Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор М.Гантулга,

ялтан Б.Сайнбаяр /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан Г.Мөнхманлай /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан Б.Сайнбаярын өмгөөлөгч С.Намжилмаа, Т.Багахүү,

ялтан Г.Мөнхманлайн өмгөөлөгч Г.Мөнхбат,

нарийн бичгийн дарга А.Ханджамц нарыг оролцуулж,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Оюунгэрэл, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Сайнбаяр, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, ялтан Г.Мөнхманлай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нарт холбогдох 201525022252 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хамар овгийн Батсайханы Сайнбаяр, 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн уул уурхайн инженерийн ангийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5; эгч, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, Дэлгэрэхийн 11-187 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 23 дугаар гудамжны 324 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЙК96112514/,

2. Хуруу овгийн Ганбаатарын Мөнхманлай, 1997 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их Сургуулийн бизнесийн ангийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6; эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 19 дүгээр гудамжны 1392 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЙК97012815/,

 

Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө, 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, “Сэлбэ” голын далангийн дэргэд иргэн Б.Хүдэрмөнхийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан 450,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-5” загварын гар утас, “Голомт” банкны картыг нь ашиглан Автомат теллер машинаас 100,000 төгрөгийг гаргуулан авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар тус бүрт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил, 6 cap хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 9.5x3, 5x5.5 см хэмжээтэй 290 грамм жинтэй чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Мөнхманлай гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Өөрийн болчимгүй зангаасаа болж анх удаа хэрэг төвөгт орооцолдсон үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм байдалд орохгүй гэдгээ эцэг, эх болон та бүхэнд амлаж байна. Чин үнэнээ хэлэхэд Б.Сайнбаяр бид хоёрт хүнийг дээрэмдэх санаа зорилго, яриа тохироо огт байгаагүй юм. Б.Сайнбаяр хохирогч Б.Хүдэрмөнх ахтай ноцолдохоор нь салгах санаатай гүйж очоод нэг цохиулсан. Ингээд энэ зодоонд оролцсон. Би шүүх хуралдаанд болсон үнэн зүйлээ л ярьсан. Б.Хүдэрмөнх ах ч намайг үнэн зөв ярьж байна гэж шүүх хуралдаанд хэлж байсан. Хуралд оролцсон иргэдийн төлөөлөгч энэ дээрмийн хэрэг биш гэж дүгнэсэн. Хэрэгт байгаа айсандаа өгсөн мэдүүлгүүд нь намайг бие засах газар оруулж зодсон эрүүгийн төлөөлөгчийн хэлүүлсэн зүйл юм. Мөрдөн байцаагч намайг зодож цохиогүй. Би энэ талаараа бас шүүх хуралдаанд хэлсэн. Б.Хүдэрмөнх ахаас уучлалт гуйсан, хохирсон зардлыг нь манай эцэг, эх бүрэн төлсөн. Миний ирээдүйг бодож үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Г.Мөнхманлай тус шүүх хуралдаанд цахимаар оролцож гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Б.Хүдэрмөнх ахаас манай найз тамхи асуухад Б.Хүдэрмөнх ах цохиод, хамт далан руу унасан. Б.Хүдэрмөнх ахыг далангаас татаж гаргаад уучлалт гуйсан. Б.Хүдэрмөнх ахын гар утсыг нь бид хоёр аваагүй. Б.Хүдэрмөнх “ах нь мөнгө өгнө, 100,000 төгрөг аваад ир” гээд картаа Б.Сайнбаярт өгч явуулсан. Мөн Б.Хүдэрмөнх ахад утсыг нь буцааж өгөхөд “ахыгаа уучлаарай. Ах нь хоёр хүүхэдтэй” гээд гар утаснаасаа сим гартаа аваад утсаа надад буцааж өгсөн. Маргааш өглөө нь надаас мэдүүлэг авахдаа 00-ын өрөөнд оруулж байгаад зодож, болсон явдлын талаар өөр зүйл хүчээр яриулсан. 11 цагийн үед цагдаа дээр Б.Сайнбаяр ирэхэд нь юу гэж мэдүүлэг өгсөн тухайгаа хэлээд, надтай адилхан мэдүүлэг өг гэж хэлсэн. Үнэхээр Б.Хүдэрмөнх ахын эд зүйлийг нь авах санаа, зорилго байгаагүй. Гэнэн, цайлган зангаар Б.Хүдэрмөнх ахаас уучлалт гуйгаад юм яриад сууж байсан чинь цагдаа нар ирсэн. Үнэхээр харамсаж байна.” гэв.

