Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 625

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарыг оролцуулан “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Е*******” ХХК

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийлүүлэгч “Ав*******” ХХК болон “Н*******” ХХК- уудын хий бичилттэй НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгийн НӨАТ-ыг хасч өгөхгүй байгаа татварын албаны эс үйлдэхүйг тогтоож, худалдан авагч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланг уг дүнгээр хасалт хийж залруулахыг дүүргийн татварын хэлтсийн даргад даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Миний үйлчлүүлэгч болох “Есөн талст оргил констракшн” ХХК нь гадаад худалдаа, барилга угсралтын ажил, даралтат зуух, сав, шугам хоолойн засвар, угсралт, туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхэлдэг юм.

Тус компани нь нийлүүлэгчдээс бараа материал худалдан аваад тэдгээрийн бичиж өгсөн тамга, гарын үсэг бүхий НӨАТ-ын падаануудыг татварын болон нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан журмын дагуу тухайн сарын НӨАТ-ын тайландаа тусгаж, НӨАТ-ын тайлан болон НӨАТ-ын падаануудыг цахимаар илгээхэд НӨАТ-ын падаан мөн, үнэн зөв гэж хүлээн зөвшөөрөгдөж харьяа татварын албаар баталгаажиж ирсэн байна.

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ төлсөн нь зохих баримтуудад тусгагдсан тул “Есөн талст оргил констракшн” ХХК нь төсөвт төлөх НӨАТ-аа тухайн төлсөн дүнгүүдээр хасч тооцож явжээ.

Тэгтэл 2013 оны эцсээр тагварын албанаас тус компанид цахимаар “НӨАТ-ын хий бичилттэй падааныг хууль бусаар ашиглан улсын төсөвт төлөгдөх албан татварыг бууруулсан үйлдэлд холбогдох падааны тайлагналтын жагсаалт” ирүүлж, эдгээр падааны тайлагналтыг 2014 оны НӨАТ-ын тайландаа залруулахыг мэдэгдэн, харин хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа НӨАТ-ын падаантай холбоотой асуудлаар тайланд засвар хийгдэхгүйг анхааруулсны дагуу “Есөн талст оргил констракшн” ХХК нь уг мэдэгдэлд нэр заагдсан “Ав*******” болон “Н*******” ХХК-уудын хий бичилттэй НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгөөр НӨАТ төлөх дүнгээ нэмэгдүүлэн тайландаа залруулга хийж 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 190/13 тоотоор хүргүүлсэн байна. Уг залруулгыг тус компани тухайн үед учрыг ойлгоогүйгээс өөрийн хүсэл зоригоор бус, татварын албанаас шахаж шаардахад нь хүндэтгэн хийж өгсөн байна.

Нийлүүлэгч компани НӨАТ-ын падааныг хуулийн дагуу хэрэглэж буй эсэхийг шалгах нь худалдан авагчийн бус, харин татварын байгууллагын үүрэг, худалдан авагчийн зүгээс нийлүүлэгчийн тамга, гарын үсэгтэй НӨАТ-ын падаануудыг тайландаа оруулж, харьяа татварын албаар баталгаажуулж, нягтлан бодох бүртгэлийн журнал бичилтүүдийг холбогдох хууль, журмын дагуу хийж байсан билээ.

Татварын улсын байцаагчид нь цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн “Есөн талст оргил констракшн” ХХК-д бараа худалдсан “Ав*******” ХХК болон “Нью хэритаж” ХХК нэртэй 2 компанийн падааныг хий бичилттэй хэмээн үзсэн. Гэтэл эдгээр нийлүүлэгч компанийн НӨАТ-ын падаануудыг ашиглан улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар Дашдондог овогтой Хишигдэлгэр гэдэг хүнд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 199 тоот шийтгэх тогтоолоор ял ногдуулсан тул “Есөн талст оргил констракшн” ХХК буруугүй болох нь нэгэнт тогтоогдсон байгаа.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс тус компанид 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 35******* тоот мэдэгдэх хуудас хүргүүлж НӨАТ-ын өр төлөхийг шаардсан тул “Есөн талст оргил констракшн” ХХК уг мэдэгдэх хуудсанд заагдсан төлбөрөөс нийлүүлэгч “Ав*******” ХХК болон “Н*******” ХХК-уудын НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгийн НӨАТ-ыг хасч өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, тайланд залруулга хийхийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 758 тоот шийдвэрээр, дүүргийн татварын хэлтсээс дахин шинэ акт гаргах хүртэл дурдсан мэдэгдэх хуудсыг түдгэлзүүлсэн юм.

Уг шийдвэрт тус татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ахиж акт гаргах үндэслэлгүй учир шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байгаад, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор татвар төлөгчдөд нэг ижил шинэ гарааны цэгээс ажиллаж эхлэх бололцоог хангаж, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан “Татвар төлөгч ... хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, ...татвар төлнө” гэсэн эрхийг нь эдлүүлэх үүднээс мөн хуулийн 14, 25 дугаар зүйлүүдэд заасны дагуу татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн давж заалдах гомдлоосоо татгалзсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 930 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон билээ.

Улмаар “Есөн талст оргил констракшн” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдахаар НӨАТ-ын шинэчилсэн тайлангаа зохих хугацаанд цахимаар хүргүүлсэн боловч татварын алба залруулга хийх байтугай, дээр заасан маргаан бүхий НӨАТ-ын дүнг тэр хэвээр нь оруулж 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дахин 160525888 тоот мэдэгдэх хуудас өгсөн байна.

Тиймээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хандан, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулан “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланд залруулга хийх тухай захиргааны шинэ акт /тушаал/ гаргаж өгөх хүсэлт тавихад 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1/1140 тоотоор “Шүүхийн... шийдвэр нь ойлгомжгүй байх бөгөөд 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөлийн хууль батлагдсантай холбоотойгоор татвар төлөгчийн 2013 оны НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн байдалд одоо татварын хяналт шалгалт хийх боломжгүй тул татварын өр төлбөрийн дүнг эргэж хянах бололцоогүй, маргаан нь татварын актын талаар бус, мэдэгдэх хуудсанд заасан төлбөртэй холбоотой учраас цахим тайлангийн системд засвар оруулах техникийн боломжгүй гэж шийдвэрлэн “Есөн талст оргил констракшн” ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дахин 160525888 тоот мэдэгдэх хуудсыг гардуулсан болно. Үүнийг шүүхийн шийдвэрийг биелүүлж шинээр акт гаргасан гэж татварын хэлтсийн зүгээс үзэж байна. Иймд дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа бол асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг мэдэгдье” гэсэн хариу өгсөн юм.

Ингээд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн татварын газрын даргад хандан, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 160525888 тоот мэдэгдэх хуудсын хавсралтад заагдсан НӨАТ-ын дүнгээс 242.675.293,1 төгрөгийг хасч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланд залруулга хийх тухай захиргааны шинэ акт /тушаал/ гаргах замаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, татварын эрх зүйн онцлог орчин үүсээд байгааг харгалзан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулан өгөх хүсэлт гаргасанд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 01/559 тоотоор “Гомдолд дурдаж хавсаргасан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 758 дугаар шийдвэр нь ойлгомжгүй, маргааныг шийдээгүй байна. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 199 дугаар тогтоолоор тус компанийг гэм буруугүй гэж тогтоогдсон гэх боловч, шүүхийн шийдвэргүйгээр залруулга хийх боломжгүй юм. Иймд дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй бол захиргааны хэргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өглөө.

Иймээс, нийлүүлэгч “Ав*******” ХХК болон “Н*******” ХХК-уудын хий бичилттэй НӨАТ-ын падаануудтай холбоотой 242.675.293,1 төгрөгийг худалдан авагч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын өрийн дүнгээс хасч өгөхгүй байгаа татварын албаны эс үйлдэхүйг тогтоож, татварын албаны шаардсанаар дүнг нэмэгдүүлж НӨАТ-ын тайландаа залруулга хийсэн “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланг уг дүнгээр хасалт хийж залруулахыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгах тухай шийдвэр гаргаж өгөх тухай нэхэмжлэлийг үүгээр гаргаж байгааг хангаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Есөн талст оргил констракшн” ХХК НӨАТ-ийн тайлангийн өрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргажээ.

