Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0757/З |
Дугаар | 204 |
Огноо | 2019-06-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 204
“Г К э Э” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын
тосны газрын Кадастрын хэлтэс, Уул уурхай,
хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч:Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Г К э Э” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, Адаг нэртэй талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг хэлэлцэхгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Г К э Э” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгуулах,
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, Адаг нэртэй талбайд олгогдсон “Г К э Э” ХХК-ийн эзэмшлийн XV-016744 дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дууссанаар бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0041 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0209 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, З.С, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.М нар хүрэлцэн ирсэн байна.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0041 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Г К э Э” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, Адаг нэртэй талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг хэлэлцэхгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Г К э Э” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дахин шинэ акт гарах хүртэл “Г К э Э” ХХК-ийн ХV-016744 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дууссанаар бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг зургаан сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0209 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0041 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “... 21 дүгээр зүйлийн ...” гэсний дараах “21 дүгээр зүйлийн” гэснийг хасч, “... хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дахин шинэ акт гарах хүртэл “Г К э Э” ХХК-ийн ХV-016744 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дууссанаар бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг зургаан сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэснийг “Г К э Э” ХХК-ийн ХV-016744 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дууссанаар бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчилж,
2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн дарга болон хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хяналтын журмаар гаргасан гомдол
3. “Г К э Э” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутаг Адаг нэртэй талбайд олгогдсон “Г К э Э” ХХК-ийн эзэмшлийн ХВ-016744 дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дууссанаар бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0041 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дахин шинэ акт гаргах хүртэл “Г К э Э” ХХК-ийн ХВ-016744 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дууссанаар бүртгэсэн бүртгэлийг зургаан сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
4. Уг шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0209 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.
5. Магадлалын 8-р хуудсанд “... Ашигт малтмалтын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан тусгай зөвшөөрөл дуусгавар болох тохиолдол болох “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэдэгт нэхэмжлэгчээс өөрөөс шууд хамаарах нөхцөл байдлыг ойлгох бөгөөд харин энэхүү маргааны хувьд Г К э Э” ХХК-аас үл хамаарах шалтгаанаар буюу шинжээчийн дүгнэлт гаргаагүйтэй холбоотойгоор кадастрын бүртгэлийн системд тус компанийн хайгуулын ХV-016744 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсноор бүртгэсэн хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх, эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар хангалттай тогтоогдож байхад шүүх тухайн бүртгэлийг дахин шинээр акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл байсаар атал шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлээгүй байна.
6. Хамтран хариуцагч болох Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн анхан шатны шүүхэд гаргасан бичгийн тайлбарт “... Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгелдөр хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар тайланг амжилттай хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсан байхыг зааж өгсөн. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан ... Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх ... шийдвэр гаргана” гэж заасан нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу Иргэний хуулийн 72 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд зааснаар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө шинжээч томилуулах хүсэлтийг гаргах, улмаар 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах үүргийг нэхэмжлэгч хүлээх ёстой.
7. Магадлалын 7-р хуудсанд “... тус компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахаар ХV-016744 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр GO-64 албан бичгээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сар 19 хоногийн өмнө гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасантай нийцсэн, хугацаа хэтрүүлээгүй гэж, мөн шинжээч томилох, дүгнэлт гаргах хугацааг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гаргасанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхээ эдлэх боломжгүй эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж нэхэмжлэгч талд хуулийг ашигтай байдлаар тайлбарлаж хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.
8. Дээрх дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуульд заасан бусад шаардагдах хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг бусад баримтыг тодруулаагүй байдаг. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой бодит байдалд хангагдах ёстой. Гэтэл хайгуулын ХV-016744 тоот тусгай зөвшөөрлийн эзэмших 12 дахь жилийн хугацаа дуусгавар болсон байхад уг бүртгэлийг хууль бус гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” заалтыг зөрчсөн. Хуулиар эзэмших 12 жилийн хугацаа дуусгавар болсон хайгуулын ХV-016744 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь одоо Төрийн мэдлийн талбайд хамаарч байгаа болно.
9. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0209 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол
10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0209 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
11. Давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, шийдвэрийн 6-р хуудсанд “... хайгуулын ХV-016744 тоот тусгай зөвшөөрлийг 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдөр олгосон бөгөөд ... хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын ГХХ-т хандан 2006-2017 онуудад хийж гүйцэтгэсэн эрэл хайгуулын ажлын үр дүнгээр геологич Х.Х, Л.Г, М.Ж нарын боловсруулсан тайланд шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлсэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
12. Шүүх дээрх үндэслэлээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХХ-2017/162 дугаар шийдвэрээр шинжээч томилсон боловч УУХҮС 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/46 тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг, мөн өдрийн А/48 дугаар тушаалаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тус тус баталсаны дараа ... ХV-016744 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ... гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үйлджээ.
13. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг хүлээн авсан төрийн захиргааны байгууллага 30 хоногт багтаан шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулан уг дүгнэлтийг үндэслэн 90 хоногт багтаан нөөцийг ашигт малтмалын нэгдсэн бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм гэж дүгнэсэн нь дор дурдсан байдлаар үгүйсгэгдэж байна.
14. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХХ-2017/162 тоот шинжээч томилох хуудасны төслийг нээж шинэ журам батлагдсаны дараа 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр шинжээчийг томилж албажуулсан байхад 12 дугаар сарын 27-ны өдөр шинжээчийг томилсон гэж нөхцөл байдлыг буруу дүгнэж хууль болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 3.7-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэхүү нөхцөл байдлыг хариуцагчаас анхан шатны шүүхэд гаргасан бичгийн тайлбарт тодорхой дурдсан байдаг. Түүнчлэн шийдвэрт шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулснаар уг дүгнэлтийг үндэслэн 90 хоногт багтаан улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй буруутай гэж дүгнэсэн.
15. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 2.2.2-т “... төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулж, хэлэлцүүлэх тухай санал авсны үндсэн дээр зөвлөлийн холбогдох салбар хуралдаанаар хэлэлцэн зөвлөмж, дүгнэлтийг гаргах” гэж заасан. Тодруулбал тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа төрийн захиргааны байгууллагын Геологи, хайгуулын хэлтсээр хянуулж зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. Хэрэв тайланг хэлэлцүүлэх шаардлагад нийцээгүй тохиолдолд дүрмийн 2.2.4-д “Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн тайлан, материалын бүрдэл хангаагүй тохиолдолд зөвлөлийн салбар хуралдааны нарийн бичгийн дарга төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжийн даргаас албан бичгээр буцаах” гэж заасны дагуу засвар хийлгэхээр буцаадаг зохицуулалттай. Нөөцийн тайланг заавал зөвлөлийн хуралдаанаар амжилттай хэлэлцүүлсний дараа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шийдвэр гардаг. Гэтэл шүүхийн шийдвэрт шинжээчийн дүгнэлт гаргуулснаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх ёстой гэж дүгнэж буй нь Ашигт малтмалтын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Эрдэс баялгийн зөвлөлийн дүрмийн 2.1.2, 4.1.2-т заасныг тус тус зөрчсөн байна.
16. Шийдвэрт “ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах боломжгүй бөгөөд хариуцагч Эрдэс баялгийн зөвлөл нь тайланд дурдсан ашигт малтмалын ордын нөөцийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна... гэж дүгнэж нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон магадлал мөн хэвээр үлдээсэн.
17. Гэтэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 4.1-д “Зөвлөл хэлэлцэх асуудлын онцлогтой уялдсан дараах салбар хуралдаанаар дор дурдсан асуудлуудыг хэлэлцэж зөвлөмж, дүгнэлт гаргах”, 4.1.2.1-д “Ашигт малтамлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 болон 48.6.3-т заасны дагуу ирүүлсэн ....тайлан”-г хэлэлцэж хамтын шийдвэр гаргаж шийдвэрлэдэг тул шүүхийн дүгнэлт үүгээр үгүйсгэгдэж байна. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад дан ганц хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр байхгүйн улмаас онцгой эрхээ эдлэж чадаагүй гэж учир дутагдалтай дүгнэсэн. Ашигт малтмалтын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргахад шаардагдах бусад хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг бусад баримтын бүрдлийг хуульд заасан хугацааны дотор захиргааны байгууллагад ирүүлсэн эсэхтэй холбоотой нотлох баримтыг гаргуулж үнэлэх үүргээ шүүх биелүүлэхгүйгээр хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
18. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
19. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь зөв боловч тогтоох хэсгийн бичиглэл бүрэн бус, хэргийн үйл баримтын талаар зарим нэг зөрүүтэй дүгнэлт хийсэн зэрэг алдаа байна, гэвч энэ нь хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгохуйц үндэслэл болохооргүй байна.
20. Тодруулбал, магадлалын Үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн XX-2017/162 дугаартай шийдвэрээр шинжээч томилсон байх боловч...”[1] хэмээн хэргийн үйл баримтыг зөрүүтэй дүгнэсэн, учир нь зөвлөлөөс шинжээч томилуулах шийдвэрийг 2018 оны 03 дугаар сарын 07-нд гаргасан байдаг. Гэхдээ энэхүү дүгнэлт нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 14-д заасан хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
21. Мөн магадлалын Тогтоох хэсгийн 1-д “...”Г К э Э” ХХК-ийн XV-016744 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дууссанаар бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоосугай” гэж нэхэмжлэлийн шаардлагыг дутуу бичсэн байна. Үүнийг хариуцагчийн гомдолд дурдсан шиг “илт хууль бусыг тогтоосон” гэж ойлгохгүй /Тодорхойлох хэсгийн 4/, харин магадлалын Үндсэслэх хэсэгт “нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан” гэсэн дүгнэлт хийсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар “маргаан бүхий бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон” гэж ойлгох нь зүйтэй юм.[2]
22. Нэхэмжлэгч “Г К э Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэсний дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө “шинжээч томилуулах” хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргасан нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд хуульд заасан үүргээ биелүүлсэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.
23. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4.-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, ... -д Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэсэн нь захиргааны байгууллагаас гаргах шийдвэрийн төрөл болон тэдгээрийг гаргах хугацааны дээд хязгаарыг заасан захиргааны байгууллагад үүрэг хүлээлгэсэн зохицуулалт тул үүнийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “шинжээч томилуулах” хүсэлт гаргах хугацаанд шууд хамаатуулан тооцохгүй.
24. Энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сар 19 хоногийн өмнө “шинжээч томилуулах” хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргасан бөгөөд хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу хуульд заасан хугацаанд шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулах боломжтой байсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хуульд заасан 30, 90 “хоногт багтаан” гэснийг тухайн хугацаа тоологдож дуустал гэж ойлгохгүй.
25. Гэтэл хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тухайлбал, нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 25-нд шинжээч томилуулах хүсэлтээ өгсөн байтал үүнээс хойш 2 сар хагасын дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шинжээч томилох тухай шийдвэр гаргасан ба уг шийдвэрийг шинжээчид 2018 оны 05 дугаар сарын 15-нд хүлээн авч, улмаар 2018 оны 07 дугаар сарын 02-нд дүгнэлтийг бэлэн болгосон /1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал/, гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, уг шалтгаанаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдахгүй байгаа нь хууль бус, энэхүү хариуцагчийн буруутай эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.
26. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасны дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс “шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх шийдвэр” гаргаснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгчийн хувьд цаашид ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах эрх нь нээгдэх юм /Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5/. Иймд, энэхүү зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд зөв тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-7, 11-13-д заасан хариуцагч нарын хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.
27. Нэхэмжлэгчийн зүгээс “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг даалгуулах” шаардлага гаргасан болохоос “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” гэсэн шаардлага гаргаагүй, шүүхээс хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах эрх” нь зөрчигдсөн гэсэн дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчид шууд тусгай зөвшөөрөл олгоно гэсэн үг биш /нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан бусад материалуудыг бүрдүүлсний үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах боломжтой/ тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-9, 16-18-д заасан хариуцагч нарын хяналтын гомдол үндэслэлгүй.
28. Түүнчлэн, хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн зүгээс нэхэмжлэгчийн ирүүлсэн материалыг шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр буцаасан, эсхүл бүртгэхээс татгалзсан зэрэг ямар нэгэн хурлын шийдвэр гараагүй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 15-д заасан “шүүхүүд Зөвлөлийн дүрмийн 2.1.2, 2.2.2, 2.2.4, 4.1.2-т заасныг тус тус зөрчсөн дүгнэлт хийсэн” гэх агуулгатай хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
29. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн буруугаас бус харин шинжээчийн дүгнэлт гараагүйтэй холбоотойгоор кадастрын бүртгэлийн системд тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосноор бүртгэсэн хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэсэн агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.
30. Учир нь, нэгэнт хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас бүртгэл хийгдсэн, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл дахин шинэ акт гаргах хүртэл хуульд заасан хугацаагаар түдгэлзүүлэх” гэсэн хууль зүйн үндэслэлийг хэрэглэсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хэргийн тухайд “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нэмж тодруулах зүйл” байхгүй байна. Иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-5-д заасан гомдол үндэслэлгүй.
31. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0209 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
[1] Анхан шатны шүүх мөн ийнхүү буруу дүгнэсэн байна. Шинжээчийг 2018 оны 03 сарын 07-нд томилсон талаар хэргийн оролцогчид маргадаггүйгээс гадна 1 дэх хавтаст хэргийн 12 дахь талд шинжээч томилох тухай шийдвэрийн баруун дээд талд 2017.12.27 гэж байгаа боловч уг шийдвэр дэх хүснэгтийн баруун хэсэгт ЭБМЗ-ийн даргын томилсон /огноо/ гэсэн хэсэгт 2018.03.07 гэж бичсэнийг шүүхүүд анхаараагүй байна.
[2] Нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй учир хяналтын шатны шүүхээс магадлалыг хэвээр үлдээсэн болно.