 

Ялтан Б.Сайнбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “... шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний орой өөрийн үеэл Г.Мөнхманлайтай хамт “Сэлбэ” голын эргийн далан дагуу явж байгаад хохирогч Б.Хүдэрмөнх ахтай тааралдаж тамхи асуусан. Үүнээс болж маргалдан хоорондоо зодолдсон. Би Б.Хүдэрмөнх ахыг дээрэмдэх, эд зүйлийг өөрийн болгон авах санаа зорилго огт агуулаагүй. Зодолдсоны дараа эвлэрээд газар суухад тэрээр “АТМ-ээс 100.000 төгрөг аваад ир” гэсний дагуу явсан. Би үнэхээр шунахай сэдэлтэй байсан бол нэгэнт нууц кодыг нь мэдэж байгаа учраас ахиу мөнгө авах байсан биз ээ. Дансны дэлгэрэнгүй хуулгыг авч үзэх юм бол тэр шөнө АТМ-ээс хийгдсэн бүх гүйлгээ харагдана. Би хэлсэн мөнгийг нь авчирсан. Буцаад ирэхэд тэр хоёр байхгүй байсан. Маргааш өглөө нь Г.Мөнхманлай Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дуудсан. Очиход ингэж хэлээрээ гэж үг зааж өгөөд зөрүү ярьвал чи бид хоёрыг зодох байх гээд нэг айсан царайтай байсан. Би Г.Мөнхманлайгийн хэлж өгсөний дагуу мэдүүлэг өгөөд өнөөдөр ийм байдалд орчихлоо. Шүүх хуралдаанд өмгөөлөгч нартаа загнуулаад үнэнээ хэлсэн. Үнэн болсон явдал бол хохирогч Б.Хүдэрмөнх ахын хэлсэнтэй ижил юм. Би ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн ангийн 2 дугаар курст сурдаг, 20 настай. Өөрийн болчимгүй зангаасаа болж анх удаа хэрэг төвөгт орооцолдож шүүхээр шийтгүүллээ. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм байдалд орж аав, ээжийгээ болон бусдыг оруулахгүй гэдгээ амлаж байна. Би Б.Хүдэрмөнх ахаас уучлалт гуйсан, хохирсон зардлыг  нь манай эцэг, эх бүрэн төлж өгсөн. Миний ирээдүйг бодож үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Б.Сайнбаяр тус шүүх хуралдаанд цахимаар оролцож гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тэр үед дээрмийн гэмт хэрэг хийх санаа, зорилго байгаагүй. Б.Хүдэрмөнх ахаас “тамхи байна уу” гэж асуухад Б.Хүдэрмөнх ах над руу дайрсан. Тухайн үед бид хоёр Б.Хүдэрмөнх ахаас уучлалт гуйсан. Б.Хүдэрмөнх ахыг чулуугаар цохисон зүйл байхгүй. Б.Хүдэрмөнх ах картаа надад өгөөд 100.000 төгрөг аваад ир гэж явуулсан. Мөнгө аваад буцаад ирэхэд Б.Хүдэрмөнх ах байгаагүй. Хэрвээ байсан бол мөнгийг нь буцааж өгөх байсан.” гэв.

 

Ялтан Б.Сайнбаярын өмгөөлөгч С.Намжилмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай, хохирогч Б.Хүдэрмөнх нарын мэдүүлгүүд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй. Тухайн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн бүрэлдэхүүн, субъектив санаа зорилго тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Сайнбаяр нь өөдөөс ирж байсан хохирогчоос тамхи асуухад “чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэж зүй бусаар харьцаж дайрч зууралдан ноцолдож улмаар болиулахаар гүйж ирсэн Г.Мөнхманлайг цохиж, Сайнбаяртай ноцолдож байгаад далан руу унаж байгаа үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилго агуулаагүй, хохирогчийг далан руу унахаас өмнө эд зүйлийг нь авах талаар яригдаагүй, үйлдэл хийгдээгүй байсан.

