Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1393

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Б.Мөнхмандахын нэхэмжлэлтэй,

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03305 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Мөнхмандахын

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 16 221 202,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Мөнхмандах,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхмандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Тайгам-Алтай” ХХК-тай орон сууц захиалгаар барих №02-D-35 тоот гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууцны 430 дугаар байрны 7 давхарын 35 тоот 2 өрөө 49,99 м.кв талбайтай байрыг 1 м.кв-ыг нь 1 937 248 төгрөгөөр тооцож нийт 96 843 000 төгрөг төлсөн. Гэрээний 3.2-т байр ашиглалтад орох хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутам төлсөн үнийн дүнгийн 0.05 хувийн торгууль тооцож захиалагчид олгоно гэж заасан. Энэ 60 хоногий нэхэмжлэлдээ оруулаагүй бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 275 хоногийн алданги нэхэмжилсэн. Одоо 275 хоног дээр 60 хоногоо нэмээд 335 хоног болж байна. Гэрээний үнийн дүн маань 96 843 000 төгрөг байгаа, хоногт 48 421,50 төгрөг болж нийт 16 221 202,50 төгрөгийг “Тайгам-Алтай” ХХК-иас нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 3.3-т алданги биш торгууль гэж заасан. Торгуулийг алданги гэж нэхэмжлээд байна. Иргэний хуулийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Тэгэхээр гэрээний тэр үг нь торгууль гэж бичигдсэн учраас торгууль гэдэг нь нэг удаагийн шинжтэй арга хэмжээ тул алданги гэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн 6.2.6-д заасны дагуу манай компани гэрээний үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгийг уг танхим нотлох ёстой. Энэ бүрэн эрхийнхээ дагуу тодорхойлолт гаргасан учраас торгууль, алдангиас манай компани чөлөөлөгдөнө. Нэхэмжлэл дээр 0.05 хувиар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Гэтэл үнийн дүнгээ бодож гаргахдаа 0.5 хувиар бодсон, алданги тооцсон хугацаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Гэрээнд түлхүүр олгосноор байрыг хүлээлгэж өгсөнд тооцно гэж заасан. Түүнээс улсын комисс хүлээн авснаар байрыг хүлээлгэн өгсөнд тооцно гэж тохиролцоогүй. Нэхэмжлэгч 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байранд орох бичгээ авч түлхүүрээ гардаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  • Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас 8 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхмандахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 021 202,50 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 965 төгрөгөөс 239 056 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 46 909 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 146 150 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхмандахад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх эрх зүйн харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж буруу тодорхойлсон. Талууд орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан бөгөөд хууль зүйн утгаараа ажил гүйцэтгэх гэрээ юм. Энэхүү 2 гэрээ нь хоорондоо ялгаатай ойлголт учраас хууль тогтоогч өөр өөрөөр хуульчлан Иргэний хуулийн 243 дугаар зүйл, 343 дугаар зүйлд тус тус тодорхой хуульчлан өгсөн. Гэтэл шүүгч ийм тодорхой эрх зүйн харилцааг зөв тодорхойлж мэдэхгүй байгаа нь уг шийдвэр бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэх гол нөхцөл болж байна.

2. Орон сууц захиалгаар барих гэрээний 3.6-д тодорхой заасан байхад Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас олгосон хүнд нөхцөл байдлын гэрчилгээг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Энэхүү гэрчилгээ нь хэрэгт хамааралгүй нотлох баримт бөгөөд, шүүх 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/Ш32016/11899 тоот захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "...Худалдаа Аж үйлдвэрийн танхимд Б.Мөнхмандахтай байгуулсан гэрээний хугацаа хожимдсонд хүнд нөхцөл байсан эсэхийг тодруулж гэрчилгээ гаргуулахаар өргөдөл гаргасан тул хариуг гартал шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг хангаагүй байж, уг нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргаад байгаа нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах үед буюу 2013 оны 9 дүгээр сард барилгын салбарт тогтворгүй байдал үүсээгүй төдийгүй ид сэргэн мандалтын үе байсныг хүн бүр мэдэж байгаа билээ. Барилгын салбарын тогтворгүй байдал гэж үзэж байгаа бол ядаж тухайн үед тус компани "Олимп хотхон" барих барилгын материалаа татаж авсан гадны компанитай байгуулсан гэрээ байх зайлшгүй шаардлагатай байсан. Гэвч ийм гэрээ байхгүй байхад иргэн Б.Мөнхмандахтай байгуулсан гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй гэж юуг үндэслэн тогтоосон болох, ямар бараа материалыг, хэзээ авахад валютын ханшийн өсөлт нөлөөлсөн болох талаар бүх нотлох баримтыг судлан үзэж үндэслэл бүхий гэрчилгээ гаргах ёстой. Ийм учир энэхүү гэрчилгээ нь үндэслэлгүй  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар хууль бус аргаар цуглуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч нь ... давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж эс зөвшөөрч маргаж байна" гэжээ. Энэ нь гэрээнд зааснаар давагдашгүй хүчин зүйл гэж хариуцагч тал маргаж байхад гэрээнд заагаагүй хүнд нөхцөл гэж үзэж шийдвэр гаргасан болохыг нотолж байна. Хэрэв хариуцагч талын тайлбарлаж байгаа валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор тухайн барилгад орох барилгын материалын үнэ нэмэгдсэний улмаас хүнд нөхцөл байдалд орсон бол гэрээг өөрчлөх талаар нөгөө талдаа хүсэлт гаргах талаар гэрээний 3.4-т заасны дагуу захиалагчтай тохиролцож нэмэлт гэрээг бичгээр хийх боломжтой байсан.

4. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 13 315 912,50 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэжээ. Хэдий ийм боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгаж болохоор зохицуулсан заалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзжээ. Гэтэл 232.8 дахь хэсэг нь "Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно" гэж заасан. Үүнийг Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарт 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг "Анзын хэр хэмжээг хэтрүүлсэн талаарх үнэлгээг гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу ба тухайн зөрчлийн цар хүрээ, ноцтой байдлыг харгалзан тогтооно. Түүнчлэн үүрэг гүйцэтгэгчийн эдийн засгийн чадавхи ч нөлөөлнө" гэж тайлбарласан байна.

Нэхэмжилж буй анзын хэмжээ нь тус компаний хувьд илт их хэмжээнд тооцогдохгүй юм. Харин гэрээний үүргээ ноцтой буюу 335 хоног зөрчиж нэхэмжлэгч талын эрх ашгийг ихээр хохироосон. Хэрэв орон сууц захиалахад төлсөн 96 843 000 төгрөгийг 335 хоног банк, санхүүгийн байгууллагад хадгалуулсан бол алдангийн хэмжээнээс их хүү авах боломжтой байсан гэдгийг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитой харгалзан үзэж үндэслэл бүхий шийдвэр шүүх гаргах ёстой. Мөн үүрэг гүйцэтгэгчийн эдийн засгийн чадавхитай байдал нь өнөөг хүртэл шинэ орон сууцнууд барьж байгаагаар нотлогдож байна.

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...өмгөөлөгч авах шаардлагатай байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж шүүх "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь зохигчдын эрх тул хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй байна" гэж үзэж хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хийхээр товлож 102/Ш32016/13558 тоот захирамж гарсан.

Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд захирамжийн биелэлтийг шалгаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн дагуу ирцийг шалгаж, хариуцагч талын өмгөөлөгчтэй орох эсэхийг тодруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхзмжлэгчийн хүсэлтийг сонсолгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж хуралдаан явуулсан. 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдаан хуралдсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр 7 хоногийн дотор бүрэн эхээр, бичгээр гарах журмыг ноцтой зөрчиж, удаа дараа шаардсаны эцэст 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэр бичгээр гарч, гардаж авсан болно. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр нь бүхэлдээ алдаатай, логик уялдаа холбоогүй, хууль зөрчсөн зэрэг үйлдлүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг улам хохироож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн тул дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхмандах нь хариуцагч “Тайгам Алтай” ХХК-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа хожимдуулсан алдангид 16 221 202,50 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “алданги бус торгууль төлөхөөр тохиролцсон, хугацаа хэтрүүлсэнд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул алданги төлөхгүй” гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр орон сууц захиалгаар барих №02-D-35 тоот гэрээ байгуулагдаж уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 430 дугаар байрны 7 давхрын 35 тоот 50.97 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 937 248 төгрөгөөр тооцож захиалагч буюу Б.Мөнхмандах нь орон сууцны үнийн 90 хувьтай тэнцэх 86 658 700 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх 10 хувьтай тэнцэх 10 184 300 төгрөгийг орон сууцны түлхүүр авахдаа төлөхөөр, гүйцэтгэгч нь 2014 оны 4 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтад оруулахаар тохиролцжээ. /хх-5-6/

 

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Б.Мөнхмандах нь 86 658 700 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, үлдэх 10 184 300 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн байна. /хх-8, 9/

 

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК нь 2014 оны 4 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2015/689 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар улсын комисст хүлээлгэн өгсөн байх /хх-40-42/ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т гүйцэтгэгч нь орон сууц ашиглалтад орох хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлсөн дүнгийн 0.05 хувиар “торгууль” төлөхөөр заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Мөнхмандахын уг алданги төлүүлэх шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх няцаан гэрээнд “торгууль” гэж бичигдсэн тул “нэг удаа тооцох анз” гэж тус тус тайлбарласан нь үндэслэлгүй.

 

Талуудын хоорондын гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд төлөх алданги хоног тутамд 0,5 хувиас илүүгүй хэмжээгээр тооцохоор заасан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан “алданги”-ийн агуулгад илүү нийцэж байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар үгийн шууд утга ойлгомжгүй бол гэрээний ерөнхий нөхцөл, агуулгын талаарх хуулийн зохицуулалттай харьцуулан тайлбарлаж “алданги” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК нь “Барилга хугацаандаа ашиглалтад ороогүй шалтгаан нь манай улсад үүсээд буй эдийн засгийн хямрал, валютын ханшийн өөрчлөлттэй холбоотой” гэж тайлбарласан байх /хх-38/ бөгөөд Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Тайгам-Алтай” ХХК-д хүнд нөхцөл байдлын 1/798, 1/799 тоот гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, 01/241 тоот гэрчилгээг 2016 он 4 дүгээр сарын 11-ний өдөр тус тус олгожээ. /хх-17,18,51/

 

Дээрх гэрчилгээнүүдэд заагдаж буй гэрээний үүргээс талуудыг чөлөөлөх давагдашгүй хүчин зүйл биш боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг шүүхээс багасган тооцоход харгалзан үзэх нөхцөл байдал байж болно. Иймд анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн “Шүүх 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2016/13558 дугаар шүүгчийн захирамжийн биелэлтийг шалгаагүй, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч Б.Мөнхмандахын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар гаргасан хүсэлтийг хангаагүй үргэлжлүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Хэргийн оролцогч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд өмгөөлөгч аваагүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй болно. Учир нь шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх ирсэн ба хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцвол зохих этгээд оролцсон байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь буруу биш байна.

 

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхмандахын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 056 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

               

                                       ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

                         

                                                                                              Д.БАЙГАЛМАА