Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2021/00039

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 Хэргийн индекс: 135/2020/01040/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 180 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******,

             ******* нарт холбогдох

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1647, 1648 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үндэслэлгүйгээр авсан 22.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2018 оны 10 дугаар сард ******* хашаа байшин сонирхож фэйсбүүк зарыг олж харан коммент бичиж, улмаар *******ынд очихдоо эхнэр *******, найз ******* нарын хамт очиж тухайн хашаа байшинг үзсэн. Энэ үед хариуцагч ******* хашаа байшингаа тайлбарлахдаа байшингаа палкаар барьсан, дулаахан, шинэ байшин гэж хэлсэн. *******ын хэлснээр *******од таалагдаж тус хашаа байшинг 22.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах сонирхлоо илэрхийлсэн.

Ингээд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1647, 1648 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ хийсэн. Яагаад бэлэглэлийн гэрээ хийсэн бэ гэхээр худалдан авагч *******ын хувьд татварын хөнгөлөлтөд хамрагдах сонирхолтой байсан. Мөн *******ын хувьд тухайн хашаа байшингийн үнийг хямдруулж зарж байгаа учир худалдах, худалдан авах гэрээгээр зарахаар 2 хувийн татвар төлдөг. Энэ татвараас зайлсхийх зорилгоор хашаа байшинг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. 22.500.000 төгрөгийг *******ын эхнэр *******гийн данс руу шилжүүлсэн. ******* гэр бүлийн хамт тус байшинд 2020 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд амьдарсан. Нэхэмжлэгч ******* нь цэргийн ангид ажилладаг учир гадагшаа энхийг сахиулах ажиллагаанд явахаар болж эхнэр хүүхдээ байранд оруулахаар тус хашаа байшинг зар тавьж зарсан. Авсан хүмүүс нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байшинг палкан байшин биш байна гэж хэлсний дагуу мэдсэн. Ингээд ******* ******* руу ярьж учрыг хэлтэл 2 жил амьдарсан учир 22.500.000 төгрөгийг өгөхгүй, чи явдаг газраараа яв гэсний дагуу 5 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн байшинг палкаар бариагүй гэдгийг 2 жилийн дараа олж мэдсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Мөн талууд хоорондоо фэйсбүүкээр харилцаж байсан мэдээлэл дээр энэ байшинг палкаар барьсан гэсэн мэдээллийг өгч байсан баримт байдаг.

Манай талаас бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т тус тус заасан дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хэмээн үзэж байгаа. Бэлэглэлийн гэрээ нь ямар нэгэн хариу төлбөргүйгээр бэлэглэгчийн сайн дурын үндсэн дээр хийгддэг гэрээ юм.

Гэтэл энэ бэлэглэлийн гэрээ ямар ч бэлэглэлийн гэрээний шинжийг агуулаагүй, цаанаа 22.500.000 төгрөг буюу хариу төлбөрийг аваад байгаа нь анхнаасаа бэлэглэлийн харилцаа биш байсан гэдэг нь тодорхой харагддаг. Энэ талаар хоёр тал маргадаггүй. Тэгэхээр талуудын хооронд үүссэн бодит эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байдаг. Гэхдээ Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээний тусгай шаардлагуудыг зааж өгсөн байдаг. Яг бодит байдал дээр талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан зүйл байдаггүй. Тэгэхээр тус бэлэглэлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчилсан гэрээ юм. Мөн хариуцагч тал 22.500.000 төгрөгийг хашаа байшингийн мөнгө гэж шилжүүлж аваад байгаа ч гэсэн хуульд нийцсэн гэрээ хэлцэл хийгээгүй нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдал руу орж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасан гэж ойлгоод байх шиг байна. Манай зүгээс шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гээгүй, харин анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэдгийг хэлээд байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 гэсэн зүйл заалттай холбож тайлбарлаж байгаа. Иргэний хуулийн 56.1.3-т хоёр хэлцлийн асуудал яригддаг. Нэг нь халхавчилж байгаа хэлцэл, нөгөө нь халхавчлагдаж байгаа хэлцэл гэж тайлбарладаг. Манай зүгээс бэлэглэлийн гэрээг халхавчилж байгаа хэлцэл гэж үзэж байна. Бэлэглэлийн гэрээг халхавчилж байгаа хэлцэл гэдэг дээр хэн нь ч маргаагүй. Халхавчлагдаж байгаа хэсэг нь худалдах худалдан авах гэрээ бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдах авах гэрээ өөрөө үл хөдлөх эд хөрөнгө дээр хуулийн тусгай заалт болох Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан үндэслэлүүд зөрчигдөж байгаа. Худалдах, худалдан авах гэрээ цаанаа үүсээд байгаа юм гэж тайлбарлаад байгаа боловч худалдах, худалдан авах гэрээг хайгаад үзэхээр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, Иргэний хуулийн 110 зүйлийн 110.1-д заасан үндэслэлүүдийг хангасан ямар ч зүйл байхгүй. Байхгүй учраас манай тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь заалтыг холбож тайлбарладаг.