Харин шүүгдэгч Б.Сайнбаяр, хохирогч Б.Хүдэрмөнх хоёр далан руу унасны дараа гэрэл нь асаж байсан утсыг Г.Мөнхманлай газраас аваад хохирогчид өгч, хохирогч сим картаа авсны дараа утсыг буцааж Мөнхманлайд өгсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн байгаа. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хүдэрмөнх халаасаа тэмтэрч үзэхэд утас алга болсон байсан гэх болон мөрдөн байцаалтын шатанд ч шүүгдэгч Г.Мөнхманлайг өөрийг нь цохиж зодсон талаар мэдүүлээгүй. Харин шүүгдэгч Б.Сайнбаярыг гар утсаа авсан гэж зөрүүтэй мэдүүлдэг. Ийнхүү хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа учраас хэргийг нарийн шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна.

Мөн гэрч Ганцоожийн мэдүүлснээр “хохирогч намайг дээрэмдэж гap утсыг авчихлаа гэсэн. Улмаар автомашины доогуур хэвтэж байхаар нь гаргаж, биед нь үзлэг хийхэд ямар нэгэн гар утас гарч ирээгүй, саарал өнгийн чулуу нэг ширхэг гарч ирснийг хураан авч тэмдэглэл үйлдээд 110-т хүргэж өгсөн” гэснээс дүгнэхэд хохирогчийг дээрэмдэж гар утсыг авчихлаа гэснээр дээрмийн гэмт хэрэг гэж шалгаж прокурор хэргийг шилжүүлсэн.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн нөхцөл байдлын талаар шүүгдэгч нар мэдүүлэхэд мөрдөн байцаагч худлаа ярьлаа гээд Г.Мөнхманлайг зодсон. Мөн хохирогч хэргийн нөхцөл байдлын талаар хэлэхэд нь чи юу хэлэх гэсэн юм өөрийг чинь хэрэгт татна шүү гэж хэлсэн байдаг. Хэргийн нөхцөл байдал өөр гэдгийг мөрдөн байцаагч мэдэж байгаа атлаа зөвхөн яллах талыг барьж бусад нотлох баримтыг шалгалгүй орхигдуулсан.

Гэрч Б.Түвшинтөгсийн “далангийн эргийн дагуу зогсож байхаар нь ... амрыг эрье гээд энд юу хийж байгаа юм бэ, биеийн байцаалтаа шалгуул гэхэд нэг нь зугтааж гүйгээд автомашин дор орчихсон байхаар нь 110-т хүлээлгэж өгсөн” гэснээс дүгнэлт хийхэд гэрч дээрмийн үйлдэл хийж байхыг нотлоогүй, зөвхөн зугтаж цагдаад хүргэж өгсөн талаар мэдүүлдэг.

Мөн шүүх эмнэлгийн №1631 тоот дүгнэлтийг нотлох баримтаар үнэлжээ. Хохирогч Б.Хүдэрмөнхөд учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь ноцолдож байгаад унаснаас, эсвэл түлхэж унагаснаас үүссэн эсэхийг нарийн шалгаж тогтоогоогүй. Дээрэмдэж авсан гэх гар утас, карт нь хохирогч Б.Хүдэрмөнх шүүгдэгч Б.Сайнбаяр нарыг газар унасны дараа яригдсан асуудал. Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Б.Сайнбаяр хохирогч Б.Хүдэрмөнх 2 ноцолдож байгаад далан руу унасан талаар мэдүүлснээс үзэхэд өөр төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн байж болзошгүй. Харин шүүх эргэлзээ төрж байгаа бол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан.