Тус татварын хэлтэс уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Улсын Мөрдөн байцаах газраас “Ав*******” болон “Н*******” ХХК-уудыг шалгаж эдгээр компаниудад өгөгдсөн НӨАТ-ийн падаануудыг тус компаниуд нь хий бичилт хийн ашиглаж мөнгө олдгийг тогтоон эдгээр компаниудын падааныг ашигласан нэр бүхий газруудын нэрсийг Татварын Ерөнхий газарт ирүүлсэн. Уг жагсаалтад байгаа аж ахуй нэгжүүдэд Татварын ерөнхий газраас хандаж тайландаа залруулга хийх боломжийг олгосон юм. Учир нь залруулга хийгдээгүй тохиолдолд тухайн компаниудын тайлан алдаатай болох бөгөөд хяналт шалгалтаар нөхөн татвар дээр нэмж хүү, торгууль, алданги ногдуулах үндэслэл болох тул татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 29.1.12-т заасны дагуу татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлж ажилласан юм. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасанчлан татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 1-д Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө гэж заасан. Үүний дагуу “Есөн талст оргил” ХХК нь НӨАТ-ийн тайландаа залруулга хийж өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж хуулиа биелүүлсэн байна. Гэтэл одоо манайх тухайн үед тайлангаа засч хуулиа биелүүлсэн нь алдаа байсан бөгөөд буцаад хуучнаар нь тайлагнах нь зүйн хэрэг байсан ба татварын алба нь шахаж шаардаж албадлагаар тайланг залруулсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм.

Тус татварын хэлтэс нь татвараа тодорхойлон ногдуулах ажиллагаанд ямар нэгэн үйлдлээр оролцоогүй билээ. Үүнээс үзэхэд татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн /“Есөн талст оргил констракшн” ХХК-ийн/ эрх ашгийг хөндсөн ямар нэг захиргааны акт үйлдээгүй байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс татвар төлөгч “Есөн талст оргил констракшн” ХХК-д Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10, 33 дугаар зүйлийн 33.2.4 дэх хэсэгт заасны дагуу 388.499.386.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг төлүүлэхээр 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Мэдэгдэх хуудас”-ыг анх хүргүүлжээ. 

Улмаар “Есөн талст оргил констракшн” ХХК нь “Ав*******” ХХК болон “Ньюхеритаж” ХХК-уудын НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгийн НӨАТ-ын хасч өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, тайланд залруулга хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 758 дугаар шийдвэрээр “...Энэхүү “Мэдэгдэх хуудас” нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 30 дугаар зүйлийн 30.1.3-д заасныг зөрчсөн эсэх асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийхэд эргэлзээтэйн дээр татварын ерөнхий газар болон Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч нь “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн ямар нэгэн захиргааны акт үйлдээгүй гэж тайлбарласныг үндэслэн “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлттэй асуудлаар дахин захиргааны акт гартал Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг түдгэлзүүлэн шийдвэрлэх нь зүйтэй...” гэж шийдвэрлэжээ. 

Тус шүүхийн шийдвэрт хариуцагч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс “...дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхээр заасан нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд... уг асуудлаар дахин акт гаргах үндэслэлгүй...” гэж давж заалдах журмаар гомдол гаргасан боловч хариуцагч давж заалдах гомдлоо татгалзсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасныг баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 930 дугаар “Давж заалдах журмаар гомдол гаргаагүйд тооцох тухай” шүүгчийн захирамж гарсан. 

Улмаар нэхэмжлэгч “Есөн талст оргил констракшн” ХХК-аас “Нийлүүлэгч “Ав*******” ХХК болон “Ньюхеритаж” ХХК-уудын НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгийн НӨАТ-ыг хасч өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, худалдан авагч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланд уг дүнгээр хасалт хийж залруулахыг дүүргийн татварын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч тайлбартаа “...2013 оны эцсээр татварын албанаас тус компанид цахимаар “НӨАТ-ын хий бичилттэй падааныг хууль бусаар ашиглан улсын төсөвт төлөгдөх албан татварыг бууруулсан үйлдэлд холбогдох падааны тайлагналтын жагсаалт” ирүүлж, эдгээр падааны тайлагналтыг 2014 оны НӨАТ-ын тайландаа залруулахыг мэдэгдэн, анхааруулсны дагуу ... “Ав*******” ХХК болон “Ньюхеритаж” ХХК-уудын хий бичилттэй НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгөөр НӨАТ төлөх дүгнээ нэмэгдүүлэн тайландаа залруулга хийж ... хүргүүлсэн. Уг залруулгыг тус компани тухайн үед учрыг ойлгоогүйгээс өөрийн хүсэл зоригоос бус, татварын албанаас шахаж шаардахад нь хүндэтгэн хийж өгсөн” гэж, харин хариуцагч тайлбартаа “... маргаан нь татварын актын талаар бус, мэдэгдэх хуудсанд заасан төлбөртэй холбоотой... “Есөн талст оргил констракшн” ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дахин 160525888 тоот мэдэгдэх хуудсыг гардуулсан... үүнийг шүүхийн шийдвэрийг биелүүлж шинээр акт гаргасан гэж үзэж байна” гэж маргадаг. 

Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд хийсэн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болох “Зөрчилтэй падааны жагсаалт” , “НӨАТ-ын тайланд залруулга хийх тухай” албан бичиг , НӨАТ-ын падаан , компанийн санхүүгийн тайлан зэргээс дүгнэхэд Татварын ерөнхий газраас НӨАТ-ын хий бичилттэй падааныг хууль бусаар ашиглан улсын төсөвт төлөгдөх албан татварыг бууруулсан үйлдэлд холбогдох падааны тайлагналтын жагсаалтыг ирүүлж, эдгээр падааны тайлагналтыг 2014 оны НӨАТ-ын тайландаа залруулахыг нэхэмжлэгчид мэдэгдэн, анхааруулсны дагуу нэхэмжлэгч “Есөн талст оргил констракшн” ХХК нь “Ав*******” ХХК болон “Ньюхеритаж” ХХК-уудын хий бичилттэй НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгөөр НӨАТ төлөх дүнгээ нэмэгдүүлэн тайландаа залруулга хийж, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 190/13 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. 

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэсний дагуу нэхэмжлэгч “Есөн талст оргил констракшн” ХХК нь татвараа өөрөө тодорхойлсон байх бөгөөд хариуцагчийн зүгээс татвар төлөгчийн татвараа тодорхойлон ногдуулах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй боловч Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д “албан татвар, төлбөр, хураамж, алданги, торгуулийг хуульд заасан хугацаанд хурааж төсөвт оруулах” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхтэй юм. 

Иймд нэхэмжлэгчийн “...уг залруулгыг тус компани тухайн үед учрыг ойлгоогүйгээс өөрийн хүсэл зоригоос бус, татварын албанаас шахаж шаардахад нь хүндэтгэн хийж өгсөн...” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ямар нэгэн захиргааны акт үйлдээгүй байх бөгөөд Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг нэхэмжлэгчийн “Ав*******” ХХК болон “Ньюхеритаж” ХХК-уудын хий бичилттэй НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгөөр НӨАТ төлөх дүнгээ нэмэгдүүлэн тайландаа залруулга хийж, төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайландаа тусгасны дагуу хариуцагчийн зүгээс татвар хураах үйл ажиллагаатай холбоотойгоор “Мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлсэн болохоос энэ нь татварын хяналт шалгалтын дүнд тогтоосон татварын акт биш юм. 

Мэдэгдэх хуудас нь татварын хяналт шалгалт хийх эрх бүхий байцаагчийн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхэд үйлддэг татварын актын нэгэн адил захиргааны актын шинжийг агуулахгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4 “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд ... энэ хуулийн 54 дүгээр зүйл, ... 63 дугаар зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ” гэж зааснаар татвар хураалтын байцаагч үйлддэг баримт бичиг байна. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих...” гэж заасны дагуу мэдэгдэх хуудсыг үйлддэггүй харин татварын алба татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргадаг баримт бичиг юм. 

Иймд хариуцагчийн “...маргаан нь татварын актын талаар бус, мэдэгдэх хуудсанд заасан төлбөртэй холбоотой...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг зохих хууль, журмын дагуу явуулж, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар татварын хууль тогтоомж зөрчигчид холбогдох хариуцлагыг хүлээлгэдэг байна. Дээрх “Мэдэгдэх хуудас” нь татварын хяналт шалгалтын явцад тогтоосон татварын актад үндэслээгүй харин нэхэмжлэгчийн НӨАТ төлөх дүнгээ нэмэгдүүлэн тайландаа залруулга хийж, төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайландаа тусгасныг үндэслэсэн болно. 

Түүнчлэн захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон байх ёстой тул нэхэмжлэгчийн “Нийлүүлэгч “Ав*******” ХХК болон “Ньюхеритаж” ХХК-уудын НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгийн НӨАТ-ыг хасч өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, худалдан авагч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланд уг дүнгээр хасалт хийж залруулахыг дүүргийн татварын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах боломжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.10, 33 дугаар зүйлийн 33.2.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 43 дугаар зүйлийн 43.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн “Нийлүүлэгч “Ав*******” ХХК болон “Ньюхеритаж” ХХК-уудын НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгийн НӨАТ-ыг хасч өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, худалдан авагч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланд уг дүнгээр хасалт хийж залруулахыг дүүргийн татварын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Н.ДОЛГОРСҮРЭН