Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01280

 

Б.Мөнхмандахын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03305 дугаар шийдвэртэй,              

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1393 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Б.Мөнхмандах,

Хариуцагч : Тайгам Алтай ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 16.221.202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнхмандах, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013.9.17-ны өдөр Тайгам Алтай ХХК-тай орон сууц захиалгаар барих №02-D-35 дугаартай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд, 150 айлын 430 дугаар байрны 35 тоот 2 өрөөг 49.99 м.кв талбайтай байрыг захиалж, нийт 96.843.000 төгрөг төлсөн. Гэрээний 3.2-т байр ашиглалтад орох хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутам төлсөн үнийн дүнгийн 0.05 хувийн торгууль тооцож төлнө гэж заасан. 60 хоногийг нэхэмжлэлдээ оруулаагүй бөгөөд 2015.3.01-ний өдрөөс 2015.11.30-ны өдөр хүртэл 275 хоногоор тооцон  нэхэмжилсэн. Одоо 275 хоног дээр 60 хоногоо нэмээд 335 хоног болж байна. Гэрээний үнийн дүн 96.843.000 төгрөг байгаа, хоногт 48.421,50 төгрөг болж байна. Иймд нийт 16.221.202 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гэрээний 3.3-т алданги гэж биш, харин биш торгууль гэж заасан. Гэрээнд торгууль гэж бичигдсэн учраас торгуулийг алданги гэсэн нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Манай компани гэрээний үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бөгөөд энэ нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн 6.2.6-р баримтаар нотлогдоно. МХАҮТанхим бүрэн эрхийнхээ дагуу тодорхойлолт гаргасан. Иймд торгууль, алдангиас манай компани чөлөөлөгдөнө. Нэхэмжлэлд алданги тооцсон хугацаа тодорхойгүй байна. Гэрээнд түлхүүр олгосноор байрыг хүлээлгэж өгсөнд тооцно гэж заасан. Түүнээс улсын комисс хүлээн авснаар байрыг хүлээлгэн өгсөнд тооцно гэж тохиролцоогүй. Нэхэмжлэгч 2015.8.03-ны өдөр байранд орох бичгээ авч түлхүүрээ гардаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 102/ШШ2016/03305 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-г баримтлан Тайгам Алтай ХХК-иас 8.200.000 төгрөг гаргуулж, Б.Мөнхмандахад олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.021.202 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.965 төгрөгөөс 239.056 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 46.909 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 146.150 төгрөг тус тус гаргуулж Б.Мөнхмандахад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1393 дугаартай магадлал гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо : 2016.4.14-ний өдөр хариуцагчийн хүсэлтийн хангаж 102/ШЗ2016/13558 дугаар захирамжаар хойшлуулсан. Гэтэл 2016.4.21-ний өдрийн шүүх хуралдаанд захирамжийн биелэлтийг шалгаагүй, хариуцагч өмгөөлөгчтэй оролцох эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтийг сонсолгүй хуралдааныг явуулж хуралдаан явуулсан. Энэ талаар давж заалдах гомдолд тодорхой бичсэн байхад нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаагүй үргэлжлүүлсэн мэтээр тайлбарлаж, 99 дүгээр зүйлийг зөрчсөн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхисон нь алдаатай шийдвэр гарсныг нотолж байна.

Шүүх талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь буруу. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ юм бол худалдагч нь доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, бэлэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах ёстой. Энэ тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн талаар яригдахгүй, хохирлын асуудал яригдах юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь үр дүнг хүлээн авч тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ. Гэтэл шүүх хоорондоо ялгаатайгаас гадна хөөн хэлэлцэх хугацаа нь ч өөр зохицуулалтыг зөв тодорхойлоогүй нь ИХШХШ тухай хуулийн 116.2-г  зөрчиж байна.

Шүүх 2016.4.21-ний өдрийн шийдвэрийг 2016.5.25-ны өдөр гарсан нь ИХШХШ тухай хуулийг ноцтой зөрчсөн. 

Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуульд 6.6 гэсэн хэсэг байхгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШ тухай хуулийн 38.4, 38.5-г зөрчсөн. Түүнчлэн, 1/798, 1/799 тоот гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Гэрчилгээнд дурдсан Сигма Монголиа ХХК нь урсдаг болон цахилгаан шат нийлүүлэх, угсрах, засвар үйлчилгээ хийдэг, Фенстер ХХК нь хуванцар цонх, хаалга үйлдвэрлэдэг ба Тайгам Алтай ХХК-ийн тайлбарлаж байгаа шиг тухайн барилгад орох бараа материалын худалдаа эрхэлдэггүй. Гэтэл шүүх дээрх хууль бус гэрчилгээнүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хуулийн 232.8-т зааснаар анзын хэмжээг шүүхээс багасган тооцоход харгалзан үзэх нөхцөл гэж үзсэн нь хуульд нийцээгүй дүгнэлт болжээ. Нэхэмжилж буй анзын хэмжээ нь тус компаний хувьд илт их хэмжээнд тооцогдохгүй ба үүрэг гүйцэтгэгчийн эдийн засгийн чадавхтай байдал нь өнөөг хүртэл шинэ орон сууцнууд барьж байгаагаар нотлогдоно. Хариуцагч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул 335 хоногоор нэхэмжлэгчийн эрх ашиг хохирсон. Иймд хариуцагч талын хүлээх анзын хэмжээг шүүхээс багасган тооцоход харгалзан үзэх нөхцөл байдал байж болно гэсэн  давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах ёстой. Гэтэл давж заалдах шатанд гаргасан 6 үндэслэл бүхий гомдлын 3-ыг нь хяналгүй, дүгнэлт хийгээгүй орхисон нь ИХШХШ тухай хуулийн 166.4-г  зөрчсөн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Б.Мөнхмандах нь Тайгам Алтай ХХК-иас орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой алданги 16.221.202 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Хоёр шатны шүүх хариуцагчаас 8.200.000 төгрөг гаргуулж, Б.Мөнхмандахад олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Тайгам Алтай ХХК-ийн хүсэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдаан хойшилсон бөгөөд хэргийг мөн сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигчид биечлэн оролцсон байна. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулснаар өмгөөлөгч авах боломжийг шүүх хариуцагчид олгосон байна. Өмгөөлөгч авах боломжийг шүүх хариуцагчид олгосон боловч тэрээр эрхээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй тул энэ тухай  нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй. /хх 53, 59/

2. 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02-D-35 тоот гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. 02-D-35 тоот гэрээний талаар  давж заалдах шатны шүүх магадлалдаа “...талуудын хооронд орон сууц захиалгаар барих ...гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ...захиалагч орон сууцны үнийг ...төлөхөөр, гүйцэтгэгч нь ...ашиглалт оруулахаар тохиролцжээ...” гэсэн дүгнэлт хийсэн байх тул “...шүүх эрх зүйн харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж буруу тодорхойлсон..” гэх нэхэмжлэгчийн гомдол  үндэслэлгүй байна.   

3. 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гарсан  шийдвэрийн хувийг шүүх 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид гардуулан өгсөн /хх 66/ нь  шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойшхи ажиллагаа байх тул энэ нөхцөл байдал нь  шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

4. Хэргийн 17, 18-р талд авагдсан, 1/798,1/799 тоот гэрчилгээний хуулбар нотариатаар гэрчлэгдсэн байна. Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгч болно, иймд энэ тухай нэхэмжлэгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т нийцээгүй байна.

Хүнд нөхцөл байдлын 1/798, 1/799, 01/241 тоот гэрчилгээтэй холбоотой давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш бөгөөд Иргэний хуулийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй юм. Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.

Хүнд нөхцөл байдлын 1/798,1/799,01/241 тоот гэрчилгээнд Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг алдаатай бичсэн нь шүүх хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөөгүй тул энэ тухай гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгохгүй. 

5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03305 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1393 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 156.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