Шүүгдэгч Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар нь урьдчилан хохирогчийн эд зүйлийг авах талаар ярьж тохироогүй. Шүүгдэгч Б.Сайнбаяр нь хохирогчийг газар унахаас өмнө болон унасны дараа ямар нэг эд зүйлээ өгөхийг шаардаагүй. Харин хохирогч, шүүгдэгч нар тамхинаас болж маргалдаж, ноцолдож байгаад далан руу унаад шүүгдэгч Б.Сайнбаяр хохирогч хоёрыг ноцолдоод салахгүй байхаар нь Мөнхманлай Сайнбаярын хэвлийн хэсэгт нь өшиглөж, салгасан талаар мэдүүлдэг. Шүүгдэгч Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар бүлэглэн хүч хэрэглэн, далайлган сүрдүүлэх үйлдэл хийгдээгүй, хохирогч картыг өөрөө өгсөн, халаасаа тэмтэрхэд утас алга болсон байсан гэснээс дүгнэхэд хохирогчийн гар утас, картыг авахын тулд ямар нэгэн сэтгэл санааны болон зодож байгаад авсан талаарх баримт байхгүй. Харин мөрдөн байцаагч хохирогчид хөтөлж асуулт тавьж шүүгдэгчийн биенээс чулуу гарсныг тайлбарлан хатуу зүйл бариад цохисон гэж мэдүүлэг авсан байдаг. Хохирогч мэдүүлэхдээ хэрэг болсон газар дараа нь очиход чулуу, цемент байсан гэснээс үзэхэд хохирогчийн зулай хэсэгт үүссэн шарх нь унах үед үүссэн байх боломжтой, харин чулууг хэрэглээгүй байхад мөрдөн байцаагч, прокурор нотлох баримт болгон ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүгдэгч Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар нь хохирогчийн эд зүйлсийг авахын тулд бие махбодийн болон сэтгэл санааны хүч хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нарын хооронд эд зүйлийг авах талаар яригдаагүй, Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар нь хохирогчийн гар утас, картыг дээрэмдэж авах санаа зорилго байсан бол хохирогчийг далангаас гаргаж гар утсыг нь буцааж өгөхгүйгээр явах боломж байсан.

Дээрмийн гэмт хэргийн довтолгоо нь ямар нэг идэвхтэй үйлдэл хийхийг ойлгодог. Г.Мөнхманлай, Б.Сайнбаяр нар нь хохирогчид сэтгэл санааны болон бие махбодид нь хүч хэрэглээгүй. Ноцолдож байгаад унах үед үүссэн гэмтлийг дээрмийн гэмт хэргийн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Хохирогчийн мэдүүлсэнээр “ахын хоёр дүү боль гээд халаасаа тэмтэрж үзэхэд утас алга болчихсон байсан” гэснээс дүгнэхэд хохирогч Б.Хүдэрмөнх, шүүгдэгч Б.Сайнбаяртай зүй бусаар харьцаж, шүүгдэгч Б.Мөнхманлайг цохисон үйлдэл байхад анхааран үзэлгүй шийдвэрлэсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч, шүүгдэгч нарыг дахин байцаах, хохирогчид учирсан гэмтэл далан руу унаснаас үүсэх боломжтой эсэх талаар шинжилгээ хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Ялтан Б.Сайнбаярын өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Намжилмаа өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой санал нэг байна. Б.Сайнбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй. Тухайн өдөр Б.Сайнбаяр хохирогч Б.Хүдэрмөнхийн эд зүйлийг авах зорилгоор шунахайн сэдэлтээр биед нь халдаагүй болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Б.Сайнбаяр нь хохирогчоос тамхи асуухад хохирогч “би чамд тамхи өгөх албатай юу” гэж хэлсний улмаас маргаан үүсч хамт далан руу унасан. Б.Сайнбаяр нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор халдсан талаар нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Б.Сайнбаяр нь хохирогчийн эд хөрөнгийг аваагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзах ёстой.

