Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 508

 

Б.Б, С.Д  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр магадлалтай, С.Д , Б.Б   нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Д ийн өмгөөлөгч В.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт С-ийн Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б ыг хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч С.Д ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар барилгын инженер мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Д , Б.Б  нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол шүүгдэгч С.Д , Б.Б  нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Д ийн өмгөөлөгч В.Энхболд гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж тодорхойлсон байна. Үүнийг тайлбарласан албан ёсны хүчин төгөлдөр тайлбар одоогоор бодит байдалд хэрэглэгдээгүй байгаа. С.Д ид холбогдох хэргийн хувьд дээрх тодорхойлсон 3 шинжийн бүрдэл нь “хулгайлах” гэмт хэргийг тодорхойлох уу, эсхүл дангаараа тодорхойлох хүчин чадалтай эсэх нь тодорхойгүй байна. ...Хулгайлах гэмт хэргийн одоогийн үйлчилж буй хуулиар тодорхойлсон бүрэлдэхүүний шинжтэй харьцуулж үзвэл “далд аргаар”, “шунахай сэдэлтээр”, “бүр мөсөн”, “үнэ төлбөргүй “ зэрэг шинжүүд нь хасагдсан тул улсын яллагч эсэргүүцэлдээ дурдсан Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тайлбарласан тайлбарыг энэ хэргийн хувьд ашиглах нь боломжгүй гэж үзэж байна.

2. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч....захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.” гэсэн атлаа “С.Д ийн тухайд “Хөвсгөл хүнс” ХХК-ийн хашаанд байсан бетон зуурмагийн машиныг өмчлөгч Б.Б д мэдэгдэлгүйгээр нууцаар авсан” гэж ойлгомжгүй бөгөөд мөн С.Д  нь бетон зуурагч машиныг авч байгаагаа бусдад илэрхий мэдэгдсэн гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэстэй байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь ...хэсгүүдэд заасан хуулийн зохицуулалтаас үзвэл С.Д ийн үйлдэлд одоогийн үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “нууцаар” гэсэн шинж байхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтын дагуу хэргийг хянан үзэж хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн С.Д , Б.Б  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх С.Д ийн хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан нь тогтоогдож байх боловч дээрх үйлдлийн нийгмийн аюул нь ялимгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин энэхүү хэргийн хохирогч Б.Б-ыг “Хулгайлах” гэмт хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн дээрх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан  “Хулгайлах” гэмт хэргийн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг няцааж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.

Хууль тогтоогч “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдэгдсэн тохиолдолд хохирол нь бага бус хэмжээнээс доогуур байсан ч гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд энэ нь тухайн хэргийг хохирлын хэмжээнд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэдгийг тодорхой, эргэлзээгүй байдлаар тайлбарласан байна.

Энэ нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн тухайд 300,000 төгрөгөөс доош хохирол учирсан тохиолдлыг ялимгүй хохирол гэж үзэхгүй, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэдэгт хамаарахгүй болохыг тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь “хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” байхыг шаардсан бөгөөд С.Д ийн үйлдлийн улмаас Б.Б-д хохирол учраагүй гэдгийг анхан шатны шүүх огт тодорхойлж чадаагүйн дээр уг гэмт хэрэг гарснаас хойших үйл явдлыг гэмт хэрэг гарсан нөхцөл байдалтай холбон хэргийн нөхцөл байдлыг үгүйсгэсэн нь үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл С.Д ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтын шаардлагыг хангаагүйгээс энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг бий болгосон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн С.Д  нь бусдын эд хөрөнгийг авах үед өөр бусад этгээдүүд “өөрийнхөө эд хөрөнгийг авч байна” гэж төөрөлдсөн нь эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр авсан гэдгийг үгүйсгэх нөхцөл болж чадахгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН