Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 239

 

Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар магадлалтай, 201525022252 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Сайнбаярын өмгөөлөгч Т.Багахүүгийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хамар овогт Батсайханы Сайнбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хуруу овогт Ганбаатарын Мөнхманлай нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил, 6 cap хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сайнбаяр, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, шүүгдэгч Г.Мөнхманлай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Сайнбаярын өмгөөлөгч Т.Багахүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Энэхүү дээрмийн гэх гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нарийн тодорхой шалгаагүй, ...ямар хууль зүйн үндэслэлээр Б.Сайнбаярыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа болон түүний үйлдлийн субьектив талыг нотлоогүй. Б.Сайнбаяр хохирогчийг дээрэмдээгүй учир үүнийг тодорхой нотлох баримтаар нотолж чадаагүй. Харин Б.Сайнбаярын үйлдэл буюу хохирогчтой харилцан үл ойлголцлын улмаас маргалдан зодолдож, гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бөгөөд уг зүйлээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Б.Сайнбаярын үйлдлийн санаа зорилго болон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Б.Сайнбаярт ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалд тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар үнэлээгүй, хэт нэг талд үйлчилж шударга бус шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Сайнбаярын өмгөөлөгч Г.Мөнхбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2008 оны 13 дугаар тогтоолд дээрэмдэх гэмт хэрэг нь шунахайн сэдэлт зорилготой байна гэж тайлбарласан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасныг шалгаж, тогтоогоогүй...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгч нар дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар нь бүлэглэж 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ голын далангийн дэргэд иргэн Б.Хүдэрмөнхийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Samsung s5 /Самсунг эс-5/ загварын гар утас болон түүний “Голомт банк”-ний картнаас 100,000 төгрөгийг АТМ машинаас авч, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зөв зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Б.Сайнбаяр, Г.Мөнхманлай нар нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор далан руу унагах, чулуугаар толгой руу нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, түүний улмаас учирч болох хор уршгийг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг агуулж байх бөгөөд уг санаагаа бодит байдалд хэрэгжүүлсэн нь тэднийг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүүгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүүгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                              Д.ГАНЗОРИГ