Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2021/00042

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 Хэргийн индекс: 135/2021/00194/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 274 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******т холбогдох

4.510.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч *******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь *******тэй зээлийн гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн /Ү-2003014089, Г-200300439/ 3.100.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүүгүй зээлдүүлсэн юм. ******* нь өнгөрсөн хугацаанд 485.200 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2.614.800 төгрөг төлөөгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 17 өдрийг хүртэл 145 хоногийн алданги 1.895.730, үндсэн зээлтэй нийлээд 4.510.530 төгрөгийг нэхэмжилж байна. *******ийг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж, үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч *******ээс 4.510.530 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

******* миний бие нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Мөнгөн билиг ломбардаас 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр 2.500.000 төгрөгийг зээлж авсан. Ингээд 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг хүртэл сар бүр 200.000 төгрөгийн төлөлтийг хийсэн. 2020 оны 10 дугаар сараас эхлээд улс даяар үүссэн онц нөхцөл байдал дэлхий нийтийг хамарч буй Ковид-19 халдварт өвчний улмаас миний эрхлэн явуулдаг комиссын бараа буюу хуучин хувцасны худалдаа, ашиг орлого доголдож зээлийн төлөлтийг хийх ямар ч боломжгүй болсон.

******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 3.100.000 төгрөгийг өөрөөс нь зээлсэн гээд түүнийг алдангийн хамт 4.510.530 төгрөг нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Тухайн Мөнгөн билиг ломбардаас мөнгө зээлдэх үед ******* намайг нотариат орж Зээлийн гэрээ байгуулах ёстой гээд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нотариат орж 362 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан. Бас миний өөрийн амьдарч буй миний аавын болон охины өмчлөлийн Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэнгийн 5-60 тоот газар, үл хөдлөх хөрөнгө болох байшингийн гэрчилгээг зээлийн барьцаанд тавьж байгаагаар хийсэн. Гэхдээ барьцааны гэрээ яг байгуулагдсан эсэхийг би сайн ойлгоогүй, учир нь надад барьцааны гэрээ гэж зүйл огт өгөөгүй. ******* тухайн үед ингэж нотариат орох хэрэгтэй байдаг юм аа эгч гэж хэлэхэд нь миний хувьд эргэлтийн мөнгөний хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байсан тул гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээнд 3.100.000 төгрөгийг зээлсэн гэж байсан бөгөөд ******* тайлбарлахдаа 2.500.000 төгрөгийн 3 сарын хүү 600.000 төгрөг оруулж бичсэн гэж хэлж байсан. Миний хувьд орлого гайгүй байвал яаж ийгээд төлчих бодолтой байсан тул тэр тал дээр хэлэх үг гараагүй. Гэтэл өнөөдөр намайг энэ дүнгээр шүүхэд өгч алданги гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна.

Бодит байдал дээр би Мөнгөн билиг ломбардаас зээлсэн зээлийн гэрээний харилцааны дагуу 2.500.000 төгрөгийг 3 сарын 8 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд миний зүгээс 2.700.000 төгрөгийг үндсэн зээл хүүгийн хамт төлөх ёстой гэж үзэж байна. Үүнээс миний 7 сарын хугацаанд төлсөн 1.360.000 төгрөгийг хасаж тооцвол надад 1.340.000 төгрөгийн тооцоо л үлдсэн байгаа болно. Алдангийн тухайд бол дүр үзүүлж хийсэн зээлийн гэрээнийхээ заалтаар надаас алданги нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаартай Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хэлцлийн шинжийг агуулж байгаа тул тус гэрээг байгуулагдсан цагаасаа хойш хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрч буй 1.340.000 төгрөгийг хасаж, 3.170.530 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 274 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс нийт 2.598.000 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх нэхэмжлэлийн 1.079.700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу нэхэмжлэгч ******* нь 832.830 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсаныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,118 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 56,518 гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202104.02-ны өдрийн 274 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас үндсэн зээл 1.732.000 төгрөг, алданги 866.000 төгрөг, нийт 2.598.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба хариуцагч миний бие шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох алданги 866.000 төгрөгийг эс зөвшөөрч байна.