Хохирогчтой муудалдсан, харилцан зодолдсон нь дээрмийн гэмт хэргээс өөр төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байж болох юм. Б.Сайнбаяр нь дээрмийн гэмт хэрэг хийх гэж байсан бол АТМ-ээс мөнгө авахдаа зүс, царайгаа нуух байсан. Бүх АТМ хяналтын камертай. Мөн Б.Сайнбаяр нь хохирогч Б.Хүдэрмөнхийн хэлсний дагуу картнаас нь 100.000 төгрөг авч буцаж ирсэн. Үнэхээр дээрэмдэх санаа зорилготой байсан бол картад байсан бүх мөнгийг нь л авах байсан. Ийм гэмт хэрэгтэн гэж байх уу? Хохирогчийн дансны хуулгыг нотлох баримтаар аваагүй. Дансны хуулгыг нь нотлох баримтаар авсан бол дээрмийн гэмт хэрэг биш болох нь нотлогдох байсан. Г.Мөнхманлай нь хохирогчтой ярилцаж сууж байгаад гар утсыг нь буцаагаад өгөхөд хохирогч гар утсаа буцаагаад өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зөрүүгүй. Шүүх хуралдаанд юу гэж мэдүүлсэн гэхээр хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ орхигдуулсан зүйлээ нэмж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 12, 16-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авахдаа “мөрдөн байцаагч Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар чамайг энэ чулуугаар цохисон шүү гэхээр нь л чулуугаар цохисон юм байх гэж бодсон” гэдэг.” гэв.

Ялтан Г.Мөнхманлайн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Мөнхманлайгийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “Голомт” банкны АТМ-ээс 100.000 төгрөг дээрэмдсэн буюу “Голомт” банкийг дээрэмдсэн гэж яллах дүгнэлтэд бичсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэргийг танхайн гэмт хэрэг гэж үзэж байна. Учир нь үл ялих зүйлээс болж маргалдсан, дараа нь эвлэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс дахиж уухаар болсон. Ингээд хохирогч картаа өгч, мөнгө авхуулахаар Б.Сайнбаярыг явуулсан. Хавтаст хэрэгт  авагдсан нотлох баримтын хүрээнд “бид хоёрыг цагдаа ирээд асуухаар нь би утсаа дээрэмдүүлсэн” гэх хохирогчийн мэдүүлэг болон гэрч Ганцоож “даллаад дуудаад байхаар нь очсон”, гэрч Түвшинтөгс “амрыг эрье гээд очиход л зугтаагаад явчихсан”, шүүгдэгч Г.Мөнхманлайн “бид хоёр яриад сууж байхад цагдаагийн автомашин ирэхээр нь би айгаад зугтаасан” гэсэн мэдүүлгүүд өгсөн. Нэг үйл явдлын талаар 4 хүн яагаад өөр, өөр байдлаар яриад байгаа юм бэ. Шүүгдэгч нар заавал үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй байж болно. Гэхдээ гэрч болон хохирогч нарын мэдүүлгийг юу гэж ойлгох бэ? Энэ гэмт хэрэг бол дээрмийн гэмт хэрэг биш. АТМ-ээс 100.000 төгрөг л авсан байдаг. Хохирогчийн дансны хуулгыг авах ёстой байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа чин сэтгэлээсээ ухаарсан зэргийг нь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг нь тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.

 

