнд ороогүй. Хагас подвалиа үнэлгээнд оруулмаар байна. Дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай бөгөөд зах зээлийн ханш нь 470 000 000 төгрөг болж байгаа. 3 өрөө орон сууцаа өргөтгөж дэлгүүр байгуулсан. Анхан шатны шүүх хагас подвалийн 80 м.кв талбай нь гэрчилгээнд бичигдээгүй учир үнэлгээнд ороогүй талаар үнэн зөвөөр тайлбарласан атал шүүх дүгнэлт хийсэнгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн тайлбар, үл хөдлөх үйлчилгээний зориулалттай байрны талбай зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Миний үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, хагас подвалийг үнэлгээнд оруулаагүй шийдвэр гаргасан нь миний өмчлөх эрхийг дордуулсан учраас шинээр зах зээлийн ханшаар 80 м.кв талбайтай хагас подвалийг нэмж дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй тул албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/20 дугаартай тогтоол болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч М.О- нь хариуцагчНШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулж, албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/20 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зээлийн гэрээний үүрэгт 116 182 285 төгрөгийг гаргуулахаар ЖСФ ББСБ ХХК нэхэмжилснээс 2 692 751 төгрөгөөс татгалзаж, үлдэх 116 182 285 төгрөгийг хариуцагч М.О-, О.И- нар хүлээн зөвшөөрч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулах, төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж 15 дугаар байр, 4 тоотод байрлах 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2019/16339 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. /хх31-32/

 

Хуулийн хүчин төгөлдөр уг захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2020/08244 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу мөн өдөр 102/ГХ2020/00634 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх33-35/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж 15 дугаар байр, 4 тоотод байрлах 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 03/0530 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 04/20250530 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад төлбөр төлөгч О.И-, М.О- нар нь үл хөдлөх эд хөрөнгийг 350 000 000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан, төлбөр авагч ЖСФ ББСБ ХХК нь үнийн саналыг хүлээн зөвшөөрчээ. /хх39-41/

 

Талуудын харилцан тохиролцсон үнэ болох 350 000 000 төгрөгөөр барьцааны хөрөнгө үнэлэгдсэн болохыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4-147/38355 тоот мэдэгдлээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Нэхэмжлэгч М.О-ийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 350 000 000 төгрөгөөр үнэлснийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор төлбөр төлөгч өөрийн санал болгосон үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээж авчээ.

 

М.О- нь 350 000 000 төгрөгийн үнэлгээг өөрөө санал болгосноо зөвшөөрөх боловч уг үнийн 70 хувиар дуудлага худалдааг явуулдаг хуулиар тогтоосон журмыг ойлгоогүй гэж тайлбарласан ба шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг уншиж танилцуулсан талаарх 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл хэрэгт авагдсан, уг тэмдэглэлд М.О-, О.И- нар гарын үсэг зурсан байх тул /хх-42/ дуудлага худалдааны үнийн талаар төлбөр төлөгчид тайлбарлаж өгөөгүй гэж шийдвэр гүйцэтгэгчийг буруутгах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Мөн барьцааны хөрөнгөө зэх зээлийн ханшаар 470 000 000 төгрөг болно гэх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Түүнчлэн, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/20 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4-147/281 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд зохион байгуулах талаар мэдэгджээ. Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрхээс дүгнэвэл хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасанд нийцэх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