Чанарын талаар үнэлгээн дээр ямар нэгэн асуудал байхгүй, чанарын талаар гомдол гаргах хугацаа дууссан гэдэг зүйл ярьсан.

Мөн хоёр жил амьдарсан асуудал дээр хэлэхэд манай талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд дараа нь энэ асуудлыг тусад нь шийдвэрлэх боломжтой. Тиймээс миний зүгээс талуудын хооронд хуулийн шаардлага хангасан гэрээ хийгдээгүй учраас 22.500.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хариуцагч нар авсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Бидний хооронд болсон асуудал гэвэл 2018 оны 10 сард эхнэр бид хоёр нялх хүүхэдтэй байсан тул хашаа, байшингаа зарж орон сууцанд орохоор шийдэж фэйсбүүкэд хашаа, байшингаа зарах зар тавьсны дагуу ******* нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хамт ирж манай хашаа, байшинг үзсэн. ******* манай найз барилга сайн мэддэг, барилгын мэргэжлийн хүн болохоор байшинг үзүүлэхээр дагуулаад ирлээ гэж хэлж байсан. Байшинг үзэх үед эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ гэртээ байсан юм. Би тэдэнд хашаа, байшингаа үзүүлж танилцуулахдаа Канад технологийн дагуу барьсан, палкыг голоор нь зүсээд караказ зангидаж палкны завсар 60*10-ийн хөөсөөр битүүлж гадна дотор талаас нь Оспи хавтангаар бүрэн бүрж гадна талаар нь шилэн хөвөнгөөр бүрж, төмөр пасадаар гадна талыг гадарлаж барьсан, байшингийн дотор талыг гипсээр доторлож обой наасан гэж тухайн байшинг барьсан байдлыг тодорхой тайлбарлаж ярьсан. Гэтэл Б.Мөнхдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний хэлж ярьснаас тэс өөр зүйлийг бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Харин ******* хашаа, байшингаа зарах болоод худалдаж авах хүндээ бодит байдлаас өөрөөр тайлбарлаж хэлсэн гэж бодож байна. ...******* тэр оройгоо манай гэрт ирж танайхаас өөр олигтой байшин алга, танай хашаа, байшинг авмаар байна, эр улсууд байна үнийг нь доош нь буулгаач, би энхийг сахиулах ажилд гадагшаа яваад хэдэн төгрөгтэй ирсэн үрэгдчих гээд байна, хурдан өөрийн гэсэн оромжтой болмоор байна гэж хэлсэн. Би тухайн үед зөвшөөрөөгүй эхнэртэйгээ ярилцаад хариу хэлье гэсэн. Тэгээд ******* дахин над руу залгаж би ламд үзүүлсэн чиний байшинг олон хүний гар дамжаагүй, шинэ сайхан байшин байна ав гэж хэллээ, чи 25-аас ярьчих гээд гуйгаад байхаар нь би 25 саяаас бууруулмааргүй байна, би 2 хувийн татвар төлнө шүү дээ гэхэд ******* тэгвэл бэлэглэлийн гэрээгээр авчихвал татвар төлөхгүй ш дээ гэхээр нь би зөвшөөрч 22.500.000-д өгөхөөр тохирч нотариат орсон. Нотариат дээр бэлэглэлийн гэрээ хийх гэж байхад *******ын эхнэр нь чи худалдах, худалдан авахаар нь хийгээд татварыг нь өгчхөөч гэж нөхөртөө хэлэхэд нөхөр нь чи чимээгүй бай, би мэдэж байна гэж хэлж байсан.