Прокурор М.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч нар хууль зүйн үндэслэлтэй, хариуцлагатай зүйл яриасай гэж бодож байна. Хохирогч шүүгдэгч нартай хамт архи уух гэж мөнгөнд явуулсан талаар нэг ч зүйл хавтаст хэрэгт байхгүй. Өмгөөлөгч С.Намжилмаа давж заалдах гомдолдоо мөрдөн байцаагч эрүү шүүлт тулгасан гэж байна. Гэтэл сая өгсөн тайлбартаа эрүүгийн төлөөлөгч гэж байна. Мөн мөрдөн байцаалт болон прокурорын шатанд энэ талаар гомдол гаргасан баримт байхгүй. Хэрэгт ямар ч ач холбогдолгүй чулууг нотлох баримтаар авсан гэлээ. Гэтэл хохирогчийн өгсөн мэдүүлэгт “намайг чулуугаар цохисон” гэсэн. Шинжээч эмч хохирогчид учирсан гэмтлийг чулуугаар цохиход үүсэх боломжтой гэж хариулсан. Хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Г.Мөнхманлай дарамт, шахалтанд орсон гэж байна. Ямар дарамт, шахалтанд ороод юу гэж хэлсэн юм бэ? гэдгээ тодорхой хэлэхгүй байна. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэж байна. Учир нь хохирогч руу довтолж эд зүйлийг нь авсан байдаг. Хэрэгт авагдсан бүхий л зүйл хуулийн хүрээнд хийгдсэн ажиллагаа байгаа. Б.Сайнбаяраас 85.000 төгрөг хурааж авсан бөгөөд цагдаа нараас зугтахдаа 15.000 төгрөгөөр нь такси барьсан гэдгээ мэдүүлсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө, 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, “Сэлбэ” голын далангийн дэргэд иргэн Б.Хүдэрмөнхийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан 450,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-5” загварын гар утас, “Голомт” банкны картыг нь ашиглан Автомат теллер машинаас 100,000 төгрөгийг гаргуулан авч дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Хохирогч Б.Хүдэрмөнхийн “... “Сэлбэ” голын далангийн явган хүний замаар явж байтал өөдөөс ирж явсан 2 эрэгтэйн нэг нь “тамхи байна уу” гэхээр нь “тамхи байхгүй” гэтэл “юу гэж хэлсэн бэ ахаа” гээд шууд миний куртикны захнаас барьж авахад нөгөө залуу нь хоёр хөлнөөс барьж аваад намайг газар унагаж, бид хоёрыг хамтад нь түлхэн “Сэлбэ” голын үерийн далан руу унагаад өөрөө үсэрч бууж ирээд миний толгойд  чулуугаар цохиж, бие рүү олон удаа өшиглөөд байхаар нь нүүрээ даран доошоо хараад хэвтсэн. Миний өмдний баруун талын урд халаасанд байсан “Самсунг Эс-5” загварын хар өнгөтэй гар утсыг авсан. Удалгүй тэд зодохоо болиход нь “миний гар утас маш их хэрэгтэй байна. Та хоёр миний гар утсыг  өгчих, 100.000 төгрөг өгье” гэхэд “ингэж тохиролцохгүй, АТМ хяналтын камертай байдаг учраас мөнгө авахгүй” гэж хэлж байсан. Картаа нэгэнд нь өгөөд, нууц кодыг нь хэлэхэд хар куртиктэй, бор царайтай хүн нь аваад явсан. Тэгээд нэг хүнтэй нь хамт байж байтал цагдаа хүрч ирээд юу болсныг асуухаар нь “энэ хүн миний гар утсыг дээрэмдчихлээ” гэж хэлээд хамт үлдсэн хүнийг нь барьж авахад тэр хүн миний гарыг тавиулаад цааш зугтаагаад явахад араас нь цагдаа  нар хөөсөн...” /хх-20-22/,

- Гэрч Н.Ганцоожийн “... 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө цагдаагийн ахлах ахлагч Б.Түвшинтөгсийн хамт 20-44 УНҮ улсын дугаартай, 115 хэлтсийн автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж явтал Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сэлбэ” голын эрэг дээр үл таних 30 орчим настай эрэгтэй хүн гараараа даллаж, “намайг дээрэмдэж гар утас авчихлаа” гэсэн ба нэг хүн цааш зугтаахаар нь араас нь хөөсөн. Байрны хажуу талын харанхуй хэсэгт хайхад автомашины доогуур ороод хэвтсэн байхаар нь барьж авсан. Цагдаагийн хэлтэст авчирч биед нь үзлэг хийхэд ямар нэгэн гар утас гарч ирээгүй. Харин куртикны гадна баруун талын халааснаас нь саарал өнгөтэй чулуу нэг ширхэг гарч ирэхээр нь хураан авч тэмдэглэл үйлдсэн. Тэр хүнийг хэрэг болсон газарт дагуулан авчирч хүнээс авсан гар утас хаана байгааг асуухад “би зугтаж байхдаа шидчихсэн” гэж хэлсэн тул ойр орчимд нь хайгаад олоогүй...” /хх-23/,