Учир нь бодит байдал дээр миний бие 2020.02.21-ний өдөр Мөнгөн билиг ломбардаас 2.500.000 төгрөгийг зээлж авсан. Д.Ариунцэцэг нь намайг нотариат орж гэрээ байгуулах ёстой гээд тус өдөр нотариат орж 362 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний дагуу шүүх алданги тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие хувь хүнээс бус ломбардаас мөнгө зээлсэн. Дээрх 362 дугаартай Зээлийн гэрээгээр нийт 3.100.000 төгрөгийг зээлж байгаа мэтээр гэрээ байгуулагдсан хэдий ч үнэн хэрэгтээ үндсэн зээл 2.500.000 төгрөг, түүний 600.000 төгрөгийг нэмж нэгтгэн 3.100.000 төгрөгийг зээлдүүлж байгаагаар, мөн ломбардаас бус хувь хүнээс зээлдүүлж байгаагаар гэрээ хийсэн нь дүр үзүүлэн хийсэн гэрээ ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа тул гэрээ байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.02-ны өдрийн 274 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги 866.000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 4.510.530 төгрөг гаргуулахаар нэхэмжилж үндэслэлээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд зааснаар алданги тооцсон гэж тайлбарлажээ.

Харин хариуцагч хариу тайлбартаа 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Мөнгөн билиг ломбардаас 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй 2.500.000 төгрөгийг зээлж авсан. Ингээд сар бүр 200.000 төгрөг төлж байсан гэжээ. Харин ломбардаас мөнгө зээлэх үед нотариатаар орж гэрээ байгуулах ёстой гэж 362 тоот гэрээг байгуулсан. ...Дүр үзүүлж хийсэн зээлийн гэрээгээр надаас алданги нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан уг гэрээгээр тохиролцсоны дагуу гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн тал алданги төлөх үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлээс 2.598.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч алдангийг хасуулахаар гомдол гаргажээ.

Хэрэгт иргэд хоорондын зээлийн гэрээ 362 тоот /хх-4/, ломбардын зээлийн гэрээ 3004 тоот /хх-19/ нотлох баримтаар авагдсаныг судалбал иргэд хоорондын зээлийн гэрээнд гэрээний үнийн дүн 3.100.000 төгрөг шилжүүлэх үүрэгтэй гэх боловч ийм хэмжээний мөнгийг зээлдэгчид зээлдүүлэгч шилжүүлээгүй байна.

Харин 2.500.000 төгрөг зээлдэгчээс шилжүүлснийг хариуцагч тал ломбардаас зээлж авсан мөнгө гэж тайлбарлах авч, нэхэмжлэгч тал ломбардаас зээл олгоогүй зөвхөн өгсөн мөнгөө баримтжуулах гэж кодтой ломбардын баримт ашигласан гэж тайлбарлажээ.

Мөн хуулийн этгээд болох барьцаалан зээлдэх газар нь зээл олгохдоо хөдлөх эд хөрөнгийг барьцаалж үүргийн гүйцэтгэлийг хангах нь хуульд заасан үйл ажиллагааных нь үндсэн зарчим болох юм.

Хэрэгт авагдсан баримтууд талуудын тайлбараас талуудын хооронд 2.500.000 төгрөг зээлсэн үйл баримт бий болсон буцаагаад 968.000 төгрөг төлсөн нь тогтоогдож байх тул үлдэгдэл 1.532.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлээс 2.978.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэвэл зохино.

Бичгээр хийсэн зээлийн гэрээний дагуу мөнгө шилжээгүй тул нэхэмжлэгч алданги авах, барьцаалан зээлдэх газраас мөнгө зээлэх гэрээ байгуулагдаагүй тул хүү шаардах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Хариуцагчийн давж заалдах гомдол хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулбал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 274 дүгээр шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс нийт 2.598.000 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх нэхэмжлэлийн 1.079.700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******ээс 1.352.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.978.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,118 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 56,518 гаргуулан нэхэмжлэгчид олгож гэснийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,118 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 36.582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож гэж тус тус өөрчилж бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.334 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                                                            ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                                О.НАРАНГЭРЭЛ