Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00865

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00865

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2021/00752 дугаар шийдвэртэй

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн, хариуцагчийн төлөөлөгч М.ө, түүний өмгөөлөгч С.Соёлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК нь А ХХК-тай итгэлцлийн үндсэн дээр харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "А" ХХК-ийн барьсан Нисэхийн шинэ спорт ордны ард Миний хайпермаркет II барилгад 2 ширхэг трансформатор нийлүүлэх, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй боловч А ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.ө манай компанитай ирж уулзан гэрээний нөхцөл, төлбөрийн талаар харилцан тохиролцсон. Тохиролцооны дагуу Ж ХХК нь S-11-400 кВа загварын 2 ширхэг трансформаторыг нэг бүр нь 11 000 000 төгрөг нийтдээ 22 000 000 төгрөгөөр худалдаж, суурилуулах ажил гүйцэтгэх, худалдан авагч нь төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Бидний хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлэн, 2016 оны 8 сард трансформаторыг шилжүүлэн өгч, ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл трансформаторын үнийг төлөлгүй биднийг хохироосоор байна. Иргэний хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ нь заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй бөгөөд нэхэмжлэгч компанийн зүгээс талуудын тохиролцооны дагуу үүргээ биелүүлсэн учир хариуцагчаас бараа материалынхаа үнийг төлөхийг шаардах эрхтэй. Шинжээч манайхаас хариуцагчид шилжүүлэн өгсөн бараа материалыг нэг бүрчлэн үнэн зөв, тоо ширхэг, үнээр нь бодитой тодорхойлж гаргасан учир нэхэмжлэлийн үнийн дүн батлагдаж байгаа, М.өын хуучин 1980-аад оны трансформаторыг ямар үнэтэй болохыг мөн тогтоосон боловч түүнийгээ надад зараад өг гэж өгсөн. Гэтэл тэр нь зарагдахгүй байгаа учир буцааж ав гэж хэлэхэд авахгүй байгаа, түүнийг нь буцааж өгнө. Иймд бараа материалын үнэ 22 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.ө 2016 оны 6 сард Д.Бтой Хан-Уул дүүрэг 16 хороонд баригдсэн 400 кВа чадалтай дэд өртөөнд зориулж Д.Боос БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг шинэ 400 кВа 10/0,4 хүчин чадалтай трансформатор нэг бүрийн үнэ тухайн үед зах зээлийн ханш ойролцоогоор 7 000 000-9 000 000 төгрөг байсан, нийт 18 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, бичгээр гэрээ байгуулаагүй, Д.Бын хувийн дансанд нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр урьдчилгаа 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр нь захиалагчаас орж ирэх санхүүжилт саатаж маргаантай болсон нөхцөл айдлыг Д.Бод хэлж өөрийн эзэмшлийн 100 айлд байрлах конторын зориулалттай хагас подвалыг үлдэгдэл төлбөрт өгье, надад өгөх зөрүү мөнгийг дараа тооцьё гэсэн боловч хариу өгөөгүй. Д.Б тохирсон ёсоор тоног төхөөрөмж суурилуулаагүй, туршилтын акт өгөөгүй. Би тус ажлуудыг "Макс эрчим" ХХК-иар 4 200 000 төгрөгөөр "Эрч чадал" ХХК-аар гүйцээж гүйцэтгүүлэн 800 000 төгрөгөөр нийлээд 5 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн, нийт үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг байхад 22 000 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр стандарт бус буюу ХТП 4054-д хийсэн хуваарилах самбар 2 ширхэг, 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Жишээлбэл, хийсэн ажлууд гээд нэхэмжлэгч тал хайрцаг гэж яриад байна. Уг нь хуваарилах самбар хайрцгийн нэг талын хана нь байхгүй, хооронд нь холбодог учраас тэр хана нь хийгдээгүй ирсэн. Нэхэмжлэгч талаар төмөр хаалт хийлгүүлсэн. Тэрний ажлын хөлс 2 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2 трансформатор 2 ширхэг нь 18 000 000 төгрөг гэж сая дурдсан. Манайх босоо хэлбэрийн 2 шиномост өгсөн ОХУ-д үйлдвэрлэсэн гаалийн мэдүүлэг дээр байж байгаа. Марк нь ЩО70-3-35УЦ гэсэн энэ болохоор нам талын босоо шиномост гэсэн үг, нөгөөх нь КСО 386-14 гэж гаалийн мэдүүлэг дээр байж байгаа. Үүнийг нэхэмжлэгч талд иж бүрнээр нь өгсөн. Буцааж нэхэмжлэгч талаас авахдаа хэвтээ болгож, сольж авсан. Түүнд шинжээч үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийхдээ харьцуулсан судалгаа байхгүй, хаанаас ямар үндэслэлээр нэг нь 4 000 000 төгрөг, нөгөөг нь 3 000 000 төгрөгөөр үнэлж, нийт 7 000 000 төгрөгөөр үнэлсэн юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас 22 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э ХХК-иас 267 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч М.ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... a) Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Ж ХХК-ийн нь хариуцагч Э ХХК-д S-11-400/10/04 кВа хүчин чадалтай трансформатор 2 ш, КСО маркийн иж бүрэн ачаалал хуваарилах самбар 2 ширхэг, Өндөр талын шиномост 1 иж бүрдэл, ВНА-П/Л/-10/630-20з/пз/ УХЛ2 ачаалал таслагч 4 ширхэг, КСО-386 хуваарилах самбарын хайрцагны 2 талд нь 1,8*0,8*0,15 м хэмжээтэй хайрцагны төмөр хаалт 4 ширхэг, ЩО70 хуваарилах шитны баруун зүүн талын 2,0*0,6*0,05 м хэмжээтэй үндсэн төмөр хаалт 2 ш, ШО70 хуваарилах шитны хайрцагны дотор талын боолтоор бэхлэгдсэн 1,80*0,6 м хэмжээтэй төмөр хаалт 4 ширхэг, нам талын хэвтээ шиномостын 2,3x0,8x0,2+0,8x0,4x2 ширхэг хэмжээтэй төмөр торонт хаалт зэрэг нийт 32 623 002 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг бэлтгэн нийлүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул үүнээс хариуцагчийн төлсөн 10 000 000 төгрөгийг хасч үлдэх 22 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл 623 002 төгрөгийн талаарх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

б/ Баян модот" ХХК-иас томилогдсон шинжээч нарын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд -S-11-400/10/04 кВа хүчин чадалтай БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг шинэ трансформаторын зах зээлийн үнэлгээг хийхдээ 2016 оны 7 дугаар сарын байдлаар үнэлэхдээ харьцуулсан судалгааг хийгээгүй байна. Шинжээчид хариуцагч талаас S-11-400/10/04 кВа хүчин чадалтай БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг шинэ трансформаторын зах зээлийн ханш ойролцоогоор нэг бүрийн үнийг 7 000 000-9 000 000 төгрөг байсан гэж тайлбар өгсөн, мөн нэхэмжлэгч тал үнэлгээний компанид 2 ширхэг трансформаторын нэг бүрийн үнэ нь 8 800 000 төгрөгөөр зөвшөөрсөн үнэ болно гэж тайлбар өгсөн байхад нэг трансформаторын үнийг 8 800 000 төгрөгөөр тооцох боломжтой гэж үзэж 18 000 000 төгрөгөөс 400 000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү.

в/ Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Э ХХК-иас Ж ХХК-д нийлүүлсэн ТМ 400/10/04 маркийн трансформаторыг таарахгүй болохоор нь Ж ХХК нь уг трансформаторыг авч, оронд нь хятад улсын 2 трансформаторыг нийлүүлж зөрүүг төлөхөөр тохиролцсон тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нэг ширхэг ТМ 400/10/04 маркийн трансформатор 5 364 755 нийт үнээс төгрөг хасаж тооцож өгнө үү.