Гэтэл ******* нэхэмжлэлдээ бэлэглэлийн гэрээ хийх санаачлагыг намайг гаргасан гэж ор үндэсгүй худал зүйл бичсэн байна. Би татварын хөнгөлөлт авдаг талаар мэддэггүй байсан, харин нотариатч ах хашаа байшин авч байгаа бол татварын хөнгөлөлт авдаг гэж хэлэхэд ******* зүгээрээ бэлэглэлээр хийчихье гэж хэлж байсан. Би энэ байшинг анх барихдаа 2014 оны 3 сард 6.500.000 төгрөгөөр худалдан авч байсан суудлын авто машинаа өөрийн хамаатны эгч *******тай 0,7 га газраар сольж аваад канад технологиор байшин барьдаг ******* гэдэг хүнээр ажлын хөлсөнд 5 сая төгрөг өгч өөрөө хамжилцан барьж байсан юм. Миний байшин *******ын яриад байгаа шиг хямдхан хөөсөн байшин биш, орчин үеийн хүмүүсийн их сонирхож бариулж байгаа канад технологиор барьсан байшин юм. Одоо канад технологиор барьсан байшингийн үнэ 1 м.кв нь 500.000 төгрөгийн үнэтэй байна. Миний *******од худалдсан байшин 86,4 м.кв талбайтай дээрх үнээр бодвол 43.200.000 төгрөгийн үнэтэй байхаар байшин юм. Би *******од хашаа, байшингаа зарахдаа 764,0 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрын хамт өгсөн. Хашаа нь блокоор барьсан 3 тал хашаа, би газар, хашаагаа тусад нь үнэлээгүй, харин ч хямдхан зарсан. ******* нь заль мэх хэрэглэж 2 жилийн өмнө өөрөө хүсэж бэлэглэлийн гэрээ хийж авчхаад одоо үүгээрээ далимдуулж хоёр жил амьдарч элэгдэж хуучирсан үед нь наймаагаа буцаах гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 22.500.000 төгрөг гаргуулах юм. Нэхэмжлэгч худалдан авсан эд хөрөнгийн чанарын доголдол гэсэн шаардлагаар нэхэмжлэл гаргаж байсан, буруу шаардлага болохыг мэдээд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн хоёр дахь нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгч тал баримтаар нотлогдоогүй зүйл яриад байна, палкаар барьсан байшин гэдэг зүйлийг ******* ерөөсөө хэлж байгаагүй. Гэвч тус байшинд 120 ширхэг палк орсон байдаг. Палкан байшин гэж яг ямар байшин байх ёстойг нэхэмжлэгч тал шинжээчээр нотолж болно шүү дээ. Мөн чанарын доголдолтой гэсэн шаардлагад хариуцагч тал тус байшинг үнэлгээний Капитал зууч ХХК-аар үнэлүүлсэн. Тэгтэл тус үл хөдлөх эд хөрөнгө 24.184.000 төгрөг гэж үнэлгээ нь тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаас илүү тогтоогдсон. Ингээд нэхэмжлэгч тал шаардах эрхээ алдаж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан чанарын талаар гомдол гаргах хуулийн хугацаа нь дууссан. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан нэг жил арван сар өнгөрсөн шаардах эрх дууссан нь хуулийн заалтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч тал бэлэглэлийн гэрээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэсэн. ******* байшин зарах сонирхлын дагуу ******* худалдан авч мөнгөө шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийгдэж хоёр талын хүсэл зориг биелэгдсэн. Хэлцлийн агуулга нь хэлбэрээ тодорхойлдог, хэлбэр нь агуулгаа тодорхойлдоггүй гэсэн эрх зүйн зарчим байдаг. Хоёр тал хоорондоо зөвшилцөөд татвараас чөлөөлөгдсөн.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр эсгэсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзээд байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэсэн заалттай энэ үйл явдал яг тохирч байдаг. Тус хэлцэл хоёр талын аль аль талын хүсэл зоригт нийцсэн. Аль аль талдаа хохирол учраагүй. Нэхэмжлэгч тал хүний эд хөрөнгийг худалдаж аваад 2 жилийн хугацаанд ашиглачхаад яагаад буцааж өгөх гээд байгаа юм. Энэ нь гэрээний шударга ёсны зарчимд нийцэхгүй, анхны гэрээ маань хоёр талын хүсэл зоригийг биелүүлсэн гэрээ байсан. Нэхэмжлэгч талын ярьсан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч холбогдолгүй, энэ заалтыг зөрчсөн ямар ч үйл явдал болоогүй.

Нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээ хийх байтал бэлэглэлийн гэрээ хийгээд тэр нь хүчин төгөлдөр бус хэлцэл болсон гэдэг зүйлийг яриад байх юм. Талуудын хүсэл зориг нь тухайн гэрээг тодорхойлох агуулга юм. Бэлэглэлийн гэрээг 2 тал хоёулаа зөвшөөрч хийсэн. Аль нэг тал нь ойлгоогүй зүйл байхгүй. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг зүйл заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар зохицуулж өгсөн байдаг. Иймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг зүйлийг ярих ёсгүй юм. Мөн эд хөрөнгийн доголдол гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг одоо ярих ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгч талын энэ нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцээгүй, бүхэлдээ үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын энэ үйлдлүүд цаашилбал залилан ч байж магадгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 180 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, хамтран хариуцагч ******* нарт холбогдуулан гаргасан "2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1647, 1648 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үндэслэлгүйгээр авсан 22.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270.450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 180 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна.

1.    Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх ИХ-ийн 182.1, 110.1 дэх хэсгийг дурдаад "... хуулийн дээрх заалтуудаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажих бөгөөд энэхүү улсын бүртгэлд өөрчлөлтийг дээрх хуульд зааснаас өөр үндэслэлээр хийх боломжгүй юм гэжээ. Энэхүү дүгнэлт нь маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хуулийн дээрх заалтуудыг нэхэмжлэлийн шаардлага хангагдах ямар ч үндэслэлгүй мэт тайлбарлан шүүхийн шийдвэрийн үндэслэлд оруулсан нь шүүх хууль хэрэглээний алдаатай дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Шүүх Иргэний хуулийн 181.1, 110.1 дэх хэсэгт заасан заалтууд нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болох Бэлэглэлийн гэрээнүүдийн үндсэн дээр хариуцагч *******аас, нэхэмжлэгч *******од шилжүүлсэн нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд дахин өөрчлөлт оруулж болохгүй мэт хуулийн тус заалтаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлаж байгаа мэтээр дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Зохигч талууд анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зорилготой байсан ба харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний үндсэн дээр уг хүсэл зоригоо хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч ******* үл хөдлөх эд хөрөнгүүдийн төлбөрт 22.500.000 төгрөгийг хариуцагч *******т шилжүүлсэн, гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх хариуцагч *******аас нэхэмжлэгч *******од шилжсэн талаар зохигчид маргаагүй гэсэн дүгнэлт хийжээ.

Гэсэн атлаа Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3 хэсгүүдийг илт үндэслэлгүй тайлбарлаж бодит нөхцөл байдлын талаар шүүх өөрийн хийсэн дээрх дүгнэлттэйгээ зөрчилдсөн буюу нэг асуудал, үйл баримт дээр агуулгын хувьд зөрөөтэй 2 өөр тайлбар хийсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн болсон үйл баримтын талаарх дүгнэлт нь Иргэний хуулийн холбогдох заалт болох 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн тайлбар дүгнэлттэйгээ зөрчилтэй байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай №17 дугаар тогтоолын б.З. Мөн зүйлийн 5.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино.

Бэлэглэлийн гэрээ нь худалдах,худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болно. гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг Улсын дээд шүүх тайлбарлан энэ тухай ойлголтыг нэг мөр болгосон байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн тайлбарыг яг эсрэгээр нь тайлбарлан үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Хэлцэл хийх хүсэл зоригийн илэрхийлэл нь буюу туйлын хүсэл нь талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах харилцаа юм. Гэтэл анхан шатны шүүх татвар төлөхөөс зайлсхийх хүсэл зоригдоо хүрсэн гэдэг шалтгаанаар халхавчилсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа нь хэт хийсвэр, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1647, 1648 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хэлцэл хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нараас 22.500.000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх ийнхүү өмнөх үндэслэлгүй дүгнэлт дээрээ тулгуурлан дараагийн шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн заалт болох Иргэний хуулийн 492.1.1 дэх заалтыг мөн үндэслэлгүй тайлбарлан хэрэглэсэн. 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, гэсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 1647, 1648 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-үүд байгуулагдсан цагаа хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд талуудын хооронд ямар үүргийн харилцаа үүссэн байгаа болохыг шалгаж тогтоох учиртай. Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх боломжтой мэт боловч Үл хөдлөх хөрөнгийн тухайд Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан шаардлага хангасан гэрээ огт байгуулагдаагүй байгаа нь тус гэрээний эрх зүйн харилцаа ч мөн бодит байдал дээр үүссэн гэж үзэх боломжгүй юм. Гэвч анхан шатны шүүх энэ тухай буруу, үндэслэлгүй дүгнэлт хийсэн учир хуулийн дээрх заалтын тухайд мөн үндэслэлгүй тайлбар дүгнэлт хийсэн байна.

2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн тухай:

Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан 1647, 1648 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-нүүд байгуулагдсан цагаа хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа тухай тодорхой тайлбар үндэслэлийг дэвшүүлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар, мэтгэлцээнээр ч дээрх гэрээнүүд байгуулагдсан цагаасаа хойш хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдэгтэй хэн аль тал нь маргаагүй, анхнаасаа талууд хариу төлбөргүй, бэлэглэлийн гэрээний харилцаанд ороогүй тухай хариуцагч тал ч хүлээн зөвшөөрдөг.

Нэгэнт худалдах, худалдан авах харилцааг Бэлэглэлийн гэрээ-р халхавчилсан гэдэгтэй маргах, түүнийг үгүйсгэх ямар ч баримт болон, хариу тайлбар, татгалзал хариуцагч талаас гаргаагүй, хэрэгт авагдаагүй. Нэгэнт ийм нөхцөл байдал үүсч байхад анхан шатны шүүх халхавчлагдаж буй хэлцлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар хэрэгт цугларсан баримтыг үнэлж хэрвээ халхавчлагдсан хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол ямар баримт тайлбар, хавтаст хэрэгт авагдсан аль нотлох баримтаар тийнхүү дүгнэж байгаа тухайгаа тодорхой дурдах учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд хариуцагч *******тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 29 ний өдрийн 1647, 1648 дугаартай хашаа байшин бэлэглэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж хашаа байшингийн үнэд төлсөн 22.500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдаж авсан байшин нь чанарын шаардлага хангахгүй, эд хөрөнгийн доголдолтой байсан, бидэнд палкаар барьсан байшин гэж ойлгуулж үнэтэй зарсан гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй маргасан.

Ийнхүү маргахдаа талууд худалдагдсан байшингийн чанар хийц түүнд орсон барилгын материал болон доголдлыг илрүүлэх цаг хугацааны болон мэдлэг чадварын боломж гэх зүйлүүдийн талаар мэтгэлцсэн байна.

Хэргийн баримтуудаас талууд хашаа байшин газар худалдах, худалдан авахаар тохиролцсон бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогын албан татвараас чөлөөлөгдөх зорилгоор худалдагчийн хүсэлтээр бэлэглэлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна.

Бэлэглэлийн гэрээ нь халхавчлах зорилгоор хийгдсэн нь тодорхой тул хийгдсэн цагаасаа хойш хүчин төгөлдөр бус байх бөгөөд ямар нэгэн үр дагаврыг үүсгээгүй байдаг тул уг гэрээний үр дагаврыг шийдвэрлэх ойлголт байх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээгээр мөнгө болон байшингийн өмчлөл шилжээгүй. Харин хэлбэр нь бүртгэл хийгдэх нөхцөл болсон.

Эд хөрөнгө болон мөнгө худалдах, худалдан авах тохиролцооны дагуу шилжсэн.

Харин энэхүү шилжсэн мөнгийг буцаан шаардах нь гэрээнээс татгалзах болон гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд хэрэгждэг хуулийн зохицуулалттай.

Гэрээнээс татгалзах тухай хоёр талын гэрээний зохицуулалт нь гэрээний нэг тал гэрээгээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой үүсэж гарах хэдий ч гэрээнээс татгалзах асуудал нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний тухайд яригдах боломжтой юм.

Халхавчилсан хэлцэл хүчин төгөлдөр бус хэдий ч халхавчлагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр байх бололцоотой.

Гэхдээ энэхүү хэлцэл хэлбэр болон агуулгын хувьд хуульд нийцэж, хуулиар тавигдах шаардлагыг хангасан бол хүчин төгөлдөр байна.

Худалдан авсан эд хөрөнгийн чанарын доголдолтой холбоотой гэрээнээс татгалзаж өгсөн мөнгөө буцаан авах шаардлага гаргаж байгаа тохиолдолд шүүх тухайн хөрөнгө чанарын доголдолтой байсан эсэхийг тогтоох шаардлагатай.

Иймд талууд гэрээгээр ямар чанар байдлыг тохиролцсон гэдэг нь ач холбогдолтой юм.

Харин хэрэгт бичгээр авагдсан гэрээ байхгүй бөгөөд талууд бичгээр хийж нотариатаар гэрчлэгдсэнээр улсын бүртгэлд өмчлөх эрх нь баталгаажих хуулийн шаардлагатай үл хөдлөх хөрөнгийн гэрээг амаар тохиролцсоныг хүчин төгөлдөр гэж үзэж маргааныг шийдвэрлэх боломжгүй байна.

Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ нь бичгээр үйлдэгдсэн нотариатаар гэрчлэгдсэн байгаа тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзэх боломжтой тул хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д нийцэж байна.

Иймд нэхэмжлэгчид хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулах тодруулбал өгсөн авсан зүйлээ харилцан буцаахыг шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт маргааны зүйлийг буруу тодорхойлж Иргэний хуулийг оновчгүй хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна гэж үзээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрт өөрчлөлт оруулсан хэмжээгээр суутган тооцож, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, хамтран хариуцагч ******* нарт холбогдуулан гаргасан "2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1647, 1648 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үндэслэлгүйгээр авсан 22.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэснийг

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.5-д тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас 22.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг Мангирт 10 дугаар хэсэг, 49 тоот хаягт байрлах 86.4 м.кв талбайтай хувийн сууц, 764.0 м.кв талбайтай газрыг тус тус хариуцагч *******ын өмчлөлд шилжүүлсүгэй гэж,

2 дугаар заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270.450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж гэснийг,

Хариуцагч нараас ...270.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.450 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                                                       ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