- Гэрч Б.Түвшинтөгсийн “... цагдаагийн ахлах дэслэгч Н.Ганцоожтой хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явтал Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо “Сэлбэ” голын ойролцоо сэжиг бүхий хоёр хүн зогсч байхаар нь “амрыг эрье, энд юу хийж байгаа юм бэ, биеийн байцаалтаа шалгуул” гэтэл нэг нь зугтаад явсан. Араас нь Н.Ганцоож хөөж, би автомашинтайгаа араас нь явсан юм. Тэгээд байрны дундуур ороод алга болчихоор нь гар чийдэнгээ асаагаад автомашины доогуур шалгаж үзэхэд автомашины доор хэвтэж байхаар нь барьж аваад тамир 110-т хүлээлгэн өгсөн. Тэр хүний биед саарал өнгөтэй чулуу байсан...” /хх-24/ гэх мэдүүлгүүд,

- Хохирогч Б.Хүдэрмөнхийн биед тархи доргилт, зулайд шарх, ахар сүүлний хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №16301 дугаартай дүгнэлт /хх-31/,

- Шинжээч эмч Ц.Ганболдын “... Хохирогч Б.Хүдэрмөнхийн толгойд үүссэн гэмтэл нь гараар цохиход үүсэх боломжгүй. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ... Ахар сүүлний хугарал гэмтэл нь унах ойчих үед үүсэх боломжтой...” /хх-35/ гэх мэдүүлэг,

- Г.Мөнхманлай, Б.Сайнбаяр нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15/,

- Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ганцоожийн 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн илтгэх хуудас /хх-7/,

- Г.Мөнхманлайн биед үзлэг хийхэд саарал өнгөтэй, 9.5х5.5х5 хэмжээтэй, 290 грамм жинтэй чулууг гарч ирснийг бэхжүүлсэн тэмдэглэл /хх-7-8/,

- Чулууг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол,  /хх-19/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-55/,

- Б.Сайнбаяраас хохирогчийг дээрэмдэж олсон 85.000 төгрөгийг хураан авсан тэмдэглэл /хх-9/,

- Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.

 

Анхан шатны шүүх, Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулсан. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

“Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар хохирогчийг дээрэмдэх санаа зорилго агуулаагүй, таарамжгүй харилцсаны улмаас маргалдан зодолдсон тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх”, “хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн байцаалтын шатанд Г.Мөнхманлайд эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбарыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл:

 

Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар тамхи гуйх нэрийдлээр хохирогчийг өдөж хоргоон зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, энэ тухай хохирогч Б.Хүдэрмөнхийн өгсөн мэдүүлэг, эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад нь хохирогч гар утсаа дээрэмдүүллээ хэмээн тусламж хүссэн талаар цагдаагийн ажилтан Н.Ганцоож, Б.Түвшинтөгс нарын мэдүүлэг, хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр хөдөлбөргүй нотлогдон, тогтоогджээ.

 

Б.Сайнбаяр хохирогчийг заамдаж авахад, Г.Мөнхманлай хөлнөөс нь татаж  унагаад, түлхэж голын далангийн уруу унаган бусдаас тусламж хүсэх аргагүй, харанхуй орчин нөхцөлийг бүрдүүлсний дараа зодож эд зүйлийг нь дээрэмдсэн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд тэд анхнаасаа хохирогчийг дээрэмдэх санаа зорилгоор нэгдсэн гэж үзэхээр байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй байна.    

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн. Хохирогч Б.Хүдэрмөнхийн өгсөн мэдүүлгүүд хоорондоо ноцтой зөрүүгүйгээр бусдад дээрэмдүүлсэн талаар тогтвортой мэдүүлсэн, хохирогчид учирсан гэмтлийг тогтоосон шинжилгээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн, үнэн зөв эсэхэд эргэлзэх зүйлгүй болно.

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Мөнхманлайг зодож эрүү шүүлт тулган хэрхэн мэдүүлэг өгөхийг зааж, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй. Хэрэв ингэж үзэх хангалттай үндэслэл, нотолгоо түүнд байгаа бол прокурорт гомдол гарган шалгуулж, энэ хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар дахин хянуулах эрх бий.    

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Сайнбаяр, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, ялтан Г.Мөнхманлай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Сайнбаяр, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, ялтан Г.Мөнхманлай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧИД                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                         М.ПҮРЭВСҮРЭН