г/ Э ХХК-иас ОХУ-д үйлдвэрлэсэн гаалийн мэдүүлэгт байгаа КСО-368-14, Щ070-03-35 маркийн босоо хэлбэрийн 2 ширхэг иж бүрэн хуурай залгуур холбоос шино мостыг, Ж ХХК-д өгч иж бүрдэл хэвтээ хэлбэрийн болгон сольж авсан үнийн зөрүү байхгүй тул 7 000 000 төгрөгийг хасч тооцож өгнө үү.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2021/00752 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч 10 235 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Улсын Бүртгэлийн нэгдсэн архивын 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн лавлагаагаар А ХХК нь нэрээ өөрчилж Э ХХК болсныг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /1хх.120/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Ж ХХК-аас 2016 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах Миний дэлгүүр ХХК-ийн захиалгаар баригдсан S-11-400 кВа хүчин чадалтай дэд өртөөнд зориулж 2 ширхэг S-11-400 кВа трансформатор худалдан авахаар харилцан тохиролцож, уг трансформаторыг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ. Дээрх гэрээний дагуу хариуцагч талаас нэхэмжлэгч талд нийлүүлсэн барааны үнэд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг төлсөн талаар хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд худалдан авагч Э ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч Ж ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг худалдан авагчаас шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч ...нэхэмжлэгчтэй нийлүүлсэн материалын болон ажлын үнэлгээг харилцан тохиролцохгүй байна гэсэн үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 181/ШЗ2019/02828 дугаар шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон, 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 224 тоот дүгнэлт гаргасан, хариуцагчийн төлөөлөгч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/14290 дугаар шүүгчийн захирамжаар Баян модот ХХК-ийг дахин шинжээчээр томилж, Баян модот ХХК 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 01/21-10 тоот дүгнэлтийг гаргажээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх маргааны зүйл болж буй трансформаторт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж бэхжүүлсэн баримт хэрэгт авагджээ. /1хх.126-140, 231-2хх.19/

Баян модот ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 01/21-10 тоот дүгнэлтээр ...Ж ХХК нь хариуцагч Э ХХК-д S-11-400/10/04 кВа трансформатор 2 ширхэг, КСО маркийн иж бүрэн, ачаалал хуваарилах самбар 2 ширхэг, өндөр талын шиномост 1 иж бүрдэл, ВНА-П(Л)-10/630-20з(пз) УХЛ2 ачаалал таслагч 4 ширхэг, КСО-386 хуваарилах самбарны хайрцагны 2 талд нь 1,8*0,8*0,15 м хэмжээтэй хайрцагны төмөр хаалт 4 ширхэг, ЩО70 хуваарилах шитны хайрцагны баруун зүүн талын 2,0*0,6*0,05 м хэмжээтэй үндсэн төмөр хаалт 2 ширхэг, ШО70 хуваарилах шитны хайрцагны дотор талын боолтоор бэхлэгдсэн 1,8*0,6м хэмжээтэй төмөр хаалт 4 ширхэг, нам талын хэвтээ шиномостын 1,6х0,2х0,05 м хэмжээтэй төмөр торон хаалт 2 ширхэг, өндөр талын хэвтээ шиномостын 2,3х0,8х0,2 + 0,8х0,4х2 ш хэмжээтэй төмөр торон хаалт зэрэг нийт 32 623 002 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг бэлтгэн нийлүүлсэн болохыг тогтоосон байна. /1хх.237-2хх.19/

Зохигчид шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч маргаагүй байх тул анхан шатны шүүх талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт бусад бичгийн баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Ж ХХК хариуцагч Э ХХК-д 32 623 002 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг бэлтгэн нийлүүлсэн гэж дүгнэж, уг үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 10 000 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 22 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч тал ...үнэлгээний компанид 2 ширхэг трансформаторын нэг бүрийн үнэ нь 8 800 000 төгрөгөөр зөвшөөрсөн үнэ болно гэсэн тайлбар гаргасан байхад шүүх нэг трансформаторын үнээс 400 000 төгрөгийг хасч тооцоогүй, хариуцагч байгууллагыг 32 623 002 төгрөг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн төлсөн 10 000 000 төгрөгийг хасч үлдэх 22 000 000 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон нь нэхэмжлэлийн шаардлагаас 623 002 төгрөгийг шийдвэрлээгүй орхигдуулсан, мөн хариуцагч байгууллага нэхэмжлэгч байгууллагад өгсөн трансформаторын үнэ 5 364 755 төгрөгийг хасч тооцоогүй гэсэн үндэслэлийг заасныг хүлээн авах боломжгүй. Учир нь, нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагадаа нэг трансформаторыг 11 000 000 төгрөгөөр нэхэмжилсэн, Баян модот ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр ...нэг трансформаторыг 9 000 000 төгрөгөөр үнэлж шүүх уг үнийн дүнг баримталсан, мөн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 22 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулахаар сөрөг шаардлага гаргаагүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Харин хариуцагч өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл энэ талаар шүүхэд нэхэмжлэл гарахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2021/00752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 267 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО